ГАЗАР...


Эрин галав түмэнтээ юүлхэд энхжин үлдсэн нь энэ газар шороо.
Эрт мянган хангирсан одход эрхлүүлэн жаргаасан нь энэ газар шороо.
Зуун жил зугатах мэт зулран одоход бидэнд үлдсэн нь энэ газар шороо.
Зураг төөргийн нэгэн амсхийлтэнд зулайг минь илбэх нь энэ л газар шороо.

Газар шороогоо хайрлахтун!

Хайр тань харь элэгтэнтэнд хал болон очиг!
Халуун цус нэгтэнд ээл болон хүрэг!



video
"Газар бол улсын үндэс"
Хүннү улсын их хаан
МОДУН ШАНЬЮ



video
"Алд бие мину амасу хэмээвээс
Аху төр минь алдруузай..."

Их Монгол улсын их хаан
ЧИНГИС



video
"Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг!"
Зүүнгар улсын их хаан
ГАЛДАН БОШИГТ



video
"Газраа арилжсан нь газар дор орж, газраа хамгаалсан нь цэцэг болж ургана".
Яруу найрагч
О.Дашбалбар



video
"Газар бол тэнгэр юм. Газар үгүй бол тэнгэр ч үгүй"
Яруу найрагч
Ц.Чимэддорж



video
"Та зүрхэнд мөнх
Харцанд мөнх

Зүүдэнд ч мөнх..."

Яруу найрагч

Л.Өлзийтөгс



video
"Цусаар татсан хилийг цусаар хамгаалахгүй бол нулимасны гашуун хаана?"
Ш.Я.БАЯР

Айна аа!


Айна аа, нар минь
Амир хийд живэгч тормон минь
Удаж суугаад бороог хүслээ, би
Уйтгарт дэвтэхлээр чамайг дуудам аа

Айна аа, асагч минь
Амир хийд нисэх дүгэр нүд минь
Шаналж удаад сэрүүг хүслээ би
Санаагаа царцахуйд чамайг дуудам аа

Айна аа, нүгэл минь-
хараал идмэр минь
Алсаа цаг дор... сэм суугаад
Чинийхээ бөхөхийг үзлээ би
Анхил талд шувуу шиг
Аг чиг... нөмгөн,
гүн зогсохыг ажлаа

Айна аа, дуудам аа
Амтлах гэвч, тамхины минь
Асаагуур-чамгүй бол дэмий дээ
Алга одсон чиний лээ араас
Айна аа, үхэтлээ

Айна аа...аа...аа, нар минь
Уйтгарт дэвтэхээр чамайг дуудам аа

1992
















Яруу найрагч Г.Бадамсамбуу
"Гүн үзэхүй" /2000/ ном
15-р тал

Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал...

Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал
Миний толгойн дээр цайр тогтлоо
Чөлөөтэй дуугарах нь битгий хэл
Чангахан амьсгалж болохгүй
Чөдөртэй морь шиг явсаар залхлаа
Үеийн залуус минь дарга болох
Үерт автаад урслаа
Үнэнч нөхөд минь
Үмх хоолоо бодоод дуугаа хураалаа
Улаангомын гудамж гэрэлтэй ч
Уушиг нь дотор минь утаанаас өөр зүйл алга
Үнэний харшилтай хүмүүсийн дунд
Үнэн гэдэг овогтой явах хэцүү юм
Хуурай баасан гарагийн хуулиа
Хотын дарга зөрчиж дарс залгиллаа
Энгийн ард цагаар баярлаж
Эрхэм түшээд нар сарыг сольж цэнгэлдлээ
Мөнгөтэй хүн мөнхрөхөөс бусдыг хийж
Түшмэлийн үүдэнд
Ардын амьдрал дуусаж байна
Хулгайн модны ардаас
Хуйлаастай зөвшөөрлийн бичиг нисэж ирдэг болоод удлаа
Байгаль орчны байцаагч нь
Хоер давхар байшин бариад Амьдарлаа
Жийпийг цагдаа зогсоохоо байснаас хойш
Жил хэдэн ч удаа солигдов
Төв талбайд
Цэдэнбал “хөл дээрээн” босож
Цэцэн ухаан тэнд булшлагдав
Намыг дагавал нарны гэрэл гэдгийг
Нарны доорх хүмүүст тунхаглав
Залуу хүн үг хэлэх байтугай
Завьжнаасаа шүлс дусаахыг хориглов
Төрийн алба
Төгрөгний уурхай болов.




Увс аймгийн "MBC" телевизийн
хөтлөгч редактор
С.Анхбаяр

Зовлонд сөхрөөгүй, жаргалд ташуураагүй аав минь



Төрийн хошой шагналт, УГЗ, театрын нэрт найруулагч, нэрт зохиолч Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Төрийн хошой шагналт, Монголын төр, нийгэм, урлаг, утга зохиолын салбарт тохиож байгаа энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан их зохиолчийн төрсөн охин Дарьсүрэн гуайг энэ удаагийн дугаартаа урьж түүнтэй ярилцав. Түүний 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүнд зориулсан үзэсгэлэн энэ сарын 15-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна уран бүтээлийн цэнгүүн нь болох юм байна.

-Намдаг гуайн зохиол бүтээлийг хаанаас л бол хаанаас олоод уншчих боломжтой. Харин ямар зан ааштай, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг хүн байсан юм бол?
-Тиймээ миний аавын зохиол бүтээлийг мэдэхгүй хүн гэж байхгүй. 1911 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Нялх балчир насандаа Өвөрхангай Тарагт суманд ирж өссөн юм билээ. Тийм болохоор өөрийгөө Өвөрхангайн хүн гэдэг. Мэдээ орох цагаас аав минь бичгийн машинаар их юм бичдэг. Хөдөлмөрч хүн байж дээ. Германд 14 настай сургуульд явсан. Герман хүмүүжилтэй. Нягт, нямба, цэвэрч. Үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь ч их өвөрмөц. Уурлаж загнахыг нь ердөө үзээгүй. Бас зааварчилж тулган шаарддаггүй. Эмэгтэй хүн цэвэрч, нямба байж үр хүүхдэдээ үлгэр дуурайл болох ёстой гэдэг.


Цонхны дэргэд юм хараад зогсож байхдаа “миний хүү цонх цэвэрхэн байвал, ухаан цэлмэнэ, ухаан цэлмэг байвал аав нь зохиолоо бичнэ. Зохиолоо бичээд мөнгө авна. Мөнгөөрөө хүүхдүүддээ идэх юм авна. Хүүхдүүд цай, хоол сайн идвэл ухаан сэргэг болно. Ухаан сэргэг хүүхэд сайн ном сурна” гэдэгсэн.
-Аавыгаа шоронд байхад нь ээжтэйгээ хамт эргэх гээд Батцагааны шоронгийн үүдээр бүртэлзэж явсан тухайгаа ярихад тань сэтгэл эмзэглэж байж билээ. Та чинь айлын ууган охин гэл үү?
-Аав минь амьдралдаа зовж ч үзсэн, жаргаж ч үзсэн хүн. Зовлонд сөхрөөгүй, жаргалд ташуураагүй ээдрээт амьдралыг туулахдаа уран бүтээлээр жигүүрлэж явсан хүн. Ямар сайндаа “Засаг төр намайг шоронд хийснээр, Цаг төрийн үймээн төрсөн юм” гэж ёжтой инээдэгсэн. Би чинь ээжийнхээ 16 настайд төрсөн. Аав хоёр удаа баригдсан. 1932 онд баригдахдаа их зохиолч Нацагдорж эд нартай хамт хэдэн сар суугаад гарсан байдаг юм билээ. 1941 онд аавыг минь Германы тагнуул гэж цоллоод 7 жил хорьсон. Аав минь хэзээ ч хэрэг хүлээгээгүй гэдэг. Аавыгаа баригдаад явахад би 5 настай хоцорсон. Тэр цагаас хойш аавынхаа зовлонг хамт амсаж хуваалцаж өссөн. Миний ээжийг Гажидмаа гэдэг. Нэлээн сайн орос хэлтэй, багаасаа Оросд сургуульд сурч байсан. Тухайн үедээ зэгсэн боловсролтой, биеэр бага ч сайхан бүсгүй гэгддэг байсан гэдэг. Ээж маань аавыг баригдахад “Үнэн” сонинд Ринчен, Дамдинсүрэн, Даржаа гуайтай хамт ажиллаж байсан юм билээ. Дайны үед амьдрал хэцүү. Талх, хоол хүнс талоноор өгдөг. Харин ч “Үнэн” сонины ажилчид тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан учраас ээжийнхээ буянд дайны хүнд жилүүдэд гайгүй хоолтой, аавдаа хэрэгтэй юм бүрийг нь эргэлтээр зөөгөөд өгдөг байж дээ. Ер нь айлын хамгийн том нь болоод тэр үү, ээжийгээ дагаад 5, 6 жил шоронд хоол зөөсөн. Манайх Сэлбийн гүүрний баруун талд байдаг. Батцагааны шоронд аавыгаа эргэх гээд очиход өглөө эрт 4, 5 цагт очино. Тэгэхгүй бол тэр өдрийн эргэлтийн тоо нь гүйцчихвэл оруулахгүй. Ээж бид хоёр тал шуудай хүнстэй очдог. Шалгалтынх нь хүмүүс шуудайтай хүнсийг бүгдийг нь асгадаг. Тэгээд л талх, хонины сүүл, мах, шоколадыг бүгдийг нь зүсээд хольчихдог. Жаахан хүүхдийн сэтгэл их эмзэг байдаг юм билээ. Аавыг минь дагуулаад урд талд нь нэг буутай, ард талд нь бас нэг буутай харгалзагч дагуулаад гараад ирэхэд нь үнэхээр сэтгэл эмзэглэж, муухай санагддаг. Би ёстой том болж байгаад та нараас аавыг минь ингэж байсны хариуг авна даа гэж боддог байж билээ. Аавдаа хоёр долоо хоногт нэг удаа эргэлт өгдөг. Эгч нь ээж, ааваасаа гурвуулаа. Миний дараа Төгөлдөр гэж дүү минь цөмийн физикийн мэргэжилтэй. Манай гэрийн нэлээд толгойтой нь байлаа. Физик техникийн хүрээлэнд ажиллаж байлаа. Өөд болсон доо. Тэрний дараах дүү Гэрлээ гэж, цахилгааны инженер. Би ганцаараа эцгийнхээ нэрээр овоглож чадаагүй. Хаа хамаагүй хүний нэрээр овоглож 1 дүгээр арван жилд сургуульд орж байлаа. Яг миний сургуульд орох үед эсэргүүний хүүхэд энэ тэр гээд зовлонтой байсан. Гэхдээ нэг их айхтар зовж, хэлмэгдсэн гэх юм байхгүй дээ.
-Намдаг гуайг манай анхны Германд сурч байсан оюутны нэг гэдэг байхаа?

