Би том амбицтай хүн

С.Баяр:

Би том амбицтай хүн


УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бич­гийн дарга С.Баяртай ярилц­лаа.

-Өнгөрсөн хавар дуу­лиантай эхлээд одоо замхарсан гэмээр нэг асуудлаас ярилц­лагаа эхэлье. Таныг Ерөн­хийлөгчийн сон­гуу­лийн үеэр нэр дэв­шиг­чийнхээ эсрэг ажил­ласан гэж нэр дэвшигч Н.Энхбаяр мэдэгд­сэн байдаг. Та хариуд нь асууд­лыг хянаж өгнө үү гэсэн өргөдөл МАХН-ын Хяналтын хороонд гар­га­сан гэдэг. Тэр асуу­дал одоо яасан бэ. Та­най намын их хурлын өмнө, хойно энэ талаар ямар ч мэдээлэл гар­сангүй...

-Тэр асуудал яав л гэж, чааваас. Хийсэн мэ­дэгдлээ нотолно уу, зохих баримт, тайлбар гаргаж өгнө үү гэж түүнээс Хя­налтын хороо өнгөрсөн хавар хүссэн гэсэн. Тайл­бар, нотлох баримтаа гаргаж өгөл­гүй явсаар тэрээр өнөөг хүргэсэн. Намын их хурлын өмнө Хяналтын хорооноос Удир­дах зөвлөлд энэ та­лаар мэдээлэл хийсэн. Тэгээд л тэр. Өнгөрсөн хавар сүр дуулиан­тай үлээсэн гүтгэлгийн хөөс тэр хаврын шуургатай хамт замхарсан гэж ойл­гож болно. Эхнээсээ л бүх юм ойлгомжтой байсан шүү дээ.

-Танай нам МАХН байснаа МАН боллоо. Одоо та өргөдлөө МАН-ын хяналтын хороонд да­хин бичих юм уу, асуудал тий­шээ аяндаа шилжих юм уу?

-Адгийн зарга арав хоног гэдэг. Ийм утгагүй юмтай арван хоног бай­тугай, арван минут ч зуу­ралдах сонирхол надад алга.

-Та тэгээд хаяна гэж байгаа хэрэг үү?

-Бишгүй дээ л элдэв хөөс үлээж байдаг. Нэгээр илүү, нэгээр дутуу ялгаа юу байна. Тэр хөөснөөс нь холхон зогсож байвал л барав.

-Сул гишүүнээр та удаан явсан­гүй. Намын нарийн бичгийн дарга болж намынхаа дээд удирд­лагад дахиад ороод ирлээ. Гэхдээ на­мын­хаа хамгийн том дарга байсан хүн одоо орон тооны бус нарийн бичгийн дарга төдий болж тушаал буурч байх шиг. Энэ нь танд ямар нэгэн бодол төрүүлж байна уу?

-Намын дарга байсан хүн на­рийн бичгийн дарга боллоо гэхэд тушаал буурсан харагдаж болох л доо. Гэтэл би намын даргаасаа болиод хагас жил гаруй болж байна. Таны томъёолсноор бол, сул гишүүн л явж байлаа. Сул гишүүнээс намын нарийн бичгийн дарга болно гэдэг суга дэвшлээ л гэсэн үг (инээв). Шинэ томилгоо бол шинэ даал­гавар. Намын даал­гавар. Авсан даалгавраа ном ёсоор нь биелүүлэх хэрэг­тэй. Ийм л юм бодогдож байна даа.

-Та ингэж хариулах нь ойл­гомж­той л доо. Гэхдээ таны амбицийн хэмжээнд арай л жол­дох албан тушаал юм биш үү?

-Амбицийн том жижгийг албан тушаалын зэрэг дэв төдийгөөр хэмжихгүй. Арай өөр хэмжүүр бий. Амбиц гэснээс, саяхан чуулганы танхимаас гарч явах замд нэг сэт­гүүлч охин надаас "Таныг УИХ-ын дарга болох гэж том амбицлаад байгаа тухай ярьж байна. Энэ үнэн үү" гэж асуулаа. Босч суухын зуур яриа өрнүүлэх би хэзээнээс дургүй л дээ. Түүнийгээ ч хэлж "Надад тийм амбиц байхгүй ээ, миний дүү" гээд зөрөөд өнгөртөл "Та өөрийгөө амбицгүй хүн гэж хэлэх гээд байгаа юм уу" гэж араас асууж байх юм. Сурвалжлагч охин ярилцлага авч чадаагүйдээ бухимдаж байгаа нь тэр бололтой. Өхөөрдмөөр ч юм шиг, өөрийгөө уудлаад бодмоор ч юм шиг. Өрөөндөө орж ирээд, амбиц гэж чухам юуг хэлээд байгаа юм бол доо, нээрээ би амбицтай хүн үү, биш үү, ерөөс амбиц гэдэг маань чухам юу билээ гээд жаал бодлоо. Ухаж бодоод байхнээ сонин, сонин юм толгойд орж ирэх л юм.

-Тэгээд танд юу бодогдов доо. Ер нь амбиц гэдгийг та чухам юу гэж ойлгодог юм бэ?

-Амбиц гэдэг нь цоо шинэ үг, ойлголт биш л дээ. Идэвхтэй эргэл­тэнд ороод харин ч удаагүй байх. Маркет, менежер, рейтинг гэх мэт үгтэй зэрэгцээд л бидний үгсийн санд орж ирсэн байдаг. Шинэ цагийн аясаар л орж ирсэн. Амбиц гэх энэ үг эерэг, сөрөг утга аль алиныг нь агуулдаг. Харин манай­даа бол энэ үгийг тэр сөрөг, муу утгаар нь гол төлөв ойлгож, хэрэг­лэсээр ирсэн. Нэр алдар, албан тушаалын хэнээ, дон гэсэн сөрөг агуулгаар нь ойлгож хэрэглэдэг. Гэтэл "аmbitio" гэх латин гаралтай энэ үг толь бичигт илүү өргөн ут­гаараа тусгагдсан байдаг юм байна.

-Өргөн гэдэг нь яг ямар юм. Таны өрөөнд одоо толь бичиг байна уу?

