МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭРЭЭС...


Бяслаг арал

Бусад хүмүүстэй тохиолдоогүй энэ мэтийн гайхалтай явдал надад тохиолдох нь миний буруу биш л дээ.
Энэ нь миний аялан жуулчлах дуртай, үргэлж адал явдлыг эрж байдгаас болсон хэрэг бөгөөд та нар бол тасалгааныхаа дөрвөн хананаас өөр юм үзэлгүй сууж байна л даа.
Би нэг удаа Голланд улсын том хөлөг онгоцонд сууж аялан явтал гэнэт зах хязгааргүй их далайд хүчтэй салхи дэгдэж, хоромхон зуур манай онгоцны далавч, шураг модыг эвдэллээ.
Нэг шураг мод луужин дээр унаж эвдэллээ. Луужингүйгээр хөлөг онгоцыг жолоодно гэдэг хичнээн хэцүү болохыг та бүхэн мэднэ шүү дээ. Бид замаа алдаж, хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байлаа.
Гурван сар биднийг далайн давалгаа зүг бүр тийш хаялж, эцэст нь хаашаа ч юм бүү мэд нэг зүг рүү урсгаж аваачсан бөгөөд өглөө нь үзвэл юм бүр өөр болсон байлаа. Ногоон өнгөтэй байсан далай цагаан өнгөтэй болжээ. Салхи аятай сайхан үнэр үнэртүүлнэ. Энэ нь бидэнд маш аятай зугаатай байв.
Удалгүй зогсох газар үзэгдэж, нэг цаг болоод онгоц өргөн, гүн устай газар орлоо. Энэ нь ус биш, сүү байлаа!
Бид ядран эрэг дээр гарч сүүн далайгаас шуналтайгаар уув.
Бидний дотор бяслагны үнэр үнэртэж чаддаггүй усан цэрэг байсан бөгөөд тэр бяслаг үзмэгц л бөөлжис нь цутгана. Биднийг дөнгөж эрэг дээр гармагц түүний бие муудаж:
-Хөл дороос бяслагийг зайлуулаач! Би бяслаг дээгүүр явах дургүй, явж чадах ч үгүй гэж хашгирлаа.
Би бөхийж газар үзээд учрыг мэдлээ. Бидний зогссон арал Голландын сайн бяслагаас бүтсэн ажээ.
Тийм, тийм. Битгий шоол л доо. Би чухам үнэний нь ярья. Бидний хөл дор шаврын оронд бяслаг байсан юм.
Ийм учраас энэ арлынхан зөвхөн бяслаг идэж амьдардагт гайхан юу байх вэ? Өдөр нь идсэн бяслаг, шөнө нь ургачихдаг учир бяслаг нь ер хорогдож багасдаггүй байв.
Энэ арал усан үзмийн модоор бүрхэгдсэн боловч онцгүй, үзмийг гартаа атгавал шим шүүсний оронд сүү гарна.
Аралын хүмүүс өндөр гоолиг, хүн бүр гурван хөлтэй учир сүүн далай дээгүүр чөлөөтэй явна.
Талх нь жигнээд идэхэд бэлэн ургадаг тул энэ арлынхан тариа тарих, газар хагалахыг мэддэгүй. Би амттай бал бурам унжуулсан олон модыг үзсэн.
Бяслаг арлаар зугаацан явахдаа бид сүүн урсгалт долоон гол, гүнзгий, амттай шар айраг урссан хоёр голыг олсон юм.
Энэ шар айрган гол надад сүүний голоос илүү аятайхан санагдлаа.
Ер нь арал дээгүүр зугаалж явахдаа олон ч гайхалтай юм үзлээ. Ялангуяа шувууны үүр их гайхалтай байв. Энэ үүр маш том юм. Жишээлбэл, нэг бүргэдийн үүр хамгийн өндөр байшингаас ч өндөр бөгөөд модоор сүлжиж хийсэн байв. Бид түүний дотроос таван зуун өндөг олсон бөгөөд өндөг бүр нь ган хувингийн дайтай юм.
Бид нэгэн өндөг хагалсан чинь том бүргэдээс хорин хувь илүү том дэгдээхэй гарлаа.
Дэгдээхэй дуугарсанд эм бүргэд нисэж ирээд манай онгоцны даргыг шүүрэн авч үүлэнд хүртэл өндөр хөөргөж далайд хаялаа.
Аз болоход тэр сайн сэлдэг учир хэдэн цаг болоод бяслаг аралд хүрч ирэв.
Нэгэн ойн дотор хүнийг цаазаар аваачихыг би үзлээ. Арлын хүмүүс модноос гурван хүнийг хөлөөс нь дүүжилжээ. Хөөрхий тэр хүмүүс уйлан гасалж байв.
Бид тэднээс яачихаад ингэж хатуу шийтгүүлж байгааг асуусанд тэд алс хол аялан яваад ирсэн бөгөөд өөрсөддөө тохиолдсон адал явдлаа худал ярьсан юм гэлээ.
Мэхлэгч нарыг ингэж мэргэнээр шийтгэдгийг би мэдлээ. Яагаад гэвэл би худал хуурмаг явдлыг ер тэвчдэггүй бөгөөд хэзээд үнэн ярьдаг билээ.
Миний өгүүллэгүүдэд худал үг нэгээхэн ч үгүйг та нар өөрснөө анзаараа л байлгүй. Би худал хуурмаг явдалд дургүй, үзэж ч чаддаггүй. Нөхөд маань намайг дэлхий дээрх хамгийн үнэнч хүн гэдэг юм.
Бид хөлөг онгоцон дээрээ буцаж ирээд зангуугаа татаж, гайхамшигт арлаас хөдөлж одлоо.
Эрэгт ургасан модод цөм бусдын зааврыг дагасан юм шиг хоёр ч удаа бүсэлхийгээ хүртэл мэхийж ёслоод хуучин хэвээр болов.
Тэдний тэгж ёсолсонд миний сэтгэл хөдөлж, би малгайгаа авч салах ёс гүйцэтгэв.
Хачин сайхан зантай модод байгаа биз дээ?

0 Сэтгэгдэл:

Post a Comment