-Сая аавд минь зориулсан үзэсгэлэн Театрын музейд нээлээ.1926 онд хэсэг нөхдийн хамт Германд суралцаж байх үеийн сэтгэгдлийг нь ном болгон хэвлүүлснийг нь тавьсан байна лээ. Тэмдэглэлдээ “Очсон даруйдаа Берлиний захад нэгэн ой модтой сайхан газар хэдэн сар болов. Ингэхэд юу юуны урьд бидний өмсөх зүүхийг германаар шинэчиллээ. Гэтэл би Германаар биш Монголоор амьдрахыг хүсэх тул дан цамц, мөрөвчтэй өмдтэй хөл нүцгэн ой дундуур харайлгахыг эрхэмлэдэг байв” гэсэн нь хүний газар очсон жаал хүү эх нутгаа хэрхэн үгүйлэн санагалзаж байсны тод илрэл юм.

Аав Германд Эд барааны техникумд сурч байсан боловч хоёр сарын дараа дуудагдаж ирсэн байдаг. Удсан ч үгүй 1929 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг. 1931 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн хуучин нэрээ халж Улсын төв театр болж шинээр нээгдэхэд аав “Үнэн” жүжгийн боолын дүр бүтээсэн нь театрын анхны дүр гэсэн. Дараа нь театрын найруулагч болж С.Буяннэмэхийн “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” жүжгийг найруулсан байдаг.
-Аав тань хэдэн онд цагаатгагдсан байдаг юм бэ? Ер нь театрын урлагийн ирээдүйн талаар юу гэж ярьдаг хүн байсан юм бол?
-1958 онд хилс хэрэгт гүтгэж хорьж цагдаж байсныг нь цагаатгасан. Аав минь дэлхийн дэвжээг мөрөөдөж байсан. Германд очих гээд байсан нь дэлхийн театрын урлагийн хөгжлийн бодитоор нь харахыг хүссэн хэрэг. Тэрбээр үзэл суртлаас ангид жинхэнэ урлагийг чин сэтгэлээсээ хүсч байсан. “Хонгор зул” хошин урлагийн хамтлаг хүртэл байгуулж явсан юм билээ. “Монголын театрын түвшинд зохиол, найруулга талаасаа дэлхийд ойртсон гагцхүү үзэл сурталжсан агуулга бүхний саад болж байна” гэдэг. С.Эрдэнийн “Шивнэлгүй ярих цаг боллоо” гэсэн өгүүллэгийг улаан цоохор болтол нь зурчихсан баяр баясгалантайгаар үзүүлж байсан. Тэрбээр ардчиллыг мөрөөдөж байсан. Үнэндээ 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг 1970-аад оны дунд үед “Эрдэмтний яриа” жүжгээрээ үзүүлсэн байдаг.
-Эсэргүүний хүүхэд энэ тэр гээд нэлээд хэлмэгдэж байсан уу, Тэр үед чинь эхнэр, хүүхэд, ах, дүү нь бүгд л хэлмэгдэж. Эцэг, эхээрээ овоглож чадахгүй хэмжээнд хүрдэг байсан шүү дээ?
-Гэхдээ бид нэг их айхтар хэлмэгдсэн гэхгүй ээ.. Миний сэтгэлд хамгийн их дурсамжтай үлдсэн мөч бол. Жилд нэг удаа аавтайгаа уулздаг. Ээжийг уулзуулахгүй, зөвхөн хүүхдүүдийг нь уулзуулдаг. Бид гурвыг уулзуулах гэж зөвшөөрөл авахаар Засгийн газрын ордон руу явдаг. Хуучин Улсын багшийн дээд сургуульд байрлаж байсан. Нэг их том өргөн шаттай, баганатай цэлгэр том байшинд орно. Нэг хүн гарч ирээд бид хэдийг аваад, ээжийг үүдэнд үлдээдэг. Бодвол энэ 3 хүүхдийг уулзуулах гэж байгаа юм гэж харуулж л зөвшөөрөл авдаг байсан юм болов уу даа. Биднээс элдэв юм асууж байгаагүй юмдаг. Тэгээд л зөвшөөрлийн бичгээ бариад Батцагааны хорих ангид ирдэг байлаа. Уулзалтын өрөө гэж нэг банзаар хийсэн лангуу шиг. Модон сараалжтай. Хүн уулзаад яриад суугаад байх боломжгүй. Хамгийн гол нь аавтайгаа уулзахын нэг баяр, өврөөрөө дүүрэн чихэр, боов чихчихсэн. Аавдаа өгөх гэж байгаа нь тэр. Тэрийгээ өгөх гэж бөөн баяр. Биднийг хүн өргөж өгөөд сараалжны хажуугаар нэг хацраа хагас дутуу үнсүүлсэн болдог. Хамгийн бага дүү нэг ой нэлээн гарсан байсан. Аавд өгөх гэж байсан шоколадаа хажуу талаас мэрчихсэн очсон гэнэ л дээ. Хэдий завандаа, хаанаа ч мэрчихсэн юм бэ бүү мэд. Аав хожим нь сонинд өгсөн ярилцлагадаа миний сэтгэлд хамгийн зовж, эмзэглэж үлдсэн үе бол миний охины мэрчихсэн шүдний ор гарсан шоколадыг идэхэд маш хэцүү байж билээ гэж ярьсан байдаг юм. Ээж минь шоронд олон жил хоол зөөсөн дөө. Шоронд бөөсний хижиг өвчин гараад сүйрч байсан үед миний аав өвдөөгүй. Энэ бол миний хань ижлийн сэтгэлийн эргэлт байсан юм шүү гэсэн байдаг. Ээж минь 6 жил шоронд хоол зөөчихөөд яг аавыг гарах жил нь өөр хүнтэй гэрлэчихсэн. Тэгээд л бид гурав ээжийгээ дагасан. Аав минь шоронгоос гарсан амьтан чинь орон гэргүй, ажил байхгүй болохоор үр хүүхдээ өөр дээрээ авах ямар ч боломжгүй. Аав минь анхны төрийн шагнал авсан мөнгөөрөө орон гэртэй, оочих аягатай болсон доо. Сайн ханьтай ч учирсан. Хүүхэд өргөж авсан. Тэгж л хоёр дахь амьдралаа эхэлсэн дээ.
-Аавынхаа зохиол бүтээлийг уншдаг байв уу, Ямар бүтээл нь таны сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг вэ?
-Сурагч байхаасаа эхлээд л аавынхаа зохиол бүтээлийг уншдаг байлаа. Миний сэтгэлд хамгийн их хоногшиж үлдсэн бүтээл нь “Хөгшин чонны улилт” байдаг юм. Бас “Тогос хээр” гэж шүлэг бий. Одоо уран бүтээлийн цэнгүүний үеэр нэг хүүгээр уншуулахаар бэлдэж байгаа. “Цаг төрийн үймээн” роман гайхамшигтай. Жүжгүүдээс нь “Ээдрээ”, “Оролмаа” жүжиг, дууриас “Шарай голын гурван хаан” их таалагддаг. “Хөгшин чонны улилт”- зохиолыг нь Герман, Хятадад орчуулж хэвлүүлэхээр зөвшөөрөл авсан. Удахгүй хэвлэгдэх байхаа. “Сүрэг чоно”, “Харуул занги”, “Нүгэл буян” гээд дэлгэцийн сайхан бүтээлүүд нь ч их таалагддаг.