-Энэ "Webster" тайлбар толь байна. За тэр, хар даа... "Ambition", "ambitious" гэсэн үгийг хоёр утгаар буулгасан байна. Нэгдүгээрт, "ам­жилт, алдар нэр, эрх мэдэл, эд хөрөнгө зэрэгт хүрэх хүсэл эрмэл­зэл" гэжээ. Хоёрт, "тэмүүлэл, хүсэл зориг, агуу зорилго, агуу их" гэж тайлбарласан байна. Жишээ бол­гоод "ambitious project" гэдэг үг тавьж. Энэ нь монголоор "агуу төсөл" гэж буухаас "хэнээтэй, донтой төсөл" гэхгүй нь ойлгомж­той. Эндээс үзвэл "амбиц" гэх үг сөрөг гэхээсээ эерэг агуулга, утга­тайгаар бууж байна.

-Гэтэл манайд яагаад зөвхөн тэр сөрөг утгаар нь орчуулж хэрэглэдэг юм бол?

-Мэдэхгүй. Би хэл судлалын хүн биш учраас барин тавин хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ үүнийг зөвхөн хэл судлалын талаас ч тайлбарлах аргагүй байж мэднэ. Нийгмийн сэтгэл зүй, тухайн үеийн үзэл сурталтай ч холбоотой байж болох юм. Жишээ нь, амбиц гэх ойлголт нь индивидуалист буюу бодгальч үзэлтэй шууд холбоотой буудаг. Хувийн эрх ашгийг нийг­мийн эрх ашгаас дор үздэг байсан нь саяхан. Бодгальч үзлийг хувиа бодогч хөрөнгөтний үзэл гэж марк­сизм-ленинизмийн үүднээс зэмлэн буруушаадаг байлаа. Хувь хүний хүсэл тэмүүлэл, амбицийг хөрөн­гөтний энэ үзлээс гаралтай гээд тун таагүй ханддаг байв. Хуучин ЗХУ-ын үед гарсан орос тайлбар толь бичгүүдээс "амбиция" гэдэг үгийг олоод үзээрэй. Дандаа л муу, сөрөг талаас нь тайлбарласан байдаг. Манайд ч үүнээс ялгаагүй. Тэр үед гарсан Орос-Монгол толь бичиг ч энэ байна. "Амбиция" гэдгийг "их зан, биеэ тоох, сагсуурах" гэж буулгасан байна. За цаашлаад, нөгөө бодгальч үзэл буюу "индиви­дуализм" гэдгийг "хувийн эрх аш­гийг нийгмийн эрх ашгаас чухалд үзэх хөрөнгөтний үзэл" гээд л муулсан байна.

-"Амбицтай хүн", "амбиц­ла­на" гэж бид их ярьдаг. Нээрээ ч сөрөг талаасаа ойлгогдох нь бий. Ялангуяа улстөрчидтэй холбож "амбицлаж байна" гэж ярих, би­чих нь цөөнгүй, тийм үү?

-Харин тийм. Муу хэлэгддэг нь л бид мэт болохоос амбицладаг нь зөвхөн улстөрчид биш л дээ. Жи­шээ нь, "Би олимпийн алтан меда­лийн төлөө үзнээ" гэж байгаа та­мирч­ныг яаж байна гэх үү. Ам­биц­лаж байгаа л хэрэг шүү дээ. Заавал олимпийн тоглолт, дэлхийн аварга гэлтгүй. Спортын аль ч түвшний тэмцээнд, сум, багийн аваргын төлөө үзэлцэж байгаа тамирчин бүрт амбиц бий. Ялах, алтан медаль авах, үгүй дээ л шагналт байранд орох гэж л үзэж тарж байгаа биз дээ. Өөр нэг жи­шээ. Сэтгүүлчид та нар байна. Олныг шуугиулсан ярилц­лага авах, онцлог шинэ мэдээ олж нийтлэх, тансаг сайхан сурвалж­лага бичих, ингэснээрээ бусдаасаа дээр гарах, нэр алдартай болох гэж үздэггүй гэж үү, та нөхөд... За тэгээд цааш­лаад оны шагнал авах, "Ган үзэг­тэн" болох, "тасархай" сэтгүүл­чээр тодрох гээд гоё, гоё бодол дотроос чинь гижигддэг биз дээ (инээв). Хэн тэгж гижигдээд байгаа юм бэ. Амбиц чинь л гижигдээд байгаа хэрэг. Бас нэг жишээ. Яруу найргийн "Болор цом" байна. Асар их амбицууд тайзан дээр ил алалц­сан, нэн сонирхолтой үзмэр болдог. Ийм жишээ түм бум байна.

-Хүний амбиц хуучин нийг­мийн үед дарагдаж байгаад одоо л зад тавьж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Яг тэгж хэлэх нь хаашаа юм. Хуучин цагт социалист уралдаан, таван жилийн гавшгайч гэх мэтийн хөшүүрэг байлаа. За тэгээд элдэв диплом, баярын бичиг, шилжин явах цом, одон, медаль гээд л. Бас л хүмүүсийн амбиц хөдөлгөх, тэгс­нээрээ хөдөлмөрийн бүтээмжийг нь өсгөх гэсэн оролдлого. Гэхдээ хуучин нийгэмд хүмүүсийн улс төрийн амбицийг хага дардаг байж. Тэр талаасаа одоо зад тавьж бай­гаа байж магадгүй л юм. Үүнийг орхиод бүр эртний жишээ авъя. Монголчуудын эрийн гурван наа­дам байна. Бусдыг хаяж түрүүлэх, сур харваж мэргэнээ харуулах, хурдан морьтой гэдгээ нотлох хүсэл. Бас л амбиц шүү дээ. Үүнийг том зорилго тавиад түүндээ хүрэх гэж байгаа хичээл зүтгэл, хүсэл тэмүү­лэл гэж сайн талаас нь хэлж болно. Эсвэл нэр төр хөөцөлдлөө, гайхуул­лаа, хувиа хичээлээ, саг­суур­лаа энэ тэр гэж муулж ч бас болно. Нэг еэвэнгийн хоёр тал юм даа.

-Нэг еэвэнгийн хоёр тал гэ­лээ. Ерөөс амбицийг дотор нь сайн муу, том жижиг гэж ялгаж салгаад яриад байдаг байдаг юм биш үү?

