“Хорин нэгэн хөрөг”




Их түүхийн тэгш ой огтлолцсон энэ өдрүүдэд блогтоо нэгэн шинэ булан нээхээр шийдлээ.
“ХҮН хаана буй
Тэнд ТҮҮХ буй...”
хэмээх эл буландаа монголын түүхийн талаарх шинэ сэргэг бичвэр, үзэл таамналын ойлборуудыг нийтлэх юм.
Тэргүүнд, хар багаасаа уншиж ирсэн ширээний номоо цувралаар нийтлэх болно. 1990 онд зохиолч Тангадын МАНДИР “Хорин нэгэн хөрөг” хэмээх эсээний цоморлиг хэвлүүлсэнийг эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба хянан тохиолдуулжээ.
Эл номд “Монголын нууц товчоон” лүгээ холбогдох 21 түүхэн хүний тухай эсээг “...Хөх судар зэрэг түүхэн зохиолын уран сайхны дүр болон эртний хятад, араб персийн эл үед холбогдох зургийн дурсгалууд, орчин үеийн зарим зураачдын бүтээлийг харшуулан үзэж, ургуулан сэтгэсний дүнд хөрөг зургуудыг нь бүтээсэн...” эш хөргүүдээр чимэглэж хэвлүүлсэн байна.

Дор, өрнө дахинд Суботай хэмээн алдаршсан Их Монгол улсын суут жанжин Сүбээдэйн тухай хэсгийг нийтэлж байна.
Омог суут дээдсийнхээ заншлаар, ёроолгүй зовлонгийн үр оройгүй цэнгэлийг тэвчиж сайхан наадаарай!



СҮБЭЭДЭЙ БААТАР

Энэ аяллаа нам жимхэн, цуу дуулиангүй болгох гэж Сүбээдэй үнэн голоосоо хүсэж байлаа. Цэрэг цөөтэйдээ ч тэгсэнгүй, заавал баруун далайд хүрч үзсүгэй гэсэн зорилго нь замд гарснаас хойш нэг л үтэл хөнгөн зан мэт санагдаад ирсний дээр эзэн Бат хан нь даруй эргэж ирээрэй хэмээн шавдан хүссэн учир үл ялих зүйлд цаг үрэхээс болгоомжилжээ.
Гацаа тосгодыг тойрон их замаас дайжиж явах тул шан харамжид гар таталгүй газарчныг хангалттай элсүүлэв. Дөрөв таван тэргэнд уугуул нутгийнхан суугаад урт шилбэтэй эцэнхий морьдоо тас ороолгон давхилдана. Архи дарсыг тэдэнд зоргоор нь олгосон болохоор газарчид улаан зээрд болчхоод хааяа огцом аялгуутай дууг хоолой мэдэн бархирахад нь Сүбээдэй сахал дороо инээмсэглэн чагнаж явлаа. Тэдний дарвиж хөхисөн даруулгагүй зугаа монгол цэргүүдийн хөх инээдийг хүргэхээс цаашгүй. Тэгж явтал газарчдын нэг тэрэг замын хажуу руу хөмрөөд хараал ерөөл тавин босгосноос хойш тэд арай томоотой боллоо.
-Эрхэм ноёд бүү унтууцаарай. Эд чинь биднээс үхтлээ айсан хүмүүс шүү дээ. Сэтгэл нь тавираад л ингэж байгаа биз гэж Сүбээдэй баатар бараа болж яваа ихсийг тайвшруулаад, энэ байдлыг нэг өөрчлөхгүйг хүсэж байгаагаа илтгэжээ...