-Амьдралын эрхээр хоёр тусдаа болсон аав, хүүхдүүд хэр холбоотой байв?
-Би аавтайгаа үргэлж холбоотой байсан. Ардын зураач Чүлтэм, Явуухулангийн нэг өрөөнд аав минь хамт амьдарч байлаа. Аавтайгаа уулзах гэж, бас ааваасаа хэдэн төгрөг горьдож очдогсон. Яваандаа явсаар байгаад амьдралд сайн , муу юм үзээд ирэхээр аавыгаа улам өрөвддөг юм билээ. Би чинь Анагаахын дээд сургууль төгссөн эмч хүн. Сүүлд нь эрдэм шинжилгээний ажил хийсэн дээ. Миний аав хүнээс горьдохооргүй амьдарсан. Тэр их бүтээлийнхээ шагнал урамшлыг байнга хүртдэг. Намайг Анагаахын дээд сургуулийн оюутан болохоор тэгдэг байсан юм болов уу. Цусны даралт нь харвах гэж байгаа хүнд эхлээд ямар эмчилгээ хийх вэ, дараа нь яах вэ гээд л асуудаг. Эгч нь 4 хүүхэдтэй. Миний аав манай Алтайг өргүүлчих гээд нөхрөөс гуйжээ. Бид хоёр анхны хүүгээ яаж өгөх билээ. Аав минь дараагийн хүүхэд хүү төрвөл аваарай гээд амлачихсан. Би ч хоёр дахь хүүхдээ төрүүлээд сар болоогүй байхад аав минь хадаг, сүү барьчихсан. Манай нөхөр Зоригт эр хүн хэлсэн амандаа байдаг юм гээд сүү хадаг тавьчихаад Ананд хүүг минь өвөртлөөд аваад явсан. Миний хүүхдүүд бүгд дээд боловсрол эзэмшээд сайн сайхан амьдарч байна.


Ийнхүү их зохиолч Намдаг гуайн охинтой ярилцаж суутал түүний аминчилсан ярианы тэмдэглэлийг олж үзэх завшаан тохиов. Тэрбээр их зохиолч Нацагдоржийн тухай харамсан бичсэн нь байв. Өнөөгийн манай найрагчдын гэргий нар нөхрийнхөө араас хөөцөлдөж, додомдож байсны дүнд нөхөр нь нэртэй, айл нь айл шиг байна. Пагмадулам Нацагдоржийг додомдсон бол Нацаг минь амьд байж мэдэх юм. Пагмадуламыг гоё гээд байгаа хүмүүс Нацагдоржийн нүдээр Пагмадуламыг харсан юм уу даа. Германд хамт суралцсан бид Пагмадуламыг гоё хүүхэн гэж хэн ч бичээгүй. Бид бичвэл “Буянтай, ухаантай аав ээжийн эрдэм сургасан гавьяаг хадны ангалд шидсэн, адгийн зантай аашны тулам л гэх байх даа. Пагмадулам бол хүрээ охин. Аав, ээж нь гадаад хэлний мэдлэг сайн олгосон. Гэвч аав, ээжийн хүслийн эсрэг ажилласан араншингүй хүүхэн гэж би хэлнэ. Нацагдорж хүний зөнгөөр. Багадаа өнчирсөн эхийн хайр үзээгүй учир эмэгтэй хүний уян занд маш амархан хөтлөгдөх хүн. Архи Нацагдоржийг дийлчихсэн үед зөөлөн эмэгтэй хүн аврах байлаа” хэмээн бичсэн бол Драмын театрынхаа тухай мөн л сэтгэл оюунаа чилээж байсан баримт байлаа.

“Сайн жүжиг байхад сайн жүжигчин хэрэгтэй. Жүжигчний үе залгамж сайн байна. Ахмад үеийнхний шил залгаж Лхамхүү, Мэндбаяр гээд залуус гарч, тайз эзэлж эхэлсэн. Хоёр Цэгмидийг арай ч гүйцэхгүй Гомбосүрэн гарсан. Гомбосүрэнгийн сүр бараанд залуус нь дарагдаад байна. Одоо Гантөмөр гарч ирлээ. Ганц бус хэдэн Гантөмөр төрөх ёстой. Тэгж байж л урлаг урагшилна. Бүр шинэ үе дотор Сувд байна. Сувдад бас хослон тоглох Сувдаас ялимгүй өндөр залуу хэрэгтэй. Гэтэл манай залуусын нуруу намдаад байх юм. Сувдаас өндөр залуусынх нь авьяас мэдэгдэхгүй байна. Ингэхлээр урлаг гэдэг ёс ёмбыг нь тааруулахад зовлонтой зүйл. Сувдтай хослуулж Гомбосүрэнг тоглуулж болохгүй. Тэгэхээр Сувдын эл байдалд нь тохирох дүртэй жүжиг бичих ёстой. Олон дүрд тоглож байж Сувд маань задарч Ичинхорлоо шиг тайзны хатан болох шүү дээ. Жүжигчид бол жүжгийн дүрээр өөрийн авьяасыг хөгжүүлэх төдийгүй үзэгч, зохиолч хоёрыг уулзуулж, жүжгийг амьдруулагч юм. Зохиолч, жүжигчин, үзэгч гурвыг хамгийн нандин ажлыг хийдэг найруулагчийг манайхан огт ойлгодоггүй. Найруулагч жүжгийг ойлгож найруулбал жүжигчнээ зөв сургуулилна. Дүрээ эзний ёсоор эзэмшсэн жүжигчин үзэгчдийн мэдрэхүйг сэргээнэ. Жүжиг гэдэг ийм л олон талтай. Бирваагийн хүү Мөнхдорж сайн найруулагч болно. Бирваа нарийн мэдрэмжтэй хүн. Мөнхдорж одоо залуу байна. Цаашид хичээнгүй байдлаа орхихгүй бол драмын маш өндөрт гарах хүү байгаа юм. Түүнд сайн жүжиг, авьяаслаг жүжигчин хоёр хэрэгтэй. Энэ хоёр бүрдвэл Мөнхдорж мөн олон жүжгийг мөнхжүүлнэ дээ хэмээжээ.

-Их зохиолч Нацагдоржтой “Би биш” жүжгийг хамтарч бичсэн гэдэг?
-Аав минь их зохиолч Д.Нацагдоржтой хамт “Би биш” жүжгээ бичиж уран бүтээлийн замаа эхэлснээс хойш “Алим”, “Гомпилын бага хүү”, “Эрхэм зураг”, “Тогос хээр”, “Цаг төрийн үймээн”, “Шарай голын гурван хаан” зэрэг роман, тууж, өгүүллэгийн номоо хэвлүүлсэн байдаг. “Шинэ зам”, “Хярааны хонхорт”, “Шинэ байшинд”, “Оролмаа”, “Ээдрээ”, “Эрдэмтний яриа”, “Нүгэл буян” зэрэг түүх хувьсгалын болон орчин үеийн сэдэвт 50 орчим жүжиг, дуурийн цомнол, кино зохиол туурвиж Драмын урлагийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулжээ.


Д.Догсмаа
"Монцамэ мэдээ" сонин
2011.12.12 Даваа

N240 (2350)

Өчигдөр, өнөөдөр, маргааш...

1. ХатанБүүвэйБаатар минь өчигдөр төрсөн юм. Түүн шиг ойлгомжгүй нөхөртэй дотно сайхан нөхөрлөл үүсгэсэн минь Мэнь Хуй Рань хийгээд Ли Бо, мэдээж Артур, Поль хоёрыг хааяа надад санагдуулдаг билээ. Навчисын дуучийг надтай учруулсан намрын тэр исгэлэн өдрүүдэд талархнам...

* * *
Миний шатааж амжаагүй
Навчсыг норгож
Сая яг тэнд аадар буусан
Тэгээд л...
Мөрөөдөл үүл мөргөж
Шувууд цэцэгсийг гээсэн байж
Захаа босгоод
Энэ замаар явахад
Сарыг олж л таараа
Яг л өшөө авагч шиг очно доо
Миний навчыг шатаалгаагүйн чинь төлөө.
2006.3.10



2. Өчигдөр Тогосоогийн төрсөн өдөр байлаа. Нулимастай нүднийхээ гүнээс хуурай нулимас унаган байж уулзаюу гэж санасан ч зарим өдөр зарим үйл явдалд багаддаг тэр л янзаар өрнөөд өнгөрлөө.

* * *
Гарах гарцгүй дөрвөн хананы дунд
Гаслал зовлонгоор дүүрэн нүднийх нь өмнө
Гэгээн хүслээс минь оргон одсон өнчин ганц нулимсаа
Газар унагах эрхгүйдээ цурхиран уйлнам би
Бүдүүлэгийн дунд түүн шиг аашлаж
Бүрэнхийн дунд сохор юм шиг тэмтчиж
Нарны гэрэлд нар юм шиг цэлмэсэндээ
Надад өөрөөс минь илүү гэм нүгэлтэн гэж алга
Өршөө, цурхиран урагдах минь
Өрөвдмөөр өчүүхнийгээ хорсон шаралхах минь
Бурхан гэж итгэл төрүүлэх минь
Би өөрийгөө доромжлон басамжлах минь
Дууслаа, ингээд энэ жүжиг нурлаа
Дураараа дарлагдмал нэгэн дүрээ голлоо
Цэв цэлийсэн, хатуу хязгааргүй огторгуй минь
Чиний дэргэд би нулимсаа нуухыг хүсэхгүй
Дөрвөн хананы дунд, дөрвөлжин оршихуйн гүнд
Сул халуухан урсана, цээжин дотор минь.

2007 он Улаанбаатар



3. Өнөөдөр харин Нямдоржийн маань гурав дахь номын нээлт. Их сургуулийн II байрны 364 тоотод болох юм. Энэ өрөөнд бид нэгэн үед дугуйлан хэмээлдэн цугларч, галтай үгс биедээ чулуудан, нялхасын өвчнөөр өвчилж явлаа. Голомтондоо эргэн нэг уулзая гэж санамуу. Иртүгэй...

***
Гэгэлзтэл бороо шивэрнэ
Гэрийн бүслүүр чангарсаар
Гэнэт болзоо шиг тасарна

***
Одод живчихжээ
Огторгуйн цээлд
шувууд л сэлнэ.

***
Шинэ ногоон дунд
Хуучин чулуу хэвтэнэ.
Шувуу ирж суув аа.



4. Аа харин маргааш Начин маань “Болор цом”-д мордох өдөр. Шударга шүүвэл миний дүү түрүүлнэ ээ. Гэхдээ хамгийн зөв үнэлгээ ч хамгийн зөв үнэлгээ биш гэдгийг тэр мэдэх буй за.

