Жишин зүйрлэхүй...


Хотын гудам загварын тайз шиг
Хоёр нүд минь түүний шал шиг
Төгс төгөлдөр шүлгийн холбоц шиг
Төгс төгөлдөр охидын алхаанд
Төөрсөн зүрх минь эвдэрхий луужин шиг...
...Зүг чигээ алдсан миний очсон
Зүг бүхэнд гоо үзэсгэлэн ноёрхоно

Хотын гудам эрдэнэсийн дэлгүүр шиг
Хоёр нүд минь үзмэрийн шил шиг
Очир алмаазны гэрэл хугарал шиг
Омог төгөлдөр охидын алхаанд
Олзлогдсон сэтгэл минь эвдэрхий цаг шиг...
...Цаг тоололоо алдсан миний амьсгалсан
Цаг мөч бүрт гоо сайхан ноёрхоно.



2010.09.30 Улаанбаатар

Ганцаардалд бууж өгөхгүй...

Энэ өгүүллэгийг уншихаар, урт шар унь эргүүлж байгаад духыг минь хавдтал цохьчихоод айсандаа минчийтэл улайгаад зогсож байсан ганц охин дүүгээ, дүн өвлөөр давтлагаа таслаж өдөржин бөмбөг өшиглөчихөөд орой нь доголсоор орж ирээд аавд навс балбуулахаа алдсан эрх ганц эр дүүгээ эрхгүй санадаг юм.
Үргэлж нойтон сормуустай хуудсыг нь эргүүлдэг... Миний хамгийн хайртай өгүүллэг:


