Болжморын жиргээт тагтан дээр...

.
.
.
Болжморын жиргээт тагтан дээрээ
Борцны уутаа сэгсэрхэд
Хаврын тэнгэр тунгалаг.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Тэр л модны оройд...

Нүцгэрсэн модны тэнгэр шүргэсэн оройд
Нэг л өдөр би дүүлэн хүрнэ дээ гэж яасан ч их хүсдэг байв даа
Нүүж яваа орчлонгийн нүүрэн дээр чамд үхтэлээ дурлачихаад
Нөгөөх модныхоо оройд өөрийн мэдэлгүй л жигүүрлэн гарчихаж билээ

Гарсан тэр даруйдаа л хамгаас өндөрт нь
Ганхүрэлээс... түүндээ гэж чинийхээ нэрийг бичсэн
Он жилүүд урсан урсахад тэр л модны оройд
Олон олон над шиг хөвгүүдийг яг юу гэж сийлсэнийг уншиж чадахаар болсон

Одсон бүхэн эргэж ирэхгүйн гунигийг үр ачдаа ярьж
Орчлонд би чамд ахин тийм гэнэхнээр дурлана
Оройд нь би залуухнаараа гарч, нэрийг чинь сэргээхийн хүслэнд автахдаа л
Ёроолд нь би бөгтийн суугаад чинийхээ тухай сүүлчийн шүлгээ бичнэ


Б.Ганхүрэл
"Сарны зүүд" ном
14-р талд буй.

Бөх хэмээсэн нь:

-“Үлгэрлэвээс. Дөрвөн их хүчит бөх араа нийлүүлж, дөрвөн зүгт харвасан тэдгээр сумыг нэгэн хүн нэгэн цагт газар унагалгүй завсраас нь барин чадвал тэр хүн хурдан уу. Хурдан бус хэмээвээс маш хурдан бөгөөд.
Түүнээс газарт гүйгч бирд хурдан
Түүнээс огторгуйд гүйгч бирд хурдан
Түүнээс наран, саран хурдан
Түүнээс маш түргэн тэнгэр хурдан
Түүнээс хүний нас агшнаар хорогдох нь нэн хурдан хэмээжээ.
Түүгээр нэгэн үд өнгөрхөд бид үхэл рүү улам ойртно.
Нэг хоёр өдөр өнгөрснөөр үхэл рүү улам ойртоно.
Нэгэн хоног болбоос үхэлтэй улам ойртох.
Нэгэн сар болбоос үхэлтэй улам ойртох.
Хоёр сар болбоос үхэлтэй улам ойртох
Нэг жил болбоос үхэлтэй улам ойртох
Хоёр жил болбоос үхэлтэй улам ойртох болно.”

Огторгуйн төв мэт хэмээсэн нь:


Үлгэрлэвээс.
Маш ариун огторгуйн төв танин баригдах бүхнээс хагацсан мэт. Цогц орон хийгээд төрөн түгэх ба барих хийгээд баримтлахаар хураасан хамаг юмыг сонсох сэтгэлээр шийдэн буулгаж цуцлан эвдсэнээр, ямар бодыг ч эс олоод мэдлэг хийгээд мэдэгч хоёулаа мөн чанаргүй огторгуйн төв мэт болсон түүний агаарт тэгш агуулаад бясалган дасгах болой.

Хутагт Майдарын гэгээгээс:
Үүнд:
Арилгагдахуун юухан ч үгүй
Тавигдахуун өчүүхэн ч үгүй
Үнэн магады үнэхээр үзнэ
Үнэнийг үзвээс машид гэтэлгэсэн мөн болой.



Бодова Ринченсал .
Үлгэрт ламрим.
348-р талд буй

...үй олон хавар.


Урь гэнэлийн энэ хавар
Урин сэрлийн нэр нь “Хавар”
Хоо тоос зөрөлдсөн хуурай тэнгэрийн
Хос дөл үнсэлцэх, нойтон хөнжилд
Үр гунигийн нахиа бүлтэгнэх
Үй олон, үй олон хавар.

Ай, чинадын эзэн-энэрэлгүй тавилан минь!


* * *

Ай, чинадын эзэн-энэрэлгүй тавилан минь!
Аранзал гунигийн сүүлнээс эгнэгт намайг уяжээ
Аяа, шимтэн дурлах минь хэтэрхий
Өрөвдөн хайрлах минь ч хэтэрхий
Аван довтолно, аван довтолно тэр.
Амьдралын аль бартаат зам бүрээр.

