“ДҮБЛИНЧҮҮД”-ИЙГ АНХ УДАА УНШААД...


Хэрэв “Мандухай сэцэн хатан” кино Жанцанноров гуайн бичсэн найрал дууны түрлэг, Шаравдорж гуайн нисдэг тэрэгнээс авсан шөнийн зургаар төгсөөгүйсэн бол хичнээн хүний сэтгэлд одоогийнх шигээ хоногшин үлдэх байсан бол, хэрэв Маккартни хаягдсан залуугийн өчлийнхөө сүүлийн таван секунтэд хамраараа ямар нэгэн гутрангуй авиа гаргаагүйсэн бол “Өчигдөр” хүн төрөлхтөний дунд ингэтлээ дэлгэрээч үү, хэрэв Гийом урсан одох цаг хугацааг устай зүйрлэсэн энгийн л нэг санаагаа дахилт болгож хэрэглээгүй бол “Мирабо гүүр” ийм гайхалтай хөгжимлөг шүлэг болно гэж үү гэх мэт гэх мэт гэх мэтчилэн төгс төгөлдөр төгсгөлийн тухай хэдэн цагаар ч ярьж болох байна.
Ирланд даяар будран буй цасны нэгээхэн хэсгийг ширтэн нулимс гилтэгнүүлж суугаа нэг муу хэнхэгийн тухай өгүүлэмж “Үхэгсэд” хэмээх өгүүллэгийг хэрхэн амилуулж буй, эл өгүүллэгийн үхэл хэмээх ахуйн зайлшгүй хийгээд түгээмэл хэмээх чанарыг нээн үзүүлсэн санаа “ДУБЛИНЧУУД” хэмээх түүврийн үзэл санаа, үглэл зүйг хэрхэн жигдрүүлэн зангидаж буйг хөндлөнгөөс харж суух надад хичнээн таашаалтай байв аа.
Төгс төгөлдөрийг эзэмшинэ гэдэг, төгс төгөлдөрийг бүтээнэ гэдэг угтаа төгсгөлийг удирдах урлаг юм байна. Төгсгөлийг эзэмдэгчийн гарт бурханлаг хүчин оршино. Энэ бол авьяас, түүний найрлага дахь хөлс баасны хувиар тодорхойлогдох асуудал яавч биш, энэ бол суу билиг, тийм ээ суу билгийн тухай яриа юм. Авьяастнууд хуулж, суутнууд хулгайлдаг гэж Пикассо хэлсэн. Жойс чухамхүү бурханы оршихуйгаас дур мэдэн хуваалцсан нь, Промотейн үйлдэлээс ч зоримог, санаатай халдлага болсон бөгөөд, үүнийхээ шийтгэлд тэрбээр мань мэтийнхээ зүрхэнд цовдлогдон үлджээ. Ай юутай зол завшаан, зовлон шаналан бэ?


Атлантын далайд, яг л Азийн тэгш өндөрлөг дэхь их гүрнүүдийн дунд хашигдсан Монгол мэт оршигч Ирланд орны нэгэн зохиолч төрөлх хотынхныхоо тухай энгүүн сайхан өгүүлэмжтэй ном бичсэнийг нь сая уншиж дуусгалаа. Амьдралдаа ийм хөгжимлөг, биш ээ хөг аялгуулаг ном уншиж явсангүй.
Хуучин дэглэмийн төгсгөлд Москвад орчуулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн, өдгөө монголын шар хэвлэлийн зах зээлийн нэгэн нөлөө бүхий тоглогч болоод буй Ононгийн Чинбаяр гэдэг ах эл номыг орчуулж, хэлгүй харанхуй над мэтэд нь хэмгүй их буян үйлдсэн юм. Орчуулгын хэл найруулгын хувьд авах юмгүй гэх үгийг надад урьдчилан хэд хэдэн этгээдийн зүгээс сануулсан байсан тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан гэж болно. Гэхдээ Жойсын уншигчид өгөх гэсэн санаа, гол нь бичвэрийн хэмнэл хэмжээг тун дажгүй буулгасан мэт санагдсаныг залгиж идэх шахан уншсаны хувьд ном идээчингүүддээ мэдэгдэхэд таатай байна. Тиймээс түүнд БАЯРЛАЛАА гэж чангаар хэлэх ёстой.
Харин хянан тохиолдуулсан доктор Ж.Батбаатар тун хайнга хандаа юу даа гэж бодогдсон шүү. Кембрижид сэтгүүлзүйгээр мэргэшсэн энэ багшийн 90-ээд оны яруу найргийн тухай докторын ажлыг нь саяхан тун сайхан сэтгэгдэлтэй уншсан хийгээд, “Тавдугаар сарын тэмдэглэл” болон “Эсээ бичихүйн үндэс” зэрэг шимтэй номуудыг нь мэдэхийн хувьд ингэж хэлж буй юм.

