Увсын НОРОВ.


“Уйтмен, Нямсүрэн хоёр минь л жинхэнэ яруу найрагч. Тэр хоёрыгоо л шүтэх юм даа...”. Хязгаар нутагт үсээ цайтал сууж Увс нутгийн бичгийн хүн болох хүсэлтэн залууст урмын ташуур, ухаархын шимээ хайралсан эрхэм багш минь хааяа очих бүрт энэ л үгийг хэлнэ. Увсын ард түмэн зохиолч гэхээр Норов гуай шиг л хүн байдаг гэж төсөөлдөг байх. Учир нь тэр энэ л олныхоо дунд залуу насаа элээж, тэднээсээ бас нас буяныг нь хүртэж, гурван ямхын хулсыг барьж эндүү ташуу бичсэнийхээ төлөө нэр ашгийг эс хөөсөн жирийн иргэн билээ.

Хуучин дэглэмийн үед дарга ангийн дайчин байлдагч байгаагүйнх нь төлөө түүнийг аймгийн “Тэргүүний малчин” сонины эрхлэгчээс илүү дэвшүүлээгүй гэлцдэг юм. Магад өөрөө ч энэ хязгаартаа мөнхийн уяатай гэдгээ мэдэрсэн юм бил үү. Тэр тухай нь асуух бөх зүрх надад алга аа.
“...Омогшил надад бий гэвэл
Үнэнийг өмөөрч
Үсээ цайлгасан минь заяа байж мэднэ”. Тэр ийн учирладагаас л тэр ээ.

Бал даргын талбай дээр монголд анх ардчилалын төлөөх жагсаал хийсэн залуусыг зэрлэгээр зодон тарааж уг жагсаалын тухай мэдээг хав дарсан, өдгөө цагсан бол хачирхан зэвүүцэм, тэр цагтаа бол айдас хүрэм үйл явдалын гол баатрууд нь бас л өнөө Норовын тойрон хүрээлэгчид байлаа. Хожмоо тэр залуусын зарим нь нэгдэн утга зохиолд шинэ өнгө аясыг эрэлхийлсэн “Зүс бүгэг андууд” номоо хэвлүүлсэн билээ. Энэ ном бол ердөө л хэсэг ойворгон залуусын хий шаталт бус хязгаар нутгийн ард түмний эрх чөлөөний тэмцэлийн энгийн жишээ байсныг өдгөө ч зүгээр л үл анзааран мартаж буй нь харамсалтай юм.





Увсын зохиолч Билэгийн Норов. Тийм ээ, “Үл мартагдах түүх” тэргүүтэн үргэлжилсэн үгийн, “Зүмбэртэй өргөө” тэргүүтэн яруу найргийн, “Үнэмшиж болмоор явдал” тэргүүтэн хүүхдийн зохиол, дурдатгалын арав гаруй ном хэвлүүлж, “Тэргүүний малчин”, “Тулга” “Увсын давалгаа” сониныг эрхлэн гаргаж, өдгөө ч Монцаме агентлагийн аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж буй энэ буурал “Увсын” хэмээх тодотголыг нэр мандсан их хүчтэнүүд, гавьяатан зүтгэлтэн жүжигчин даргачин нартай булаалдан эс гэхэд хуваалцан хүртэх, нэрийнхээ өмнө дуудуулах эрхтэй хүн билээ. Магад ингэж дуудах нь л түүнд гүн хүндэтгэл мэт санагддаг биз ээ. Гэвч энэ тухай нь ч би бас лавлан асууж эс зүрхэлнэм.
“...Байхгүй юм бидэн хоёрт байгаагүй нь үлгэр мэт
Бардам мунхагаас чиний ичсэн чинь үлгэр мэт...”. Тэр ийн үлгэрлэдэгээс л тэр билээ.



ҮЛГЭР МЭТ

Чамтай учраад ертөнцийг мартсан минь үлгэр мэт
Чамайг хайрлахдаа өөрийгөө чамласан минь үлгэр мэт
Байхгүй юм бидэн хоёрт байгаагүй нь үлгэр мэт
Бардам мунхагаас чиний ичсэн чинь үлгэр мэт
Хүүхэд шиг гэнэн гэгээн байсан чинь үлгэр мэт
Хүүхнүүд шиг эрхэлж ээдэрч сураагүй чинь үлгэр мэт
Харз шиг нүдэндээ хадгалах мөрөөдөл чинь үлгэр мэт
Хацрынхаа туяанд ичингүйрлээ нуусан чинь үлгэр мэт
Надад шивнэсэн хөөр, гуниг хоёр чинь үлгэр мэт
Намрын өвс шиг найгаж хүлээсэн чинь үлгэр мэт
Цагаан хурга тэврээд нэн өхөөрдсөн чинь үлгэр мэт
Чамайг үнсээд ээж минь “Бурхан хайрласан юм” гэсэн нь үлгэр мэт.

