ТҮҮХИЙГ АСРАГЧ ӨНДӨР ОГТОРГУЙ


Энэ бол санаандгүй юм уу, чамирхан гоё үгийг чухалчлан нэрлэсэн хэрэг бус гэдгийг юуны өмнө уншигч танд хэлэх нь зүйтэй. Учир жанцанг нь намайг ярихаас өмнө та дараах хоёр өгүүлбэрээс хичээнгүйлэн уншина уу.


Олон ах нарын ерөөлтэй

...Угсаа язгуурын зуун зууны түүх , соёл бүтээл туурвилыг залуу халуун насандаа ийнхүү цөхрөлтгүй сурвалжлан судалж, гүн утга, түмэн учрыг нээн дүгнэж, эрдмийн шастирт баринтаглан багтааж байгаа номын их буянт хүү чамдаа Увс нутгийн чинь зон түмэн үеийн үед баярлаж бахархаж байх эрхээ ийнхүү баттай олж авлаа...
Нутгийнхан тэнгэр, мэргэ¬дийнхээ мэлмийд ямагт мэхийн сүслэж, аав ээж, амраг хань, түмэн шавь буман ардынхаа асрал энэрлийг өглөө бүхэн тогтоож яваарай. Чамайг үргэлж үнэлэн хүндлэгч нөхөд чинь гээд ахлах захлах 10 хүн гарын үсгээ зурсан энэ утга учир уяа зангилаа бүрдсэн үгийг 2005.05.23-ны өдөр эрдэмт олон багш түүхчид цугларсан цайллага дээр уншиж Надмидын Сүхбаатарт гардуулжээ. Энэхүү дурсгалт үг мэндчилгээ гардан авсан Н.Сүхбаатар гэгч маань хэн бэ гэж асуух хүн мэдээж гарна.
Эдүгээ Монгол Улсын Боловсролын их сургуулийн түүхийн тэнхмийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор Сорон овогт Надмидын Сүхбаатар Увс аймгийн Сагил суманд төрж өссөн. Нутгийнхны хэлдэгээр улаан дөрвөд. Дөрвөд гэдэг үг сонсохоороо онгод нь бяцхан огшиж хөөрцөглөдөг ”муу” зантай. Баяд ээжтэй, халх эхнэртэй, 3 хүүхэдтэй. Нутаг амьтай гэж жигтэйхэн. Ярихийм байхгүй. Ийм л нэг залуу эрдэмтэн.


Ойрадын түүхийн онгодтой

На.Сүхбаатар (Увсчууд На гэж эцгийнх нь нэрийг хураангуйлаад дуудна. На иржээ, На ярилаа гэвэл Сүхбаатар доктор гэж бараг бүгд ойлгоно). На-гийн эрдмийн цол авсан гол бүтээл нь “Монголын түүхийн Тод бичгийн сурвалжууд” болой. На маань энэ сэдвээр эрдэмтэн болсноор сэтгэл ханаж, санаа амарч, гар оюун чухал сул байлгахыг чухалчилсангүй. Ойрадын түүхийг бүхий л талаар судлах нэгэн насны эрдмийн их аянд дөрөө чангалан мордсон эрдэмтэн гэвэл онох буйзаа.
Эрдэм судлалын болоод олон зуун шавь нараа эх түүхэндээ хүндэтгэлтэй мэдлэгтэй ханддаг судалдаг, сурвалжилдаг болгохын төлөө бие оюунаа чилэхийг огоорон хичээхийн хамтад ойрадын түүхэнд холбогдох эрт эдүгээгийн түүхчдийн бүтээл туурвилыг нэгэн багц цуврал болгон эрэмбэлэн гаргахын төлөө цуцалтгүй чармайж байгааг нь онцлон хэлэх ёстой.
Орос Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Б.Я.Владимирцовын нэгэнтээ ярьж зорьж байсан Ойрадын номын санг бий болгох гэсэн (библиотека Ойратская) эрдмийн гэрэлт үйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө нэн чармайсаар Түүх соёл хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв-ийг 2006 онд үүсгэн байгуулж, энэ төвийнхөө зорилго үйл ажиллагааны хүрээнд энэ завсар 20 шахам боть номыг хэвлүүлж түмэнд түгээгээд байна. Тэрээр энэ мэт сурвалж судлалын цуврал бүтээлээрээ 2003 онд ШУА-ийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн билээ.


Ганц хуваарьт тасархай түрүүлж байлаа.