Аугаа их зүрх минь ачаагаа даалгүй
Арван баллын давалгаанд өртсөн хөлөг шиг
Аймшигт хоосны эргүүлэгт алгуурхан живэхэд
Аврал эрэх минь, алгаа хавсрах минь,
Авиагүйн хэлээр тэгээд олж сонсох минь:
“Нэг зовлонг мартахын тулд
Нөгөө зовлонг эрэх хэрэгтэй”

Амьдралын аль бартаат зам бүрээр
Аван довтолно, аван довтолно намайг
Аранзал зээрдхэн гуниг минь.

1997 он.


* * *
Хөхийн хөх зэрэглээ хүсэл биеийг минь сульдааж
Хээр буйдын дунд гараа алдлан хэвтнэм.
Хичнээн ч зуунаар ширтүүлэв дээ, амгалан энэ тэнгэр!
Харц тэнд амсхийж, хуучин дурсамж хагдрахад
Мөрөнд унасан сүмэдийн тоос, мөнгөн уй мартагдахад
Мөрөөдөл, жаргал, мөнхийн дурлал гээч юухан ч билээ.

1997 он.



* * *

Очирт уулын бичиглэл. Энэ ном бол мөнхийн ном. Дашийн Оюунчимэг . Энэ бол мөнхийн яруу найрагч. Түүнийх шиг араншинлаг, түүнийх шиг сэтгэллэг, түүнийх шиг үнэн шүлгийг бичихийн тулд бурхнаас заяасан тусгай өгөгдөл хэрэгтэй. Тэр өгөгдөлийг өдөөх хувь тавилан хэрэгтэй. Энэ бүхний гялбааг харж амжсан учраас л тэр энэ заяаг тэмцэж олоод эзэн суусан хэрэг ээ.

"Чин сүзэгт номын ханы өв соёл" номын тухай

Утга зохиолын “ХӨХ МЭДРЭХҮЙ” бүлгийн тэргүүнийг Н.Нарангэрэл гэдэг юм аа. Нам гүмхэн шүлгээ бичээд, нам гүмхэн инээмсэглэж суудаг бүсгүй маань "Чин сүзэгт номын ханы өв соёл" нэртэй судалгааны номоо хэвлүүлжээ.
Энэ ном манай “ХӨХ МЭДРЭХҮЙ”-хнээс хэвлүүлж буй анхны судалгааны ном бөгөөд, Нараа маань өөрийн магистр, бакалаврын төгсөлтийн ажлууд дээрээ суурилан тухайн орон нутгаар хээрийн шинжилгээгээр явсан ховор шинэ
баримтуудаараа баяжуулан, нэлээд даацтай ном хэвлүүлснийг энд дурдахад таатай байна.
Дор зохиогчийн надад илгээсэн номын дэлгэрэнгүй тайлбарыг номын садан хэн бүхэнд хэрэг буян болохыг бодож нийтлэв.
Хуран үүдсэн номын буян түгэн дэлгэрэх болтугай.


