"Огторгуйн далай" яруу найргийн наадам...


Өчигдөр буюу нэгдүгээр сарын гучинд Улаангом хотноо Ойрадын их бичгийн хүн Равжамба Заябандида Намхайжамц буюу Огторгуйн далайгийн нэрэмжит "Огторгуйн далай" яруу найргийн наадам долоо дахь удаагаа зохиогдож, тэргүүн шүлгийн цомоо өчүүхэн надад хадгалуулав.
"Огторгуйн далай" яруу найргийн наадам насанд хүрэгчид болон хүүхэд гэсэн хоёр шатлалтайгаар зохиогдож, насанд хүрэгчдэд Б.Дагьмэд, Б.Батхишиг нар удаалж хүүхдүүдийг Хяргас сумын сурагч Энхтайван тэргүүлэв.

Гэрэл гэгээний тухай хамгийн гэгээн төсөөлөл минь ч...



Гэрэл гэгээний тухай хамгийн
гэгээн төсөөлөл минь ч
Гэртээ ирсэн өдрийн тунгалаг
үүртэй эгнэшгүй.

Эгэл жирийний тухай эрхэм
нандин хүсэл минь ч
Эргэж гэртээ ирсэн тэрхэн
мөчийг гүйцэшгүй.

Өнө мөнхийн тухай хамгаас
гүн бясалгал минь ч
Өргөө гэртээ үдэх амгалан
өдрүүдтэй эгнэшгүй.

Хайр, итгэлийн тухай хамгийн
уянгат мөрүүд минь ч
Халуун бүлээрээ хэлэлцсэн бүлээн
үгсийг гүйцэхгүй.


2009.07.30
Улаангом

Хамгийн дээд өнгийг орилсоор...


Хамгийн дээд өнгийг орилсоор
Модод хөлдөхөд
Ханасан тэнгэр
Хов хоосон

. . .

Увсын НОРОВ.


“Уйтмен, Нямсүрэн хоёр минь л жинхэнэ яруу найрагч. Тэр хоёрыгоо л шүтэх юм даа...”. Хязгаар нутагт үсээ цайтал сууж Увс нутгийн бичгийн хүн болох хүсэлтэн залууст урмын ташуур, ухаархын шимээ хайралсан эрхэм багш минь хааяа очих бүрт энэ л үгийг хэлнэ. Увсын ард түмэн зохиолч гэхээр Норов гуай шиг л хүн байдаг гэж төсөөлдөг байх. Учир нь тэр энэ л олныхоо дунд залуу насаа элээж, тэднээсээ бас нас буяныг нь хүртэж, гурван ямхын хулсыг барьж эндүү ташуу бичсэнийхээ төлөө нэр ашгийг эс хөөсөн жирийн иргэн билээ.

Хуучин дэглэмийн үед дарга ангийн дайчин байлдагч байгаагүйнх нь төлөө түүнийг аймгийн “Тэргүүний малчин” сонины эрхлэгчээс илүү дэвшүүлээгүй гэлцдэг юм. Магад өөрөө ч энэ хязгаартаа мөнхийн уяатай гэдгээ мэдэрсэн юм бил үү. Тэр тухай нь асуух бөх зүрх надад алга аа.
“...Омогшил надад бий гэвэл
Үнэнийг өмөөрч
Үсээ цайлгасан минь заяа байж мэднэ”. Тэр ийн учирладагаас л тэр ээ.

Бал даргын талбай дээр монголд анх ардчилалын төлөөх жагсаал хийсэн залуусыг зэрлэгээр зодон тарааж уг жагсаалын тухай мэдээг хав дарсан, өдгөө цагсан бол хачирхан зэвүүцэм, тэр цагтаа бол айдас хүрэм үйл явдалын гол баатрууд нь бас л өнөө Норовын тойрон хүрээлэгчид байлаа. Хожмоо тэр залуусын зарим нь нэгдэн утга зохиолд шинэ өнгө аясыг эрэлхийлсэн “Зүс бүгэг андууд” номоо хэвлүүлсэн билээ. Энэ ном бол ердөө л хэсэг ойворгон залуусын хий шаталт бус хязгаар нутгийн ард түмний эрх чөлөөний тэмцэлийн энгийн жишээ байсныг өдгөө ч зүгээр л үл анзааран мартаж буй нь харамсалтай юм.