Д.Галбаатар багш саяхан хэлж байсан юм. Манай уншигчид молхи толхи найруулгатай, ахуйн романаар хэдэн үеэрээ тархиа угаалгасан учраас сэтгэлгээний үсрэлт жингүйдэлтэй роман уншихдаа хэл найруулгын ээдрээн дунд нуугдсан таашаалын чавхдасыг тэмтэрч чадахгүй төөрөлдөх нигуур их буй тул, модерн, постмодерн зохиолуудыг тайлбарласан ном гаргахаар сууж байгаа гэж. Дублинчуудыг уншиж эхэлмэгц надад чухам багшийн ярьж байсан явдал тохиолддог байна шүү. “Эгч дүүс”-ийг хэд хэд эргэж уншиж байж нэг муу ойлгохчоо аядаж байгаа юм чинь. “Текстийн шоок” гэлтэй юм уу даа.

“Эгч дүүс”. Сонин юм шүү. Жойс ч гэсэн санваартаны жанчны тоос үнэртсэн өгүүллэгээр номоо эхэлдэг нь. Яг ийм эхлэлийг бид Кармазовоос ч харж болно шүү дээ. Надад Алёша хэрэв эгчтэй байсан бол гэж бодогдсон шүү. Ер нь хөгшчүүлийн дотоод ертөнц, эсхүүл сахил санваар сахин ертөнцийн явдлаас хөндийрсөн хүний тухай өгүүлэмж олонх зохиолчдын эхэн үеийн бүтээлүүдэд зонхилдог. Гэхдээ энэ бол миний таашаадаг бичээчдийн хүрээн дэхь яриа л даа. Мэдээж адал явдал, эсвэл садар самуун бичигчдэд тэр хүний нас юуны хамаа. Гол нь хувцасаа хурдан тайлж, гохоо түргэн дардаг байх нь л чухал.

“Учрал” харин жинхэнэ учрал байсан даа. Өгүүллэгийн эхлэл хэсгийг уншиж суухад “Дэлфийн байдал” гэж хэний ч билээ дээ яг фото шиг зураг санаанд орсон. Харин төгсгөл хэсэгт булуу нь халсан эрээс зугатан тал дундуур гүйж яваа хүү нүдэнд үзэгдэх шиг болход уран зохиолыг хүүхдийн болон том хүний гэж ангилан санаж явсан минь ямар бүдүүлэг алдаа болохыг ухаарлаа. Жойс. Шүгэл. Улаан хуудас... энэ бол Учрал улмаар Ухаарал байлаа.

Араби. Жойсын хэд хэдэн өгүүллэг яг л ийм гонсгор атлаа дотор маажсан сонин төгсгөлтэй. Хүний сэтгэлийн бяцхан хөдлөл дээр тоглож, гарцгүй атлаа гэрэлт мэдрэмж төрүүлэх чадвар. Араби захад гартаа хэдхэн зоос атгаад хайртай охиндоо ямар нэг бэлэг олж өгхөөр ирсэн хүү. Түүний тухай уншаад өрөвдөх, өхөөрдөх мэдрэмж зэрэг төрсний сацуу би яагаад ч юм өөрөөсөө жигтэйхэн их ичсэн. “...миний бие махбод яг л босоо ятга адил байх агаад харин түүний үгс утсан дээгүүр нь гүйх хуруу мэт бөлгөө”.

Эвэлин. “Гарын таван хуруу”-гийн том эгч Бат-Өлзийг дагаад далайн чанад явчихна гээд бод доо. Тэхдээ бүр ямар ч хэл үггүй шүү. Яг нэг тийм юм болчих гээд сэтгэлийг баахан дэнсэлгэв шүү. Тарчиг амьдрал, жаргах замын садаа болсон төрсөн гэрийнхэндээ уягдан амьдралын эргэлтийг хулчийн тойрч буй миний үеийн бүсгүйн тухай. Уншиж дуусаад ганц охин дүүгээ хачин их өрөвдөж билээ. Учир нь тэр минь “Ахын дүү” биш харин би л “Дүүгийн ах” юм л даа. Эхээс төрсөн хүн бүхний унших ёстой өгүүллэг. Өөр юу хэлэлтэй вээ дээ.

