Элчилгүй зүүдний огторгуйдаа эргэн уулзая даа ах минь...


Сүүлчийн удаа гэж ярих хичнээн дуртай яваа вэ? Гэвч сүүлчийн удааг мэдрэх хичнээн хэцүү юм бэ?
Сүүлчийн удаа би түүнтэй Арслантай гүүрэн дээр таарсан юм. Нээгээд удаагүй шатрын клубынхаа хананд хадхаар хэдэн зураг торонд хийгээд барьчихсан баяртай үедээ зүрхнээсээ нэвт гэрэлтдэг тэр л нүдээрээ инээмсэглэн алхаж явсан юм. Тэр ангид тунгалаг харц ч бас сүүлчийн удаа байж. Тэгээд бид хоёр клубт нь очиж өнөө зурагнуудыг нь тогтоосон юм. Бага зэрэг далий байсан ч яахав дээ яваандаа засрана биз гэж инээлдсээр тэндээс гарч билээ. Удахгүй урлангаа тэнд байгуулна гээд ах минь хүүхэд шиг хөөрчихсөн явж билээ. Бодлерын тухай, Ирланд орны тухай, Жойс гайхалтай дуучин байсан тухай бид ярилцсан юм. Бас хотод хэрхэн хөлөө олох тухай, нүүдлийн шувуу шиг амьдрал чинь нэг л өдөр цэгцрээд ирнэ, тэмцэх хэрэгтэй гэж хэлээд хоолны газар луу дагуулан алхаж явсансан. Хоос оргисон тэр гудмаар орой яаж харина даа.

Нар жаргахын алдад суль өвс үүрэн толгодыг оройд мацаж гараад уруугаа инээмсэглэн ширтэх тэр гэгээн хөвүүний төрхөөр та дүүгийнхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ.

Элчилгүй зүүдний огторгуйдаа эргэн уулзая даа ах минь...


* * *

Түгших зүрхийг чинь би сонсож байнам
Түнэр харанхуйгаас юунд тэгтлээ айнам, чи
Тэргэл сартай наймдугаар сарын бөөрөг манхадад
Түмэн зул бадамлах адил суль өвс гэрэлтэн буй
Тулганд цог улалзана... өвгөн сульчны үлгэр саяхан жаргажээ
Тэргэл сартай ийм үдэш майханд шургаж хэвтэхийг хэн хүсээ гэж
Тэнгэрийн солир харвахад хэн нэг нь сэрүүн нулимна
Таваглаатай тэмээ хивж, чөдөртэй морьд тургилахаас өөр аниргүй
Хөвөн үүлс зулсан мэт замын турш торгон элс нургилна
Хөл хатгах зангуу хааяа дайралдаасай
Хонгорхон, танхилхан чиний аяглахыг харахсан
Бадамлан гэрэлтэгч суль өвсийг баруун гартаа өргөөд
Балар харанхуйд замыг чинь би гийгүүлнэм зээ

1990.10.02


“БАРУУН ГАРТАА БАДАМЛАГЧ СУЛЬ ӨРГӨН ОДДЫН ЗӨРЛӨГ ДЭЭР НАМАЙГ ХҮЛЭЭХ ЦОЛМОН САХИУС”
хэмээх бүлэг шүлгээс...

6 Сэтгэгдэл:

С.Начин said...

Дээд хутагын амгаланг олж энхжингийн орноо залрах болтугай....

Я.Баяраа said...

Бадамлан гэрэлтэгч суль өвсийг баруун гартаа өргөөд
Балар харанхуйд замыг чинь би гийгүүлнэм зээ

М.Хангал said...

Энэ өдөр аль эрт дууссан.

Гэвч би суусаар л...

Solera said...

бид... дахин төрөхөөр явдаг.

Арима said...

ineemseglesen gegeen ahan...

ug zangiran or honduurlem uchralt hagatslaar duuren horvoo chi

Bayasgalan said...

*Бодлерын тухай, Ирланд орны тухай, Жойс гайхалтай дуучин байсан тухай бид ярилцсан юм. Бас хотод хэрхэн хөлөө олох тухай, нүүдлийн шувуу шиг амьдрал чинь нэг л өдөр цэгцрээд ирнэ, тэмцэх хэрэгтэй гэж хэлээд хоолны газар луу дагуулан алхаж явсансан. Хоос оргисон тэр гудмаар орой яаж харина даа.*

Post a Comment