Түүхийн товчоо:
Намтар түүхийг нь сөхөн ярих байтугай нэрийг нь цухас дурдмагц өрнө, дорнын олон орныг дайрч өнгөрсөн монгол цэргийн довтолгооныг санагдуулах тийм нэгэн түүхт хүний тухай бичиж эхлэхдээ миний бие “Өнгөрснийг дурсаж шархыг бүү сэдрээ! Гэвч дурсахгүй бол чамайг бас хүн гэхэд хэцүү” гэсэн эртний арабын цэцэн үгийг эрхгүй шивнэн сууна.
Нэрд гарсан нэгэн романд түүнийг “Өрөөсөн нүдтэй, үнэг шиг зальтай, чоно шиг хэрцгий өвгөн” гэж дүрсэлсэн. Гар доорх бичиг номоосоо Сүбээдэй баатрын мэлмий бүрхэг байсныг гэрчлэх баримт өнөө хэр олоогүй ч чухамдаа түүнийг батлах буюу няцаахын аль аль нь гол биш санагдана.
Улс үндэстний хувьд тусгаар байдал, энх амгаланг хангах баталгаа бол өрсөлдөгч дайсангүй байх явдал мөн гэж үзэж байсан түүхийн цаг үе бий. Үүний төлөө олон сая хүний цус урссан. Харамсалтай нь аливаа энх амгаланг хэрхэн тогтоох вэ гэдгийг хүн төрөлхтөн одоо хэр шийдвэрлэж чадаагүй л байна.
Шинэ тутам төвхнөсөн Монгол улсад ч энэ асуудал хөрш орнуудаас шалтгаалж байсан нь зүйн хэрэг. Дотоодын дажнаас хальж гарсан татар, мэргид, найманы салан тусгаарлагчдыг хөрш улсууд дэмжин өөгшүүлж байсан нь манай улсад байнгын түгшүүрийг авчирч байсан юм. Үүний дээр язгуур аймгуудаа нэгтгэсэн нармай Монгол гүрэнд амиа аргацаасан овгийн байгууллын аж ахуй аргагүй жижигдэж, өргөн зах зээл шаардагджээ. Улс төр, эдийн засгийн энэ бүх бодот асуудлыг Хөх төрийн шинэ эзэд дипломат замаар шийдвэрлэх гэж зорьж байсныг батлах баримт цөөнгүй үлджээ. Харин тухайн санаачилгыг хөрш улсууд хүлээж авсангүй, зарим үед бүр хэрцгий аргаар (тухайлбал Алтан улс 1212 онд, Сартуул улс 1218 онд монголын элч, худалдаачдыг алсан) хориг саад тавьж байжээ. Орчин үеийн хэллэгээр бол “Эдийн засгийн бүслэлт” гэж болохоор байдалд монгол улс оров.
Ийм үед зах зээдийг эзэмших эцсийн арга нь хайр найргүй дайн байлаа. Тэр дайныг хэр амжилттай явуулахаас Монгол улсын хувь заяа хамаарах болов. Мухулай, Боорчи, Жорчидай, Зэв нарын шилдэг жанжид бүхэл бүтэн армийг сургуулилан, хээр талд дайчилгааны уухай дуурслаа.
Сүн улстай харилцах монголын худалдааны замыг даран боомтуудаа хаасан Зөрчидийн Алтан улсын эсрэг анхны аян дайнаас гучин зургаан настай залуу хошууч Сүбээдэй шалгаран тодорчээ.



...Хөнгөн аяны бас нэгэн өдөр шувтарч амьсгал давчидмаар битүү ногоон шугуйд хүрээ буудлаа зассаны дараа:
-Тэнгист хүрэхэд одоо хагас өдөржийн газар үлдлээ гэж нутгийнхан Сүбээдэйд мэдэгдэв. Сайхан мэдээ дуулгасанд нь талархаж газарчдадаа дахин том торх дарс шагнаад Сүбээдэй цэргээ эргэхээр гарлаа.
-Морьдын туурай сунаад явхад хэцүү боллоо гэж нэгэн хижээл аравтан гомдол барив.
-Халамцуу эрс эгдүүтэй юм. Тэднийг дуулалдахаар зүрх огшино гэж барласын Гачир баатар хэлэв. Сүбээдэй тэр гал дээр саатахыг мэдээд ойр орчмынхон нь цугларан тойрч суулаа. Дундад өргөргийн бөгчим шөнө эхэлж одод түгжээ. Өвгөн жанжных нь царайд ер бусын баярлаж ханасан байдал тодрохыг цэргүүд ажиж байв.
-Маргааш жин үдэд баруун далайн захад хүрнэ гэж Сүбээдэй хэлээд тэднийг тойруулан харснаа:
-Та нарын олонх тэнгис далайн шорвог усанд ханатал шүршүүлсэн ч тэр уудам далайг үзэхдээ сэтгэл чинь бас л өөр болох вий. Дэлхий дайд хичнээн уужим, эс үзсэн газар бас хэдүй байгааг хэн мэднэ гэвэл мөнөөх аравтан гашуунаар мөшилзөж:
-Мөнх тэнгэрийн хүчин дур миний бие бас цөөнгүй газар усыг үзэв. Гэвч төрөлх хөх бууцанд минь хүрэх нутгийг эс оллоо гэжээ. Гал тойрон суусан цэргүүдийн сэтгэлийг энэ үг эрхгүй хөндлөө.
Сүбээдэй шөнө дүл болтол тэнд суужээ. Яриа хөөрөө тэгсхийгээд татарч, нэгтээгээс цээлхэн хоолойтой хүн дуу эхлэхэд алаг цоогхон түрсээр төдөлгүй ягаахан өнгөт шил талаа дурсан санагалзсан уртын дууны аялгуу нил цэцэг анхилсан дулаан орны гүн хөх тэнгэрийн доогуур удтал хангинан дуурсчээ...