-Аль ч үзэгдлийг сайн муу, том жижиг гэж ялгаж болдгийн адил амбицийг ч бас ангилж болох биз ээ. Дээр нь улс төрийн, урлагийн, спортын гээд мэргэжлээр нь хөө­гөөд ангилж бас болох. Хувь хүний амбиц, улс үндэстний амбиц гэж бас эрэмбэлж болно. Гаж марзан гэмээр ч амбиц бас байдаг. Жишээ нь, Гиннесийн номонд орсон олон баримтууд байна. Сайн муу, эрүүл өвчтэй гээд шууд оноод хэлчих аргагүй үй олон сонин марзан ололт, амжилтын цуглуулга байдаг. Хамгийн урт хумстай хүн ч гэж байх шиг. Эсвэл хорвоогийн хамгийн ховдог хүнээр шалгарсан нөхрийн ч зураг байна. Олон улсын ховд­гийн тэмцээнд ороод түрүүлсэн хүн гээд бод доо. Улс улсаас, газар газраас ховдгоороо шалгарсан хүмүүс нэг газар цуглаад үзүүр түрүү булаацалдаж байна гээд төсөөлөөд үз л дээ. Үүнийг эрүүл амбиц гэх аргагүй л байх. Гэтэл хажууд нь суут нээлт хийсэн эр­дэмт­ний хөрөг зэрэгцэж байх шиг. Насаараа хө­дөл­мөрлөж байгаад нээлт хийж. Цаана нь олимпийн уртын харайл­тын аварга байж байна. Бусдаасаа урт харайх гэж зүтгэсээр, бэлтгэл дасгал хийсээр байгаад амжилтад хүрсэн хүн... Хүний амбиц, түүний илрэл гэж сонин эд шүү.

-Таныхаар сайн ч бай, муу ч бай хүний амбиц гэдэг нь байх ёстой зүйл болж таарч байна аа даа?

-Байх ёстой, ёсгүй гээд ч яах билээ. Ерөөс хүн байгаа учраас л түүний амбиц нь дотор нь байж л байдаг. Бүх хүн амбицтай. Тэр нь ил гардаг, заримдаа нуугддаг биз. Хүнээсээ, нөхцөлөөсөө хамаараад хүчтэй, сулхан гээд янз янзаар л ил гардаг биз. Хүний амбиц гэдэг маань гаднаа илэрч байгаа хэлбэр, талбар талаасаа л өөр байх. Харин доторх агуулга нь ив ижилхэн. Бусдаас ялгарах, аль нэг талаараа бусдаасаа илүү гэдгээ харуулах, өөртөө болон өрөөл бусдад үүний­гээ нотлох гэсэн хүний ердийн л хүсэл эрмэлзэл юм шүү дээ. Адгуус­наас ялгарах хүний ялгаа энэ.

-Ярилцлага маань амбицийн тухайд нэлээд үргэлжиллээ. Улс төр рүү эргээд оръё. Манайд УИХ-ын гишүүн болохыг амжил­тын оргил гэж бодох явдал тү­гээ­мэл байна. Тэгвэл энэ нь насны эцэст бахархах гол ам­жилт мөн үү. Бурхан гэж байгаад өмнө нь очвол та бүхэн юу ярих бол. УИХ-ын гишүүний хувьд хариулахад хэцүү асуулт байна гэж та үзвэл хариулахгүй байж болно л доо...

-Хөөрхөн чимхсэн асуулт бай­на, тиймээ... Гэхдээ хариулахад амар асуулт юм. Яагаад гэвэл улс төр бол ул сууриараа, үр дүнгээрээ маш тодорхой ажил. Тодорхой бодлого, зорилготой ажил. Энэ ажлын тодорхой үр дүн гарна, эсвэл гарахгүй. Тийм учраас бур­хан асуух асуултын хариу ч тодор­хой. УИХ-ын гишүүн байхдаа хийж бүтээсэн юм байна уу, үгүй юу гэдгээр л эцсийн хариу гарна. Гарт баригдах, нүдэнд харагдах, аманд амтагдах бүтээл, ажлын үр дүн байна уу, үгүй юу гэдэг нь л эцсийн дүндээ чухал. Аль нэг хүн өндөр, нам албан тушаалд байв уу, үгүй юу гэдэг нь чухал биш. Харин тэнд байхдаа зүтгэж ирсэн бодлого зорилго, ажил үйлс, тэдгээрээс гарсан тодорхой үр дүн байна уу, үгүй юу гэдэг л чухал. Үр дүн байхгүй бол хумсаа урт ургуу­лахаас ялгаа байхгүй шахуу л үзүүлэлт болно доо (инээв).

-Бүх хүн амбицтай гэж та тү­рүүнд хэллээ. Таны улс төрийн амбиц эрт илэрч эхэлсэн юм шиг. Социализмын үеийн, бүр Содном гуайн Засгийн газрын хамгийн залуу орлогч сайд бай­сан гэж ярьдаг. Дараа нь Улсын Бага хурлын гишүүн, Стратегийн хү­рээ­лэн­гийн захирал, Ерөн­хийлөг­чийн тамгын газрын дарга, Элчин сайд, намын Ерөнхий на­рийн бичгийн дарга, Ерөнхий сайд, намын дарга гээд олон том ажил эрхэлж байж. Одоо УИХ-ын ги­шүүн. Цаашдаа яах вэ. Таны амбиц таныг хаашаа хөтлөх бол, шулуухан асуухад, таны амбиц хэр их вэ?

-Янз янзын л алба хашиж байж. Улсын Ерөнхий сайдаар ч ажил­лаж үзлээ. Монголынхоо хамгийн том, ууган намын дарга ч хийв. Надад хэр их амбиц байгаа вэ гэж асуулаа. Шулуухан асуусан тул шулуухан л хариулъя. Би том амбицтай болсон хүн. Яг ямар амбиц вэ гэвэл, тусгаар Монгол улсынхаа түүхэнд бичигдэж үлдэх­сэн гэсэн амбиц байна. Бичиг­дэх бичигдэхдээ хийсэн, бүтээсэн, эхлүүлсэн ажлынхаа тов тодорхой үр дүнтэйгээ улсынхаа түүхэнд эерэг, сайнаар дурсагдаж бичүү­лэхсэн гэсэн том мөрөөдөл, том амбиц надад байна. Улсын Ерөн­хий сайд байсан хүн үүнээс бага амбицтай байж хэрхэвч таарахгүй гэж боддог.

-Нээрээ л том амбиц байна. Гэхдээ цаашдаа яах бодолтой байна вэ, таны том амбиц таныг одоо хаашаа хөтлөх бол гэсэн асуултад та хариулсангүй...

-Цаашдаа яах бодолтой вэ гэж үү, би. Бурхны хөх инээдийг нь хүргэе гэвэл цаашдаа яах бодлоо ярь гэсэн үг байдаг. Хүн боддог, бурхан болгоодог гэсэн үг ч бас байдаг. Еврейчүүдийн хэлэх дур­тай үг. Еврейчүүд ухаантай улс шүү. Цаашдаа яахыг маань хэн мэдлээ. Бурхан л мэдэх байх. Юутай ч тэр том амбицдаа хир буртаг хал­даа­чих­гүй юмсан л гэж бодож явдаг. Надаас хамаарах нь тэр байх.