Ганцаардалд бууж өгөхгүй


Модны найлзуур зөөлөн бамбалзуур болж, шинэхэн ногоон навчис цухуйх үест хар муу санаа бодлуудаа хаяж, сэтгэл дотроосоо тунгалагшин цэвэршихийг хүсэх боллоо. Сайхан инээмсэглэл, сайхан халуун дулаан үгсийг хэнээс ч хамаагүй сонсохыг хүсэх боллоо. Газрын дулаан хий, нарны гэрэлтэй сүлэлдэж, ялимгүй цагаан тоос тоосрон ахуйд эрт урьдын хатуу зөөлөн бүх үгсийг мартаад сэтгэлээ цэлмээхийг хүсэх болов. Өмнө нь огт анзаарч байгаагүй зүйлс одоо хамгийн хачирхмаар, хамгийн тайлагдашгүй болж хувираад, хэдэн шоргоолж, нэг бүдүүн хар ялааг үүрээд нүх рүүгээ тэмцэн явахыг харж бүтэн өдөржин суусан байлаа. Эмэгтэй хүний алчуур зангидаж үзмээр санагдаж, нууцхнаар толинд харж байгаад ээжийнхээ алчуураар толгойгоо боож, нүд амаа солбилзуулан өөрийнхөө эмэгтэй төрхийг олж харахыг хүсэж билээ. Өөртөө гараад байгаа энэ бүх өөрчлөлтүүдийг би бүгдийн анзаарч, заримыг нь бүр ойлгохгүй байлаа. Дуу хоолой минь нарийн шингэн болж, нэг л өглөө алхаа гишгээ минь уяхан туяхан болжээ. Тэр хавар алсаас зорин тэмцэн ирэх тогоруун цувааг хараад анх удаагаа би чинь эд нараас өөр юм байна гэдгээ мэдэрлээ. Эд нар гэдэг миний ах нар л даа? Хашаа хороон дээгүүр дүүлсэн гар тохой нь зузаан сайранд баригдсан эд нар хааяа аавын тамхинаас хулгайлж байшингийн сүүдэр татдагийн нь ч хичээлээ тасалж автобусаар өдөржин тэнэдэгийн ч айлын хаяанаас зурагтай сэтгүүл хулгайлчихаад, зодооны урлагт суралцаж байна гээд бие биенийгээ хайр найргүй, заримдаа намайг ч гэсэн гөвшиж зовоодогийн ч бүгдийн сэмхэн ховлож, шийтгүүлээд гэртээ хоригдохыг нь, бүр нялх гөлөг төмөр утсаар дүүжилснийг нь ч, муурын зулзага байшингийн дээрээс шиддэгийг нь ч чавхаар айлын цонх хагалдагийг нь, усны тэргээр уулын уруу уралдаж, хувцас хунараа урж, хашаандаа гал асааж, махир төмөрний үзүрт мах өлгөөд шарж иддэгийн ч бүгдийн аавд хэлж хонгоо хорстол алгадуулахын хармаар санагдаж боллоо.
Гэвч эцэст нь яаж ч тэвчээд үнэхээр барсангүй, нэг л өдөр бүгдийн ар араас нь цувуулаад аавд нэгд нэгэнгүй хэлж орхилоо. Хөөрхийс намайг гайхсан харцаар ширтэж, аавыг ухасхийн өмднийхөө суран тэлээг суга татах үед ухаан орсон мэт зэрэг зэрэг л “аав,аа наадах чинь худлаа ярьж байна” хэмээн орилцгоов. Даанч нэгэнт оройтсон байлаа. Нус нулимсаа татацгаан, дахиад ингэхгүй, хэзээ тэгэхгүй гэж ам тангараг өргөх нь холгүй зогссоноо мартаад маргааш нь айлын хашаанаас төмс хулгайлаад үнсэнд булж идсэн шиг зогсож байж билээ. Би тэсэлгүй тэдний дэргэд гүйж очив. Том ах харцаа хурцлан “ Муу ховчоор юу байна. Төмс булж идсэнийг хэлээрэй, за хэлэн дээрээ тавин мөнгөө наагаарай” гэж хорсонгуй хэлээд уур савссан төмс алган дээрээ хэд өнхрүүлснээ” май өлсөж байна уу? ид, ид, халуун шүү” хэмээн сарвайв. Дунд ах дэгээ төмөр гал руу хийж, үнсийг нь хутгаснаа” энэ гал дээр загас шарж идвэл сайхнаа” гэв. Хоёр бага ах түүний үгийг дэмжин толгой дохисноо бараг л зэрэг хөнжлийн даавуу аваад гол явж, загас шүүрдэх санал гаргав. Бүгд санал нэгтэй зөвшөөрөв. Даанч намайг ховч гэсэн шалтгаанаар гэрт ганцааранг минь үлдээж шийтгэхээр болжээ. Гомдмоор юм. Бас уур ч хүрч байна.
- Та нарыг аавд хэлнэ дээ? Харин намайг дагуулж явбал хэлэхгүй.
- Хэл ээ, хэл. Эр улсууд тэр зэргийн юмнаас айхгүй. Мэдэв үү?
Хашаагаа хараад ганцаараа үлдэв. Ойр хавьд эргэн тойрон нэг ч айлгүй юм шиг гэр дээрээ гараад ганцаараа суулаа. Айлын ээж нар хоолоо ид гээд хүүхдүүдээ дуудна. Гэдэс минь хоржигноно. Зуны халуун нар зулай төөнөж, нойрондоо дийлдээд унтаад өгчээ. Ээж будаатай шөл аягалж байна. Ах нар амаа олохгүй үмхэлнэ. Гэвч зүүд байжээ. Үд хэдийнээ өнгөрч нар баруунтаа тонгойжээ. Могой жараахай шарж идчихээд ирсэн тэд нар хашаан дотор тэвэг өшиглөж, том ах тооны хичээлд муугаа мэдэхгүй, хачин чанга дуугаар таван зуун далан хоёр, таван зуун далан гурав гэж тоолж байна. Гэр дээрээс үсрэн бууж тэдний дэргэд гүйн очвол дунд ах” алцаа арав, алцаа хорь, алцаа гуч” гэж тоолж байснаа” миний ховч дүү юу хийж байна. Ховлох үгээ бэлдээд гэр дээр сууж байв уу?” гэв.
- Би та нарыг дахиж ховлохгүй, ээ
- Үнэн үү? тэгвэл тангарагла.
- Тангараглая. Би ах нарыгаа аавд дахин хэзээ ч ховлохгүй. Ээж шиг та нарыг голоод хаяж явахгүй. Тангараглаж байна.
Бүгд чив чимээгүй, намайг хараад зогсож орхижээ. Том ах “ээж бид нарыг голоод хаяж явсийм биш. Машинд суух дуртай болохоороо л жолооч хүнийг дагаад явчихсан юм”, тэгвэл яагаад аав миний муу гологдсон бор хүүхдүүд гэдэг юм гэж намайг сөргүүлэн асуухад, дунд ах нулимсаа ханцуйгаара арчснаа” би том болж байгаад тэр муу жолооч ахын толгойг чулуугаар хага цохино доо?” гэв.

