ЭС МАРТАХ, ҮЛ МАРТАГДАХ...

Хээнцэрлэл, даган дуурайхуйд автагдсан цаг үеийнхээ л бүтээл хойно, хямдхан мөртлөө үнэтэй харагддаг хувцас шиг санагддаг байсан тэр бүсгүйд би гомдож туниж явсангүй ээ. Гэхдээ, болох ёстой юм болдгоороо л болоод өнгөрсөн гэж бодож чаддаггүй минь л хамгаас гунигтай. Түүнээс, цадиггүй тэнэгч, эх адаггүй гунигчийн хоёрдмол хам шинжийг мэдрэхдээ, өөрийгөө уйтгарт дурлалын туужийн гол баатар мэтээр төсөөлдөг байсан минь өөр хүний нүдээр бол бидний хамгийн сэтгэл хөдөлгөм дурсамж юм уу даа. Гэхдээ тэр сэтгэл хөдөлгөм дурсамж л надад хамгаас үнэ цэнэгүй санагддаг юм.
Яг юу нь түүний дүрийг өдий хүртэл миний сэтгэлд шидтэнд хараагдсан хунгийн дүрээр хориод байна вэ? Магадгүй түүнээс ямар нэг юм надад, яг л цамцанд тогтсон толбо шиг наалдаж хоцорчихоод, өөртэйгээ ярилцах тоолонд минь сэтгэл хөндүүрлэж холгоод байгаа хэрэг. Сэтгэлийн толбыг хэмжээлшгүй их нулимасаар л арилгаж болно. Гэвч миний зүрхэнд түүнд зориулсан дусал нулимас ч үлдээгүйг санаатай санамсаргүй таарах бүртээ мэдрэх юм.
Хэн хэнийхээ өмнө эгэл энгийн байж чадаагүйнхээ төлөөсөнд хэн хэнийгээ ингэж зовоож явна гэж би хааяа боддог . Гэвч, шархиран урагдах зүрхний минь чимээ түүнийг сэтгэлийг сэргээдэг байх гэхээс үзэн ядахаасаа өмнө ичингүйрэх энэ дорой сэтгэлээ хэрхэхсэн билээ. Тэр бүсгүйн сэтгэл надад мөрөөдөл шиг минь нэвтэрч, тэр бүсгүйн бие цогцосонд тэмүүлэл мөрөөдөл минь шингэжээ.
Үүрд хамт! гэх үгс нь үнэндээ хэзээ ч надад үнэмшилтэй сонсогдож байгаагүй. Чин үнэндээ үхэн үхтэлээ түүний дэргэд амьдарч чадна гэдэгтээ би итгэхгүй байсан юм. Итгэхийг ч хүсээгүй юм. Гэвч, цаг хугацааны үнэнийг ойлгох тусмаа амьдралаа хэн нэгэнд зориулна гэдэг амьдралын мөн чанар нь юм байна гэдгийг ухаарлаа. Мөн чанар луу минь хөтөлсөн олон олон дүрүүд дундаас хамгаас тод нь болох тэр бүсгүйг, тийм ээ сэтгэлд минь тод улаан толбо үлдээсэн түүний үнэрийг хааяахан мэдрэх болсон минь хаврын урь сэтгэлд минь ч бас унасны гэрч биш гэж үү? Усан шалбааг, уур манан татуулсан сэтгэлийг минь тэр хүлээн авч чадах болов уу?
Түүнийг ахин тэврэнэ гэхээс анхны үнсэлт шиг эв хавгүйхэн мэдрэмж төрөөд байгаа ч, энэ мэдрэмж минь, ялтаны сандалд суугаа хар багын амрагаа тангарагтануудын дундаас харж суугаа Нехлюдовынхоос онц ялгаагүй санагдаад байгаа ч, одоо л түүний дэргэд үүрд үлдэхгүй бол тэрнийг сэтгэлдээ булшилхаас өөр арга зам надад олдохгүйг мэдэрч байна. Тэр булшны дэргэдээс цааш итгэл дүүрэн хөдлөх итгэл надад үлдсэн гэдэгт итгэхгүй байна. Гэвч, түүний өмнө яг л анхных шигээ инээмсэглэх хүч үлдсэнд дотроо чимээгүйхэн баярлаж сууна. Утсаа унтраагаад, сэтгэлээ хоослоод ховсын хүчит шөнийн өмнө хоосон зүрхээ дэлгэн тавилаа. Хүний зүрх гэдэг дэлбээгээ хумисан лянхуа билээ.
Тавтай нойрсоорой! Зүрх минь!
Үүрд баяртай! Хайрт минь!


Я.БАЯРАА
Баатар хот. Бага тойруу

Барин үл тогтох үелзээн мэт...


Барин үл тогтох үелзээн мэт гань гансарлын үүдээр шагайхуйд
Бүгт дуун салхины ширхэгээр дамжин хэнгэргийг минь дэлдмүү
Хэн тэнд
Тэртээ дээр бөмбөлөг бөмбөлөг гэрлүүд анивчин буйг үзэж
Халдах дуун исгэчих авианаас холуур
Нимгэн нимгэн мөрөө барсаар мөргүйд гарч
Мөр балархай хэл утга балархай суунам
Тэнд л яруу найрагч гэгднэм...