Цонхон цаана

Гишүү хугачих чимээнээр
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ

Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална

Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр

Цонхон цаана тодроод л арилна ....

11.07.27 Төв аймаг Манзушир хийд

"Цаглашгүй наст"-ын гурван шүлэг

Тэнд л...
Тэр цээжний гүнд л
Тийм омголон агаад эрхэмсэг нь саяхансан...



* * *
Цэнд-Аюуш андын "Манан дундуур..."-аас хэдэн шүлэг дуудсугай. Энэ өдөр тэр хорвоод ирсэн бөгөөд, эрхэмлэн хайрлаж явдаг шүлэгчдийн минь тэргүүн эгнээнд тэрээр омог бардам зогсдог билээ.
Миний бодлоор яруу найраг үнэн байхын, бас омог бардам байхын урлаг. Анддаа урлал бүтээл арвин, утга төгөлдөр амьдрал хүсмү!



Шөнө

Дугуй тэнгэр дор гуниг хөглөрч
Дулаан гэр дотор янжуурын утаа үүл мэт үзэгдэнэ
Ганц цагаан лааны нулимс Дашбалбарын боть дээр унаж
Гадаа нэг саарал тагтаа будаа нэхэж зогсоно
Дэрэн дээрх Нямсүрэнгийн номноос
Усанд хөлөө дүрж
Өвсөөр арчин гоо бүсгүй дуулна
Дэргэд минь хэнч байхгүй юм шиг би л ганцаараа сонсож
Дэндүү аз жаргалтай
Дэндүү уй гунигтай
Гадаа өнөө л янзаараа шонгийн хэц улиж хашааны сүүдэр өтгөрөөд
Гацаа минь улам хуучирна



Хаалга бид хоёр

Хавсрага шуургыг л тэсээрэй хаалга минь
Хачин гунигтайгаар дуугарахад чинь би дуртай
Дулаан орноосоо босож хэзээ ч би чамайг түгжихгүй
Дуугарч л байвал болоо
Тос нэхсэн нугас чинь ямархан сайхан дуутайг
Тоостод өөр хэн ч мэдэхгүй
Хожмоо би чам шиг нэг хаалга болоод
Хойрго нэгэн хүүг яруу найрагч болгоноо



Цасан шуургатай шөнө

Цасан шуургатай шөнө дүүгээ хүлээж суухад
Цаг явж өгдөггүй зовлонтой юм
Цасан шуурганд дүү минь даарч яваа гэхээс
Царай минь өвлөөс хүйтэн
Дулаан орон дээр дуг нойр минь намайг хүлээвч
Дур минь гадаа
Хэцээрээ шүгэлдэх шонгийн модны дор
Хэзээ ирэх бол гэж нүцгэн зогсоно

Цасанд дуртай дүү минь хаа яваа бол гэж
Цагаа харвал ганц хормын өмнөх бодол
Царай шиг минь хүйтэн өвлийн шөнийн арван хоёр цаг
Цас сонсогдож байна

СИЭ ГҮҮРЭН ДЭЭР ЗҮҮД ЗАМХАРХУЙг нэгэнтээ уншаад...


Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Манж үндэстэн Еэ Гуанчинь хэмээх зохиолчийн нэгэн уран туурийг Г.Аюурзанын хэвлүүлсэн орчуулгын өгүүллэгийн цоморлигоо

с нь олж уншиж болмуй. Миний хувьд тун сонгодог найруулгатай санагдсан. Хар багаасаа уншсан болхоор миний бодол санаа Аюурзана гуайн хэл найруулгаас төдий л хол бэлчиж чаддаггүй. Угаасаа манай үе, 2000 оноос хойших уран сайхны сэтгэлгээ ганц л хүний өмнө, түүний өмнө өртэй.

Хятадуудын хэл хугармаар нэр тэдний текстийн амтыг хэд дахин бууруулж орхидог. Хятадуудын залхаг ахуйн тухай анхдагч төсөөлөл маань ч үүнд ташуур өгдөг. Гэхдээ хятад гэдэг миний өнгөцхөн төсөөлөлтэй төсөөлөлгүй, зарим хүний ойворгон геноцид санаархалтай санаархалгүй агуу үндэстэн билээ. Тэд оршсоор байгаа нь л олонх үндэстэнд харшлах хачин зүйл болдог. Гэхдээ тэдэнгүйгээр, нэн ялангуяа өнөөдрийн ертөнцийг төсөөлөхийн эрх алга.

Гэхдээ СИЭ ГҮҮРЭН ДЭЭРХ ЗҮҮД ЗАМХАРХУЙ дээр өгүүлсэн политический асуудалтай огтоос холбоогүй билээ. Ерөөс миний олж таниснаар политика хэмээх грээг гарвалын энэ сайхан үгтэй холбогдох зүйлс өнөө цагт дархлагдсан хулгайчдын нааддаг амь дүйсэн тоглоом төдий л юм. Хулгайчдад насан туршийн үйл хэрэг гэж үгүй. Тэдэнд зуурдын эрх ашиг, зуурдын нөхөрлөл л бий. Гэхдээ эрүүл саруулаар сэтгэдэг, шударгуу иргэний хувьд амьдрал гэдэг өөрөө их үйлс, амьдралыг туулна гэдэг нэр төрийн хэрэг билээ. Тийм ээ, амьдрал хэмээх их үйлсийн талаар Сиэ гүүрэн дээр зүүд замхархуйд өгүүлнэм.

Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Энэ нэр анх яг л ЖО ЮУГИЙН ГАЛТ ТЭРЭГ шиг сонсогдож билээ. “Жо Юугийн галт тэрэг” гэж юу вэ? гэж үү. Жо Юус Трэйн бол хэдэн долоо хоногийн өмнө миний үзсэн хятад канууны нэр анам. Тэр кинонд холын хотод амьдрагч яруу найрагч залуу руу нүүдлийн шувуу шиг ирж буцах нэгэн бүсгүйн тухай өгүүлдэг. Нүүдлийн шувуу шиг биш юм байна. Тэр бүсгүй өдөрчийн газар галт тэргээр сэгсчүүлэн байж найз залуу дээрээ долоо хоногт гурвантаа ирдэг юм л даа. Бас гурвантаа буцдаг. Гол дүрд нь суут Имоугийн салсан эхнэр тоглодог. Нэр нь Гу Си билүү, Жу Си ч бил үү. Ямартай ч тэр ямар ч кадрыг таашаалт үзэсгэлэн хийгээд, тачаалт хүслэнгээр дүүргэж орхидог юм.

Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Өгүүлэгч вээр чин гүрний үеийн язгууртан гэр бүлээс гаралтай, хэт дорно хийгээд зэрлэг хувьсгалын цаг үеийг ижилхэн туулсан бүсгүй бөлгөө. Зурагтынхны захиалгаар юухан хээхэн бичиж амь зуудаг түүний гэрт нэр мандсан загвар зохион бүтээгч нэгэн эртний хийцтэй цоо шинэ даашинз авчирж өгснөөр өгүүллэг эхэлнэ. Эхлээгүй юм байна. Бүх юм дизайнерыг ирхээс аль эртээ өрнөчихсөн байсан юм. Өрнөөд барахгүй төгсчихсөн байлаа.
Хамаг юмны эхлэл магадгүй хэн ч билээ нэг олон эхнэртэй чингийн үеийн язгууртны гэр бүлд толгой дээрээ хоёр хөөрхөн эвэрмэгтэй хүүхэд төрснөөс эхэлдэг юм. Тэр нь эвэртэйгээр барахгүй бие нь гэж битүү хайрс. Манжийн лааст империор Пү И сэнтий холбироод удаагүй тул Нурхачийн шууд угсааны хүн болох гэрийн эзэн өнөө хүүхдээ амилсан луугийн бүрэлбаа гээд шүтэж өгнө. Даан ч тэр нь хар багадаа өнгөрчихнө. Хүүг төрөөд удаагүй цагт Даогийн нэгэн мэргэн лам гурав, найман насанд нь хичээтүгэй гэснийг ухвар мөчид эх нь эс ухамсарласнаас гэрээсээ анх гарч үзсэн зожиг хүү СИЭ гүүрнээ өдөржин сууснаас сахуу татрангийн оёго нь хөдөлж ийм юм болдог. Бүрлээч хүү айл гэрийнхээ зургаа дахь хүү нь юм л даа. Тэгээд зургадуур гэж дуудна. Зургадугаар бол өгүүлэгчийн бага насны хамаг зөгнөл мөрөөдлийн биежил юм уу даа.

Өгүүлэгчийг барагцаагаар хөл, хэлд ороод байхад эцэг нь ядуу хороололд дагуулж очно. Тэнд амьдрагч СИЭ хүүхэн гэрийнх нь үйлчин байгаад өдгөө эцгийнх нь нууц амраг болсон ажээ. СИЭ бээр нэгэн хүү төрүүлсэн нь зургадугаартай адилхан эвэрмэгтэй агаад ЭЦЭГ түүнийг төрсөн хүүгээ хэмээн хайрлаж, эрх охиндоо зургадугаар ах чинь хэмээн танилцуулна. Ийнхүү эцэг, охин хоёр дундаа “Зургадугаар” хэмээх нэгэн нууцтай болно. Нууц удалгүй задарч, СИЭ хүүхэн хорвоогоос халин одсон ч ядуу хороололд очиж тоглодог байсан Зургадугаарыгаа өгүүлэгч эс мартмуу.