1993.12



* * *

Эрвэлзэнхэн төрсөн чиний нэр шиг
Эгшиглэнтэйеэ бусдын сэтгэлд очихсон
Ээдэрсэн бодлын буданг сөхөж гараад
Эндээс холын хол чамтай хөтлөлцөн гүйхсэн
Хонгорхон чиний гэр шиг
Хоногийн газраас мөнгөрч үзэгдэхсэн
Холын хүн хараад хатируулан буумаар
Ногоон дэнж дээр цэмцийж л байхсан.
Уураг цай нь өдрийн газар ханхлах айл байхсан
Унтаад сэрэх тоолон миний дэргэд чи суугаасай
Ус мөрөн шиг шөнөжин хатируулж
Утгын их алсад хамт одохсон
Уулын өндөр шиг харууц болж
Урин цагийн сэвшээг хацартаа эрхлүүлэхсэн
Чиний бодлыг дагуулан
Алтан гургалдайн нутгийг зорихсон
Чилж хүлээсэн аянаас алжааж ирээд
Чиний дэргэд сууж хөөрхөн хүүгийн өрөвлөг үнэрлэхсэн.

2001



УЧИРЛАХУЙ

Амьдралдаан би
Алдсан юмтай гэвэл
Амраг чинийхээ сэтгэлтэй тэнцэх
Амин голын шүлэг бичээгүй байж мэднэ
Ард түмнээн чамлан сэхүүрч
Аав ээж хоёроон халаглуулсан байж мэднэ
Өөр бусаар алдсан гэвэл
Өршөөл мөршөөл хэнээс ч гуйхгүй
Өчүүхэн амьтан байсан гэж биеэ гээхгүй
Өндөр тушаал алдар гавьяагүй гэж гутрахгүй
Олноос илүүд бодох
Омогшил надад бий гэвэл
Үнэнийг өмөөрч
Үсээ цайлгасан минь заяа байж мэднэ
Үлгэр адил наслах эх орноо
Үггүй хайрласан минь буян байж болно
Өөр бусаар гавьяатай гэвэл
Өөрийгөө өвчлүүлж хоосон ханхалзахгүй
Өнөр олноос илүүд бодож яасан ч зүрхлэхгүй
Өөрөөр байж чадаагүйдээ хэзээ ч халаглахгүй.

1993


* * *

Үнэхээр сайхан юмыг хүнээс
Үхэд булаан авч дийлэхгүй
Зүрх сэтгэлийн минь далайд цэнгэх чамайгаа
Зүг зүгийн тэнгэрт би даатгасан юм.

Зүдэг зөнөг амьдралын тортог тоосонд
Зүс ааш хоёр чинь хэзээ ч гандахгүйд итгэ
Зүүнээс айлчлах үүрийн зүүдэн туяа
Зүсрэх тоолон чи минь улам гоо болноо.

2003.04


* * *

Үнсэж өхөөрдөх тоолонгоор
Үр ачийн минь ухаан цэлмэж өсдөг юм.
Үндэс бөх модны мөчир бүхэнд нь
Үргэлж хөхөө өвөөлж цэцэглэн болж цэнгэдэг юм.

Үер бороо болоод ус жаварт
Үрээ дааганы туурай хат суудаг юм
Үзэж туулсан амьдралд хүний зураг ялгарч
Үе зууны сунгаанд ухаанаа сойдрг юм.

Зунаас зунд үр ач минь
Зулзган мод болон ургаж чангарна
Зуун жил зуузай холбон одоход
Тийм л заяаг дөрөөлж мордоно

Өвлөөс өвөллд үндэс мөчир минь
Өглөөн жавраар зүлгүүлсэн тэнгэр болж цэнхэрлээсэй.
Өөнтөгч амьдралын зүсгүй зүдгүүрээс өөрийгөө аварч
Өлзий ерөөлтэй бүхэнд удам судраа нэрлүүлж яваасай.

2002.12



* * *

Салхины намирах зүг
Миний ирэх зүг болой
Садарсан цэнхэр бороо зүсрүүлсээр
Сайвар морьтой зочин ирэхийг тосогтун
Санаа алдан алдууран чагнамаар
Нэгэн эгшиглэн тэр зүгээс бүчнэм зээ
Нээрээ энэ чинь хэн билээ хэмээн
Нэгэн цагт хажуу нөхрөөсөө асуугтун
Санаж хүлээсэн амраг шиг зөөлөн бороо шиврэхэд
Сайн хүний нэр дүр хоёр таны амрыг айлтгаму

2001.07.24

6 Сэтгэгдэл:

anhiluun said...

goy moi

oldoshaksli said...

ai daa anhiluuhan mini dee.

Toshiloo said...

Ай хөөрхий "муухай" Норов гэдэг нэртэй сайн бөх байлаа бас.
номын хавтсан дээрх мутарласан гарын үсэг хэний вэ

havriin_misheel said...

TER ONGOD BOLNO ONGOD BOLNO CHINII SETGELD UURD ONGOLOGDOH BOLNO

oldoshaksli said...

modern uvguun gej

oldoshaksli said...

Chimed gej deer tsagiin manai aimgiin tom darga bsiim gesen

Post a Comment