Увсын зохиолч Билэгийн Норов. Тийм ээ, “Үл мартагдах түүх” тэргүүтэн үргэлжилсэн үгийн, “Зүмбэртэй өргөө” тэргүүтэн яруу найргийн, “Үнэмшиж болмоор явдал” тэргүүтэн хүүхдийн зохиол, дурдатгалын арав гаруй ном хэвлүүлж, “Тэргүүний малчин”, “Тулга” “Увсын давалгаа” сониныг эрхлэн гаргаж, өдгөө ч Монцаме агентлагийн аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж буй энэ буурал “Увсын” хэмээх тодотголыг нэр мандсан их хүчтэнүүд, гавьяатан зүтгэлтэн жүжигчин даргачин нартай булаалдан эс гэхэд хуваалцан хүртэх, нэрийнхээ өмнө дуудуулах эрхтэй хүн билээ. Магад ингэж дуудах нь л түүнд гүн хүндэтгэл мэт санагддаг биз ээ. Гэвч энэ тухай нь ч би бас лавлан асууж эс зүрхэлнэм.
“...Байхгүй юм бидэн хоёрт байгаагүй нь үлгэр мэт
Бардам мунхагаас чиний ичсэн чинь үлгэр мэт...”. Тэр ийн үлгэрлэдэгээс л тэр билээ.



ҮЛГЭР МЭТ

Чамтай учраад ертөнцийг мартсан минь үлгэр мэт
Чамайг хайрлахдаа өөрийгөө чамласан минь үлгэр мэт
Байхгүй юм бидэн хоёрт байгаагүй нь үлгэр мэт
Бардам мунхагаас чиний ичсэн чинь үлгэр мэт
Хүүхэд шиг гэнэн гэгээн байсан чинь үлгэр мэт
Хүүхнүүд шиг эрхэлж ээдэрч сураагүй чинь үлгэр мэт
Харз шиг нүдэндээ хадгалах мөрөөдөл чинь үлгэр мэт
Хацрынхаа туяанд ичингүйрлээ нуусан чинь үлгэр мэт
Надад шивнэсэн хөөр, гуниг хоёр чинь үлгэр мэт
Намрын өвс шиг найгаж хүлээсэн чинь үлгэр мэт
Цагаан хурга тэврээд нэн өхөөрдсөн чинь үлгэр мэт
Чамайг үнсээд ээж минь “Бурхан хайрласан юм” гэсэн нь үлгэр мэт.

1993.12



* * *

Эрвэлзэнхэн төрсөн чиний нэр шиг
Эгшиглэнтэйеэ бусдын сэтгэлд очихсон
Ээдэрсэн бодлын буданг сөхөж гараад
Эндээс холын хол чамтай хөтлөлцөн гүйхсэн
Хонгорхон чиний гэр шиг
Хоногийн газраас мөнгөрч үзэгдэхсэн
Холын хүн хараад хатируулан буумаар
Ногоон дэнж дээр цэмцийж л байхсан.
Уураг цай нь өдрийн газар ханхлах айл байхсан
Унтаад сэрэх тоолон миний дэргэд чи суугаасай
Ус мөрөн шиг шөнөжин хатируулж
Утгын их алсад хамт одохсон
Уулын өндөр шиг харууц болж
Урин цагийн сэвшээг хацартаа эрхлүүлэхсэн
Чиний бодлыг дагуулан
Алтан гургалдайн нутгийг зорихсон
Чилж хүлээсэн аянаас алжааж ирээд
Чиний дэргэд сууж хөөрхөн хүүгийн өрөвлөг үнэрлэхсэн.