-Та хэзээний л том амбицтай байсан хэрэг үү?

-Яалаа гэж. Эр өсч, эсгий суна­хын хэрээр л амбиц нь дагаад өсдөг биз. Гэхдээ л тухайн хэр чинээндээ багтаж ядсан том, том амбицтай явсан юм шиг. Тэрнээсээ ч болж юм юм үзсэн, амссан бай­даг. Оюутан сурагч байхдаа ч тэр, янз янзын алба хашиж явахдаа ч тэр. Гэхдээ сүүлийн энэ том амбиц бол арай л өөр. Анх Ерөнхий сайд болж, алд цэнхэр хадганд ороосон тамгаа гардаж аваад, Төрийн орд­ны хоёр­ду­гаар давхарт байрлах албан тасалгаандаа орж ирэхэд нэг сонин мэдрэмж төрсөн санагд­даг. Гэхдээ хүн амьтан орж гараад, бужигнаад төвлөрөх ямар ч бо­ломж байгаагүй. Бүр дараа нь, шөнө орой болсон хойно өрөөн­дөө ганцаараа сууж байтал нэг бодол орж ирсэн. Тэр­нээс хойш л тэр том амбиц төрсөн, би тэр амби­цаа ухаарч ойлгосон байх.

-Тэгвэл таны Ерөнхий сайд, намынхаа суудлаа онцолж зал­гамж­луулсан С.Батболд гэдэг хүн том амбицтай хүн мөн үү?

-Ерөнхий сайдын тэр албан тасалгаанд эзэн нь суухаар орж ирсэн хэнбугайн ч том амбиц нь сэрдэг, хөдөлдөг байх гэж бодож байна. Хөдлөхөөс ч өөр аргагүй тийм орчин, тийм тасалгаа байгаа юм. С.Батболд Ерөнхий сайд ч нэгийг бодсон биз. Энэ тухай өөрөөс нь асуугаарай. Өмнөөс нь би яриад яахав.

-Гэхдээ түүний талаар таны бодол юу вэ. Та түүнд Ерөнхий сайд, намынхаа даргын суудлыг ногоон гэрлээр залгамжлуулж бас байнга л хамгаалж, өмгөөлж яваа харагдах юм?

-Ер нь бол тэр том, тэр эерэг амбицийн багтаамж түүнд байна гэж мэдсэн, мэдэрсэн учраас л түүнийг онцолж тэр том албаа шилжүүлсэн байж таарна биз дээ. Амбицийн багтаамж нь жижиг хү­нийг тэр албан тасалгаа руу ойртуу­лах ч хэрэггүй. С.Батболд даргыг байнга хамгаалж, өмгөөлж яваа гэдгийн хувьд гэвэл, тэр тийм биш ээ. Тэгэх шаардлага ч байхгүй. Харин би түүнд туслах учиртай, бүр үүрэгтэй ч гэж хэлж болно. Хүний ёсоор, ахын ёсоор туслах, чадлаа­раа дэмжих үүрэгтэй. Өөрийнхөө том амбицийг гүйцэлдүүлэх үүд­нээс ч гэсэн би туслах ёстой болж таарна аа даа. Ерөнхий сайд С.Батболдын ажил бүтэмжтэй бай­на гэдэг бол миний эхлүүлсэн ажил ч бүтэж байна гэсэн үг. Нөгөө түүхэнд эерэ­гээр үлдэхсэн гэсэн том амбицид маань энэ нь хэрэгтэй, тустай учраас ч тэр... (инээв).

-Амбицийн багтаамж жижиг хүн гэж та сонин үг хэллээ. Яг ямар хүн байх уу?

-Яахав дээ, хувиа бодож, довоо шарлуулахаас цаашгүй хүнийг л хэлэх байх даа. Албан тушаал нь томорсон ч амбиц нь жижигхэн хэвээрээ үлдэчихсэн хүмүүс бас байдаг даа. Тийм л хүмүүсийг хэлж байна.

-Та үүнийгээ жаахан тодор­хой болгохгүй юу?

-Надаар заавал хэлүүлээд яа­хав. Эргэн тойрноо, дээшээ доошоо нэг сайн хар л даа. Жишээ биш­гүйдээ л бэлхэн харагдана. Хүний нийгэм учраас сайн муу, том жижиг амбицүүд холилдоод л оршдог хорвоо шүү дээ. Зөвхөн Монголд ч биш, хаана ч гэлээ тийм л байдаг байх. Харин Монголын онцлог гэж нэг юм бас бий. Ер нь монгол­чуудын суурь амбиц бол том тал­даа гэмээр шүү. Би эрдэмтэн суд­лаач биш учраас айхтар шинжлэх ухааны үндэстэй юм хэлж чадах­гүй л дээ. Зүгээр заримдаа нэг тийм бодол төрдөг юм. Монголчууд санаа бо­дол, хүсэл эрмэлзлэлийн хувьд жижиг, авсаархан байж чадахгүй болчихсон үндэстэн юм шиг. Дэл­хийн талыг эзэлж явсан их гүрний хойч үе болоод ч тэр үү, хосгүй түүхтэй ард түмэн учраас ч тэр үү одоо хэр, өнөөгийн нөхцөлд ч гэлээ нэг их жижигрээд байж чадахгүй болчихсон ард түмэн юм шиг. Юу­тай ч хувь хүмүүсийн санаа бодол, хүсэл амбиц нь яав ч жижиг биш. Юм л бол эзэн Чингэсээ дурсаж, дүр­сэлж байдаг маань ч үүнтэй холбоо­той байх. Уламж­лалт нүүдлийн амьдрал ахуй маань бидний өвөг дээдсийг ихээхэн бие даасан, тө­рөл­хийн бодгальч үзэлт­нүүд бол­госон юм шиг. Америкчууд өөрс­дийгөө туйлширсан бодгаль­чид гэж үздэг. Гэтэл монгол нүүдэл­чин бодгальчдын дэргэд тэд бол нэгд­лийн гишүүд гэмээр сэтгэл­гээтэй улс. Нүүдэлчин ахуй бол байгаль дэлхийгээсээ л хараат байхаас өөр юунаас ч хараат байх боломжгүй тийм л ахуй, тийм л орчин. Эрт балар цагт ч, Манжийн ч үед, социализмын ч үед нүүдэл­чин монголчуудыг, тэдний санаа бодол, хүсэл тэмүүл­лийг хяналт, захиргаандаа оруулах гээд чадаа­гүй. Суурин газрын хүмүүсийг бол элдэв жааз, хайрцагт тэгсгээд оруулчихаж болдог бол зөвхөн байгальтайгаа харьцаад явдаг нүүдэлчин бодгальчдыг бол хянах, хайрцаглах хэцүү. Тэгэх тусмаа тэдний дотоод ертөнц, хүсэл бо­дол, амбицийг нь бол бүр ч хэцүү. Монголчуудын эрт дээрээс үе, үе гаргадаг байсан, бэлчээрээ тэлж байгаа нь энэ гээд тив, дэлхийн хагасыг байлдан дагуулчихдаг бай­сан хязгааргүй том амбиц эндээс ч үүсэлтэй байж мэдэх л юм.