Даогийн лам жинхэнэ зургадугаарын тухай зөгнөхдөө “Хэрэв энэ хүү ядуу айлд төрсөн бол их сайн явах байж” гэсэн юм. СИЭ хүүхний хүү чухам тэр л янзаар явсаар соёлын хувьсгалын томоохон толгойлогч болно. Язгууртан гарлаасаа болж өгүүлэгчийн арван дөрвөн ахан дүүсээс нь зөвхөн долдугаар ах нь амьд мэнд үлдэнэ. Мэнд үлдсэн ах дүү хоёр эх өөртэй зургадугаарыг цаг ямагт гэр бүлийнхээ нэгэн гишүүнд тооцож, хожмоо Иргэн улсын цуутай зураач болсон долдугаар бээр “Би түүнийг ямагт өөрийн төрсөн ахаа хэмээн хайрлаж явдаг”-аа охин дүүдээ хэлдэг юм.
Соёлын хувьсгалын ав хоморгоноос золоор мултарч, нутаг заагдсан өгүүлэгч вээр нэгэнтээ томилолтоор Бээжинд ирээд байхдаа нэрд гарсан нэгэн дизайнерийн яриаг зурагтаар үзэх агшин таарна. Үе дамжсан оёдолчин гэдгээрээ яг л манай дээхэн үеийн сэхээтнүүд малчин гуйлгачин гарлаараа бахархдаг шиг бахархан ярих залуугийн дор гарах нэрийг хараад өгүүлэгч уулга алдан баярлана. Тэр нэр бол олон жилийн өмнөөс холбоо тасарсан зургадугаар ахынх нь овог билээ. Жан овогт оёдолчин.

Жан овогт оёдолчин сайн карер хөөснийхөө ачаар харш шахуу юманд амьдардаг ажээ. Өгүүлэгч олон таван үггүй ахаа гэж бодож явдгаа хэлсэн авч зургадугаар түүний үгэнд жирийн боловсон соц кадрын хариулт л өгнө. Тэгээд эцгийг нь хэзээ ч ааваа гэж санаж яваагүйгээ тун боловсноор илэрхийлэх нь тэр. Гэвч энэ үгс нь түүний сэтгэлийг угаасаа хэлсэн үг биш байсан нь өгүүллэгийн төгсгөл хийгээд эхлэлд гардаг цайвар ногоон даашинзаар илэрдэг. Язгуур угсаа, үгээгүй дорд гарвал, аж төрөлийн тэнгэр газар мэт зөрүүгээс үүдсэн үзэн ядалтын дөл он цагийн салхинд хэдийнээ унтарсан ажээ. Уг даашинзыг өтөл оёдолчин бээр сэтгэлийн хамаг ураа шингээн төгс урлаад хүүдээ өгч явуулсан юм. Тэр өөрийн хайр хүндэтгэлийг хэзээ ч амаар, биет үйлдэлээр илэрхийлж байсангүй. Гэхдээ л тэднийг холбосон сэтгэлийн шижим хувцасны оёдол шиг үл анзаарагдам хэрнээ гүн бат оршсоор л байжээ. Зургадугаар хар багадаа СИЭ хүүхний амьд ахуй цагт охин дүүдээ зориулж хүүхэлдэй хийснийгээ ичээд ч юм уу өгч чадаагүй юм л даа. Тэр хүүхэлдэй цайвар ногоон даашинзтай байсан юм аа.

Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Үйлийн үрийн утас цаг хугацааны зүүгээр зүрх сэтгэлийг минь хөвөрдөн одно. Оногдсон буландаа хяран суугаад оногдсон бүхнээ сэтгэл дүүрэн эдлээд сонгосон амьдралынхаа оргил цэгт, тэр цэгтээ галзуу солиотой байсан ч хамаагүй зөн совингоороо холбогдсон хэн бүхнийхээ сэтгэлд цучил төдий ч хамаагүй гэрэлтэж байх нь л чухал. Барин үл тогтох үелзээн мэт гань гансралын үүдээр шагайхуйд бүгт дуун салхины ширхэгээр дамжин хэнгэрэгийг минь дэлдмүү. Хэн тэнд тэртээ дээр бөмбөлөг бөмбөлөг гэрлүүд анивчин буйг үзэж халдах дуун исгэчих авианаас холуур нимгэн нимгэн мөрөө барласаар мөргүйд гарч, мөр балархай хэл утга балархай суунам. Тэнд л, тэр цээжний гүнд л тийм омголон агаад эрэмгий нь саяхансан.

Ай, Сиэ гүүрэн дээр зүүд замхархуй. Бүсгүй хүн бол цаг хугацааны гүүр. Тэд улиран мартагдсан домог дурсамж, үзэн ядалт хайр дайсагналуудыг халуун хэвлийдээ уулзуулж, тэдний бие хийгээд сэтгэлийн шимээр бид сэтгэлийг зааглагч хүйтэн мөрнийг туулан учирдаг бөлгөө. Нэгэнтээ тийн учирсан аваас хүний амьдрал хэмээх их үйлс чухам мөн чанараа онох амуй. Тийм ээ, амьдрал гэдэг их үйлс ажгуу. Ариун гэгээн бүхний зүг бүсгүй хүн хөтлөн аваачму.

...зөвхөн нарыг vлдээх...


video

ОКТЯБРЬ

Нэг мянга есөн зуун арван долдугаар онд ертөнц дээр алдарт
Октябрийн хувьсгал мандаж
Энэ өдрийн наранд vйлдвэрчин тариачны алх хадуур өндөр өндөр гялалзав
Уралын баруун этгээдийг гэнэт улаан туг бvрхээд дарлагдсан ардуудын
сэтгэлийг хөдөлгөв
Зөвлөлт засаг тогтнож ертөнцийн чих нvдэнд хувьсгалын дуу, гэрэл зэргээр тусав
Ильич багшийн ариун суртал, vйлдвэрчин ардын халуун гараар бvтсэн
Октябрийн хувьсгал
Зvvн европ, Умард Азийн оронд урьд vзэгдээгvй гайхамшигт шинэ орчлонг тогтоов
Зуун зуун жилд оршин суусан хааны ширээг тvлхэж зальхай Керенскийн
сvрийг зайлуулав
Оросын уудам сайхан орныг бузарласан хөрөнгөтөн газрын эздээс
Yйлдвэрчин тариачин өөрийн орныг цэвэрлэн авав
Тvмэн оны харанхуй тvvхийг халсан Октябрийн хувьсгалд дэлхий дахин
цугаараа цочин ширтэв
Газар бvрийн пролетари нарт яруу уриа сонсогдоод өргөн жагсаалын
холхи зам тодров
Колони ба хагас колонийн тvмэн ардыг нойрноос сэрvvлээд vнэнч шударга
хань нөхөр нь төрөв
Будангуйрсан ертөнцийн байдлыг тэгшлэн засах хvчтэй долгион хөндлөн шуугив
Болшгvй болсон хуучин орчлонгийн бузар явдлыг бут эвдээд бас дахин шинэ ертөнцийг тогтоох Октябрь
Баруун Европт Америкийн vйлдвэрчинд vлгэр болоод таван тивийг
бvрхэх Октябрь
Байн байсаар бvх дэлхийн Октябрь болж хуучин байдлыг цөм халаад,
зөвхөн нарыг vлдээх Октябрь






Яруу найрагч
Дашдоржийн НАЦАГДОРЖ

Тэнцэх нь ганцхан ЧИ

video

tacitum silvas inter reptare salubres
Curantem quidquid dignum sapiente bonoque est.


* * * * *

Б.Б-д

Олж чамайг анх харснаас хойш
Олон хавар олон намар өнгөрсөн нь
Олон зуун жил мэт санагдана
Олон зуун жилийн нар салхи
Цас навчисын илчийг
Алгандаа шингээгээд
Онгож сайртсан гарыг минь атгахдаа
Одоо ч чи минь
Анхных шигээ танхилхан санагдана
Ойлгож таних зүйл огт үлдээгүй ч
Орчлонгоос би юуг ч юм эрсээр
Тэмцэж тэмүүлсэн тэр бүхэнд минь
Тэнцэх нь ганцхан чи юм шиг санагдна.

ЯРУУ НАЙРАГЧИЙН ЦАДИГ


Шүлэгчийн зовлонг шүлэгч ойлгоно
Шөнийн одод шүлэгчийг ойлгоно
Өвсний зовлонг шүлэгч ойлгоно
Өдрийн од шүлэгчийг ойлгоно
Анир чимээгүйд бодлогоширч суугаа
Аугаа найрагчийн үлдээсэн мөрийг
Зуун жилийн дараа цэцэгс бүрхээд
Зулзаган хус шиг охид зүүдэлнэ
Усанд унасан сарны дүрсийг
Уусан архиндаа амилуулж боддог
Ялдамхан бөгөөд гэнэхэн араншин
Яруу найрагчаас гаралгүй яахав
Амьдын хорвоод араншин нэгтэйдээ
Араатан чоныг шүлэгч л хайрлана
Амьдрахын төлөө янхан болсон
Арчаагүй бүсгүйг шүлэгч л ойлгоно
Ядуугийн зовлонг ядуу л ойлгоно
Яруу найрагчийг зовлон ойлгоно
Шаналахын зовлонг шүлэгч л ойлгоно
Шартахын зовлонг архичин л ойлгоно
Үзээгүй үнэнээ эрж явсныг нь
Үхэл хэмээх үнэн л ойлгоно оо

1991.11.02





"Энэ ахын тухай нарийн нандин мэдээлэл байвал надтай хуваалцаарай!
Чин зүрхнээсээ баярлана".

