НАМ ГҮМИЙН НЭР

Эр хүн байна гэдэг Энхээ ахын хэлснээр угтаа тун чимхлүүр урлагтай ажил. Судалгаанаас үзвэл эрэгтэй хүний амьдрал эмэгтэйчүүдийнхээс бүтэн нэг үеэр богино төдийгүй эрсдэлд өртөх магадлалын хязгаар нь хэд дахин өндөр байдаг аж. Гэхдээ эдгээр эрсдэлийг даван туулж эр хүн байсан, байгаа, байх Хангалдаа халуунаар талархдаг юм би.
Хэн нэгний суга, салтаа, өгзөг хавиас биш үргэлж мөрөн дээгүүр нь над руу хардагт чинь, хэн нэгний үг, үйлдэл, эс үйлдэхүйгээс ангид эгц ширтэх нүднээс чинь л чамайг олж хардагтаа баярлаж явдаг шүү. Энэ нүдний өмнө олон охин юм юмаа тайлсан шиг энэ нүдний өмнө багаа хуулах надад ичгүүртэй санагдахаа нэгэнт больжээ.
Сэтгэл хөдөлгөм түүхийг хожим хоолой чичрүүлэн ярих гэж биш, хар архины даруулга болгож алдар нэрийг нь дуудах гэж биш зүгээр л Хангал Баяраа хоёр бага тойрууд байн байн уулзалддаг юм. Миний Хангал бол тийм яруу найрагч, миний Хангал бол тийм сэтгүүлч, миний Хангал тийм анд гэж улиглах хүсэл алга. Түүний тухай миний бодол огт энгийн. Хангалын шүлэг, Хангалын бичлэг, Хангалын үйлдэлийг нэг л зүйлээр тайлж болно. Хангал бол нам гүм. Хангал бол нам гүмийн нэр. Түүний шүлэг намайг нам гүм рүү хөтлөж, түүний үйлдэл надад нам гүмийн дунд хичнээн дур зоргоороо амьдарч болдогийг илт үзүүлдэг.
Нам гүмийг тэмтэрсэн, нам гүмийг нээсэн, нам гүмийн хязгаарт оршигч амар амгаланг биежүүлсэн ахуйлаг шүлгүүдийнхээ гүнд тэр оршдог. Түүнийг уншсаны дараа нэг л юм дутаад байх шиг гарцгүй сэтгэгдэл төрнө. Оюун санаа улигт ахуйдаа эргэн газардаж буй нь тэр. Яруу найраг ариун гараар бус, ариун сэтгэлээр ч бус, ариун сүнсээр бичигддэг, судасны лугшилт хийн судлаар гүйгч сүнслэг мөн чанараас нөхцөлддөг гэж би боддог. Миний эл хийсвэр бодлыг бодитоор хэрэгжүүлдэг хүн бол Хангал.
Гэхдээ тэр хий бясалгалаар тархиа дүүргэж, цагаан хоолоор гэдсээ дүүргэж явдаг эгээрэн дэмийрэгч бус эгэл борог, ёстой л, их сургуулийн философийн ангийг онц төгсөөд “Дөрвөн жил философи судалсны эцэст найз нь өөрийгөө материалист гэдгийг л мэдлээ шүү” гэж аминчлан шивнэсэн багын найз шиг минь материалист.
Бодит байдалтай эвлэрч чаддаг хүнтэй л бодит байдал эвлэрдэг байх. Шинэ шинэ гуниг төрүүлэх хув хуучин өдрүүдийг би ийм л бодолтойгоор угтаж байна. Улаан нүүрээрээ учирч, урт богино сорвио харалцахын цагт уруул эс давах, давлаа ч чиний нам гүмийн хязгаарт хуурмаг цуурай мэт сонсдох үгс минь байлаа.

Жич: “Яруу найраг-туйлын эрх чөлөөтэй шашин. Түүнд үнэнээр шүтэгч хүн бүрийг би Бурханд дөтөлж буй гэгээнтнүүд гэдэгт итгэнэ.” гэж Дэлгэрмаа минь хэлсэн юм.


2011 оны 2 сарын 8 Улаангом

/Хорин дөрвөн жилийн өмнө чи минь хорвоод мэндэлсэн юм байжээ./




ОГТ ГЭНЭХЭН

Огт гэнэхэн улнаас хатгасан хаврын өвс
Огт гэнэхэн зүрх хөгжөөсөн анхны харц
Огт гэнэхэн чихнээ энэлсэн шувууд
Огт гэнэхэн энхрийлсэн, одоо ч хайрласан...
Бороо, бороо
Цэцэг, цэцэг
Болзоо, болзоо
Үнсэлт, үнсэлт
Нулимс,
Нулим-с
Огт гэнэхэн хаварт чинь
Одоо бодохнээ хэтэрхий цочирджээ.
Нойтон жиндүү анхны цас хуучин зам
Над мэт бүүдгэр... намраас, намраас л эмээнэ.
Бороо, Бороо
Санаашрал, шаналал
Ганц нэгхэн хайрагдсан навч
Гараа тосоход, өглөөнөөс өглөөд хүнийрхүү
Огт гэнэхэн
Огт гэнэхэн шаргал...




“Хөх мэдрэхүй” шүлгийн цоморлигийн
243-р талд буй...

6 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Naizdaa chuhal bayar hurgehee ug ni bol martaagui. Ooroo zalgahaar ni utas bid hoyor hoyulaa bantaad tasarsan uu tasalsan uu gedgee es medseniig es tootsvol...

havriin_misheel said...

erhem xvmvvnd guneee mehiiy

oldoshaksli said...

Buhii buhii
Buhiih tusmaa ta nar tengert oirtono

би байна said...

баярлалаа. баяраа даа.

oldoshaksli said...

bayrla daa bayarla

Р.Улам-Оргих said...

aan tursun udriin mend, ungursunch gesen ,hehe

Post a Comment