-Одоо тэр хязгааргүй амбиц нь хаачсан хэрэг вэ?

-Цагийн эрхээр хумигдсан л даа. Гэхдээ л ёзоор үндэс нь хаачив гэж. Байж л байгаа. Монгол хүн бүрийн мах цусанд шингээстэй л байгаа. Энэ амбицтай холбоотой бас нэг юм бий. Өөр нэг том хүчин зүйл. Бид харьцангуй цөөн хүн амтай ард түмэн. Биднийг хэдэн зуун саяар тоологдох харийн хүн далай хү­рээлж байна. Тэр далайн дундах жижиг арал дээр байгаа ард түмэн, бид. Үүгээрээ бид еврей­чүүд, армя­нууд, польшууд зэрэг харьцангуй цөөн хүн амтай улстай ижил. Ийм ард түмнүүд нийтлэг нэг шинжтэй. Энэ бол үндэсний нэгдэл нягтрал. Цөөхүүлээ учраас бие биеэ хайр­лаж, хаана ч байлаа бие биедээ тусалж явдаг үндэсний сэтгэлгээ. Хүмүүс л юм хойно дотроо зарим­даа муудсан ч гадаг­шаа бол зангид­сан гар шиг байх үндэсний чадвар. Цөөхүүлээ ч гэлээ тойрсон харийн олонд идүүл­чихгүй юм шүү гээд шүд зуусан үндэсний амбиц. Тэр сэтгэл­гээ, тэр чадвар, тэр амбиц бидэнд уг нь бий. Зарим нь одоо цагт бүдгэрсэн байлаа ч үндэс суурь нь бол бий. Бусдыг байлдан дагуулах амби­цийн тухай би яриагүй. Харин одоо бусдад уусахгүйн тулд, бус­даас царайчилж амьдрахгүйн тулд, бусдын дайтай амьдрахын тулд, цаашлаад бусдын хүрээгүйд хүрэ­хийн тулд орчин цагийн шинэ том, эерэг амбиц бидэнд гарцаагүй хэрэгтэй. Шинэ орчин цагт нийцсэн шинэ амбицийн тухай би ярьж байна.

-Шинэ амбиц гэснээс шинэ залуу үеийнхний амбиц ёстой нэг сад тавьж байгаа мэт харагдаж байна. Ялангуяа танай нам до­тор. "Одооны залуучууд арай хэтэрч байна" гэж танайхан ярих болж. Шинэ үеийнхний амбиц таны үеийнхээс өөр үү?

-Амбиц бол амбиц. Хуучин, шинэ үеийн амбиц гээд ялгарах юм юу байхав. Харин илрэх илрэл нь бол өөр. Бидний үеийнхэн бол бага балчраасаа л даруу байх тухай сонсч, сургамжлуулж өссөн боло­хоор амбиц байлаа ч түүний га­дагш­лах хэлбэр нь одооныхоос шал өөр байв. Шинэ үеийнхний амбиц одоо гадагшаагаа ямар нэгэн саад, хаалт­­гүй илэрч байна. Тэрийг нь хараад дэндүү даруу биш бай­на, задгай байна, бүр сагсуу байна ч гэж заримдаа ярьдаг. Магадгүй л юм. Гэтэл орчин цаг өөрчлөгдөж, хүн биеэ авч явах, өөрийгөө илэр­хийлэх, амбицаа гаргах хэлбэр ч бас өөрчлөгдөж байна. Илүү чө­лөө­тэй, илэн далангүй, заримдаа бүр ичих зовох юмгүй гэмээр болж байгаа нь үнэн. Зөв ч бай, буруу ч бай энэ бол шинэ цагийн маяг, хандлага. Гэхдээ хандлага нь ийм юм гээд эрээ цээрээ алдаж бас таарахгүй л дээ. Залуу ч бай, хөг­шин ч бай ялгаагүй. Эрээ цээрээ алдсан амбиц эзэндээ амжилт гэхээсээ алдас авчирч байгаа жи­шээ нэг алхаад хоёр таарч байх шиг. Юутай ч "Одооны энэ залуу­чууд уу, хэрэг алга" гэсэн хэлц, ярианд би дургүй. Платоны ч ал­дарт үг байдаг. "Өөрөө залуу яваагүй мэт, өөрөө алдаж онож байгаагүй мэт ярвайх хэрэггүй шүү, хөгшөөн" гэсэн утгатай үг байдаг.

-Та залуучуудынхаа амби­цийг арай илүү дэмжээд байгаа нь илт харагддаг. Сая болсон намын их хурлаар л гэхэд таны үеийн Ө.Энхтүвшин намын дар­гад нэрээ дэвшүүлэхэд та С.Бат­болдыг дэмжинэ гээд шууд хэлж байх жишээтэй. Ерөөсөө тэгэж шууд байр сууриа илэрхийлэх ямар шаардлага байсан юм бэ?

-Байр суурийг минь асуусан учраас л хэлэх шаардлага гарсан. Намын их хурлын үеэр элдэв яриа гаргасан юм билээ. "С.Баяр наанаа энийг, цаанаа тэрнийг дэмжиж байгаа" гэсэн утгатай мөлхөө явган яриа, жиг жуг гаргаад эхэлсэн тухай сонсогдсон. Нэг өглөө, хуралдааны өмнө хэсэг төлөөлөгчид надтай зориуд уулзъя гэж уулзаад энэ талаар хэлсэн. Ийм нөхцөлд байр суурь маань маш тодорхой, ойл­гомж­той, шулуухан л байх ёстой.

-Тэгэж хэлснээр үеийнхэн чинь гомдож, дургүй нь хүрэхгүй гэж үү?