Түүхийн товчоо:
Сүбээдэй буюу заримын хэлж дадсанаар Сүвээдэй баатар 1176 онд төв монголын уулархаг нутагт, Жарчуудай урианханы язгууртан Хабалын дэд хүү болон мэндэлжээ. Арван дөрвөн наснаас хааны санг хамгаалах хошууч-хайгуулчийн алба хашиж, 1206 онд мянганы ноён болов. Мэргидийн үлдэгдлийг хэрлэн голын хөвөөнөөс Чүй мөрөн хүртэл нэхэж бут цохисноос хойш “Төмөр тэрэгт Сүбээдэй” хэмээн алдаршив. 1219 онд Сартуулыг довтолход Сүбээдэй Зүчи ханы дэргэд явж, Самаркандын байлдааны дараа тусгай зарлигаар Зэв жанжины хамт Мухамед шахыг нэхэмжлэн Европ, Азийн газарзүйн хилийг давсан. 1225 онд Хашин орныг зорьсон Чингис хааны сүүлчийн аяллыг элээн Яргай хотноо хар тугаа мандуулаад нөгчсөн эзний шарилыг хамгаалан эх нутагтаа эгэв.
Өгөөдэй хаан ширээнд суусны дараагаар гүнжээ Сүбээдэйд буулган өгч, төрд байгуулсан түүний гавьяаг гэрэлтүүлэв. Тэр үеэс Сүбээдэй монгол цэргийн ерөнхий захирагчийн тушаалд дэвшиж Алтан улсыг дайлах ажлыг толгойлов. Алтаны өмнөд нийслэл Бян жяныг эзлэн, Зөрчидийн хаан ширээг холбируулаад 1235 оноос Бат ханыг дагалдан өрнө зүг хоёр дахь аяллаа хийхдээ Дорнод Европыг туулижээ.
Сүбээдэй баатрын оролцсон хийгээд удирдсан энэ бүх аялал дээр өгүүлсэн монгол гүрний эдийн засгийн бэрхшээлийг арилгаж улс төрийн нөлөөг өргөжүүлэхэд зохих хувь нэмрээ өгсөн бөгөөд төрийн их сайдын хувьд үүнийг өөрөө сайн мэдэж байсан биз ээ.
Сүбээдэй Алтан ордны улс байгуулхад идэвхтэй оролцож байгаад Гүюг хааныг өргөмжлөх улсын их хуралдайд уригдан1246 онд Туул гол дахь суугал нутагтаа буцаж иржээ. Тэр ёслолоос хойш Сүбээдэй эх орноосоо гаралгүй аж төрсөөр 1248 онд далан гурван насандаа таалал төгссөн билээ.



...Сүбээдэйн цэрэг тэнгис рүү хошууран орсон тэгш өндөрлөг дээр гарч ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд их усны зүгээс салхилж эхэллээ. Цэргүүд аравт аравтаараа цувж нарийн жимээр хэжин буулаа.
Тэнгисийн хөвөөнд Сүбээдэй түрүүлж хүрэв. Нутгийн ихсээс хоёр нь мориноосоо бууж баатрын хүлгийн зуузайнаас атган тэнгисийн ус руу орлоо. Нар үүлсийн цаагуур нуугдахад тэнгэр, тэнгис хоёрын зах мандал ууссан мэт, давалгааны хяр дээрх цав цагаан хөөс л энэ бүдэг саарал орчныг сүлнэ.
“Төрөлх хөх бууцанд минь хүрэх газар үгүй” гэсэн Бужиг аравтны үгийг Сүбээдэй эргэн дурслаа. Мориных нь хөлийг үл таних далайн ус угаана. Элсэн хаялгаар цэрэг морьд дүүрсэн ч эх захгүй шуугиан болсонгүй, өвгөн байцсыг уйгагүй өдөн оролдох айлгүй долгисын чимээ л нам гүмийг эвдэнэ. Сүбээдэй дуулгаа авлаа. Далайн орог буурал мандал түүнд хаврын хавсарганд нүдүүлсэн нутгийнх нь нүцгэн бор толгодыг санагдуулжээ.
-Атираатай байна гэж Сүбээдэй санаандгүй чанга хэлжээ.
Царайд нь санаашралын сүүдэр буугаад холхийг ширтэн хөшсөн цуут жанжныг нүд салгахгүй харж байсан харийн хоёр хүн тэр үгийг бие биендээ шивнэн лавлав. Сүбээдэй дуулгаа өмсөөд:
-Аяа, Атираат тэнгис гэж давтан өгүүлэхэд цэргүүд ам дамжуулан авч дор бүрнээ цээжлэх адил “Атираат тэнгис, Атираат тэнгис” гэлцжээ.