Уралдааны дараа. Нэвтэрхэд ямар байдаг билээ. Бодох санах юмгүй санаагаараа савах тухай ярьж байна. Согтоогүй атлаа согтуу хүн гэж байна. Согтсон ч согтдоггүй хүн гэж байна. Энэ тухай ихээ тодорхой атлаа товчхон бичсэн өгүүллэг. Энэ өгүүллэг олон талаараа миний амьдралын одоо цагийн форматтай тохирч байгаа юм. Өгүүллэг ингэж төгсөнө:
“Өрөөний хаалга нээгдэж, довжоон дээр гэрэл тусахуйд унгар эрийг тэр олж харав. –Эрхмүүд ээ, үүр цайчихлаа!”

Эрэлхэг хоёр. Хараал идсэн үнэн өгүүллэг. Нэг найзтайгаа уушийн газар номоор мэргэлж суугаад анх энэ өгүүлбэрийг нь уншсан юм:
“Энэ бүхэн түүний өөрийн оюун санааны хоосрол хийгээд халаас нимгэнийг ил тод болгов” оо гэж. Бид хоёр биесээ шоолж нулимсаа гартал инээлдсэн. Харин тэр минь салж яваад судсаа ханачихсан юм. Азаар амьд шүү. Тэрэнд хандаад хэлчий. Амьд яваад чинь баярладаг хүн ганцаар тогтохгүй бий шүү!
Товчхондоо, болзож буй охиноосоо мөнгө гуйж буй, салтаалсан мөнгөөрөө ганцаараа пийв ууж буй хоёр хөгийн гарын тухай өгүүлнэ. Гол дүр, үзэл санаа, зангилаа мангилаа нь юу вэ? гэвэл “Мөнгө” гэж хариулъя. Учир нь энэ бол хогонд дарагдсан Улаабаатартай л адилхан Дублины нэг гудамны гэрэл хавьд өрнөсөн үйл явдал.

Дотуур байр. Эгэл бор бааз зүйл яагаад ч юм надад тун дотно хийгээд үнэн санагдах болсон нь дотуур байраар өнгөрөөсөн дөрвөн жилийн туршид олж авсан хүмүүжил. Тиймээс ч эрээ цээргүй төрх, энгийн байдал хоёрын зааг ялгаа тун гярхай олж харна. Олонх өгүүллэгчид амьдралын залхаг баримтуудаар ацан шалаанд орсон гол баатруудаа шоолоод байх шиг санагддаг бол Жойс тийм биш. Тэрний цөхрөлийн угт ямагт гарц, үгүй ядахнаа дүлэгнэх итгэлийн гал харагддаг. Түүний баяр баясалын ард ямагт цөхрөл, занал тэмтрэгдэж байдаг. Иймээс түүнийг уншина гэдэг зол зовлонгийн үйлдэл билээ.

Үүл. Хүний дотоод руу, ганцаардлаас нахиалсан үйлдлийн уг шалтгаан руу өнгийн харсан өгүүллэг. Авьяас чадвараар нь өөрөөс нь дутуу нь илт хэдий ч амжилтын өндөрт хүрсэн найзтайгаа уулзсан залуу гэртээ эргэн ирнэ. Тэр өөрийгөө шүлэгч гэж боддог. Бусдын шүлгийн түүвэр, халамжит эхнэр, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдарч буй ч түүнд нэг л юм дутуу. Урлан бүтээхүйн хий эмзэглэлээс үүдэлтэй манан тархин дээр нь одоо нэгэнт үүл болон хуралджээ. Тэр үүлс холбирон нүүхэд нүдийг нь нулимас бүрхэв. Эр хүн уйлдаггүй биз дээ?
Нэмж хэлэхэд М.дө Уномуногийн “Хувцасны шүүгээ” бол энэ өгүүллэгийн дэргэд зүгээр л зохион бичлэг.

