Алдагдсан цаг хугацаанаас олдсон нэг өдрийн талаар...

“Зуун мянган шүлэгч өөрчлөлтийн төлөө” гэх үгийг сонсоод Обамагийн сонгуулийн уриа л байна даа гэж мэдэмхийрхийн сацуу өндөр хийгээд модерн гэх мэт элдэв хочийг эзэмдэгч нэгэн үймээнч эр лүгээ найрыг үүсгэн согтуурлыг хөгжөөн суух цагт цаг хугацаа нэгэн эгшинд хурдсаж, нөгөө агшинд удааширч, заримдаа таг зогсон тасалдах шахаж, ийм мэдрэмжийг ээнэгшин хайрладгийн хувьд миний бие машид жаргалтай суусаар улмаар байрлалаа өөрчлөн хэвтмэглэж зүүдэн сансартаа салхин сарны явдалыг үүсгэж одсон тул хорвоод нэгэн шинэ өдөр ирсэнийг аль хойно өдрийн арван хоёр цагт сахалт андын гараас дуудлага ирсэнээр сая мэдсэн билээ. Тэр дуудлагаас хойш миний утсанд ирсэн бүх мэдээлэлүүд урьд шөнө “Санчир”-ын босс лугаа ам нийлэн муулж, “америкийн билэг тэмдэг нь Обама биш Осама юм” гэх дүгнэлтэнд хүрхэд хүрсэн мөнөөх урианы тухай байв. “100 thousend poets for change”.
Биеэн дотуур зараа хийгээд бөөс мэт гүйлдэгч этилийн элемэнтүүдээс болж хямарсан оюун ухаанд тэр зуун мянгын эгнээнд нэгдвээс эл хямралаас хялбар ангижирмой гэх мэргэн санаа шууд л харван орж ирж байгаа юм чинь. Давай. Хүүхэлдэйн театр луу алхаад марш.
За тэгээд хүүхэлдэйн театр луу алхах замд урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нэг уймраа нөхрийг олсон бөгөөд тэнд очоод үзчихэд гэмгүй олон гоё нүдний хөрөг байсныг энэ дашрамд дуулгачихъя. Хүүхэлдэйн театрын үүдэнд А.Э ах вээр үсний ихийг хийсгэн тоссон агаад дотогш нэвтэрхүйд европ хийцийн хөнгөн гутал дээр монгол дээлийг асаасан хоёр этгээд шууд нүдэнд туссан бөгөөд ахмад нь Монгольский яруу найрагский дед мороз Урианхай ах бөгөөд арай залуухан нь нэгэн цагт Унгар шүлгийн цоморлигийг монгол хэлээр хэвлүүлсэн уг арга хэмжээг зохион байгуулагч Ганболд хэмээгч байв.
Театрын танхимд тармаглан суусан хүмүүсийг харваас хагас зуу өнгөрүү бөгөөд, бүрэлдэхүүний хувьд хөгшин залуу холилдсон анх харвал жаахан хошин маркийн хэдий ч ахиулж харвал тун дажгүй хүмүүс ирсэн байв. Нэр хэлвэл Увсын шүлэгчдийн багш Б.Норов, Хэнтийн шүлэгчдийн багш Л.Нямаагаас эхлүүлээд дэвэлтэндээ ядрах бөх мэт ч зовхи өөдөө олон өтгөс цуглажээ. Басхүү хувьсгалч Сүхбаатар тэргүүтэй нэгэн жигүүрт суугсадыг харваас дунд эргэм насны хэсэг бүсгүйчүүд, тэдгээртэй нэг бүрчлэн тулж харьцаж, анхаарал халамжийг нямбайлан тавих Агваржин шүлэгчийг олж харж болох байв. Дунд бүсийн ар хавиар мань мэтийн үймээн таригч Камчаткууд байрласан бөгөөд тэндээс түс хийтэл инээд алдах, зориуд мэт чангаар шүүмжлэн хэлэлцэх чимээ байн байн дуулдаж байв. Аа бас хамгийн урд талын суудалд диктафон барьсан нэгэн ялдам бүсгүй байсныг харахын заяа тохиосон байна.
Эл арга хэмжээ болвоос дэлхийн зуу гаруй оронд нэгэн зэрэг зохиогдсон яруу найргийн уншлага бөгөөд манай оронд Ховд, Дархан, Эрдэнэт, мэдээж Улаанбаатарт болсон. Чих алт болмоор олон сайхан шүлгүүд эсрэгээрээ хуурч унамаар хуурмаг мөрүүд ч олон сонсогдож байлаа. Нийтлэлийн чанартай шүлэг уншигдах болгонд хараал тавин өндөлзөх Баттөмөр найрагч тайзнаа гарч нэгэн сайхан шүлэг дуудсан билээ.
Урианхай гуайн “Чачиртын шар ширэнгэ”-ийг амьдаар нь сонсоход мэдээж сайхан байлаа. Ү.Хүрэлбаатар, Дарь.Сүхбаатар нарын ах нар модерн болохыг үнэн санаанаасаа тэмүүлсэн богино мөртүүд уншсаны дотор элэг хатаам хөгжилтэй болоод эргэж бодмоор уран санаанууд цохиж л явна лээ. Жишээ нь Сүхбаатар гуай үүнийгээ Хайку гэж хэлээд байгаа юм:
“Басё нэгэн шавьтай байжээ
Басёгийн шавь нэгэн шавьтай болжээ
Басё шавьгүй болжээ”
Хараа нь муудсанаас бичсэн шүлгээ олж харахгүй хөтлөгчдөөс тусламж эрсэн нэгэн өтгөс нэгэн бие болтлоо амьдрах тухай гэнэн сайхан шүлэг уншсан даа.
Буянзаяа гуайн нарийн бичгийн дарга эгчийг тийм уянгалаг сайхан хүн гэж бодоогүй явсан байна лээ.
Уншлага зургаан цаг болох ёстой болсон бөгөөд дөрвөн цаг өнгөрхөд найр хавтгайрна гэгч болж зарим хүмүүс дангийн даавуу майхан хүртэл тайзан дээрээс уянгалаад авлаа. Хоёр дахь удаагаа тайзан дээр гарагсадын амнаас Манделтамаас эхлээд Блок, Расулын шүлгийг хүртэл сонсох байв.
Ганчимэг гуай:
Мянган хүн чамд дурлавал
Мянгын нэг нь Гамзатов гэж бодоорой
Зуун хүн чамд дурлавал
Зуугийн нэг нь Гамзатов гэж бодоорой
Арван хүн чамд дурлавал
Арвын нэг нь Гамзатов гэж бодоорой
Ганц хүн чамд дурлавал
Гарцаагүй тэр нь Гамзатов гэж бодоорой
Ганц ч хүн чамд дурлахгүй бол
Гамзатовыг үхжээ гэж бодоорой! гэж уншихад хуучны танилтайгаа л учрах шиг болсон доо.
Хүнээс юу дутхав. Би ч гэсэн тайзан дээр гарч Сэмбээ, Сангаа, Иванов, Явуу гээд хайртай найрагчдынхаа шүлгийг дуудав. Улаангом, 7.1 гээд хэрэндээ л шүүмжлэлт үзэл санаатай шүлгүүдээ дуудав. Ойрд тайзан гарч шүлэг дуудаагүй болхоор хөл гар чичирч, нүүр ам улайх хам шинж илэрч ч байх шиг. Явуугийн “Нарс найгаа л, навчис хийсээ л”-ийг уншиж байхдаа дагаж найгаж ч байх шиг.
Уншлагад бодсоноос цөөхөн хүн цугласны учир нь Өд сангийн тэргүүн бас нэгэн Ганболд тэрэлжид Чойномын төрсөн өдрийг тэмдэглэж цөөнгүй хүн цуглуулсантай холбоотой байх. Гэхдээ л хайрлах зүйл нэгтэй түүндээ үнэнч хүмүүсийн уулзалт хойно халуун дулаан уур амьсгал бүрдэж, халуун элгэн нутгаар өндөрлөсөн юм. Тэд мэдээж таашаалаа бататгаж тав арваараа хэлхэлдэн уушийн газрыг зорьсон нь ойлгомжтой. Тэгээд дорнын цагаан саран дор шөнөжин дуулж хоносон биз ээ.