"Чин сүзэгт номын ханы өв соёл"
номын тухай

Чин Сүзэгт Номун хан хутагт Лувсанноровшэйрав нь Энэтхэг орноо Бардужин, Цэвээнбазар, Шийравпэрэнлэй, Бүрэн-Олзод, Гурувоба төвд орноо Лхаваандорж, Сономдагва, Сономдорж, Лодойдэмид, Банширав, Рэнцэнбал, Ганжууржав хэмээх XII дүр тодорчээ. XIII дүр Лувсанноровшэйрав нь 1701 оны 4 дүгээр сард Халхын засаг Шарын гурав дахь хүү болон төржээ. 1732 онд Ордос зуугийн чуулганы Хангин Бэйсийн хошууны нутагт тэдний засгуудтай эвсэж “Шар зуу” хэмээх сүм байгуулсан байна. Өвөрмонголын шар зуу хийдээс эгэн ирээд 1751 оны үед тиг татаж 1760 онд Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд Халхын нутаг Хангайн өвөр Цагаан цэцэрлэг хэмээх голын тус газар таван сүм, таван дуган, дөрвөн суварга үйлдэж бүтээгээд түүнд зүг зүгээс ирсэн шавь нарыг хураан “Дээдийн түмэн өлзийн гүрэмийг өдөр бүр уншуулъя” хэмээн мэдүүлсэн архивын баримт байна. Чин Сүзэгт Номун хан хутагтын I, II, III дүрийн үед зохиогдсон гүр дууны эцэст анх шавыг татсан дуган босгосон он цагийн мэдээг тэмдэглэсэн нь буй. Үүнд “Дэлгэр их шажин” дууны төгсгөлд бас 51 сүүдэр дээр Хангайн өвөр “Цагаан цэцэрлэг” хэмээх газар хүрээ засах тиг хэмжээг сайтар татаад, тэр цагт гэгээнтэн бээр шажин номын үйлст маш зүтгэсүгэй хэмээн бас бус зарлиг болсоор “Дэлгэр их шажин” нэгнийг шүлэглэжээ гэсэн нь 1751 оны үед тохирч байна. Мөнхүү 62 насандаа энэ хүрээгээ зааж, төгсгөлд нэгэн үе шажин амьтны тус дор өдий чинээ хийд орон ба шүтээн байгуулахад эдэнбээр төдөлгүй элбэг дэлбэг болсон нь гагцхүү лам гурван эрдэнэ ба Намсрай бурханд залбирсны хүч хэмээн айлдаж “Намсрайн залбирал” хэмээх нэгнийг шүлэглэжээ. Ингээд түүнийг бишрэн дагах лам, хэрмэл шавь нар өдөр хоногоор олшрон нэмэгдэж хэдхэн жилийн дараа шавь, ард нийтдээ хоёр зуу гаруй өрх болон өсчээ. Иймээс Тэнгэрийн тэтгэсний 16 он буюу 1751 онд хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин Цэрэн, Лувсанноровшэйравт шавь нарыг захирах тусгай тамга олгож, шанзодба байгуулан баримтлан захируулахаас өөр аргагүй учрыг мэдүүлсэнд, Манжийн засгийн газар ёсоор болгон зөвшөөрч Манж, монгол, төвд гурван үсгээр “Халхын Эрдэнэ ноён цоржийн шавь нар бүгдийг захирах тамга” хэмээсэн үг үсэг бүхий тамга шийтгэн олгож шанзадбо байгуулжээ. 1755 оны намрын сүүл сарын 26-нд Эрдэнэ ноён цоржид “Чин Сүзэгт Номун хан” хэмээх цол шагнаж, өмнө олгосон “засгийн тамганд оруулж цутгаад өгөх зарлиг буулгажээ. Тэнгэрийн тэтгэсний 20 дугаар он буюу 1755 онд Манжийн хаанаас Эрдэнэ ноён цорж Лувсанноровшэйравыг Амарсанаагийн нутагт очиж ном уншиж, олныг тохинуултугай хэмээн даалгаж тусгайлан “Чин Сүзэгт Номун хан” цол өгч тамгын үсэгт оруулан мөнгөөр цутгаж манж, монгол, нанхиад, төвд дөрвөн зүйлийн бичгээр сийлэн олгож ихээхэн хутагт нарын зэрэгт оруулжээ. Мөн тэнгэрийн тэтгэсний 22 дугаар он буюу 1757 онд төрийн төлөө залбирсан гэж Лувсанноровшийравт манж, монгол хоёр зүйлийн бичгээр бичсэн, тамга дарсан жуух бичиг өргөмжлөн олгож байсан байна. Иймд “засгийн тамга”-ыг Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд хүргүүлж, “Чин Сүзэгт Номун хан”-ы цолыг оруулан 1755 оны 9-р сард шавь нарыг бүгд захирагч тамгыг мөнгөөр цутгаж манж, монгол, хятад, төвд дөрвөн зүйлийн үсэг сийлсэн тамга шагнажээ. Чин Сүзэгт Номун хан хутагтын дараагийн дүрүүдийг дурдвал II дүр Лувсандандарванчиг, III дүр Лувсанжигмэддамбийжалцан, IV дүр Лувсанданзан, V дүр Цэдэнбалжир, VI дүр Галсан-Ёндон нар болно. Эдгээр дүрүүдээс гадна Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээнд үе улиран залагдаж байсан Эрдэнэ бандид лам, Дархан гүүш хувилгаан буюу Ялгасан лам гэх тамгагүй 2 хутагт залагдан суудаг байжээ. Чин Сүзэгт Номун Хан хутагтын хүрээ бусад хүрээ хийдээс ялгарах хэд хэдэн онцлогтой бөгөөд олон салбар ухааныг хамарсан соёлын томоохон ай савтай хүрээ байсан байна.
Чин Сүзэгт Номун Хан хутагтын хүрээ бол баруун зүүн күшиг, пильва гэсэн дөрвөн дацантай ба энэ дөрвөн дацан бол төрийн ба шашны талаар шавь нар зарим ардын баримтлан захирах засаг захиргааны үндсэн хуваарь бөгөөд хар лам, хамаг ард энэ цөм дөрвөн дацанд хуваагдан захирагддаг байсан байна. Энэхүү хүрээнд энэ дөрвөн үндсэн дацангаас цогчин, жүд, чойр, мамба хэмээх тусгай мэргэжлийн дацангууд байсан бөгөөд бүх шавилан суусан 500 орчим лам нар тэдгээр мэргэжлийн дацанд өөрийн дур сонирхлын дагуу хувиарлагдаж хурал номын сургууль үйлдэж байсан байна. Эдгээр үндсэн ба тусгай мэргэжлийн дацангууд цөм нижгээд сүм дугантай тус тусдаа хэвшиж тогтсон тогтмол цаг чогийн хуралдай, тус бүр дээр өөр өөрийн хурал номын элдэв зардалыг гүйцэтгэдэг лам хэмээх тусгай аж ахуйтай, хурал номын элдэв үйлсэд зарцуулах зардал юмс цөм дээр үеэс хэвшиж тогтсон хэмжээ хязгаар бүхий дагаж мөрдөх дансны ёсоор мөрдөн даган гүйцэтгэхээс биш эрх баригчид хэн боловч дур мэдэн өөрчлөх эрхгүй тийм нарийн журамтай байсан байна.
Хутагт хувилгаад нь өөрийнхөө хошууны харъяат сүм хийдэд хурал номын үйл ажиллагаа явуулах өөрийнхөө хувийн аж ахуйг сүм хийдийн аж ахуйтай хольж хутгахгүй тусгаар байлгахын тулд мал хөрөнгөө тасдаж өгөөд жас байгуулдаг байсан байна. Ийм замаар тус шавьд дөрвөн жас дацан анх байгуулагдан үүссэн ажээ. Дээрх дацангуудаас гадна сүмийн дуган, нүгнэйн дуган, бурханы дуган гэх мэтийн дацан бус, үргэлжийн тогтмол хурал гэхээр юмгүй, тусгайлан жас аж ахуйгүй шахам бөгөөд гол төлөв жандагийн өргөл барьцаар болж бүтэж байсан дуган сүмүүд байсан болно.
Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээ нь жилд нийтдээ 130 гаруй тогтмол хурал хурдаг байсан агаад тэр хурлын ихэнх нь өвөл, хавар зуны улиралд болдог байжээ. Мөн хүрээнд 15-30 хоногийн чойр хурдаг байжээ. Энэ хүрээнии чойр нь Төвдийн Гүнчин ламын “икчаа” болно. 108 боть бүхий шашны зарлигат хураангуй ганжуур хэмээх их хөлгөн судар ном тав, мөн нэг шунхан ганжуур байсан байна. 