Нар шинийн мэнд . . .



М Ө Н Х И Й Н . . .


Цэв хүйтэн энэ өвлийн хаанаас ийм
Цээлхэн дуу сонсогдоно вэ?
Тайлал нэхэх олон асуултуудаа
Тайлахыг би юунд эс яарна вэ?

Дүрлийтэл ширтэх нүд шиг
Дүлий тэнгэрийн хаанаас ийм
Дүрслэн хэлэхийн аргагүй
Дүр дүрслэлүүд биежэнэ вэ?

Магад хүлээлт үгүй бол цаг хугацаа амьгүй
Мартагдсан юмс угтаа хэзээ ч үгүй болдоггүй
Би дурсамжаасаа ангижирхыг хүсэх үгүй!
Би дурсамжаасаа ангижирлаа ч харамсах үгүй!









* * *

2011 он гарлаа.
Эх монгол орны минь дөрвөн зүг найман зовхист
Эх цэнхэр дэлхийн өнцөг булан бүрт суугаа
сэтгэл нэгтэн минь!
АМЬДРАХ САЙХАН
гэдэг үгийг
чангаар хэлээрэй!

Ерөн есөн жилийн өмнө...


Ерөн есөн жилийн өмнө яг энэ өдөр, яг энэ цаг дор Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм.
Энэ талаар блогтоо нэлээд дэлгэрэнгүй бичлэг оруулъя гээд суутал маш өргөн дэлгэр мэдээлэлийн сантай блог олоод магнай хагартал баярлалаа. Тэгээд, элдэв юм тойруулж ярихын оронд эрхэм О.Ууганбаатарын блогоос доорх зүйлсийг хөтлөн авч ирсэн болно.

Яг энэ үеийн талаар эрхэм Г.Ням-Очир "Арилан дэлгэрсэн монголчууд" нэртэй цувралыг тагтаагийн блогт нийтлүүлж буйг ч олж үзнэ биз ээ.
За, тэгээд энэ билэгт сайн өдөр өвөр хоорондын өс хонзонгоо умартан гээж, Гандангийн дэнж өөд нэг өгсөөрэй гэж хүсэх байна. Чухам тэнд л хутагт ихсийн минь сүслэж асан их шүтээн энэ сайн цагийн эхэнд гэгээн мэлмийгээрээ биднийг тольдон буй билээ.
Хоржийлоо



* * *

(...)
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар /ХХГБХТЕЗШГ/XII сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёс [Сюаньтун]-ны он тооллыг халж, монголын 12 жилийн цаг тоог баримтлан “цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв. ХХГБХТЕЗШГ Монгол улсаа сэргээн байгуулах зайлшгүй бэлтгэлийг төв орон нутагт яаравчлан хийв.
Ийнхүү Очирдара Богд гэгээнтнийг Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залах өдрийг сонгон тогтоосныг зарлан мэдэгдсэн байна.