2001



УЧИРЛАХУЙ

Амьдралдаан би
Алдсан юмтай гэвэл
Амраг чинийхээ сэтгэлтэй тэнцэх
Амин голын шүлэг бичээгүй байж мэднэ
Ард түмнээн чамлан сэхүүрч
Аав ээж хоёроон халаглуулсан байж мэднэ
Өөр бусаар алдсан гэвэл
Өршөөл мөршөөл хэнээс ч гуйхгүй
Өчүүхэн амьтан байсан гэж биеэ гээхгүй
Өндөр тушаал алдар гавьяагүй гэж гутрахгүй
Олноос илүүд бодох
Омогшил надад бий гэвэл
Үнэнийг өмөөрч
Үсээ цайлгасан минь заяа байж мэднэ
Үлгэр адил наслах эх орноо
Үггүй хайрласан минь буян байж болно
Өөр бусаар гавьяатай гэвэл
Өөрийгөө өвчлүүлж хоосон ханхалзахгүй
Өнөр олноос илүүд бодож яасан ч зүрхлэхгүй
Өөрөөр байж чадаагүйдээ хэзээ ч халаглахгүй.

1993


* * *

Үнэхээр сайхан юмыг хүнээс
Үхэд булаан авч дийлэхгүй
Зүрх сэтгэлийн минь далайд цэнгэх чамайгаа
Зүг зүгийн тэнгэрт би даатгасан юм.

Зүдэг зөнөг амьдралын тортог тоосонд
Зүс ааш хоёр чинь хэзээ ч гандахгүйд итгэ
Зүүнээс айлчлах үүрийн зүүдэн туяа
Зүсрэх тоолон чи минь улам гоо болноо.

2003.04


* * *

Үнсэж өхөөрдөх тоолонгоор
Үр ачийн минь ухаан цэлмэж өсдөг юм.
Үндэс бөх модны мөчир бүхэнд нь
Үргэлж хөхөө өвөөлж цэцэглэн болж цэнгэдэг юм.

Үер бороо болоод ус жаварт
Үрээ дааганы туурай хат суудаг юм
Үзэж туулсан амьдралд хүний зураг ялгарч
Үе зууны сунгаанд ухаанаа сойдрг юм.

Зунаас зунд үр ач минь
Зулзган мод болон ургаж чангарна
Зуун жил зуузай холбон одоход
Тийм л заяаг дөрөөлж мордоно

Өвлөөс өвөллд үндэс мөчир минь
Өглөөн жавраар зүлгүүлсэн тэнгэр болж цэнхэрлээсэй.
Өөнтөгч амьдралын зүсгүй зүдгүүрээс өөрийгөө аварч
Өлзий ерөөлтэй бүхэнд удам судраа нэрлүүлж яваасай.

2002.12



* * *

Салхины намирах зүг
Миний ирэх зүг болой
Садарсан цэнхэр бороо зүсрүүлсээр
Сайвар морьтой зочин ирэхийг тосогтун
Санаа алдан алдууран чагнамаар
Нэгэн эгшиглэн тэр зүгээс бүчнэм зээ
Нээрээ энэ чинь хэн билээ хэмээн
Нэгэн цагт хажуу нөхрөөсөө асуугтун
Санаж хүлээсэн амраг шиг зөөлөн бороо шиврэхэд
Сайн хүний нэр дүр хоёр таны амрыг айлтгаму