МӨН ЧАНАР БУЙ АВААС...

video


МӨН ЧАНАР БУЙ АВААС

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .

II
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг
Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .

III
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу . . .


“Хэн нэг маань бурхан байдаг”


ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ Л.ӨЛЗИЙТӨГС:
БИ ҮЕИЙНХЭЭ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧДААС ХЭНТЭЙ НЬ Ч ДОТНО НӨХӨРЛӨДӨГГҮЙ

1990-ээд оны Монголын утга зохиолынхныг “Мөнгөн үеийнхэн” гэж нэрлэдэг. Энэ үеийнхэнд Л.Өлзийтөгс, Б.Ичинхорлоо, Х.Тэргэл, Г.Мөнхцэцэг, Р.Эмүжин буюу Р.Энхтуяа, Ш.Лхамноржмаа, Ц.Хулан, Б.Батрэгзэдмаа нарын бүсгүйчүүд багтдаг. Тэднээс Лувсандоржийн Өлзийтөгсийг үеийнхэн нь, судлаач шүүмжлэгчид ч 1990-ээд оны Монголын утга зохиолын гол төлөөлөгчдийн тоонд зүй ёсоор оруулдаг билээ. Ингээд “Алтан өд” шагналт, яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгстэй хийсэн ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна.

-Таны нэр надад их содон санагддаг л даа. Хоёулаа нэрийн чинь талаар ярилцлагаа эхлэх үү?
-Урьд нь бас нэг сурвалжлагч яг ингэж асууж байсан юм аа. Зохиолчид өөрсөддөө содон нэр бодож олцгоодог, ном бүтээлийн хоёр дахь, гурав дахь нууц нэртэй байх нь цөөнгүй. Аз болоход надад тийм шаардлага гарсангүй. Сайхан монгол нэр. Аавын минь өгсөн нэр болохоор би энэ нэрээрээ л ном бүтээлээ гаргадаг. Миний аав бурхан болоод удаж байна. Гэвч овгоо нэртэйгээ бичих болгондоо, энэ хоёр үгийг нэг дор унших болгондоо би аавтайгаа хамт байгаагаа ойлгодог.
-Бага насны чинь талаар… Ингэхэд та Дарханых байх аа?
-Тийм ээ. Гэхдээ манай Дархан чинь хот ч биш, хөдөө ч биш, өвөрмөц газар шүү дээ. Тэнд хөдөөний амгалан тайван байдал, хот газрын соёлжингуй орчин нөхцөл цөм бий. Тийм л сайхан газар миний бага нас өнгөрсөн дөө. Товчхондоо бол хамгийн жаргалтай бага нас…
-Тэгвэл анхны шүлгээ хэзээ…
-Өө, тэр тухай яривал урт юм болно. Ядаргаатай. Уншигчдад ч сонин биш.
-Та шүлгээ хэзээ бичдэг вэ?
-Яг 13 цаг 10 минутад (инээв). За, за тоглосон юм. Шүлэг бичих цагийн хуваарь гэж байх биш дээ. Янз янз. Гэхдээ ихэвчлэн оройн цагаар юм шиг байна. Өглөөгүүр бичсэн нь ч бий.
-Ер нь онгод гэж байдаг уу. Байдаг бол таных хэзээ ордог вэ?
-Миний онгоц өдөр шөнөгүй л нисч байдаг (инээв). Онгод гэдэг чинь онгоц гэсэн үг байхгүй юу (ахиад л инээв).
-Та их шооч юм аа?
-Гэхдээ хорон биш шүү.
-Таны номуудын нэр их л өвөрмөц санагддаг. “Тэнгэрт ургадаг модод” ч юм уу, “Ганцаардлын дасгал” гээд л…
-Анхных нь “Тэргүүн бүлэг”. Манай яруу найргийн ихэнхи номын нэр надад таалагддаггүй болохоор зориуд ийм нэр сонгож билээ. Хоёр дахь нь “Тэнгэрт ургадаг модод”. Энэ номын хамгийн эхэнд байгаа шүлгийн мөрөөр нэрлэсэн юм. Гурав дахь нь “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”. Би зэн-буддизмын нэг ном уншиж байгаад хүний эрх чөлөөтэй байх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор мэдрэх туйлын ганц боломж бол зөвхөн зэн-буддизм ч биш, урлаг, тэр дундаа яруу найраг, гоо сайхны эрэл хайгуулаар гэгээрч болно гэсэн санааг өдрийн тэмдэглэлдээ бичсэн байснаа эш болгож энэ номоо ингэж нэрлэсэн. Уг нь “хавар яасан гунигтай” хэмээн нэрлэх гэж байсан юм. Гэвч удаан бодсоны эцэст энэ нэрийг сонгосон. Дөрөв дэх нь “Ганцаардлын дасгал”. Яг ийм нэртэй шүлэг тэнд байхгүй. Гэвч номын уур амьсгалд их тохирсон нэр санагддаг.
-Таны унших дуртай дотоод, гадаадын зохиолч, яруу найрагч гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?
-Таалагддаг зохиолчоо нэрлэе гэвэл таалагддаггүй зохиолчоо нэрлэхээс ч урт жагсаалт гарах байх аа даа. Метерлинк, Камю, Йонеско, Кортасор гээд л. Яруу найрагчдаас… Японы эртний яруу найргийг биширдэг. Мөн Эмили Дикинсон гайхамшигтай. Оросын яруу найрагчид нэг л ойр санагддаг. Манайхнаас бол.. Нямсүрэн ах жинхэнэ яруу найрагч. Эмэгтэй хүн шиг мэдрэмтгий нэгэн байж. “Хэн нэг маань бурхан байдаг” гэж үг бий. Тийм л нэг бурхан биднээс явчихжээ.
-1990-ээд оны Монголын яруу найргийн гол төлөөлөгчийн тоонд таныг оруулдаг. Та үеийнхээ шилдгүүдийг нэрлээч…
-Аюурзана, Галсансүх, Ануудар гурвын нэр хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Батжаргалын Одгэрэлийг сайн юм хийх байх гэж боддог. Эмэгтэйчүүдээс Дашийн Оюунчимэг магадгүй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд би түүний шүлгийн нэг ч номыг бүтэн уншаагүй. Энд тэндээс нь гүйлгэж л үзсэн юм байна. Надад ном нь ч алга. Харин туужийг нь уншсан. Ингэхэд Оюунчимэг ч намайг уншаагүй байж магадгүй л юм. Ер нь манайхан бие биеэ их муу уншдаг шүү дээ.
-Үеийнхээ зохиолч, яруу найрагчдаас хэн хэнтэй дотно нөхөрлөдөг вэ?
-Хэнтэй нь ч дотно нөхөрлөдөггүй.
-Яагаад?
-Үгүй, яах вэ дээ, нөхөрлөе гэж хайж явсангүй. Нөхөрлөхгүй юм шүү гэж ч дөлж байгаагүй. Шүлэг уран бүтээлийн хувьд биш юм аа гэхэд хүн чанар, зан аашаараа сэтгэл татаад байх хүн олон таарсангүй. Яруу найрагчид бага наснаасаа л олны анхаарлын төвд амьдарч эхэлдэг болохоор ихэнхи нь “бээлийтэй хүн” болж хувирдаг. Бээлийний цаана хэн ч байж болдог. Сүржин нэр, бөөн шагналын ард хов хоосон хүн сууж байх нь ч бий. Тийм болохоор уран бүтээлчдийн нөхөрлөл ихэнхидээ удаан үргэлжилдэггүй юм. Нэг бол хоёулаа “том” байх хэрэгтэй. Үгүй бол хоёулаа “жижигхэн” байх ёстой болдог. Энэ тэнцүү биш хүмүүсийн нөхөрлөл яваандаа нэг нь нөгөөдөө тэнцэх гэсэн, аль эсвэл нэгнийгээ гомдоочихгүйг хичээсэн дарамт болж орхидог юм шиг санагддаг. Тэгэхдээ үй зайгүй үерхээд байдаггүй ч гайгүй дотно харьцаатай явдаг залуучууд бол нилээд хэд бий. Тийм хүмүүс байгаа болохоор л утга зохиолын энэ хэрүүл шуугиантай орчинд би амьдарч болоод л байна.
-Яруу найрагчид хоорондоо их өрсөлддөг юм шиг санагддаг. Та бусдын зүгээс атаархал их мэдэрдэг үү?