-Манай үеийнхэн бол хал үз­сэн, халуун чулуу нижгээдийг атгаж явсан, хатуужсан нөхөд шүү дээ. Нялуунаас шулуун нь дээр гэсэн нэгэн үзлээр хүмүүжсэн товари­щууд, бид. Тэгээд ч залуу халаа, шинэ үеийнхний хүчтэй түрлэг намын ирээдүйд амин чухал гэд­гийг надаар заалгахгүй болсон хаш­рууд. Тэднийг буруу, солгой ойлгоно гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд ч дан залуучууд дэвшээд байгаа юм алга. Нам дотроо бид­ний барьдаг бодлого, ярьдаг зар­чим бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ юм. Энэ зарчмаараа яваад ирсэн, цааш­даа ч явна.

-Намын даргаар С.Батболд сонгогдох нь тодорхой байсныг хэн хүнгүй л ярьж байгаа. Энэ тохиолдолд нэрээ дэвшүүлс­нээр Ө.Энхтүвшин ямар тоглолт хийв гэлцэх хүмүүс ч байна. Ө.Энхтүвшин даргад сонгогдох шаанс байсан уу?

-Сонгогдох шаанстай, дэвших шаардлагатай гэж үзсэн, тооцсон учраас л нэр дэвшээ биз. Үүнд буруу юу байхав.

-Өөрөө тэгж үзсэн юм уу, эс­вэл хүмүүсийн ятгалга явуул­га байсан хэрэг үү. Бөөн эрсдэл дагуулан нэр дэвших нь ямар хэрэгтэй юм бэ?

-Хэн ч, юу ч гэж ятгаж болно. Гэхдээ ийм асуудлыг эцсийн дүндээ өөрөө л шийддэг. Ө.Энхтүвшин дарга ч өөрөө шийдсэн гэдэгт эр­гэл­зэх­гүй байна. Эрсдлийн хувьд гэвэл, эрсдэл бол аль ч сонгуулийг сүүдэр шиг дагадаг. Тэр сүүдрээс айх юм бол улс төрд байгаад ч яахав дээ. "Эрсдэл даахгүй бол шампан дарс байхгүй" гэдэг.

-Танай намд албан ёсны бод­ло­гоо сөрж танхимаас нэр дэв­шээд хол явдаггүй биз дээ. Бод­лого сөрөөд дэвшдэг практик ч нэг их түгээмэл биш санагддаг?

-Яалаа гэж. Харин ч түгээмэл. Бодлогоо дагаад, бодлогоо сөрөөд янз бүрээр л нэр дэвшдэг. Би жишээ нь, 2005 онд намын XXIV их хур­лаар бодлогоор биш, танхи­маас нэр дэвшээд намын даргад үзэж л байлаа. 2007 онд намын XXV их хурлаар ч ялгаагүй. Танхи­маас л нэр дэвшиж байв. Зөвхөн би ч биш. 1997 онд Н.Багабанди дарга танхи­маас нэр дэвшээд намын дарга болж байсан. Өөр юу билээ... Өө тийм, "Ардчиллын үнэр оруулна аа, хөө" гээд л хамрын тамхиа энгэр дүүрэн цацчихсан нэг нөхөр УИХ-ын дарга, дэд даргын сонгуульд танхимаас байн байн нэр дэвшин үзээд л байдаг байлаа. Тэр бол Д.Лүндээжанцан дарга юм. Ийм жишээ манай намд олон бий.

-Бодлого сөрөөд дэвшинэ гэдэг нь Ардчилсан намд бол байдаг л зүйл. Харин танайх шиг хатуу дүрэмтэй, сахилга баттай намд энэ нь нэг л сонин санаг­даад байх юм. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Д.Лүндээжанцан дарга, таныг намын бодлогоо сөрж нэр дэвшээд, тэгээд ялаад, сонгогдоод явж байна гэхээр нэг л үнэмшилгүй...

-Юун сонин байхав дээ. Манай нам дүрэмтэй, дүрмээрээ тогтоогд­сон сахилгатай гэдэг нь үнэн. Гэх­дээ бас ардчилсан журам, өрсөл­дөөнийг эрхэмлэдэг нам гэдэг нь ч үнэн. Үүний жишээ олон бий. На­мын даргаа сонгох, дүрмээ шинэч­лэх, нэрээ өөрчлөх гээд аливаа шийдвэр гарахаас өмнө өргөн хэлэлцдэг, маргадаг, өрсөлд­дөг. Харин шийдвэр нэгэнт гарсны дараа бол түүнийгээ дагадаг, түүн­дээ захирагддаг. Энэ бол ардчил­лын суурь зарчим юм. Тоглоо­мын дүрэм гэж ч бас ярьдаг.

-Тоглоомын дүрмээ зөрчөөд явж байгаа гишүүн бас бий шүү дээ, танай намд. Үүнийг та юу гэх бол?

-Тийм гишүүн манай намд ч л байна, айлын намд ч л байна, харамсалтай нь. Тоглоомын дүр­мээ зөрчдөг явдал бол үнэн ядар­гаа. Зөвхөн намуудад ч биш, нийт ний­гэмд маань тохиолдож байгаа том хүндрэл, том бэрхшээл бол энэ юм. Асуудал нь жижиг юм шиг хэрнээ хор хөнөөл нь мөн ч их. Дүрмээ барьдаг болчихвол өдөр тутмын амьдралын маань элдэв зовлон нэн хөнгөрмөөр байгаа юм даа, уг нь. Өнөөгийн Улаан­баата­рын гудамж­ны хөдөлгөөн, улс төрийн амьдрал хоёрыг ижилхэн доройтуулж байгаа зүйл юу вэ, мэдэх үү.

-Юу гэж ?

-Дүрмээ барьдаггүй явдал. На­мын дүрмээ ч тэр, замын дүрмээ ч тэр. Түүнээс болж гаднаа сэвтэй машин, нэрэндээ сэвтэй улстөрч элбэг болсон. Зам яагаад түгжирдэг вэ гэхэд машин тэрэг хэт олшроод, гудамж зам хэт нарийдаад гээд шалтаглаж болно. Гэтэл манай­хаас нарийн гудамжтай, манайхаас олон машинтай Европын хотуудад яа­гаад манайх шиг түгжирдэггүй юм бэ. Дүрмээ ягштал барьдаг учраас. Жолооч ч тэр, явган зорчигч ч тэр. Жолооч хүн маргааш явгарахаа мэднэ, явган хүн машин барихаа тооцно. Дээр нь бие биедээ найр­саг ханддаг учраас замаа таг гээд түгжиж орхидоггүй. Гэтэл манайд яадаг билээ дээ. Өөрийн машинаа хайрлаагүй хүн, хүний машин хайр­лана гэж байхгүй. Хагас хо­ром, хагас сөөм ч найр тавихгүй дээ гээд тултал шахна. Дураараа дур­гина. Тэгж яваад осолд орчихоод хагас хором байтугай, хайран хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн жил алдахаа тоохгүй. Эгнээндээ явах­гүй хүний эгнээ булаана, тэгснээ эгнээ огт үгүй мэт сүлжиж давхина. Тэгснээ гэнэт эсрэг эгнээнд орж урсгал сөрнө. Гарцгүй газар зүт­гэнэ. Зогсох газар хаа­зална. Хурд­лах тэнхээгүй атлаа урдуур орж зам түгжинэ. Гэмгүй царайлна. Хараал урсгана. Байнга чигнаал­дана... Улаанбаатарын танил дүр зураг байгаа биз дээ. Би чамд зөвхөн замын хөдөлгөөний тухай ярилаа гэж бодож байна уу.

