ТА НАР БИТГИЙ БИЕЭ ҮНЭЛЭЭЧ ЭЭ


Монгол Улсын гавьяат багш,
Хэлбичгийн ухааны доктор
Д.Галбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Монголын уран зохиол дахь улс төрийн нөлөөлөл өнгөрсөн зууны дунд үеийг бодвол харьцангуй буурсан ч улс төрчийг магтаж элдэв магтуу бичих үзэгдэл сонгуулийн үеэр гардаг. Энэ талаарх таны үзлийг юун түрүүнд сонсмоор байна?
-Уран зохиол бол үндэстэн оршин тогтнохуйн тулгуур буюу өөрсдийнх нь аж төрлийн түүхийг бодитоор тусгадаг зүйл. Монголчууд бид өөрсдийн үнэн түүх, дүр төрхөө үзье гэвэл түүхийн ном бус уран зохиолыг унших ёстой. Түүх чухал боловч амьд бус, тэгээд ч болсныг товчоолдог. Уран зохиол амьдаар үзүүлдэг. Уран зохиол тухайн үндэстний түүхийг төдийгүй оюун санааных нь хүч чадал, баялаг сайхныг илтгэдэг. Тиймээс уран зохиол ямархуу хүчтэй чухал зүйл болохыг улс төрчид ойлгодог учраас уран бүтээлчдийг ашиглахыг хичээдэг. Социализмын үед уран зохиол хүн бүхэнд хүрдэг чухал салбар байсан. Тиймээс ч тухайн үед уран зохиолыг улс төрийн зорилгодоо дураараа ашиглаж эхэлсэн. Ашиглахдаа улс төрийн бодлого нь дотроо шингэсэн тодорхой аргыг зохион хэрэглэж, түүнийгээ уран бүтээлчдэд шахсан. Тэр нь социалист реализм юм. Урлагт социализмыг магтан мандуулах хэрэгцээг тийм арга хангаж чадах байсан учраас уран зохиолыг улс төрийн бодлоготой нийлэгшүүлэн үнэгүй, маш шуурхайгаар олон нийтэд түгээж эхэлсэн.
Тэгэхээр зохиолчдыг сонгуулийн ажилдаа дагуулж явдаг одоогийн мода бол хөөрхий муу зохиолчдын билэг авъяас, уран хэл, цэцэн ухаан, ард түмэндээ олсон нэр хүндийг нь ашиглаж байгаа хэрэг. Нөгөө талаас зохиолчид амь зуухын төлөөнөө тэдэнтэй дөрөө нийлж, өөрийн авьяасаа улс төрийн суртал ухуулгатай хутган ард түмнийхээ оюун санааг угааж байгаа хэрэг юм. Хаа нэгтээ сонгуулийн штаб дээр шүлгээ гунганан уншиж зогсоо зохиолчдыг би л лав зохиолч, яруу найрагч гэж хэлэхгүй.Энэ чинь биеэ үнэлж байгаа хэрэг. Тиймээс ирэх оны сонгуульд зохиолчдод хандаж уриалга гаргая гэж бодож сууна. Тэр юу гэхээр “Та нар битгий биеэ үнэлээч дээ” гэж хэлэх. Нэг талаасаа зохиолчид ядуу зүдүүг нь бодохоор өрөвдөж, нөгөө талаар тийм хүмүүсийн зарц болж байгаад харамсдаг. Төр засгаас зохиолчдын төлөө юу хийж байна гэхээр оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийх бус хэдэн гялгар тэмдэгээр хуурч байгаад бүр ч их харамсдаг.
-Утга зохиол, улс төр хоёрт огтолцох зүйл ер нь үгүй байх. Тийм үү?
-Улс төр өөрөө уран зохиолд ямар нэг нууцгүй, нүцгэн буй байгаагаараа тусдаг.
Улс төрийн далд булхай луйвар, залилан... хамаг бузар булай зүйлсийг зохиолд нэмэр хачиргүйгээр тусгаж болдог. Түүнээс биш улс төрөөс хамаарч уран бүтээл туурвих гэдэг байж болшгүй зүйл.
-Танд улс төрд оролцох сонирхол байдаг уу?
-УИХ-ын 2004 оны сонгуульд би 22 дүгээр тойрогт нэр дэвшиж байсан. Харин улс төр гэдэг миний ёс суртахуунд огт нийцэхгүй заваан зүйл байсан...
-Огт нийцэхгүй ч гэсэн одоогийн улс төрийн талаар шүүмжлэлтэй хандах үе их гарна биз?