-Тийм үү, өрсөлдөөд яах гэж байгаа юм бол… (мөрөө хавчив) Ерээд оныхон бүгдээрээ ер бусын авъяастай байлаа гээд бодоход утга зохиолын ертөнц бидэнд барагдахгүй шүү дээ. Уран зохиол бол хичнээн л бол хичнээн авъяастныг багтааж хүрэлцэх асар том орон зай. Тийм том орон зайд нэг жижигхэн тайзны буланг булаацалдах нь инээдтэй хэрэг. Харин ч хэн нэг нь илүү бичээд эхэлбэл магтаж чаддаг байх хэрэгтэй. Чиний найз биш байсан ч, бүр чамайг тоодоггүй байсан ч, сайхан шүлэг бичиж чадсаныгаа хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх зоригтой явна гэдэг том шалгуур. Өөрийнхөө хэн болохыг, уран бүтээлч мөн эсэхээ, хэр “том” болсноо үүгээрээ шалгаж болно. Юун өрсөлдөөн. Шүлгээр өрсөлдөөд яах юм бэ.
-Ерээд оныхон бараг бүгдээрээ л хөдөөнийх байх юм. Хотоос модернист Мөнхбаяр, талийгаач Ануудар хоёр л байх шив. Ингэхэд Ануудартай хэр дотно байсан бэ?
-Дотно байгаагүй, танилцаж ч амжаагүй. Нэг л удаа нүүр нүүрээ харсан юм байна. Ануудар миний танил яруу найрагчтай гудамжинд хамт явж байхад нь таарсан. Би танилтайгаа нилээд удаан ярьсан, Ануудар түүний араас над руу хараад зогсож байсан. Танил маань биднийг танилцуулаагүй болохоор бид хоорондоо дуугараагүй. Товчхондоо ийм л.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Монгол судлаачийн дипломтой. Гэхдээ дипломыг нь өвөртөлчихсөн л бол тэр мэргэжлийн хүн гэж хэлж болохгүй шүү дээ. Өөрийгөө энэ ажилдаа чин сэтгэлээсээ зориулж чадаж байгаа эсэхээр их юм үнэлэгдэнэ. Тэгэхээр миний мэргэжил бол уран зохиол.
-Тэгвэл таныг уран зохиолоор мэргэшиж яваа хүн гэж үзэж болох уу?
-Тийм ээ. Би мэргэжлийн уран зохиолоор мэргэшиж яваа. Энэ явц гэхдээ хэзээ ч дуусахгүй л дээ. Уран зохиолын жинхэнэ амтыг авсан хүн өдөр ирэх тусам л өөрийнхөө хэн ч биш болохыг олж хараад байдаг нь хэцүү. Тэгэхээр энэ явц дуусахгүй үргэлжилнэ гэсэн үг. Мэргэжлийн гэдэг үгийг их тод хэлмээр байна л даа. Утга зохиол бол мэргэжлийн урлаг. Би мэргэжлийн уран зохиолыг бүр гүнд нь ортол мэдэрч, түүний бодитой нэг хэсэг болмоор байна. Ажлынхаа хажуугаар л шүлэг бичмээргүй байна, зүгээр нэг хообийгоо болгочихсон гүйж явмааргүй байна. Уран зохиол хүнээс сүүлчийнх нь дусал хөлсийг ч шаарддаг. Хэн нь жинхэнэ физикч, хэн нь жинхэнэ философич, бас хэн нь жинхэнэ зураач болохыг ялган олж хардаг болоход их хэцүү. “Физик гэдэг болбоос…” гээд яриад байгааг нь л олон түмэн “Аа, энэ их мундаг физикч юм байна” гэсэн төсөөлөлтэй болдог шүү дээ. Яг үүнтэй адилхан тайзны тэмцээнүүдэд түрүүлээд л байгаа шүлэгчдийг “энэ их мундаг яруу найрагч юм байна” гэж бодоход хүрдэг. Дунд сургуулийн физикийн багшийг онолын физикчтэй андуурахгүй байх хэрэгтэй. Монгол судлаач гэдэг том мэргэжил. Судалгааны ажил ер нь их амттай л даа. Гэвч би хоёр туулай руу зэрэг ухасхиймээргүй байна. Утга зохиол ч бас ёроолгүй судалгааны ажил, бүхэл бүтэн шинжлэх ухаан учраас…
-Оюутан байхдаа алдаршчихсан байсан байх аа. Залуус хэр эргүүлдэг байв?
-Хэн ч эргүүлдэггүй байсан.
-Танд залуус их дурладаг байсан юм шиг санагддаг. Тэдгээрийн дотроос нэг яруу найрагч залууг их онцгойлон ярьдаг…
-Тийм юм болоогүй шүү дээ. Харин хүмүүс тэгж яриад л байдаг юм билээ.
-Таны нөхөр СГЗ, зохиолч, яруу найрагч Аюурзана гэдгийг хүмүүс мэднэ. Ингэхэд та хоёр яаж танилцсан юм бэ?
-Бид хамтдаа “Ардын эрх” сонинд ажиллаж байсан.
-Хоёр яруу найрагч нэг гэрт байх хэцүү юу?
-Хоёр эдийн засагч нэг гэрт байдгаас ялгаатай зүйл биш шүү дээ.
-Та “Ардын эрх” сонинд ажиллаж, “Өчигдөр” сонинг эрхлэн гаргаж байсан. Сэтгүүлчийн ажлаа яагаад хийхээ больчихсон юм бэ?
-Бага зэрэг залхсан гэхэд болно. Сонины ажлаас байтугай сониноос залхаад… Манайх сонин захиалахгүй байгаа. Гадуур юу болоод байгааг мэдэхийн тулд одоо сонин унших шаардлагагүй ч болчихож. Мэдээд ч миний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй нь чи бид хоёрын яриад сууж байгаа шиг үнэн. Манай сонин хэвлэлийн нийгэмд үзүүлэх нөлөө эерэг талаасаа бол огт байхгүй болчихож. Хэрүүл, шуугианыг бол тарьж чадаж байна. Миний л хувьд сонин уншина гэдэг цагийн гарз. Хэн нь хэнтэйгээ амьдарна, хэн нь хэнээсээ сална надад ямар хамаатай юм бэ. Үнэндээ бол энэ тухай бичиж байгаа сурвалжлагчид өөрсдөө ч гэр бүлийн амьдрал нь элдэв асуудалтай, түмэн паянтай л байгаа. Өөрөө муу юмтай их орооцолдсон хүн л бусдын мууд дурладаг байх магадлалтай. Дээр нь манай ихэнхи сэтгүүлч яг адилхан бичлэгтэй. Цаад ярилцагчаа харуулъя гэхээсээ өөрийгөө л харуулах гэсэн байдалтай. “Та ямар өнгөнд дуртай вэ?” гээд л асуучих юмыг чинь “Би тийм өнгөнд дуртай л даа… нэг удаа нэрт улс төрч тэр гуайтай ярилцлага хийж байсан чинь тийм өнгөнд дуртай гэж байна билээ, Холливудын од Шер улаан өнгөнд дуртай тухай би бас англи сэтгүүлээс уншсан л даа, харин та ямар өнгөнд дуртай вэ?” гэж асуух хэрэг байна уу? Заримдаа инээдтэй ч юм шиг… Сэтгүүл зүй гэдэг бол уг нь бас л авъяас, ур чадвар, мэдрэмж, нарийн ухаан шаардах ажил.
-”Болор цом”-д оролцож байсан уу?
-За болъё л доо… шар сонины араас очиж очиж “Болор цом” яриад яах вэ дээ.
-Одоо та дахиж сонинд ажиллах уу?
-Би костюм оёчихож чадахгүй, бүжиглээд дуулчихаж чадахгүй, түмэн хүний өмнө зогсоод шоу хөтөлчихөж ч чадахгүй юм чинь сониндоо л орж таараа. Яг над шиг олон юм хийж чаддаггүй хүмүүсийн хувьд л сонин гэдэг жинхэнэ хоол байхгүй юу. Ер нь бол сэтгүүлчид шиг юу ч мэддэггүй мөртлөө мэдэмхий, юу ч хийж чаддаггүй мөртлөө бүхнийг дүгнэх гэж оролддог хүмүүс ховор байх аа.
-Танд дууны үг бичих бодол төрдөг үү?
-Бичсэн шүлгээс маань зарим нь дуу болчихсон л байдаг. Яг тийм замаар шүлэг минь өөрөө хөг аяа олбол олог. Түүнээс биш хэн нэгний зохиосон хөгжимд тохируулан шүлэг бичих гээд сууж байхгүй л болов уу. Тэгээд ч Монголоор дүүрэн дууны яруу найрагчид байхад… Ингэхэд манай нэг эрдэмтэн гайгүй сайн ном бичлээ гэхэд зурагтаар хамрынх нь үзүүр ч харагдахгүй. Тэгэхэд ямар нэгэн зохиолын дуу хэрхэн зохиогдсон тухай, дуулсан хүн нь багадаа ямар хашаанд амьдарлаг байсан тухай бараг л баримтат кино гарах юм (инээв). Цагийн аяс гэдэг хүний хөөрүү зан шиг түр зуурын өрөвдмөөр зүйл байдаг. Тэгэхээр цагийн аяст тохируулж амьдарна гэвэл бүр ч өрөвдөлтэй хэрэг болно.
-Эцэст манай сонины уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?
-”Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй” гэдэг юм бил үү (инээв). Танай уншигчдад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, сэтгэлийн амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Чамд ч бас баярлалаа.