СУИС-ын харьяа Дүрслэх Урлагийн Сургуулийн
Тайз дэлгэцийн бүтээлийн зураачийн III ангийн оюутан
Мөнх хас Намжилдоржийн Баяндалай

Жүнзний нүдийг үнсмээргүй өдөр...


Миний найзууд

Миний нохой найзууд
Миний хорхой найзууд
Миний тахиа найзууд

Миний бүргэд найзууд

Элдэвлэн дууриагч сармагчин найзууд

Эвсэн барьж идэгч махчин найзууд
Та нарынхаа дундаас л хүн болж төрөв дөө...

Там руу зугтсан далавчлаагүй бурхад,
Миний шүлэгч найзууд.


2004.11.20
Яруу найрагч Л.Өлзийтөгс



Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр гэнэ ээ. UNESCO-тэргүүн энэ өдөр уламжлалт ёсоор илгээлт гаргажээ. За тэр ч яахав. Надад бол өдөр бүхэн яруу найраг байдаг...

...Сонгодог шүлэг бичмээр атал
Үзэгний нулимсыг үзмээргүй өдөр
Солиортолоо согтож дуулмаар атал

Жүнзний нүдийг үнсмээргүй өдөр...

Хэм хэмжээний тухай асуудлууд...


Бүдүүн шүлэгтэй тэр гоолиг охинд
Бүх насаа зориулж чадах билүү? Би
Бүх юм. Хүлээсэн бүх юм нэгэн зэрэг хүрээд ирвэл
Хүлээн авч чадах билүү? Би
Орон зайнаас том агуулга оршин байх
Огт боломжгүй гэж итгэгсэдийн эсрэг
Олж хэлсэн хамгийн нухацтай
Хамгийн сэтгэл хөдөлгөм, магадгүй
Хамгийн төгс хариулт минь
“Миний шүлэг”-үүд гэдгийг
Олж харж чадах боловуу? Тэд
Хүсэл тачаал нь хүртэх таашаалтай урвуу хамааралтай
Хүний амьдрал, хойд насны явдалыг үүнтэй жишин зүйрлэлтэй бус уу?
Агаар нэгэн олон хэмжигдэхүүнийг холбогч
Агаарт би өөрийгөө хорьж чадвал
Зүрх сэтгэлээсээ ч уйдан гансарсан
Зүдүүр зовлонгоосоо ангижирч чадахгүй гэж үү? ... г.м

2010.12.01
UB

Би чамайг сонсоно оо...



***
Сэрэхүйеэ зүүд минь чамтай учирч
Сэтгэлийн минь хамгийн нандиныг зүг өөд чинь тээгээд
Нам гүм амьдралаас уйдашгүй аялгуу эгшиглүүлж
Намайг чамд үнэнээр зурж, гагцхүү үнэнээр зурж өгөөсэй

Учирхуйяа зүүд минь чамаар биелж
Улаан уруул, гэрэлт нүдтийн диваажингаас хагацаж чадаад
Хаанчлал, ариун итгэл, оюун төгсийн шидэд
Хамгийн үнэнээр намайг гэрчилж өгөөсэй

Хагацхуйяа хайр чинь чамайг ивгээж
Халдаж болох, холдож болох бүхнийг ялган чадаад
Гэнэн зүүдний ертөнцөд наран тойрог зурж
Гэмших мөрөөсөхийн дууг миний зүрх рүү тээгээсэй

Би чамайг сонсоно оо...

2007.07.30







Яруу найрагч Б.Баясгалан

"Арван гуравдугаар сарын бороо" түүвэр
13-р талд буй.

У.Сайнжаргал гэж...

У.Сайнжаргал гэж урт товир биетэй, гүжир агсам хоолойтой ах Өлгий сумын засаг дарга гэж өргөө гэрээр минь орж гарч явсан нь саяхан мэт санагдавч арван таван жил өнгөрч дээ. Долоо хоногийн өмнө түүнийг ертөнцөөс үүрд явсан тухай сонсоод би итгээгүй юм. Гэхдээ үнэн байх гэж айхдаа хэдэн дусал нулимас унагaсан. Баруун зүгийн борог даруухан шүлэгчидийн л ёсоор тэдний л хувь тавилангаар амьдарсан ахаараа бахархах гэхээсээ өрөвдөх юм. Барс мэт эр юмсандаа.
Хамгийн сүүлд өнгөрсөн майн нэгнээр түүнтэй уулзахад, Норов ахын хотод ирээд буусан буудалд нь хамт сууж байсан юм. Тэр урьдын л адил хотод амьдрах хэцүү ч энд л амьдар гэж лүндэндээд, сонингоосоо чөлөө аваад дурсамжийн номууд бичдэг болсоноо хэлж байсан юм. Баялаг амьдралтай хүмүүсийн амьдралыг бичээд барьц авдаг тухайгаа тэр хал балгүйхэн ярьж сууж билээ. Баянаа аваргын "Хагас зуун жилийн ганцаардал"-ын дэг найруулгыг мань эр хийсэн юм шүү дээ.