Т.Мандир
“Хорин нэгэн хөрөг” /1990/ ном
100-105 дахь талд буй.

9 Сэтгэгдэл:

Battushig Enkhjargal said...

wow санаандгүй байж байгаад ороод үзтэл миний дуртай ном байна. Би энэ номыг анх 5 ангид байхдаа ахынхаа цуглуулгаас олж харж байсан юм. Энэ ном миний хувьд их чухал сайхан ном. Гэхдээ би дорторхыг уншиж байгаагүй. би дэлхийн түүх тийм ч унших дуртай биш. Харин урлагийн түүх бол ондоо шүү. яагаад ч юм надад эх хэлээрээ биш гадаад хэлээр уншихаар илүү амттай санагддаг.
Би 5 ангидаа өвлийн амралтаараа 21 хөргийг бүгдийн хуулж зурж байсан юм. Тэр үед энэ ном дэндүү сонирхолтой байсан. Эргээд бодохнээ бас дурсамж үлдээсэн сайхан ном. Бас Барсан хэвнэгт баатар гээд ном байдаг байсан тэрний зургуудыг бас ихл дурлаж зурж байсанг саналаа...

oldoshaksli said...

аль аль нь бас л миний нандин ном. Түүхэнд олимпиадад бэлддэг байхад багш маань их л нандигнаж ирээд өгч байж билээ. Тэр цагаас хойш ширээн дээр хамгийн хүндтэ йном хэвээр байсаар л байгаа.
Доторх бичлэг нт үнэхээр энгүүн сайхан. Мандир гуай ер нь маш авьяаслаг. Бичлэг шигээл энгүүн далд суутан. Миний хайртай яруу найрагч Гүр.Нямдорж энэ хүний шавь нь явсан гэдгийг саяхан л олж мэдсэн дээ...

Battushig Enkhjargal said...

мундаг юмаа. Номоо хайрлаж яваарай. түүх шүлгийн ном их цуглуулдаг байх. чамаас нэг зүйл асууя. Би Шекспирийн Ромео Жульета найраглалийг 4 сар хайж байна. Хаанаас олдох бол? Таниж мэддэг хүмүүсээсээ асуугаад өгөөч. Эсвэл гоё номоор солилцож уншиж болно шүүдээ. Хэрвээ чамд байдаг бол Блогтоо оруулж болох уу? Англи хэлнээс мюсиклийн орчуулж байгаа юмаа. Тэгээд монгол хэл дээрхийг нь уншиж байж орчуулахгүй уран зохиолын хэллэгээр хөрвүүлж чаддахгүй байна.

Battushig Enkhjargal said...

аан тийн бас блогийн нэр чинь таалагдлаа. Амьдрах сайхан гэж... Кино нь үнэхээр гоё шүү. Миний хамгийн дуртай кинонуудын нэг.

oldoshaksli said...

La VIE est BEllE


Yurunhiilugch enhbayar guain sanaachilgaar delhiin songodog 50 boti nom hevlegdsen. Ter 50 botid SHEKSFIRIIN EMGENELT JUJIGUUD nereer orson bgaa. Gants romeo julietta bish busad aldartai olon jujig ni hevlegdsen.
Buh nomiin sanguudaar taraagdsan. Nadad baisniig ni jujigchneer surdag sanaatai neg muu alialagch golruulaad odoo boltol suraggui bgaa.

kafka said...

sain nom shuu... goy bichleg oruuljee nzaa

Я.Баяраа said...

oloon jiliin daraa kafka mini nad deer setgegdel bichih met sanagdmuu...

ДАВИНЧИ said...

СЭТГЭГДЭЛ ЯАЖ ОРУУЛДАГ ЮМ ЧАДАДГҮЙ ЭЭ.МАШ САЙХАН ЗҮЙЛ ЭРХЭЛЖ ЯВУУЛДАГТ БАЯРЛДАГ. ЮМ Ш ДЭЭ.

Я.Баяраа said...

Tsever taashaaliin tusiin tuld hemeen tomiyolson bilee.

Post a Comment