-Улс төр бол тоглоом. Манай нийгэмд улстөрч гэдэг нэр томьёо тогтоод уджээ. Гэхдээ улстөрч гэдэг мэргэжил байдаггүй. Улс төрийг судалж л болно. Ерөөсөө улс төрч гэдэг тийм мэргэжил орчлонд байхгүй. Улс төрч гэдэг үгийн “Ч” үсэг маш ноцтой утга илтгэдэг. Улс төрөөр “тоглогч” гэдэг утгыг илэрхийлнэ. Би ингэж ярьж байгаа нь улс төрийн шинжлэх ухаан, засаг төрд дүргүйцэж байгаа хэрэг биш, төрийн зүтгэлтэн гэдэг сайхан нэр байна. Энэ нэрийг хэрэглэж сурвал одоогийн улс төрчид арай өөр эевэргүү зөөлөн харагдах болно.
Монголын ард түмний амьдрал ахуйг анхааралдаа авч, зөв зохион байгуулж, хүмүүс сэтгэл ханамжтай байвал тэр сайн төр. Ард иргэдээ хөсөр хаясан хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байх юм бол тэр улс төр, парламент огт биш. Тэгээд үүнийгээ ардчилал гэдэг сайхан үгээр хулдах нь хулгайчийн шинжийг илтгэдэг. Ардчилал бол цөөнхийн биш олон нийтийн эрх ашгийг хамгаалах учиртай. Цөөнх буюу өөрсдийн эрх ашгийн төлөө бус ард түмний төлөө явах ёстой. Тийм байваас тэр төрийн зүтгэлтэн хүн бөх байна уу, чавганц байна уу хамаагүй. Тэгээд ч улс төрч гэж мэргэжил байхгүй учраас энэ үгийг байнга ярьж, улс төрийн талаар дэмий чалчихаа больё.
-Улс төржсөн зохиол олон байдаг байхаа?
-Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романд улс төрийн үйл явлдууд дүүрэн бий. Гэхдээ зохиолч өөрийн зохиолдоо харьяалагддаг намын байр суурийг сурталчлаагүй. Зүгээр л зохиолын баатрынхаа үйлс зорилго, амьдралын төлөө тэмцлийг бичиж,түүндээ нэгэн цагийн бодот дүр төрхийг амьдаар нь тусгаж үлдээсэн. Энд л миний дахин дахин хэлээд байгаа “зохиолч улс төрийг бус амьдралын бодит байдлыг сайхны хуулийн дагуу үзүүлэх ёстой гэдэг утга яваад байгаа юм. Улс төр гэдэг нийгмийн шинжлэх ухааны хийсвэр ойлголт. Уран зохиол бол соёлын салбарын басхүү онолын хийсвэр ухагдахуун. Тухайлбал, гурван улсын гэрээний тухай тусгасан олон роман байдаг. Улс орноо гэсэн тухайн үеийн эх оронч төрийн зүтгэлтнүүдийн хэлэлцээрийн ширээн дээрх амьдрал, энэ чинь улс төр мөн шүү дээ. Улс төр улс эх орон, ард түмний тусын тулд байдаг. Энэ нь гэрээнд оролцогч гурван улсын зүтгэлтэн хүний байр суурийг илтгэхээс гадна хийх ёстой ажлын цар хүрээг илэрхийлсэн хэрэг бөгөөд бодит үнэн гэдэг энэ.
-Та уран зохиолоос ангид өдөр хоногуудыг өнгөрөөж байсан уу?“Миний амьдралын бүх л өдөр утга зохиолтой холбоотой” гэж ярих дуртай зохиолчид олон байдаг болохоор л асууж байна.
-Уран зохиол гэдэг чинь өдөр болгон уншаад байдаг зүйл биш. Байнга уншаад байвал толгой хагарч, сэтгэл хямран, галзуурна биз дээ. Тэнд чинь маш олон хүн-ертөнц, амьдралын ээдрээ орооцолдоон туссан байдаг учраас... Тэхээр заримдаа жинхэнэ бодит амьдрал руу орж байх хэрэгтэй. Зохиолын ертөнц бол ер бусын шидэт ертөнц... баясгана ч, ой дур гутаана ч...
-Та Москвагийн А.М Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэг. Энэ сургуулийг их нэр хүндтэй гэх юм билээ. Суралцаж байсан үеийнхээ талаар дурсаач?