225 боть шастирын хураангуй бичмэл ганжуур нэг, хийдийн анхны гэгээн Лувсанноровшэйравын зохиол долоон боть, II дүр Дандарванчигийн нэг боть “Сүм Бүм”-үүд зэрэг, Номч дүр Пигмэддамбийвангийн 8 боть, нийтдээ 200 гаруй эрдэмтэн лам нарын мянга гаруй боть ном, I, II, III дүрүүдийн зохиосон гүр дууны бичиг төвд, монгол бичгээр байхын сацуу тус шавийн номч дүр хэмээн алдаршсан III дүр Бадамдорж нь ганжуур их хөлгөн судраас монголчлон орчуулж байсан гэсэн мэдээ буй. Мөн Цагаан дүр хэмээн олноо хүндэтгэсэн хутагт Цэдэнбалжир бол зөвхөн сургууль санаачлан байгуулаад зогсоогүй ховор ном бичиг олж цуглуулах талаар их санаа тавьж байсан байна. Хүрээн дээр түрүүч Бага цам буюу /Тахилын цам/, сүүлийн Их цам /Жахар цам/ бүжиг, мөн нэг удаа Майдар эргэдэг байжээ. XVII зууны тэргүүн хагаст энэ шавьд “Их сангийн тийз” гэдэг нэртэй цаасан дэвсгэртийг анхны хувилгаан Лувсанноровшэйравын үе /1741-1735/ хүртэл зуун жилийн дотор хошуу шавь дотроо зарцуулж байжээ. Хүрээний гол шүтээн нь Цүрчидгомбо, /махагалын нэг дүр/ хүрээ нийтээр бараан сахиус гэж залбиран шүтнэ. Энэ бурханыг Майдарын дуганы зүүн жигүүр, сахиусны өргөө, тусгай торхон дотор хадаг яндрын дунд битүү хадаглаастай хэн ч зүрхлэн сөхөж үздэггүй нандин шүтээн байжээ.
Хүрээний ойролцоох уул ус, овоог тахих зан үйл нэлээд өвөрмөц онцлогтой байсан байна. Энэ хүрээнд монголын аль ч хүрээнд дуулагдаж байгаагүй Гүр дууны бичгийг зохиогчид байсан ба тэдгээр нь XVII зууны эхэн үеэс XIX зууны сүүл үе хүртэлх хугацаанд амьдарч байна. Харин гарал үүслийн талаарх он цагийн тухайд гэвэл “гүр дууны бичиг” 1, 2, 3, 4 дүгээр түүвэр дэвтрүүдэд орсон дуунуудыг хэн хэдийд зохиосон талаар Чин Сүзэгт Номун хан хутагтын удаа дараагийн I, II, III дүрүүд зохиосон гэх баримт 1, 2 дугаар дэвтрийн оршил хэсэгт байгаа бөгөөд он цагийн хувьд тэдгээр нь /1701-1882/ онд амьдарч байсан дүрүүдийг хамаржээ. Анхдугаар хувилгаан нь Лувсанноровшэйрав /1701-1768/, хоёрдугаар хувилгаан Лувсандандарванчиг /1760-1882/, гуравдугаар хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар болно. Мөн энэ хүрээнд хөгжим сурах, тоглох тусгай нотыг хэрэглэж байсан бөгөөд тэр үеийн нот нь таван эгшиг, арга билиг хэмээх арван хөгтэй бөгөөд тэр нь тус бүрдээ нэртэй байв. Мөн дуунд аяыг тэмдэглэх “Ян-er”, “Дан-ег” ”Рол-ег” нотыг хэрэглэж заншсан байсан нь монголчуудын хөгжмийн соёл ямар түвшинд хөгжиж байсныг харуулж байна. Өмнө зүгийн зарим эрдэмтэн “Ян-ег” эдүгээ дэлхий дэхиний олон улс оронд хэрэглэж буй хөгжмийн ноттой харьцуулан судлаад түүнийг ямар ч дууны ая тэмдэглэх бүрэн боломжтой гэж үзжээ. Нугалбар цаасан дээр хуучин yйгаржин үсгээр үгийг бичин “Ян-ег”-ийг их бүрээ бишгүүр, ятга зэрэг хөгжимд зориулан намуун ба их бага шуранхай зэрэг аяыг нотлон хичээнгүй зурсан бичмэл дэвтэр нь энэ нутагт тархаж байжээ. Энэ хүрээнд Ян-ег, Дан-ег хэмээх дууны ая тэмдэглэх аргыг хэрэглэж байсан байна. Мөн монголд ардын, уртын дууны аяыг ятга хөгжмийн чавхдасны эрэмбэнд тохируулан дээд, доод хөг гэж хоёр хуваажээ. Үүнд Улсын Төв номын санд хадгалагдаж бүхий “Гүр дууны бичиг” эмхтгэлийг энэ тэргүүнд дурдалтай. Тус номын хавсралтад орсон дуунуудыг Чин Сүзэгт Номун хан хутагт Лувсанноровшэйрав мөн II, III дүрийн аль үед нь юуны учир зохиосныг тэмдэглэсэн байна. Монголчууд дуун эгшиглэнгийн дохиог дүрсжүүлэн хөгжүүлж ирсэн уламжлал нэлээд эртнээс