Хэрхэн түүхч болсон тухайд На.Сүхбаатар хэний ч өмнө нүүр бардам хэлэх үгтэй хүн юм.
-Би өөрийгөө захиалгаар бэлтгэгдсэн түүхч гэж бодож хичээж, бас урамшиж явдаг хүн дээ. 10-р ангийн сурагч байхдаа Тод үсгийн ном судар уншчихдаг, бас аав, ээж маань гайгүй лам болно, болгоно гэж ярилцдаг ч байлаа. Тэгтэл нутгийн сэхээтнүүд намайг дэмжиж сурагч байхад минь ойрад судлалын их хуралд төлөөлөгчөөр илгээсэн юм шүү. Ингээд л би түүхч болох замд эргэлт буцалтгүй орсон хүн. Тэр жил МУИС-ийн түүхийн ангид цорын ганц хуваарь ирснийг би 20 гаруй хүүхэдтэй өрсөлдөн онооны хол давуугаар авч байлаа.
-Таныг жинхэнэ түүхч болоход дэмжсэн томоохон түүхчид гэвэл?
-Би тийм том түүхч гэж өөрийгөө дөвийлгөмөөргүй байна л даа. Намайг өдий зэрэгт хүрэхэд эрдмийн болоод сэтгэлийн их буянаа хайрласан түүхчид эрдэмтэд бол түүхч Д.Гонгорын хүү Г.Дашням, доктор З.Лонжид, академич агсан Ч.Далай нарыгаа юуны өмнө нэрлэе. Ч.Далай гуай залуу гэж гололгүй Ойрадын түүх номоо уншуулсан. Миний санаа бодлыг сонсож байсан нь томоохон урам зориг хайрласан хэрэг байлаа. Ер нь энэ мэтчилэн олон хүнийг нэрлэж болно хэмээв.
Хүний унаган ухаан хийгээд ёс жудгийн нэгэн тод нотолгоо бол ач буянаа хүртээж тус дэмээ хайрласан хүмүүсээ ямагт дээдлэн хүндэлж дурсаж дуудаж явдаг чанар болой. На. Сүхбаатар бол өөрийг нь дэмжсэн хамжсан, тус дэмээ өгсөн нэг хүнийг ч орхилгүй хүндэлж урьж уулзаж, угтаж үдэж байдаг хүн юм.


Өндөр огторгуй хэмээсэн учир

Торгууд, хошууд, дөрвөд, хотгойд
Тойрч цөөрч ирсэн овог, омгийн огторгуйд мөргөе
Тойв юүдэн малгайгаа дэвсэн дээдэлж
Тортог буртаггүй сэтгэл-огторгуйд нь мөргөе
Тодорсон бүдгэрсэн эвдрэл, эвлэрлийг нь өршөөж
Тосон айсуй мэргэд гийх огторгуйд нь мөргөе
Тоонотой гэр, тулгатай галаараа андгайлж
Торгон жолоог нь дэлхийн өмнө өргөж цоллоё
Энэ бол доктор На. Сүхбаатарт зориулсан нэгэн найрагчийн Дөрвөн Ойрадын Өндөр огторгуй шүлгийнх нь 8 мөр үг. Энэ шүлгээ гардаж авсных нь дараагаас энэ эрдэмтнийг анд нөхөд нь үе үе “Өндөр огторгуй” хэмээн сүжрүүлэн дууддаг болсон гэх. Түүнийг таньдаг мэддэг, бүтээл зүтгэлийг нь үнэлдэг хүндэлдэг бүхэн ийнхүү сэтгэлийн үгээ илэрхийлж яваа хэрэг буйзаа.
На. Сүхбаатар бол Халимаг, Тува зэрэг улсын төлөөлөгчдийг оролцуулан Баруун монголын шашин соёлын их хурал зохион байгуулж, төр нийгмийн зүтгэлтэн Ө.Бадрах, Түмэндэлгэржав нарт зориулан эрдэм шинжилгээний хурлыг төрөлх нутагт нь зохион байгуулж, намтар зохиолыг нь хэвлүүлж, түүхийн хялбаршуулсан ном товхимол бичиж жирийн уншигчдад түгээж, төрж өссөн Сагил сумынхаа тухай “Саран тамгатай Сагил”, мөн “Миний хайртай Улаангом” ном хамтран эмхэтгэн гаргаж, нутгийнхаа уул усны тахилгын утга учрыг уудлан сурвалжилж, овоо бумбыг нь сэргээн босгоход санаачилга гаргаж, өсвөр залуу үеийнхэнд лекц уншиж дотоод гадаадад болсон эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөнд илтгэл судалгаагаа танилцуулж үнэхээр эрдэмт хүний ёсоор буянт сайхан сэтгэлээр монгол түүхээ, Ойрад түүхээ судлан асарч дээдлэн үнэлж, зон олныхоо сэтгэлийн огторгуйг нь саруул тунгалаг болгохын төлөө нэгэн биед ахадсан гэхээр санаачилга зүтгэл гаргаж байгаад нь бахархаж “Түүхийг асрагч өндөр огторгуй” хэмээн энэхэн бичлэгээ нэрлэсэн болой.

Б.Норов

0 Сэтгэгдэл:

Post a Comment