-Миний суралцаж байсан үед ЗХУ задарч, оросууд биднээс арай өмнө өөрчлөн байгуулалт хийсэн. Үүнийг дагаад нийгэмд уран зохиолыг үзэх үзэл өөрчлөгдөж уран зохиол цэвэршин, улс төрийн нөлөөнөөс ангижирч шинэ үзэл онол ч сэргэх шинжтэй, чөлөөтэй болж байгааг мэдэрсэн дээ. 1989 онд М.Горькийн сургуульд очоод “Эрс эргэлтийн босгон дээр” өгүүлэл бичиж “Цог” сэтгүүлд илгээж байсан. Тэр өгүүлэлд “Чөлөөтэй сэтгэх, үгээ хэлдэг, юу ч бичиж болдог сайхан цаг ирлээ. Бидний бүтээлийг хэн ч хянаж засдаггүй, хориглож хаадаггүй цаг ирж...” гэж бичиж байв. Энэ нь яг Орос дахь ардчилсан хувьсгалын алтан цаг мөчтэй давхцаж байсан. Харамсалтай нь би хойно байсан тул Улаанбаатар хотын төв талбайд болсон жагсаалд оролцоогүй. Гэхдээ Москвагийн “Урал” зочид буудлын өмнө эх орондоо өрнөж байгаа ардчиллын хөдөлгөөнийг дэмжиж жагсаал цуглаанд оролцож л байлаа. Тэр үед Москвагийн монгол оюутнууд талийгаач Баасан лам, гавьяат Сосорбарам нарын зам зуураа зохион байгуулсан цуглаанд оролцсон юмдаг. Тэхэд зохиолч Д.Чинзориг, М.Баттөмөр... одоогийн энэ том бизнесмен “Сод Монгол” группийн Ананд байсан шиг санагдана.
-Таныг тэнд багшилж байсан гэж сонссон?
-Бас л өнөөх өөрчлөлт шинэчлэлийн үеийн тухай ярих хэрэгтэй болно. Тэр үед чинь М.Горбачев дарга хүнд байдалд орж, төрийн эргэлт болж Борис Ельцин Цагаан ордоны өмнө танкан дээр зогсож үг хэлж байхыг санах юм байна. Тэр мөч бол миний амьдралд тохиолдсон гайхамшигтай өдрүүдийн нэг нь. 1990 оны хавар. Миний семинарын багш профессор В.И Гусев байв. Оросын онол, шүүмжлэлийн салбарт их нэр хүндтэй хүн байсан. Нэг өдөр Гусев багш “Өнөөдөр семинаргүй: Гудамжинд “Дайн болж байна”. Зөвлөлтийн Бүх Холбоотын Зохиолчдын Эвлэлийн хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ. Хамт явцгаана” гэсэн. Зөвлөлтийн Зохиолчын ордон луу манай семинарийн гурав хамт очсон. Ордонд ороод зогсож байтал хаалгаар намхан, хар бор царайтай, цав цагаан цамцтай, хар үстэй нэг нөхөр орж ирсэн. Хүмүүс шуугилдаад л... Володя, Володя! гээд л хашгиралдаж эхэлсэн. Удалгүй мань эрийг бүр тэнд байсан нэртэй зохиолчид гар дээрээ өргөн шидэж, бөөн юм болж байна. Гэтэл тэр хүн Нивхийн зохиолч Владимир Санги байсан. Тэр 1940 онд анх Нивхийн цагаан толгойг зохиож бичиг үсэгтэн болгосон ачтан Нивхчүүдийг дэлхийд таниулсан том зохиолч байв. Гэтэл тэр 200 гаруйхан мянган хүнтэй жижигхэн үндэстний зохиолчийг Оросын тийм ланжгарууд хүндэлж байсан нь үнэхээр гайхамшигтай санагдсан. Тэр хурлаар бүх Бүгд найрамдах улсын зохиолчид өөр өөрийн төрийн далбааг өргөн ордноос туурга тусгаарлан гарч одсон. Хурал ширүүн болж, зөвшилцөөд л маргалдаад л байсан. Эцэст ийм шийдэлд хүрсэн. 2 хоногийн дараа Горькийн сургуульд нэг симпозиум болсон. Тэр хуралд манайхнаас О.Чинбаяр, Г.Аюурзана нар лав сууж байсан. Мэдээж Горькийн сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийх шаардлага бий болсон байх. Бүх зүйл чөлөөтэй болж эхэлсэн байх. Тэнд манай монгол оюутнуудын үндэсний ухамсар ч сэргэсэн билээ. Тэд монголын түүх, хэл бичгээ судлах санал гаргаж, тэгээд ямар ч гэсэн Монгол бичгийн хичээл заалгах болж, түүнийг нь би заахчаа аядсан. Буриад, халимаг оюутан ч байсан. Би цалин авна. Зөвлөлтийн зохиолчдын Эвлэлийн тэтгэлэг авна. Бас үндсэн стипендээ авна. Манай залуусын олонх нь орос хэл түлхүү эзэмшицгээсэн, орчуулгын ангид суралцаж байсан болохоор тэр байх л даа.