эхлэлтэй боловч бидэнд шилдэг сонгодог хэлбэрээрээ үг аялгаар унших бичиг /дан ег/, хоолойгоор эгшиглүүлэх бичиг /ян-ег/, хөгжмөөр дуурьсах бичиг /рол-ег/ гэсэн гурван зүйлийн тэмдэглэлээр уламжлан иржээ. Ингэж тэмдэглэсэн явдал бол монголчууд хэл аялгыг ая шүлгийн нэгдэлд, хоолойгоор эгшиглүүлэх, хөгжмөөр дуурьсуулах дохиог дүрсжүүлж ухаарсан явдал юм. Үүний нэгэн сонгодог жишээ бол Чин Сүзэгт Номун хан хутагт Лувсанноровшэйравын зохиосон “гүр дууны бичиг” дэх дуун утгын түлхүүр дан-ег, ян-ег, рол-ег тэмдэглэл юм. Гүр дууны бичигт эртний дорно дахины шашны хөгжмийн онол зүйд уншлагын үг аяыг тэмдэглэх дан-ег бичигдсэн хэдий ч хоолойгоор аялгуулах эгшгийн ян-ег, арван жавхдаст ятга хөгжмийн зэмсгээр дуурьсгах рол-ег гэх гурван зүйлийн тэмдэглэл нь ихэд сонирхол татсан болно. Мөн энэ гүр дууны бичгийн 2 дугаар дэвтрийн 99-101 дүгээр талд Ятгын үүслийн тухай маш сонин домог байдаг нь Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээний дуу хуур, хөгжмийн соёл ямар байсныг харуулна. Энэ домгоос ятга хөгжим монголд үүссэнийг тодруулж болох нэгэн сонирхолтой баримт юм. Мөн энэ хүрээнд догшидын ганзайг маш гоёмсогоор ханан дээр дүрсэлсэн нь өдгөө нэн ховор бүтээлийн тоонд орж Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадаглагдаж байна. Төв номын санд хадаглагдаж буй гүр дууны дөрвөн дэвтрээс гадна хувь хүний гар дээр хадаглагдаж байсан гүр дууны дэвтрийг олж хөрвүүлэн нийт 70 гаруй гүр дууг хавсаргасан болно. Чин Сүзэгт Номун хан хутагтын хүрээг тойрсон олон түүх соёлын дурсгалууд болох эртний булш, хиргисүүр цөөнгүй байхаас гадна газар усны домог, хууч яриа арвин байна. Ингээд 1751 оны орчим тиг нь тавигдсан хүрээ 1921 оны хувьсгал ялснаас хойш ардын нам засгийн газраас сүм хийд, шар хутагт хувилгаадын эрх мэдэл, эдийн засгийн хүчин чадлыг бууруулж, хязгаарлах бодлогыг дэс дараатай явуулж эхэлсний балга, мөн их хэлмэгдүүлэлтийн гайгаар эл хүрээний үйл ажиллагаа үндсэндээ зогсож дээр дурдагдсан арвин баялаг биет болон биет бус өв устан, олон арван эрдэм номтой хутагт, лам нар хэлмэгдэлд өртөж, хүрээний ихэнх бурхан шүтээн шатаагдаж, дуган сүмийг өөр зориулалтаар ашиглаж байгаад 1990-ээд оноос дахин сэргэж хувь хүмүүсийн гар дээр байсан зарим эд зүйлс, хандиваар ирсэн хөрөнгө, мөнгө бурхан шүтээнээр дахин сэргээгдэж үйл ажиллагаагаа эхлэн өрнөж 1999, 2003, 2007 онуудад тус хүрээнд засварын ажил өрнөж өдгөө сүсэгтэн олны хүсэлт гуйлтаар хааяадаа ном хурж байна.

МҮМузейн куратор Н.Нарангэрэл

Үхэх гээч үнэхээр чимхлүүр...


Үхэл гээч хачин чимхлүүр
Үйлийн үртэй ажил, бас амралт
Дур тачаал зад татам эцсийн таашаал
Сүр бадрал, дүр жүжиг эцэслэх таслал

Амьд байх үхэхээс ч чимхлүүр
Асар их гоо сайхан шаардах урлаг
Нэг их олон дүрэм журам, хүн чанарын
Тэг дундуур нь явахын гүн ухаан

Амьдрах гээч харин аль алинаас нь чимхлүүр
Атаа жөтөөний үерийг гатлах аялал
Дур тачаал зад татам үхлийн цэг дээр
Дур булаамаараа хүрч очих чанадын учир

Үхэх гээч үнэхээр чимхлүүр...







Энэ бол "Crystal cup"-ийн үеэр миний олж сонссон
хамгийн сайхан шүлэг.