2001.07.24

So... so... баярласандаа л бичив

Ширээний ард ялангуяа пивотой ширээний ард лайтай бодол төрөхийн... Эртээр Мөнгөн цомоос буцаж явтал хоншоортой хүйтэн байв. Дүү нар цай уулгая гэв. Боргио гэдэг сайхан
цай... Нуулгүй хэлэхэд би жаахан ичсэн шүү. Ямар гавъяа байгуулсан учраас ингэж хүндлүүлж байгаагаа ч ойлгоогүй. Батхуяг хэлсийн. Энэ хүүхдүүд зүгээр л ”сонгогдчихсон хүүхдүүд” гэж... Би заримийг нь ч сайн танихгүй. Fuck… гэхдээ Энэ Начин л нэг зэвүү хүргээд байна.
Найз Улмаагийнхаа тухай бичсэнийг үзээд шүү. Хажууд байсан бол нам цохимоор бичдэгийн... Яахав үнэнхүү хоншоор нь хүрвэл залгуулаад бичээрэй... бүүр их зэвүү хүргээрэй... Хүрээ хөвгүүдийнхээ тухай бичье гэхэд эргээд тэр сайхан цагийнхаа тухай дурсамж төдий зүйлтэй л үлдэж... Харин яг тэр үеийн халуун, үнэн, зэвүү хүргэж, хорхой хөдөлгөм ганц ч тэмдэглэл алга.
Дурсамж аягүй алгуур save-лэгддэг байх. Ямар нэгэн хашилт хаалтанд хийж аваад... Яг энэ цагийнхаа тухай шүү. Хэн хэн байна. Юу гэж бодож байна. Энэ хүмүүс бидэн шиг 20 жилийн дараа хэн болцгоох бол гэж бодохоор хамрын самсаа шархиараад байхийн.
Тулалдаанд зөвхөн Начин шонхорууд нисдэг бол... нисдэг л бол шүү. Чи тэдний тухай яг үүн шигээ л бич. Задгай бич. Зөв бичих дүрэм, үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн алдаа хамаарахгүй...танхай бич... байгаагаар нь бич, чамайг хэн дүн тавина гээд чичлээд байгаан,,, Зүгээр л, So so бич. Тэр цагт чинь чамайг үсэртэл чинь алгадамз. Дахиад уран зохиолд ийм дэлбэрэлт та нарынх шиг иртэл 20 жил хүлээнэ шүү. Зүгээр л Underground амьдралаа бичиж үлдээ. Бид яг та нар шиг амьдарч байсан болохоороо л та нарт хайртай байх юм байна шүү дээ. Нэг л тийм нүд шүд нь гялалзсан.
Савка ах нь зүгээр л... so so баярласандаа л бичив. Нударгаан зангидаж бичив. Дэлхийн бацаануудыг дарамтлагч өдөр бичив. Гуцав.

???Асуултууд???


* * *
Санаа алдалт минь
Яаж харагдаж байна
Тэнгэр ээ.
Санаандгүй, уудмыг
Дурандах минь
Ямар харагдаж байна
Сэтгэл хөдлөл өө.
Сайхан бүхнийг
Хүсэн дайрах минь
Ямар харагдаж байна
Зан төлөв өө.
Би ямар харагдаж байна
Мөн чанар аа.


* * *
Элс яаж нүүдгийг
Чи мэдэх үү?
Би элс.
Нулимс яаж урсдагийг
Чи мэдэх үү?
Би нулимс.
Гол зуран
Дотогш яаж чангаахыг
Чи мэдэх үү?
Би чангаалт.
Хоолойд амьсгал
Хуралдан яаж хатуулддагийг
Чи мэдэх үү?
Би хатууралт
Хөөе чи мэдэх үү...
Энэ бүгдийг...




* * *
Яруу найрагч
Н.НаРаНГэРэЛ

. . . Эх орон


Малгайн уур адил манан дээшлэх өглөө
Мандах нарны өлмийд дуншиж цэцэгс ургана
Монгол бичгийн адил бороо шиврэх үдэш
Моддын мөчир дагаж навчсын нулимс урсана
Судар мэт ийм л сайхан нутагтаа
Шувуудын жиргээнд уярч удаан амьдарна аа би