Хонгорзул сонин
Ш.Эрдэнэтөр

ПИКАССО ба МОДЕЛЬЯНИ


Пикассогийн амьсгал хураахын өмнөх сүүлчийнг үг нь “МОДЕЛЬЯНИ” байжээ. Аяа Модельяни хэмээх энэ нэр П.Пикассогийн зүрхэнд насан туршид нь бидний ярьдагаар “шар ус” хуруулжээ. Яагаад?
Эртнээс Пикассо уран зураачийн хувьд Модельянигаас олон зүйлээрээ дутуу гэдгээ мэддэг байв уу? Үгүй бол миний мөнхийн өрсөлдөгч гэж тооцов уу? Үнэхээр энэ тэнцүү өрсөлдөгчид гэж байдаг бол энэ хоёр эрхэмийн нэрийг л хамгийн түрүүнд дуудах нь лав. Сальери хөгжмийн зохиолч мөн ч Моцартын дэргэд бол харьцуулашгүй дооогуур жагсана. Артюур Рембо, Поль Верлен хоёр өрсөлдөгчид биш найзууд, Роберт Фрост мэдээж Эзра Пуандыг шүтэн бишрэгч байснаас өрсөлдөгч биш. Харин Пикассо, Модельяни бол хойд мөсөн далайн хоёр том мөсөн уул гэсэн үг.
Тэр уулс хоорондоо шүргэлджээ. Зарим хүн мөргөлдсөн мэтээр ярих, бичих дуртай. Гэвч хэмх мөргөлдсөн мөргөлдөөгүй хамаг зүйл тодорхой байжээ. Хэн нь хэн бэ? гэдэг. Учир нь Модельяни, Пикассотой мөргөлдөх хүсэлгүй байв. Харин Пикассо Модельянитай байнга шүргэлдэж байхыг хүсдэг байжээ. Яагаад?

video

Гертруд Стайн Пикассогоор ч тэр, Модельянигаар ч тэр өөрийнхөө хөргийг зуруулжээ. Сүүлд нь тэр эрхэмсэг хатагтай Модельянигийн зурсан зургийг “энэ бол жинхэнэ –БИ” гэж айлдсан гэдэг. Пикассогийн олон гэрлэлт, нэр алдарын төлөөх улайрал, коммунист намд элсэх, Ленины шагнал хүртэх, улс төрийн хачин мэдэгдэл хийх энэ бүхэн түүнийг олон нийтэд эрт танилцуулжээ. Олон юманд сатаарсан Пикассо жинхэнэ уран зургаасаа холдчихож. Гэтэл Модельянид нэр алдар, мөнгө төгрөг, саатах сатаарах олон зүйл байсангүй. Ганцхан зүйл байсан нь “уран зураг”. Олон юмтай байх хүсэл ч түүнд байсангүй. Яагаад?
Өрсөлдөгч, хүчирхэг дайсан. Тэмүжинд Жамуха байжээ. Бүр хүүхэд байхдаа л Тоорил вангийн гэрт ил цагаан өрсөлдөнө. Тэмүжин байнга эрт босож, хамгаас түрүүлж, нойронд сэргэг, номонд мэргэн нь тодоржээ. Зарим мэргэд Жамуха үгүй бол Тэмүжин тал нутгийн язгууртнууд дундаас тодорч гарч ирэхгүй байсан ч гэдэг. Ямар ч байсан хүчирхэг өрсөлдөгч биднийг улам хурцалж, асан дүрэлзүүлдэг билээ.
Ялимгүй няцалт. Улс төрд тийм байх л даа? Харин урлагт бол өөр гэж үздэг хүмүүс өнөөдөр ч бидний дунд бий.
Европчууд хэзээнээсээ өөртөө дайсан хайж олоод өрсөлдөж эхэлдэг. Харин дорнын бидэнд өрсөлдөөн үймээн бус амар амгалан чухал гэж зарим хүн номлодог.
Тэгвэл Пикассод Пикассо болохын тулд өрсөлдөгч хэрэгтэй байжээ. Өөрөөсөө сул дорой өрсөлдөгч сонгох нь утга учиргүй хэрэг. Илүү эрх мэдэлтэй байвал шударга өрсөлдөөн үйлчлэхгүй. Илүү авьяас билигтэн байвал өөрөө л амьтны элэг доог болох төдий өнгөрнө. Яг л Ван Гогийн найз зураач шиг. Тэгэхээр түүнд байж болох хамгийн сонгодог өрсөлдөгч Модельяни байв.
Бид Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн хоёрыг хоорондоо таагүй харилцаатай байсан гэж ярилцдаг. Үнэн худлыг бүү мэд. Нэг үгээр өрсөлдүүлэхийг хүссэн байж ч болох юм. Үгүй бол тэр хоёрыг мөргөлдүүлж дундаас нь ашиг хонжоо олохыг хүсэгчдийн мөрөөдөл байсан ч юм билүү?
Парис хот. 1919 он. Тас харанхуй шөнө. “Ротандо” уушийн газар. Кокто, Пикассо, Модельяни бүгд ширээн тойроод сууцгаана.

video

Хатуу архи, тамхины суунагласан утаа. Энэ бол 2004 онд Ника Дэвисийн найруулсан “Модельяни” киноны эхлэл хэсэг. Ноён Гийом Аполлинэр хэрэв амьд байсан бол яруу найрагч биш худалдаачин шиг төрхтэй сууж байх байлаа. Даанч тэр 1918 онд бурхан болчихсон. Харин яруу найрагч Блез Сандрар аль 1917 онд Модельянигаар зургаа зуруулчихсан. Харин Пикассо энхтайвны цагаан тагтаагаа ч зураагүй байсан үе.
Яагаад ч юм бэ? сүүлийн үед бичиж байгаа зүйлийн дундуур заавал дурсамж шургачихгээд болохгүй болжээ. 1980-аад оны үе юмдаг. Зөвлөлт улсад хэвлэгдсэн шинэ маркнууд Төв Шууданд худалдаалагдаж байв. Нэг хөөрхөн цагаан тагтааны зурагтай маркны буланд Пабло Пикассо 100 жил гээд өвгөжөөр хүний зураг байсан юм. Анх Пикассо гэдэг нэрийг тэгэхэд сонсож өнөөх маркыг их л нандигнан хадгалсан юмдаг. Хожим орос голдуу маркны минь цуглуулгаар том охин минь тоглоод дууссан билээ. Пикассо гэдэг тагтаатай марк яасныг бүү мэд.
Харин Ника Дэвисийн кино надад хачин хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Хэд дахин үзсэн. Үзэх тусам ганцхан зүйлд гүн бат итгэсээр байлаа. Одоо ч хэвээр.
Пикассо ба Модельяни. Жинхэнэ энэ тэнцүү өрсөлдөөн. Бусад нь зүгээр л амьдралын хошин шог. Бальзакийн “Хүн төрөлхтөний шог” гэдэг шиг. Тэд хэзээ ч муудалцаж байсангүй. Ван Гог, Гоген хоёр шиг зам замаа хөөсөнгүй. Тийм өрсөлдөөнд ялагч гэж бас үгүй. Лимоновын номонд бичсэнээр Гоген Таити яваад тэндээ сураг алдарсан бол саяхан Ван Гог тариан талбайд өөрийгөө буудаж хороогоогүй болох нь батлагджээ. 14 настай хоёр хүү буугаар тоглож байгаад сум алдчихсан нь тариан талбайд зураг зураад зогсож байсан Ван Гогийг оночихсон гэнэлээ. Зураач хөвгүүдийг буруутгалгүй шүүгчдэд “би өөрийгөө буудсан” гэж хэлж амжсан гэдэг. Тэдний хувь заяа ингэж шийдэгдсэн бол Пикассо, Модельяни хоёрынх бас л өөр өөрийнхөөрөө ...
Харин бид сүр жавхлангаа бадруулсан ялагчийг хайгаад байдаг. Үлгэрт арван таван толгойтой атгаалжин хар мангасыг эрэлхэг хүү хуу устгадаг шиг. Ямар ч аргаар хамаагүй ялагч тодруулахыг хүснэ. Дайнд ялагч, спортод ялагч, амьдралд ялагч, улс төрд ялагч. Бүх зүйлээс ялагч хүлээнэ. Өрсөлдөөнийг эцсийн ялагчаар тодруулдаг сэтгэлгээ хэзээ хоцрогдох вэ? Дандаа ялагчтай кино, Америк сүржигнэл энд буруутай юу? Дайснууд нь буудаад л байдаг, буудаад л байдаг. Манай ялагч хүний урманд шархдах ч үгүй, ядаж энд тэндээ шалбарах ч үгүй, булчин шөрмөс нь зангираад үзээд л байна. Үгүй бол өрсөлдөөнөөр дүүрэн амьдралын сурталчилгаа. Өс хонзон. Ариун цагаан бодол санаагүй баахан өс хонзон санагчид. Урлагт зөрчил үгүй бол урлаг биш болжээ. Баян хүү ядуу охинд дурлана. Публий Терензийн “Хадам эх” жүжиг шиг удалгүй охин төрхөмөндөө буцна. Шалтгаан нь баян хоосон. Зөрчил нь мөнгө. Ердөө ийм хялбар тэмцэл. Ялагч нь хайр сэтгэлээсээ урваагүй залуу хос. Өдөр бүхэн ийм зүйл үзэхээр аяндаа амьдрал бол ТЭМЦЭЛ тэгээд зөвхөн ЯЛАЛТ гэсэн үзэлтэй түмэн хүн төрөн гаржээ. Тэр хүмүүст Пикассо, Модельяни хоёрын харилцаа ямар ч сонирхолгүй, ямар ч зөрчилгүй, ердөө хоёр тэнэг зураачийн хоорондын атаархал төдий ойлгогдоно.
Модельяни хайртай Парисынхаа гудманд хүнд зодуулж, хайртай эхнэрийнхээ гар дээр 44 насандаа амьсгал хураана. Пикассо бараг 100 хүрээд насны доройтлоор нүд аньжээ. Гэвч Модельянигаас хойших бүх л амьдралдаа тэр түүнтэй өрсөлдсөн хэвээр байв.
Хэзээ ч тэр хоёр бидний мэдэх цаг хугацаанд дайсагналцаж байсангүй. Магадгүй бидний хэзээ ч ойлгохооргүй оюун санааны хязгаарт юу болж өнгөрснмйг таашгүй.
Тиймээс л бидний мэдэх цаг хугацаанд Пикассогийн хэлсэн сүүлчийн үг “АЯА, МОДЕЛЬЯНИ...

video


Зохиолч П.Батхуяг
2011 он