Хуурамч дүр. Хүн угаасаа хог новш мэт амьдарч хог новш мэт үхдэг гэж нэг еврей хэлсэн гээ биз дээ? Гэхдээ дүр эсгэгч маань еврей биш л дээ. Дунджаас арай доогуур орлоготой, итгэл найдвар нь бараг л унтарчихсан, хашин хүмүүний амьдралын нэг өдөр. Нэг өдөр биш юм байна. Ажил тараад гэртээ ирэх хүртэлх хугацаанд нэгэн хижээл эрд тохиолдсон явдал. Дүгнэлт хийх гэхээр огиудас хүрээд байна. Өчигдөр жаахан савсан явдал бий ч, энэ өөр шалтгаантай огиудас байна даа.

Шороо. Төсгөл. Эхэлсэн юмаа төгсгөж чадна гэдэг жинхэнэ зохиолчийн ажил. Үндсэндээ Жойс юмхнаар юм хийсэн. Нас дээр гарсан хүүхэн хуучин гэрийн үйлчлэгч нь байсан хуурай хүүгийндээ ирнэ. Мухар сүсгийн шинжтэй мэргийн зан үйлд оролцсоны үр дүнд дэмий л сэтгэл сэвтсэнээс цаашгүй. Яая гэхэв. Эмгэн хүүхдүүдэдээ эртний дуу дуулж өгөхөд, идэр эр болсон хүүгийн сэтгэл дэнслэнэ. Энэ хэсэг дээр л Маэстро эцсийн падежаа хийнэ дээ. Под хийсэн төгсгөл. Үүний эх дүр нь магадгүй зохиолчын эхнэр байх гэж би яагаад ч юм бодсон.

Золгүй явдал. Чеховын “Бяцхан нохойн дагуулсан хатагтай”-тай жаахан төстэй ч тийм лайтай нуршуу эд биш. Гол баатруудынх нь насыг хоёроор үржүүлвэл дүрүүд нь таний өмнө ургаад л ирнэ. Хамгийн гол төгсгөл. Би хамтран амьдрагчдаа ахин дахин уншиж өгч залхаасан. Яг ийм шүлэг шиг төгсгөл “Үхдэлүүд” дээр гарч ирнэ.

Ороонго өвсний өдөр. Ямар ч шатны юм бээ дээ. Ямар ч байсан ямар нэгэн сонгуулийн үеэр ухуулагч хийж буй хэдэн хэнхэн өвгөчүүлийн яриа. Зохиолчын шүтээн болсон Ирландын домогт эх оронч Парнеллыг хайрлах үзлээр бичигдсэн өгүүллэг. Төсгөлдөө тун бадрангуй шүлэгтэй. Хэсгээс нь сийрүүлвэл:
Төрөлх Эрин эрх чөлөө гуйнам
Тэрхүү баярын гялалзсан хундаганд
Тэмцэгч Парнелл мөнхөд нойрсч буй гэх
Тодоос тод уй гашууг илтгэх нэгэн дусал байх ажээ.
Манай хувьсгалч С.Зоригийн алагдсан шалтгаантай Парнелын үхэл тун төстэй бөгөөд, он сар нь бараг ижил. Жил бүрийн 10-р сарын 6-нд Ирландчууд эх оронч хүүгээ дурсаж үндэснийхээ билгэдэл ногоон өнгөтэй ороонго өвсний навчийг цээжнээ хатгадаг ажээ.

Эх. Күнээ күүкэд болхаар аргасан баасан, өврээн күүкэд болхаар алтан мөнгөн гэж манай баядуудын нэг явган яриа бас мөнгө улаан нүд цагаан гэх мэт мэргэн үгстэй тун дөхөж очих увайгүй авгайн үйлдлүүдийг Жойс эхийн хайраар сүлжиж, элдэв явдалаар хачирлаад бидэнд илгээсэн байна.
Энэ өгүүллэгийг би арай л гэж уншиж дуусгасан даа. Шуналтай болоод, хар шартай хүн уншваас сэтгэлийн цэнгэл эдэлмой гэж.

Бурханы хишиг. Энэ өгүүллэг миний тархинд нэг л сайн наалдаж өгөөгүй нь хоёр шалтгаантай. Нэгт орчуулагчийн гарын ур хамгийн бага орсон өгүүллэг бол энэ өгүүллэг. Хоёрт библээс ишилсэн үгс, ирланд маягийн егөөдөл цэцэрхэлээр дүүрэн учраас залхааж орхисон. За за. Тууштай итгэгч эсвээс хэрэгт дуртай хүн уншваас зохилтой.