Хөхний толгой адил хүрэл шовх оргилыг
Хүү нь ижийгээ хөхөх мэт будан үлгэж хононо
Хэцэн дээр суусан болжмор хэлээрээ хөгжимдөөд
Хэвлээрээ унасан манан боргон дээгүүр нүүдэллэнэ
Урлан мэт ийм л сайхан нутагтаа
Уусан нялхарч удаан амьдарна аа би

Норж нэвтэрсэн өвсийг алгандаа өргөхөд
Нойтон агаар үнэртэн тэнгэр цэлмээд
Нарнаас сүрэглэн буух алтан цацрагууд
Номын хуудаснаа шингэж тарни болно
Уншиж ханамгүй ийм л сайхан нутгийнхаа
Утганд шимтэн удаан амьдарна аа би

Гоёмсог тэргүүнээ өндөрт өргөн голын тэртээгээс буга хатирхад
Гандуу дээлтэй өвгөн хуурч шиг салхи үе үехэн сэвэлзээд
Говийн зэрэглээнээс алдуурсан хулан гал зүсээ хувилан ирж
Ганц цагаан гэрийн минь гоёлын даашинз шиг нутгийг үнэрлэн зогсоод хүлэг болно
Өөрөөрөө гоёдог Эх орныхоо
Өлгийг задлан нойрстолоо удаан амьдарна аа би







Яруу найрагч Цэвэлмаагийн ЭНХБОЛДын блогоос

Шаналанг үргээгч мухлаг...


Шаналанг үргээгч мухлагтаа
Шар айраг заран суудаг
бүсгүйг
харах
гэж
Шаналан бүхнээ биедээ хураагаад
Шар айраг шимэн суудаг.
Тэр мухлагийг зорих минь үнэндээ
Шаналал бус тэмүүлэл байдаг
Тэмүүлэл минь шаналалд хувирхыг
Шаналал минь шархиран тэмүүлэхийг
Тэвчиж ядан би,
үүдийг нь
гаднаас нь
аяархан
хаадаг
даа.




2010.12.21
"Ялгуун"

ӨВЛИЙН ШҮЛЭГ


Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг харнам.
Тэр ододын дор төрсөн гэр минь буй
Зузаан ботийн хуудас эргэх шиг
Хуйлраа салхинд цас угалзран буй
Дулаан хөнжилдөө эрх дүү минь
Зуныг зүүдлэн нойрсож буй.
Илч уугисан галын гэрэлд
Унийн толгой улалзан буй
Ижий аавын орны хөлөөр
Илгэн гос нь түшилдэн буй.

Гэнэн цагийн гэрэлт дурсамж
Гэнэтээр сэтгэлд жавар сийгүүлж
Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг
Урьд урдаас шунаглан ширтнэм.
Тэр ододын дор төрсөн гэр минь буй
Инээд хөөрийн минь цуурай шингэсэн
Банзан хашааны хөлд, овойх цасан дунд
Их л багадаа тарьсан улиангарын минь
Идэрхэн бие гэрэлтэн буй.







Үхэр жилийн өвлийн эхэн хулгана сар.
Улаанбаатар хотод цас бударч сэтгэл үймүүлэхийн завсар
төрсөн гэрээ нэнд санан бичвэй.

Өнгө засал төдий цасан замыг хучиж...


Өнгө засал төдий цасан замыг хучиж
Өршөөлгүй жавар хацар алгадах авч
Даарсан ч хувцсан дотроо нүцгэн яваа
Даруухан ч төрхөн дороо асаж яваа
Солонгон гэрэлт охин энгэрт дэлгэрсэн
Солиормоор, хүйтэн өвлийг үзэн ядаж чадахгүй нь

Цалгиж халгисан намар амьсгал татмагц
Цаг хугацааны цөллөгт намайг илгээсэн ч
Мөс мэт тунгалаг гоо сайхны өмнө
Мөхөсдөн мэхийх минь шийтгэл биш
Дурдатгалын мананг сарниагч үзэсгэлэнт өвөл
Дуусаж, дурсамж амилах л жинхэнэ цөллөг.




2011.01.01
Дархан