Энэ тухай архивын баримтанд :
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх Да түшээ гүн Ча явуул, хамаарсан да жүн ван Го явуул, Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр зөвлөн шийтгэх жанжин чин ван Ха, хамаарсан жанжин бэйс Го үзэв, ван Цэ, гүн На үзэв, да лам Цэ үзэв.
Өргөн илгээв. Довтолгон яаран сонсгон явуулах учир: энэ жил зуны цаг манай халхын дөрвөн аймгийн хан, ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөн дэлгэрүүлэх ба улс төр баттаж, амар цэнгэлээр жаргах учир бүгдээр санаа нийлж зөвлөлдсөн явдлыг нэгэнт тогтсоны тулд, одоо монголчуудыг яахин амаржуулбаас зохихыг эвхмэл бичиж, Очирдара Богд гэгээнтнээ айлтгаад, буулгасан лүндэн зарлиг зэргийг ёсоор сийрүүлж хичээнгүйлэн дагаж, нийтээр олон газраа довтолгон явуулжээ.
Эдүгээ манай Ерөнхийлөн шийтгэх газраас олон монгол шавь нар бүгдээрийн багш аврал, итгэл хамгийг айлдагч Очирдара Богд гэгээнтнийг манай Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж ёслон мөргөж их төрийн ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзүүлбээс, энэ Цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн есөн нь баасан гариг, усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гүйцэтгэвээс болох, үл болохыг лүндэнг эрмүй хэмээн мандал өргөж айлтгасанд, буулгасан лүндэн зарлиг ёсоор болгон соёрхсоныг хичээнгүйлэн дагаж, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин нар, Хүрээний хамба номун хан, Дуйнхор хутагт, хамаарсан шанзудба нарт довтолгон явуулаад уламжлан өөр өөрийн харьяат аймаг шавийн хан, ван, гүн, олон засгууд, хутагт хувилгаан лам нарт нийтээр эрдэнийн сууринд залж суулгахын наана эрхгүй нэгэн дэсээр Их Хүрээний газар хуралдан ирж, улсын их ёслолыг хичээнгүйлэн гүйцэтгэхээс гадна төрийн монгол орд байгуулах ба бат оршил өргөх зэрэг зүйлийг дараа өөр зарлан тушаасугай.
Үүнийг басхүү их Орос улсын генерал консул сайдтанд сонсгон явуулаад, зохих газраа уламжлан гүйцэтгэх ажааму. Үүний тул өргөн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван хэмээжээ.

Тэгээд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ний баасан гаригт Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсныг албан ёсоор тунхаглав.
(...)


. . .Монгол Улсын тулгуур төрийг нээн, тусгай улс байгуулж, бүхний багш Богд Живзундамба хутагтыг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Шашин төрийн бүрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөн” гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгүүлсэн билээ.





Богд Живзундамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад Монголын төрийн үндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон зарлигийг ҮТА-ын сан хөмрөгөөс толилуулж байна.





Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олнаа өргөгдсөн
Монгол Улсын эзэн Шашин төрийг хослон баригч
Наран гэрэлт Богд хааны зарлиг

Би олны өргөмжлөхийг хүлээж, Монгол Улсын хааны сууринд суусан нь, бурхны шашныг буман нарны гэрэл мэт хир үгүй мандуулан хаан төрийг сүмбэр уул мэт бат болгож, олон монгол албатыг үүрд энх түвшний соёлд учруулахыг үргэлжид шамдан хичээхүйн дээр, ялангуяа танай олон хан, ван ноёдоос дараалан түмэн албатад хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж, бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулан хишиг тараах зарлиг буулгасан нь:

Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, Шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун…

… Ямагт хотол төгсөөр хослон хүртээж басхүү төрөл тутамд агшин төдий ч салалт үгүйгээр эзлэн барьж жолоодон удирдсаар ахуйг бүгдээр зүрхний төвөөс чин бишрэлээр, түмэнтээ хүсэн ерөөж, өлзий бэлгэтэй бурхан шүтээн хийгээд эд эрдэнэ есөн бэлэг лүгээ сэлтийг зэрэгцүүлэн жагсааж хичээнгүйлэн өргөж, ёслон мөргөмүй.
Их нигүүлсэнгүйгээр энэрэн таалж, зөвшөөн соёрхож, өршөөн тогтоож, заалхийлэн Зарлиг буулгахыг
Айлдан
Айлдагтун
Айлтга.

Их баяр бүрдсэн Шинийн есний сайн өдрөө.


/Уг зарлигуудын эхлэл төгсгөлийн үг нь ижил тул
дор зай хэмнэж зарлигийн үндсэн хэсгийг
гавьяат сайдын зургийн хамт оруулсугай/


***


… Үнэн санаагаар чармайн зүтгэсэн Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж Шадар сайд, бүгд захирах сайд, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, туслагч жанжны тушаалд тохоон талбигтун…


***


...Түшээт хан аймгийн чуулганы дарга Засаг улсын түшээ гүн Чагдаржавд үе улиран түшээт цол төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун…


***


... Мөн аймгийн улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж Намсрайд үе улиран Эрдэнэ цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун …


***
Хүрээний да лам Цэрэнчимэдэд Чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг зэрэг улбар шар жолоо, ногоон тэрэг Чин вангийн пүнлүү, үүрд хөрөнгөнөөс алба гаргуулахгүй болгон шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод Яамны Хэргийг Бүгд Захиран шийтгэгч тэргүүн сайдын тушаалд тохоон талбиад, мөн тус шавийн харъяат эл албан хэргийг хавсран шийтгүүлэгтүн.