Ээж уйлаад л суугаад байж билээ. Гадаа том машины хүржигнэх сонсдож, чемодантай хувцсаа аваад гарахдаа” миний хүүхдүүд аавдаа сайн тусалж байгаарай. Миний хүү дүү нараа сайн харж байгаарай. Ээж нь гэснээ үгээ дуусгаж чадалгүй яваад өгч билээ. Эхэндээ ах нар “ээж ирлээ, ээж ирлээ” гэж намайг их хуурдагсан. Гудамжаар том тэрэг өнгөрөх бүрийд хашаан дээр харайн гардагсан. Аав, аа ”ээж хэзээ ирэх вэ?” хэмээн асууж шалгаадагсан. Нэг удаа халамцуухан ирсэн аав минь том ахын мөрөн дээр гараа тавиад “миний хүүхдүүд сайхан өснө, өө. Бүгдээрээ эрдэм номтой улсууд болно. Аав нь тэр цагт жаргана,аа. Одоо харин миний хүүхдүүд сургуульдаа л сайн сурдаг юм шүү? Ганц муу охин дүүгээ хайрлаж яваарай. Би та нарыгаа” гээд хэсэг гэнгэнүүлснээ, ахын толгойг зөөлхөн үнэрлээд, “хэдүүлээ хэнээс ч юугаар ч дутахгүй, аав нь та нарыгаа юугаар дутаахгүй, ээ” гэж хэлээд өндийхөд нь өврөөс нь унасан захиаг ах бид нарт маргааш нь уншиж өгч билээ. Миний санаанд “чамайгаа ухаарч ойлгоод, хэдэн бор хүүхдэдээ хүрээд ирэх болов уу? гэж нилээд хүлээлээ. Би яах вэ? Эр хүний оронцог, чамайг хүний ёсоор жаргааж чадаагүй, гомдоож цөхрөөсөн. Чи минь сайн ойлгоорой гэсэн хэдхэн мөр тодоос тод үлджээ.
Том ах нүдээ онийлгон нар руу харснаа “дүү нар минь гэртээ орьё доо? Аав ирэх дөхсөн байна. Хоолоо бэлдэцгээе гэснээ намайг удаан харж, чамд маргааш арван эрвээхий барьж өгнө, өө. Миний дүү хатаамал хийгээрэй. Урд голоос хамгийн том загасын барьж шарж өгнө гэлээ. Удалгүй хашааны хаалга дуугарч аав орж ирэв. Хачин сайхан инээд алдснаа” за, миний хүүхдүүд томоотой сайн байсан уу? Үймүүлж сахилгагүйдээгүй биз. За ах нар чинь өнөөдөр миний муу охиныг шоглов уу? гэхэд золтой хоёр нүдний нулимс асгарчихсангүй. Байдгаараа тэвчиж нулимсаа дотогшоо залгиад:
- Манай ах нар өнөөдөр сахилгагүйдээгүй, ээ. Намайг бас шоглоогүй гэж билээ.
Тэр өдрөөс хойш би хэдэн муу ахыгаа хэнд ч ховлож байгаагүй. Том ахыг анх архи үнэртүүлчихээд ирэхэд нь ч, дунд ахыг ангийнхаа охинд хайртай болсныг нь ч, бага ах нарыг бараан зах дээр наймаа хийнэ гээд хичээлээ олон удаа тасалсаныг ч хэлээгүй билээ. Үнэндээ би тэгэхэд ганцаардахаас л үхтлээ айсан юм.
Гэхдээ ганцаардалд бууж өгөхгүй, ээ



2009 он






Зохиолч Пүрэвхүүгийн БАТХУЯГ

"Тэнгэр хэмээх шувуу" номоос.