-Замын хөдөлгөөнөөс гадна өнөөгийн улс төрийн амьдралын тухай давхар ёжлоод байгаа юмаа даа, та?

-Тийм. Яг үнэн (инээв). Ийм л дүр зураг харагддаг. Уг нь жолооч нарын дийлэнх олонхи нь журам дүрмээ барьдаг гэж байгаа. Гэтэл нэг хэсэг дэггүй этгээд чанга чиг­наал­даад, эгнээ сүлжиж давхиад, хөдөлгөөнд хөндлөнгөөс улаан галзуу ороод ирэхлээр бүгд л тавгүйтээд эхэлдэг. Тэгснээ тэр журам барьдаг олонхиос зарим нь тэвчээр алддаг, дагаад дэггүйтэж эхэлдэг. Замын хөдөлгөөн бүр хэцүүддэг. Ийм л хорлонтой эд байгаа юм даа, тоглоомын дүрмээ зөрчих гэдэг. Үүнийг яалтай билээ. Ядаргаатай, зовлонтой эд. За юутай ч, хоёулаа нэлээд удаан ярьчих шиг боллоо. Урт сунжирсан яриа болго­мооргүй байна. Одоо яриагаа өн­дөр­лөвөл яасан юм бэ.

-Тэгье. Гэхдээ ганц нэг зүйл тодруулмаар байна. Танай МАХН Ардын нам болсон, хуучин нэрээ сэргээсэн тухай яриа сүүлийн үеийн хамгийн ихээр яригдаж байгаа сэдэв. Бөөн сүр дуулиан, нэг л их баяр хөөр болсон хүмүүс "хурай, хурай" гэж хашгираад л...

-Сэтгэл хөдөлгөсөн сайхан ёс­лол болсон. Хүүхэд төрөхөд чихэнд нь нэрийг нь энхрийлэн шивнэдэг. Энэ бол муугийн ёс биш, Монголын ёс. Манай нам хорвоод анх мэнд­лэхэд чихэнд нь "Ардын намаа..." гэж шивнэсэн байдаг. Тэр нэрийг хэн хайрлаж, хэн шивнэсэн юм бэ. Монголын ард түмэн. Эх орон, эрх чөлөө гэсэн ариун бод­лоороо нэгд­сэн ард түмэн. Эх орондоо эзний ёсоор амьдаръя, хэдэн зуун жилийн дарлалаас одоо нэг ангижиръя, гадны эзлэн түрэм­гийлэгчдийг да­руй хөөн зайлуулъя гэсэн ариун сэтгэл, гэгээн хүсэл, том амбицаар нэгдсэн Монголын харц ард, тайж ноёд, лам хувраг нар нэгдсэн. Өөр хоорондоо үлэмж зөрчилтэй явсаар ирсэн Монголын нийгмийн энэ олон хэсэг бүлэг нэг л юман дээр санаа бодол нь яв цав нийл­сэн байдаг. Тэр бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө. Ийм ариун сэтгэлээр тэд нэгдэж, шуд­арга тэмцлийг нь ман­лайлах улс төрийн байгууллагаа төрүүлжээ. Түүндээ Ардын нам гэсэн нэр хайр­лажээ. Монгол Улсын маань тус­гаар тогтнолын төлөө ариун тэмц­лийн туг болсон энэ сайхан нэрээ бид сая сэргээж авлаа. Түүхийн нэг үе шувтарч дараагийн шинэ үе эхэлж байна. Сэтгэл хөдлөлгүй яахав.

-Сая болж өнгөрсөн танай намын их хурал дээр нэрээ өөрч­лөх, бэлгэ тэмдгээ солих гээд бүх ажиллагаа нарийн дэг­лэгдсэн байсан юм шиг. Бүх сценари, бүх дэглэлт таныхаар явсан гэсэн яриа, сэжиг байгаа. Та юу гэж хариулах вэ?

-Би намын мөрийн хөтөл­бө­рийн ажлын хэсгийг ахалж ажил­ласан. Өөр бусад ажилд оролцох боломж, шаардлага надад гараа­гүй. Үүнээс өөр тайлбар хэлэмгүй байна. Яахлаараа заавал "дэг­лэлт, сценари" гэх талаас нь хардаг байна аа. Намайг ерөөс муу хүн гэж үзэж болно. Ардын намыг угаасаа л муу нам гэж үздэг байж болно. Гэхдээ хүмүүсийн сэтгэл аяндаа хөдлөөд, баяр хөөр болж, омогшиж байгааг хараад ойлгох монгол хүний сэтгэл, үүнийг мэдрэх мэргэж­лийн увдис баймаар юм. Дашрамд хэлэхэд, асуудлыг сайн, муу олон талаас нь харж, дүрсэлж чаддаг байх нь увдисын илрэл. Харин юм болгоныг зөвхөн бараан саарал, буруу хазгай талаас нь хардаг, дүрсэлдэг байх нь увдис­гүйн илрэл гэж боддог. Намын их хурал, намын нэр сэргээх үйл явдлын талаар гадна, дотно гарсан нийтлэлүүдийг би зориуд олж уншсан. Шууд хэлэ­хэд, танай "Өд­рийн сонин"-д гарсан хорсол дүүрэн зарим нийтлэлүүд арай л онцгүй санагдсан. Муулж болно, үзэн ядаж ч болно, харин тэглээ гээд арай л бэлгэ дэмбэ­рэлгүй үг нийт­лэж, монголоо алдаж болом­гүй баймаар. Цөөхөн монгол­чууд шүү дээ, бид хэд чинь. Энэ үгийг минь хасалгүй нийтлээрэй гэж хүсье.