/Монгол Улсын Үндэсний төв архив Х-А6, Д-1, ХН-511, 4-р нугалбар бичиг/


* * *

. . .Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.

За, төгсгөлд нь энэ үеийн хэдэн сайхан зургийг тайлбартай нь оруулъя даа...


Жалханз хутагт С.Дамдинбазар

Дилав хутагт Жамсранжав

Дондогдулам хатан өргөмөл хүү /хөгжмийн зохиолч Мөрдорж/-гийн хамт

Монгол улсын ерөнхий сайд т.Намнансүрэн засгийн газрын төлөөлөгчидийг тэргүүлж
1913 оны 10 сараас 1914 оны 1 сар хүртэл Хаант оросын нийслэл Петербург хотод айлчилсан нь

Богдын зааныг маллаж асан өндөр Гонгор

Хүрээ авгай нар

Хүрээ ламбугай

Богдын цэргүүд

100 жилийн өмнө...

Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв


Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв
Тэр тодоос тод өнгөтэй
Далавчиндаа шөнө нуусан
Галт шувуудыг миний зүгт илгээнэ
Судраа шатаан дулаацах мэт
Тийм эгэл бус мэдрэмж энэ үед төрнө

Нар мандаж, өөр хаа нэгтэй харанхуй болжээ
Нам сүлбэлдэх бүтээгч эсүүд
Намайг тэр харанхуйн зүг хөтлөнө.










*Зургаан жилийн өмнө бичжээ.
Зургаахан жил өнгөрчээ.

Амьсгал царцаасан идэр ес

Ахиад ганц л хоног тэсвэл
Амьсгал царцаасан идэр ес эхэлнэ
Мартаж амжаагүй гунил дурсамжууд агаарт царцаж
Магад миний янжуурын утаанд хөндүүрлэх өдөр ирнэ

Цөлд хаягдсан тэнүүлчин мэт амьдралтайгаа би
Цөхрөлтгүйгээр зууралдсаар байх болно
Утаа ханхалсан үсийг минь үнсэх цаг хугацааг
Уйтгар хэмээн нэрлээд шүлгээ бичих л болно

Нэг л зүүдлээд сэрэхэд идэр ес ирнэ
Нэмж ганцхан зүүдэлхэд үхэл дэргэд ирнэ.









Энэ охор шүлгийг
золбин ноход энгэрт минь ноцохоос
хоёр хоногийн өмнө буюу
12-р сарын 21-нд
ЯЛГУУН pub-д
амьд гэрчийг байлцуулан
бичсэн болой.

Миний Римбо


"Бүтэн хиртэлт" кинонд Леонардогийн бүтээсэн Римбогийн дүрийг энэ залуу над эрхгүй санагдуулдаг. Хийсгэлэн, зэвүү хүрмээр хорон үгтэй, эсрэг чанар бүхнийг нь хурцлах хирнээ зөвтгөх "Авьяас".
Арван зургаатай Римбогийн шүлэгнээс далан зургаатай философичид ч ишилдэг. Чухам тэр л философичидын нүдээр би Начинг хардаг юм. Гэхдээ яруу найрагчийн зүрхээр хайрладаг юм.
Цаг хугацааг тоглоом мэт үздэг.
Над руу цагаа зогсоогоод гараа сунгадаг.
Амьдралыг зүрхнийхээ цохиолтоор хэмждэг надад амьд явааг минь үргэлж сануулдаг.
Миний Римбо...