Шидэт ертөнц


Намрын дунд сарын энэ өдрийн цэлэмгэр тэнгэрт өдрийн саран
Намайг ажин дув дуугүйхэн, цагаан үүлстэй сэм сэмхэн зөрнө
Сайн ажвал цахлай хэлбэртэй саран завь хөлөглөсөн намрын эзэн
Саруул тэнгэрийн гүнд дураар сэлгүүцэн хэн нэгийг хайж яваа мэт ээ!

Хөх огторгуйн гүнд нүд алдран түүнээс цаашхыг шохоорхон хэвтэхэд
Хөөрхий хүмүүн гэгч энэ тэнгэрийн доор юутай жижиг хэрнээ агуу юм бэ?
Үүл нүүсэн орчлонгийн өвсөн дунд хэвтэж, ялаа шумуул үргээн
Үнэт бодол нь асар тэнгэрийн гүнд одоод, биеийг нь түүнтэй чацуулахыг хичээнэ.

Хажууд бас уулын горхи харгиа хөгжим үүсгэж
Харахад зөөлөн, буурал цагаан уулыг би тасалваас нэгэн амь тасрах шиг...
Харуусахад энэ орчлон бүхэлдээ санаа алдах шиг...
Хан ертөнцийн нэгэн цогцос хийгээд бүх л биетийн холбоог гайхнам.

Тэгээд би горхины дэргэд хүрч, ус руу унасан хөгшин улиасыг харваас
Тэнгэр минь, энэ модны амийг цагаан уул цэцэг шиг хэн таслав аа?
Үл үзэгдэх гараар байгаль зохист өөрчлөлтийг яаран хийхдээ
Үнэндээ биднээр дамжуулан ямар нэгэн юмыг сэм амжуулах мэт ээ!

Намрын эзэн бяцхан шар навчин завь хөлөглөн
Налгар өдөр галын мандалаар ертөнцийг эрэн явах шиг ээ.
Би ингэж бодсоныг хэн мэднэ, бичил завь гол уруудан хөвнө.
Бишгүй л удаан харж зогсоход, навчин шар завинд амин сүнс байх шиг!
Тэртээгээс сарны дүр голын мандалд буусан нь намрын шар навч буюу...
Тийн ижилсэх хийгээд, дүрс хувирахын ёсонд үлэмж шидэт ертөнц
Тэнэмэл хөвгүүн надаас өөрийгөө нуун гэвч, тэрээр миний дотор оршин намайг өдөөх ажаамуу




О.Дашбалбар
Шидэт ертөнц /2003/
286-р тал

0 Сэтгэгдэл:

Post a Comment