Үхдэлүүд. Дээдсийн хүрээлэнгийнхний талаар гардаг бараг цорын ганц өгүүллэг юм уу даа. Гарахдаа ч харин гарсан шиг гарна даа. Мэдээж үдэшлэг. Сансет бульвардыг санагдуулам өнгө аяс. Үдэшлэгээс хос хоёр гарна. Буудалд хоноглох завсраа эхнэр нь хуучны гунигт дурсамжаа ярина. Бүгд дурсамжын булшиндаа шургах шөнө дөлөөр өгүүллэг төгсөнө. Үхдэлийг та амьд гэдгээ мэдрэхийн тулд ахин дахин унших ёстой. Мэдээж бидэнд амьд гэдгээ мэдэрч өөртэйгээ тулж ажиллах сэлүүн хором хэр их олддог билээ.
Зунгааралдсан хөшүүн бичлэг яван яван эрчилсээр гэнэтхэн тунарсан их гуниг болж төгсөнө. Яг л хүний амьдрал мэт. Үхэл мэт. Гэхдээ диваажинд цас ордоггүй л байх. Ой дурсамж, төсөөлөлийнхөө агшин бүрт бид өөрийгөө ч бусдыг ч оршуулсаар байдаг бус уу?


Ингээд гүйцээ. Дублинчүүд гэж нэг ийм ном, дублинчүүд гэж нэг ийм хүмүүс байх аж. Айриш хэв маяг гээчийг бага сага ч атугай төсөөлж, англи хэл өдий болтол сураагүйдээ анх удаа шархиран харуусах мөчид цонхон цаадах ертөнцөд сүүтийж асан үүрийн гэгээ нарны туяа байсан нь бүхэнд ил болж, харин цонхноос инагш тасдан авч хүчлэн заагласан миний ертөнцөд “Аяа зүрхэсийг цасан ширхэг адислана” гэх үлэмж биет андын минь эгшиглэнт мөр эгшиглэсээр байнам. Аяа анхны цас чи даруйхан орж энэ харанхуй цээж бүхэнд цохилогч зүрх бүхнийг адислаач...!

12 Сэтгэгдэл:

Anonymous said...

хэ хэ гайгүй юм биччихсэн байна. Миний хувьд зузаан номнууд халуун зунаар хэдэн давхар хувцас өмсчихсөн дөч гаран насны суудлын өвчинөөр таргалсан хүмүүс шиг санагдаад та нараасаа нэг л ялгарчихаад байдын:) харин энэ Дублинчуудыг уншихаас... Баяраа надаа уншуулчих тэх үү :( хариу үтэр түргэн байвал зохилтой. Solera

Bexenzvrxt said...

чиний зөв байж болох л юм. Эгч дүүсийг нэг л ойлгохгүй байна. Энэ номыг хойноос нь эхэлж уншиж болох уу. айн

Enbos said...

Орчуулга нь ч, уг ном нь ч өөрөө тийм айхтар сонирхолтой санагдаагүй. Магадгүй сайн ойлгоогүй болоод тэр байх. Дахиад нэг уншмаар санагдчихлаа. Ж.Ж бас их егөөтэй нөхөр өө, "Эгч дүүс" өгүүллэгт Флинн, өгүүлэгч жаалхүү 2 л гол дүр байсаар байхад Элиза, Нэнни 2-р асуудлын төв юм шиг нэр өгчихдөг.

Я.Баяраа said...

Өгүүллэгийн биеийн амилуулна гэдэг тэс өмнөө зүйл гэдгийг ойлгосон минь л олз юм даа.

Авсан номоо уншсан бол өгч бололгүй дээ хөө.

Я.Баяраа said...

Чи шүлгээ хойноос нь бичдэг бол унш унш 9өө

Я.Баяраа said...

Харин тиймээв тэр нэрнээс болоол мань мэт нь төөрчиж байгаам л даа.

Мөнх хас Н.Бэгтэр said...

Мөлжүүртэй уншнаа гэж.Баяраа мэт мэтэчлэн байх тийм саналага сэрэгдэх сайхан сайхан.

Я.Баяраа said...

bayassan gej toimgui.

Я.Баяраа said...

huseed baisan anhnii tsas sereed hartal orchihson bailaa.

Я.Баяраа said...

Хүсээд байсан анхны цас ороод ирсэн нь сайхаан...

arius said...

tuhain nomiig unshihgui baihiin argagui bichjee. olj avch unshinaa

Я.Баяраа said...

zaaval unshih nom doo. Mani metiin huvid

Post a Comment