-Таны хэлсэн үгийг хасахгүй ээ. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээний нэг тал МАХН гэх хуулийн этгээд байхгүй боллоо. Одоо гэрээнд өөрчлөлт орох уу.

-Гэрээнд оролцогч нэг этгээдийн нэр л өөрчлөгдсөн. Энэ үнэн. Гэхдээ гэрээ байгуулсан хуулийн этгээд нь шинэ нэртэйгээ хэвээрээ л байж байна. Энэ бас үнэн. Үүнээс үүдээд хамтарсан Засгийн газар­тай хол­боо­той ямар нэгэн өөр асуудал үүсэх үндэс огт байхгүй. Үүн дээр мэдэн будлиад байх юм огт үгүй. Намын нэр солигдоно гэдэг жирийн үзэгдэл. Бидэнтэй хамтрагч АН гэхэд л үүсгэн байгуу­лагдсан цагаа­саа нэрээ мөн олон сольсон. МоАН, МҮАН гээд л өөрч­лөгдөөд байсан санагддаг. Одоо бол АН. Гэхдээ нэр олон солигдлоо гээд АН-ын мөн чанар, үндсэн агуулга нь өөрч­лөгдөөгүй л байх. Мөнөөх л хуулийн этгээд мөн гэж ойлгогддог. Бусад намууд ч гэсэн. ИЗН гэхэд л нэг хэсэг ИЗН-БНН болоод явж байсан байх. Тэглээ гээд энэ намын зорилго, агуулга нь хэвээрээ л байгаа гэж ойлгодог. Тэгэхээр манай нам нэрээ өөрчил­сөн явдал бол Монголын нэн шинэ түүхэнд огт шинээр гарч байгаа зүйл биш. Харин үүнийг тойруу­лаад суртал ухуулгын элдэв бохир утаа манан татуулах гээд байгаа, иргэдийг тэр хиймэл утаа манан дотор оруулж төөрүүлэх гээд бай­гаа нь л шинэ үзэгдэл гэлтэй. Гэхдээ энэ бол өөр сэдэв. Шаард­лагатай бол жич ярилцаж болох сэдэв.

-Намын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулж асуух бас нэг асуулт байна. Ардын нам нэртэй болоод сонгуульд ялагдвал ха­риуц­лагыг нь би хүлээнэ гэж генсек У.Хүрэл­сүх мэдэгдсэн. Ер нь ялагдвал хариуцлагыг нь хэн хүлээх ёстой вэ ?

-Маш тодорхой. Намын дарга С.Батболдоос эхлээд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дагаад, намын нарийн бичгийн дарга болсон мань мэт хамрагдаад бүгд л хариуцлага хүлээнэ. Намын Удирдах зөвлөл, Бага хурал гээд бүгд хүлээнэ. Үүн дээр асуугаад байх ч зүйл байхгүй. МАХН гэсэн нэрээрээ, Ардын нам гэсэн нэрээ­рээ ч байлаа адилхан. Ялагдсан бол хариуцлага хүлээдэг тэр зарч­маараа л явна.

-Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвших боломжтой хүн хэн, хэн байна вэ?

-"Нэг боссон дээрээ Ерөн­хий­лөг­чийн төлөө хундага өргөе" гэх шог яриа байдаг. Тэрэн шиг нэг уулзсан дээрээ бүх асуудал хамрах гэх юм байна л даа (инээв). Наад асуудлыг чинь ярих болоогүй. Учир нь, нэгдү­гээрт, Ерөнхийлөгчийн дараа­гийн сонгууль дэндүү хол байна. Түрүү­чийн сонгуулийн тоос зарим газраа бүрэн буугаагүй явна. Хоёрт, нэр дэвших боломжтой хүн дэндүү олон. 2009 оны сонгуулийн өмнө л гэхэд би намын даргын хувьд манай намаас нэр дэвших боломжтой гэж үзсэн арваад хүн­тэй уулзсан бай­даг. Одоо тэр тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Гуравт, одоо тийм хүмүүсийг нэр­лэх, тэдний тухай албан ёсоор ярих эрх намын одоогийн даргад хадга­лагдана.

-Та намын дарга байхдаа то­дор­хой хүмүүстэй уулзаж бай­сан гэлээ. Нууц биш бол, яг хэн, хэн хэнтэй уулзаж байсан юм бэ?

-Би тэр үед Н.Багабанди, Н.Энх­баяр, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нартай уулзаж байсан. Өөр ганц нэг хүн орхигдсон байж магадгүй. Тэр үеийн сониноос олоод харж болно. Энэ тухай дэлгэ­рэнгүй мэдээлэгдсэн байдаг. Нууц­лаад байх юм үгүй.

-Эдгээр хүмүүс дотроос нэг хүний тухай би онцолж асуумаар байна. Сая болоод өнгөрсөн танай намын их хурлын үеэр Ерөн­хийлөгч асан Н.Багабанди гуай, намын одоогийн удирдлага болох С.Батболд, У.Хүрэлсүх болон таны хооронд ихээхэн дотно харилцаа байгаа нь илэр­хий харагдаж байсан. Н.Бага­банди гуай Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдоод дундаа хоёр ч бүрэн эрхийн хугацаа алгасаад байж байгаа. Түүнд Ерөнхийлөг­чийн сонгуульд да­хин нэр дэвших боломж нь одоо нээгдсэн үү?

-Жил хагасын өмнө ч боломж нь нээлттэй байсан. Одоо ч хэвээр. Бусад хүмүүсийн ч хувьд гэлээ боломж нь нээлттэй л байгаа болов уу гэж тааж байна. Гэхдээ тэр бол миний шийддэг, ярьдаг асуудал биш гэж би түрүүнд хэлсэн. Миний ярьж болох асуудлаар би хангалт­тай ярилаа.Түүн дотроо "амбиц" хэмээх сонирхолтой сэдвийг чадан ядан хөндлөө. Цаашаа ухаад бай­вал өөр олон шинэ бодол төрөхөөр сонин сэдэв юм шиг. Тал засахгүй, талцаж муудахгүй, амбиц хөдөл­гөсөн асуулт асууж, сайхан ярилц­санд баярлалаа.

-Танд бас баярлалаа. Амжилт хүсье.



Э.ЭНЭРЭЛ

/www.dailynews.mn/

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

http://khulganain-tergel.blogspot.com/

oldoshaksli said...

gaihaltai.
Tergel guai
arai uuruu orood garsiim bish baigaa.

Tegvel ch munhag shulegch gyalailaa l daa
Huuye.

Post a Comment