8 Сэтгэгдэл:

Bexenzvrxt said...

аанхан нэг ийм юм болжээ.

Я.Баяраа said...

harin tiimee neg tiim yum...

ollie said...

Мянган хүн чамд дурлавал
Мянгын нэг нь Гамзатов гэж бодоорой
Зуун хүн чамд дурлавал
Зуугийн нэг нь Гамзатов гэж бодоорой
Арван хүн чамд дурлавал
Арвын нэг нь Гамзатов гэж бодоорой
Ганц хүн чамд дурлавал
Гарцаагүй тэр нь Гамзатов гэж бодоорой
Ганц ч хүн чамд дурлахгүй бол
Гамзатовыг үхжээ гэж бодоорой!

таалагдлаа. ;)

Я.Баяраа said...

gamzatov, suleimenov, ivanov...

Anonymous said...

Мянган хүн чамд дурлавал
Мянгын дотор Гамзатов бий гэж бод
Зуун хүн чамд дурлавал
Зуугийн дотор Гамзатов бий гэж бод
Арван хүн чамд дурлавал
Арвын дотор Гамзатов бий гэж бод
Нэг хүн чамд дурлавал
Нэг чинь Гамзатов шүү гэж бод
Ганц ч хүн чамд дурлаагүй бол
Гамзатовыг үхсэн гэж бодоорой

уг шүлгийн эх орчуулга нь ийм юм. Зөв хүргэхийг хүсэж коммент хийлээ. Д.Ганчимэг

Б.Баясгалан said...

Тэр ч яахав, Дэлхийн яруу найрагчидтай нэгдэнэ гэж яваад Монгол улсын иргэн харъяатаасаа гарчихаад байгаа хоёр хүн байгаа шүү. хэхэ

Я.Баяраа said...

Д.Ганчимэг..,

OO yanaa. Ganaa egch ee. Eniig neg amisgaagaar bichitstsen bolhoor shuud tarhind buusnaar ni buulgatstsiimaa. bayarlalaa. zasya.

Я.Баяраа said...

Tagtaa..,

Frans uls nadad uls turiin orognoloo zuvshuirsnuu medegdsen. he he

Post a Comment