-Таны дэмжлэгийг авч байсан 90-ээд оны залуус өнөөдөр юм хийж чадаж байна уу?
-1990 оноос хойш уран зохиолд орж ирсэн залуус үүргээ гүйцэтгэсэн. Тэд одоо харин зогсонги болчихож. Нөгөөтэйгүүр одоогийн шинэ залуу залган гарч ирж байгаа нь сайхан. Тэдэнд их боломж байна. Тэдэнд бүхэл бүтэн нисэх буудлыг 90-ээд оныхон байгуулж өгсөн дөө. Тэхээр залуус 90-ээд оныхонд баярлах ёстой. Тэд Монголын утга зохиолыг сонирхолтой болгосон. Тэд одоо дахин 10 жил хөдөлмөрлөнө, бичиж туурвина. Гэхдээ яг одоо уран зохиолын гараагаа эхэлж, анхныхаа номыг хэвлүүлж байгаа залууст 90-ээд оныхон мэдээж хэрэг төдий хугацаагаар давж гарах саад нь байх болно. Яагаад гэвэл тэдний хийж бүтээх хугацаа яагаачгүй байна шүү дээ. Саяхан л зохиолчид Г.Аюурзаныг хаздаг, хуцдагаар нь дуудаж байсан. Гэтэл одоо түүнийг магтаж мандуулах үе нь ирчихэж. Ер нь 90-ээд оныхон ардчилсан хувьсгалаар бий болсон эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадсан хүмүүс.
-Сүүлийн үед ном уншихаар өмнөтгөлүүд нь хэт адилхан, нэл магтаал болсон, уншуургүй болчихсон юм шиг санагдах болсон. Энэ талаар таны бодол?
-Би өмнөтгөл үг бичигчдийн нэг мөн. Өмнөтгөл үг бол уран бүтээлчийг уншигчдад таниулах, уран бүтээлийн гарааг хөтлөх үүрэгтэй тийм зүйл. Өмнөх үг, өмнөтгөл, оршил гэдэг янз бүрээр л нэрлэдэг. Хамгийн гол зорилго нь зохиолч, уншигч хоёрыг холбох, танилцуулах үүрэг бүхий уран сайхны шүүмжлэлийн жижиг жанр юм. Зохиолын үнэ цэн, шинэ сэргэг зүйлийг уншигчдад тайлбарлах, хүргэх зорилготой бичвэр. Ялангуяа уран зохиол судлалынхны нэр хүнд уншигчдад нөлөөлдөг. Иймд энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан ч өмнөтгөл бичихэд суралцах ёстой. Сайн бичвэл уран бүтээлчийн ном уншигчдад хүрнэ. Шүүмжлэл өрнөнө. Зохиолч нэр олж, зохиол нь олонд хүрч амилна шүү дээ.Тиймээс өмнөтгөл их ач холбогдолтой зүйлээ. Ялангуяа шинэ залуу уран бүтээлчдийг өмнөтгөл нь их тодотгож өгдөг.
-Таны бичсэн томоохон судалгааны зохиолууд олдоц муутай болсон гэж залуус үздэг юм билээ. Тэднийгээ дахин хэвлэх талаар бодсон зүйл бий юү?
-Би багш хүн.Лекц уншдаг. Оюутан шалгалт өгөхийн тулд ном унших хэрэгцээ байгаа. Түүнээс биш би алдартай ном биччихсэн юм биш байх. “Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд” номын хоёрдугаар ботийг удахгүй хэвлүүлнэ. Мөн Их сургуулийн оюутанд зориулсан модерн, постмодерн чиглэлийн уран зохиолын түүхийн сурах бичиг гаргах байх. Бид хуучин түүх, онол, шүүмжлэлээр урагш хол явж чадахгүй л дээ. Бүх шатны уран зохиолын сургалт напраас болсон доо. Энэ яамын царай, хуучин түшмэлийн баг яавч шинэчлэл хийх чадваргүй гэж үздэг дээ. Тэр яамыг хачин хүмүүс хүрээлчихсэн байдаг юм шиг... Соцреализмынхаа ном, онол бодролыг л хүүхдүүдэд шахаж, улс төр, үзэл суртлаа номлосоор байна даа хөөрхий. Бүүр нэг хэвшмэл ул дол болсон сэтгэлгээ хэвээрээ байна шүү. Тиймээс дэлхийн урлаг, уран зохиолын чиг хандлагыг тусгасан ном бичвэл ирээдүйн хүүхдүүдэд хэрэгтэй байх болов уу.