НАЦАГДОРЖИЙН ГЭРИЙН БУУРИН ДЭЭР


Найрагчийн нутагт шүлэг бичнэ гэдэг
Над шиг хүнд оргилд мацах шиг хэцүү
Наалдацгүй тоосго шиг эвлээгүй мөрүүдийг минь
Найргийн тэнгэр доогтой ширтэх шиг санагдана
Богинохон насныхаа алаг түүхээр
Бор зүрхэнд минь баяр гуниг шингээсэн
Эрхэм таны нутагт шүлэг бичихгүй явна гэдэг
Энэ л насны ганц гаслан болмоор!
Багшдаа золгочихоод баяртай гэлгүй явчихсан
Балчир шавийн засрахгүй алдаа баймаар!
Гүний хоёр нуур хөх тэнгэрийн доор
Гүн бодол шиг санаа алдан байна.
Ахуй сэтгэлийг дэн дун болтол уярааж
Аягын шаргал намаржаа хоймор шиг налайна.
Цэрвүү холын униарт, Хэрлэнгийн мянган уулс
"Цэнхэрлэн харагдах"-ыг зүрх хайлтал дуулна.
Яг энэ нутагт намрын хүйтэн үүрээр
Ядуу тайжийн гэр бөмбөсхийтэл цочсон юм.
Уй зовлонг анхныхаа дуугаар гэрээс элдэж
Уран Пагмаас хүү нь тасран унасан юм.
Ай тэгэхэд ямар хүн ирж байгааг
Аягын намаржааныхан даанч мэдсэнгүй.
Ариун найргийн шүтээн болох хувьтныг
Аав ээж нь ч тийм гэж санасангүй
Эрдэнэ мэт агуу суутан заларч байгааг
Эх орон нь хүртэл тэгэхэд ажирсангүй...
Ухаант ардын минь цэцэн дууны аялгуу
Уураг сүүтэй хамт биед нь шингэж
Учирваас саламгүй үлгэр туульсын хүүрнэл
Ухаан орсон цагаас сэтгэлийг нь гэрэлтүүлсэн юм.
"Арван тавтайгаасаа энэ төрийн төлөө зүтгэж
Аяны урт замыг жигүүрт шувуу шиг туулсан юм"
Алс далайн түмэн цагаан долгион дунд
Амьдрал заяасан энэ нутгаа мөрөөдөж явсан юм.
Морин төвөргөөн, өвгөн тэнгисийн хэмнэлтэй
Молор эрдэнэ мэт тансаг найргаараа
Айлын хотонд тоглох "Хэнз хурга"-наас аваад
Алс огторгуйн "Од"-ыг хүртэл дуулсан юм.
Сэдвээрээ газраас сансрыг хамарсан
Сэтгэснээрээ галав эринийг халисан
Онгодын эзэн, гал шиг дүрэлзсэн найрагч
Орчлонд даанч цөөхөн заяах юм даа...
Яруу хурц билгийн гэгээнд чинь
Ярзайсан гөлөг шиг шарваганаж байгаад
Ядарч явахын цагт бараанаар чинь
Язарсан түрийвчээ тэмтрэн зугатаж явсан
Тийм нөхөд танд байсан гэх юм.
Тэдний мөр тэнгэрийн доор одоо алга!
Өмнөө байгаа сувдыг мэдэлгүй гишгэчихээд
Өнгөлсөн хув руу шүлсээ залгисан шунаг шиг
Алдраа бусдын оюунаар босгох гэсэн бэртэгчинд
Амьдрал хэзээнээс байр өгдөггүй нь сайхан юм.
Антарктид хэмээх мөсөн тивийн шуурган дунд
Аялгуу дууг чинь монгол хүн дууллаа.
Алс сансрын одод ярайсан замд
Агуу найргийг чинь монгол хүү дуудлаа
Нарны доор таван тив дөрвөн далайд
Найраг чинь хүрээгүй газар алга!
Найрамдал, эрх чөлөөгөөр холбогдсон алсад
Надад хүртэл хэлмэрч болж явна
Ялгуун саарлаа тарласан нүүрэнтэйн чинь хөндийд
Яралзсан шинэ хот найрамдлаар ургаж байна...
Цэлгэр хөндийд, найргийн чинь бадгийг
Цементээр өнөө үе чинь дархалж байна...
Ахуй сэтгэлийг дэн дун болтол учрааж
Аягын шаргал намаржаа хоймор шиг налайна
Цэрвүү холын униарт, Хэрлэнгийн мянган уулс
"Цэнхэрлэн харагдах"-ыг зүрх хайлтал дуулна.
Газар дэлхийд унасан гэрийн чинь буурин дээр
Гараа чичрүүлэн шүлгийн мөр холбоном
Жинхэнэ найрагчийн нутагт шүлэг бичнэ гэдэг
Жирийн надад оргилд мацах шиг хэцүү юм.
Бадагласан уртхан энэ шүлэг минь танд
Баяртай гэсэн ганц үг болж дуулдаасай!
<<Яруу найргийн үзгийг саваагүй банди барьчихаж>> гэж
Яс чинь миний хувьд бүү хавталзаасай.