Тэр өдөр муу ах минь нулимас гилтгэнүүлэн байж энэ шүлгийг уншиж билээ. Миний амьдралдаа бичсэн цорын ганц шүлэг гэсэн юм:
"Өөр хүнд хайраа өгсөн
Өөгүй төрсөн сайхан амьтаныг
Өнчин зүрхэндээ нандигнан хадгалж
Өөрөө тэндээс хүч олохыг яруу найраг гэдэг

Хаан бугуйвчаар гоёж үзээгүй ч
Халуун хөөрөгний дэргэд бөхийж
Эдээрээ гайхуулах гэнэн хатагтайн
Эрдэнийн бөгжийг өөрөө урлахыг яруу найраг гэдэг"

Hадад дурсгасан Молом сайдын дурдатгалын номын арын хавтаснаа түүний товчхоон намтар байх юм:
"Уртнасангийн САЙНЖАРГАЛ.
1959 онд төрсөн. Архангайн багшийн сургууль, УБДС төгссөн. Багш, хичээлийн эрхлэгч, сумын засаг дарга, сэтгүүлчийн ажил хийж байсан. Дэлхийг ороосон торго, Дарга уу Арга уу, Монгол бизнес, Зүүдээ гэж... номууд бичсэн. Мөн Х.Баянмөнх аваргын Хагас зуун жилийн ганцаардал, -Миний ялалт... номын ерөнхий редактораар ажиллаж хамтран бичилцсэн" гэжээ.

Баянсан ах минь өчигдөр орой гэрт нь очоод ирлээ гэсээр уулзахдаа:
"Анд нөхөд минь хорвоогоос хагацхад
Амьд байгаа минь ад мэт санагдах юм" хөлчүүрхэнэ билээ.
Сайнаа ах аа, дүү нь учрах бүртээ хэлдэг урам дэмийг тань санаж, танийхаа хэлснээр таниараа бахархуулж амьдарна аа. Ах минь гэгээн мэргэдийн монгол орондоо эргэж төрөх болтугай. Бууж мордох л хорвоо юмсан даа...

Санаваас сэтгэл булаах...


Үзвээс нүд булаах
Сонсвоос чих булаах

Санаваас сэтгэл булаах

Сайхан бүсгүйчүүдийн төлөө
ЭР хүн уран зохиолыг бодож олсон юм!
Намайг анхааралтай уншдаг бүсгүй бүхний нүд бүхэн дээр үнсье!



Энэ зүйлийг, одоо уулзалдах нь улам л багассаар байгаа олон сайхан андууддаа зориулж бичсэн юм:

Уучлаарай! Баяжмагцаа найз нь бүх өрөө төлнө өө
Уян хатан хийгээд нугаршгүй бат чанарыг
Угтаа найз нь мөнгөнөөс бус чамаасаа л сурсан юм
Уг өрөө харин амьдралаараа төлнө өө!

...ШҮЛЭГ ШИГ ӨДӨР.


Тийм ээ. Энэ өдөр шүлэг шиг өдөр байлаа:
Сэрээд утсаа асаангуут тагтаагаас мессеж ирсэн мөч,
тэгээд тагтаа руу алхахад хавар өвөл хамтаар над руу довтолсон мөч,
тэр лээкерсийн цамцыг биеэс минь ёслол төгөлдөр тайлсан мөч,
тэнэгдүүхэн залуу адууны тухай ярьсан мөч,
тэгээд бага тойруугаар шувуутай алхалсан мөч,
А зааланд Ё.Жанчив багшдаа зориулан Серенада уншсан мөч,

Дууч шувуухай зүрхнээс нисэн одлоо...

Дур зоргоороо гоо үзэсгэлэнг зурах
Дууч шувуухай зүрхнээс нисэн одлоо
Аяс хэмнэлд нь автан мансуурсан
Анхны бөгөөд эцсийн шувуу байлаа, тэр
Хуулсан юм шиг хуучин өдрүүдийг амилуулсан
Хуудас ганц шүлэг юмсан даа
Хуудас хуудас гэвч гүйцэд уншиж амжсангүй
Хуучин хуучин гэвч хувьсан орчихуйн хорвоо юм даа

Хайр дурлалын тухай гуниг нэвчсэн романуудаас уйдахдаа
Хагацаж эвсэхийн хоосон агаарыг залгиж амирлаад
Хиргүй цэнхэр далиа эрчилэн дэвэхдээ
Хий сэрлийн хаалгыг эгнэгт түгжиж орхив
Тэр л үүдээр тэмцэн эгшиглэдэг уянгат дуун
Тэнгэрт цацарсан арвай мэт сарнихад
Зүрх ирвэгнүүлэн нисэн буудаг орон зайд нь
Зүдэг улаан цус амь халуун лугшнам.


2011.03.03 UB