-Ер нь ойрд ямар бүтээл дээр ажиллаад байна?
-“Уран зохиолын онол” гээд нэвтэрхий тайлбар толь дээр сүүлийн хоёр жил ажиллаж байна. Энэ номдоо оюутнуудад зориулсан онолын үндэс маягийн цогц зүйлийг тусгачих санаатай байгаа.
-Миний бодлоор та 60,70-аад оны үед Монголын уран зохиолд Ц.Мөнх гуайн гүйцэтгэж байсан үүргийг өнөөдөр биелүүлж байх шиг санагддаг. Ингэж ойлгож болох уу?
-Шүүмжлэгч Ц.Мөнх намайг уран сайхны шүүмжлэлийн дөртэй болгосон миний багш. Тэр хүний ачаар л утга зохиолын боловсрол олж, судалгаа, уран сайхны шүүмжлэлтэй холбогдсон. Гэхдээ багш маань надад онол, түүх заагаагүй. Уран сайхны шүүмжлэлийн практикт намайг сургасан. Миний үеийнхэн дотроос надад их итгэл найдвар тавьж байсан учраас би итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байх юмсан гэж зүтгэсэн. Намайг Горькийн сургуульд явахад ч Д.Цэнд, Ц.Хасбаатар өагштан нар их дэмжсэн юм шүү. Ц.Мөнхөө багш “За чи энэ номыг унш, шүүмж бичээд ир” гэж даалгавар өгч шахна. Маргааш нь нухаж нухаж нэг юм бичээд аваад очихоор шүүмжийг маань би өөрөө ч танихааргүй навсайтал нь засчихсан байдаг байлаа. Минийх биш болгоно шүү дээ. Тэр үед мөн манай утга зохиолын салбарт С.Лувсанвандан гээд ганц профессор, С.Дулам, Б.Цэдэв, Х.Сампилдэндэв, Ч.Билэгсайхан зэрэг залуухан шүүмжлэгчид шижигнүүлж байлаа. Юугаа ч мэдэхгүй жулдрай амьтан хэзээ нэг эд нар шиг мундаг хүн болохсон гэж санаашрах...
-Шүүмжийн салбар өнөөдөр доголдох болсон шалтгаан нь юутай холбоотой вэ?
-Би оюутан байхдаа муугүй сурлагатай байсан тул боломжийн степенд авчихдаг байв. Нэг муу оюутны бичсэн шүүмжийн хөлсийг МЗЭ-ийн санхүүгийнхэн дуудаж өгдөг байсан. Харин өнөөдөр шүүмжлэл судлалын ажил хийлээ гээд ч хөлсгүй хөдөлмөр болж хувирсан тул түүнийг сонирхох амьтангүй болж, унтаа байдалд орсон. Бод л доо. Хэн ч ямар ч үнэ хөлс авалгүйгээр хэн нэгний ном зохиолыг орой үдэш суун уншиж, шүүмжлэл бичиж өөрийгөө зовоох вэ дээ. Гэхдээ шүүмжлэл судлал байхгүй болчихсон мэтээр ойлгож болохгүй. Бүр дөрвөн үеийн шүүмжлэгч ч бидний дунд байна. Бидний шавь нар өсч өндийж байна даа.
-Та шүүмж, судлалаас арай өөр зүйл зохиол ч юм уу, дурдатгал ч юм уу бичнэ гэж боддог уу?
-Зохиол бол хувь хүний өөрийнх нь бүтээл. Тиймээс хэн ч түүнийг дооглохгүй. Сонин сайхан байвал уншина, хэрэггүй бол хаячихна. Тиймээс би зохиол бичдэггүй. Ер нь би шүүмжлэлийн ажилдаа илүү дуртай. Яагаад гэвэл зүгээр л бичдэг хүн байснаас мэддэг хүн байсан нь дээр санагддаг юм. Харин дурдатгалын хувьд бичих цаг ч болоогүй, бичээд байх ч юм ховор байна. Манай зохиолчдын дунд нэг тиймэрхүү хорио цээрийн шинжтэй яриа байдаг юм. Үхэх дөхөхөөрөө дурдатгал бичдэг гэж... Тиймээс амны бэлгийг нь бодсон ч, нас биеэ бодсон ч арай дуртгал бичих болоогүй байнаа.



“Улс төрийн тойм” сонин

3 Сэтгэгдэл:

Кена said...

сайн асуулт оновчтой хариулт байна.Мэргэжлийнхээ зүгээс харчлаа.

Я.Баяраа said...

second edition-
-iig taviv...

Anonymous said...

сайхан ярилцлага байна

Post a Comment