1981. 09. 28-30








Яруу найрагч П.ПҮРЭВСҮРЭН
“ТАНИЛ ХОРВОО” /1985/ түүвэр

59 дүгээр талд буй.

ЦӨН.


ЦӨН. Миний хэвлүүлсэн анхны шүлгийн түүвэр. Номын нэр тодроод жил гаруй хугацаа өнгөрч, агуулга бүтэц нь гурван удаа өөрчлөгдсөний эцэст хэвлэгдэн гарлаа. Сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээсээ түүвэрлэн хэвлүүлж буй энэ ном маань “Цөн” хэмээх нэрээр уншигчдад хүргэхийг хүссэн үзэл санаа, зориг тэмүүлэлийг минь тэнгэрт эс нисгэвч, газарт яавч унагахгүй гэдэгт итгэж байна.
Яруу найрагч Ц.Дэлгэрмаа, зохиолч П.Батхуяг нар “Цөн”-г хянан тохиолдуулж, уран бичээч Т.Жамьяансүрэн, зураач Баяндалай нар дотоод чимэглэл хавтасны шийдлийг хийж, хэвлэх ажлыг БитПресс компани гүйцэтгэлээ. Зохиогчийн хувьд дээр нэр дурьдсан хүмүүст онцгойлон талархал илэрхийлж байна.
“Цөн” ном нь “Утга зохиолын Хөх Мэдрэхүй” төвийн “Дөрвөн цагийн ном” цувралын “Зуны ном” бөгөөд эл түүврээ хэвлүүлхийг зүйл бүрээр шамдуулж, урам зориг өгч байсан бүлгийнхээ андуудад халуунаар талархаж байна.
Мөн “Цөн”-г, бас намайг үргэлж дэмжин тусалсаар ирсэн “Хүрээ хөвгүүд”, “Зүс бүгэг андууд” бүлгийн ах нар, “Язгуурын бүлгэм”-ийн андууд, “Шинэ үнэр” бүлгийн дүү нар, нэр эс дурьдагдсан ч миний цээжинд тод гэрэлтсээр буй гэрэлт нэр бүхнийг эзэмшигч гэгээн оюунтан бүхэнд гүнээ талархаж байна.

Хуран үүдсэн номын буян
Түгэн дэлгэрэх болтугай!