Өчигдөр, өнөөдөр, маргааш...

1. ХатанБүүвэйБаатар минь өчигдөр төрсөн юм. Түүн шиг ойлгомжгүй нөхөртэй дотно сайхан нөхөрлөл үүсгэсэн минь Мэнь Хуй Рань хийгээд Ли Бо, мэдээж Артур, Поль хоёрыг хааяа надад санагдуулдаг билээ. Навчисын дуучийг надтай учруулсан намрын тэр исгэлэн өдрүүдэд талархнам...

* * *
Миний шатааж амжаагүй
Навчсыг норгож
Сая яг тэнд аадар буусан
Тэгээд л...
Мөрөөдөл үүл мөргөж
Шувууд цэцэгсийг гээсэн байж
Захаа босгоод
Энэ замаар явахад
Сарыг олж л таараа
Яг л өшөө авагч шиг очно доо
Миний навчыг шатаалгаагүйн чинь төлөө.
2006.3.10



2. Өчигдөр Тогосоогийн төрсөн өдөр байлаа. Нулимастай нүднийхээ гүнээс хуурай нулимас унаган байж уулзаюу гэж санасан ч зарим өдөр зарим үйл явдалд багаддаг тэр л янзаар өрнөөд өнгөрлөө.

* * *
Гарах гарцгүй дөрвөн хананы дунд
Гаслал зовлонгоор дүүрэн нүднийх нь өмнө
Гэгээн хүслээс минь оргон одсон өнчин ганц нулимсаа
Газар унагах эрхгүйдээ цурхиран уйлнам би
Бүдүүлэгийн дунд түүн шиг аашлаж
Бүрэнхийн дунд сохор юм шиг тэмтчиж
Нарны гэрэлд нар юм шиг цэлмэсэндээ
Надад өөрөөс минь илүү гэм нүгэлтэн гэж алга
Өршөө, цурхиран урагдах минь
Өрөвдмөөр өчүүхнийгээ хорсон шаралхах минь
Бурхан гэж итгэл төрүүлэх минь
Би өөрийгөө доромжлон басамжлах минь
Дууслаа, ингээд энэ жүжиг нурлаа
Дураараа дарлагдмал нэгэн дүрээ голлоо
Цэв цэлийсэн, хатуу хязгааргүй огторгуй минь
Чиний дэргэд би нулимсаа нуухыг хүсэхгүй
Дөрвөн хананы дунд, дөрвөлжин оршихуйн гүнд
Сул халуухан урсана, цээжин дотор минь.

2007 он Улаанбаатар



3. Өнөөдөр харин Нямдоржийн маань гурав дахь номын нээлт. Их сургуулийн II байрны 364 тоотод болох юм. Энэ өрөөнд бид нэгэн үед дугуйлан хэмээлдэн цугларч, галтай үгс биедээ чулуудан, нялхасын өвчнөөр өвчилж явлаа. Голомтондоо эргэн нэг уулзая гэж санамуу. Иртүгэй...

***
Гэгэлзтэл бороо шивэрнэ
Гэрийн бүслүүр чангарсаар
Гэнэт болзоо шиг тасарна

***
Одод живчихжээ
Огторгуйн цээлд
шувууд л сэлнэ.

***
Шинэ ногоон дунд
Хуучин чулуу хэвтэнэ.
Шувуу ирж суув аа.



4. Аа харин маргааш Начин маань “Болор цом”-д мордох өдөр. Шударга шүүвэл миний дүү түрүүлнэ ээ. Гэхдээ хамгийн зөв үнэлгээ ч хамгийн зөв үнэлгээ биш гэдгийг тэр мэдэх буй за.

Цонхон цаана

Гишүү хугачих чимээнээр
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ

Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална

Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр

Цонхон цаана тодроод л арилна ....

11.07.27 Төв аймаг Манзушир хийд

6 Сэтгэгдэл:

slngo said...

Margaash.d AMJILT :)

Б.Баясгалан said...

Ямар эвгүй эвгүй нөхдүүдийг нэг дор цуглуулчихваа чи? хэхэхэ

Я.Баяраа said...

Margaashiin shulegch.

Навч шиг... said...

íà÷èíä àìæèëò

Жаргалсайханы ОРГИЛ said...

Бүгдэд нь амжилт хүсье.

Я.Баяраа said...

bur chin zurhneesee

Post a Comment