СВЕЧА ГОРЕЛА...


Лаа урссаар... , лаа урссаар... хэмээн
Цаасан дээр
Лавтайяа түмэнтээ бичээд
Надад дурсгасан!...
Тэр олон лааг
Үлээж би зүрхлээгүй
Тийм олон лаа
Үргэлж ассаар байдаг...


2002.07.14-15





Яруу найрагч Г.Сонинбаяр

Бодлын сар /УБ.2007/
23-р тал.

Эвлэршгүй дайсан, хагацашгүй анд минь билээ...


Эвлэршгүй дайсан, хагацашгүй анд минь билээ сэтгэл минь чи

Эрүүдэн шүүж болдоггүй гавъяа шиг ял билээ сэтгэл минь чи

Энэлэл хайр, хорсол зэвүүцлийн илдийг хурцлагч
Эмзэг атлаа хүнд зэвсэг юм сэтгэл минь чи

Ертөнцийн амьдрал баян ч чиний энд хүрэхгүй
Ер бусын сэлүүрт хөлөг онгоц юм сэтгэл минь чи

Авсан дотор ч баяртайяа сэрж мэдэх
Аз жаргалын сэрүүн хүйтэн зүүд шүү дээ сэтгэл минь чи

Зам зуурын салхин Зандааг сэмрээж орхивол
Завсарт нь бүтэн үлдэнэ ээ сэтгэл минь чи



Яруу найрагч Б.Занданхүү

Хор, хорлолд талархах ину...


Архи дарс, цалгилан байж
Уруул хүрэхэд онгод ирнэ
Аманд дүлэх янжуурын утаа
Цагаан цааснаа сүгийг нь орхиод
Цэнхэрлэн ууршина
Тун ч удахгүй дээ, тэр сүг сүнслэн биежээд
Тунгалаг гэрэлт хүүхнүүдийн
Ягаахан уруулаар хотолд түгнэ
Архи дарс цалгилан айсуй
Түүнийг буй болгосон суут мэргэний
Түймэр цадигийг таах л гэж би мунгинана
Мунгинах бүр мулгуу тархи
Задралаас биежин сүнс сүүдэртэйгээ холилдоно
Архиар урсах хөөрлийн онгод
Тамхиар үүсэх бодолд цэгцэрч
Хүүхний уруулаар олонд түгэхэд
Хүүр мэт байгаагүйдээ бяцхан баясна



Яруу найрагч Ж.Баяржаргал
"Дурлалдаа халуурсан охид" /УБ.2001/
24-р тал

ЦЭГ ТАВИАГҮЙ ШҮЛЭГ ...


Алхаад л байвал анхны цэгтээ
Эргээд л ирдэг
Алиман хэлбэртэй дэлхий шиг
Амттайхан амьдрал:
Хахир хатуу өвлийн зүрхэнд
Хаврын шимийг нууцалсан
Хайрга шавар дундаас өндийн цэцэглэгч
Багваахай цэцгийн бутан дороос
Би аз жаргалын жимийг олсон.

Өнгөрсөн цаг дээр өгүүлэгдэхүүнээ
Хадаж бичсэн
Өгүүлбэр бүхнийхээ төгсгөлд
Хатгасан цэг:
Өнөөдөр нээсэн диваажингийн
Үүдэнд намайг хөтлөж ирсэн
Хүч чадлын шавхагдашгүй ундарга
Хүний тухай шүлгийг
Хүнгэнэтэл унших хүчийг өгсөн


“Зуны өглөө багваахай цэцэгсийг хараад бичсэн шүлгүүд”-ээс

БОРООтой шүлгүүд...


ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА

***
Ай, яасан хүйтэн өдөр вэ...
Аравдугаар сарын тэнгэрээс бороо асгаад л
Гунихын шалтгаант энэ л улиралд
Гудамжаар нэл бороо шиврээд л...

Хүйтэн байна, үсээ нөмрөөд цонхны дэргэд суухад
Хүсэл минь нүдний өмнө алгуур дэвсээр газардахад
Хэдэн болжмор будаа мэт тоншоод тэнгэр өөд нисчихлээ
Хэзээ бууж ирэх бол доо тэд, алган дээр минь.

2006.10.21



ОРООЛОНГИЙН ЭЛБЭГТӨГС

***
Баярлахдаа миний базаж хаясан тэнгэрийн
Баруун зүүн хаяанд нар, саран мандана
Эрт цагийн үлгэрээр эвтэйхэн зүйж хийсэн
Эвхмэл модон орон дээр бүхий л насаа барна
Гунихрагч нэгэн хөгжмийн хэлээр надад
“Гутамшигт өнгөрсөн үүрд арилан одож
Гайхамшигт ирээдүй үүд сөхөж байна” хэмээн
Өвдөг дээрээ сөхөрч гараас минь адис аваад
Өөдөөс минь дөхсөөр бие дотор орчихов
Бодол эрэгцүүллээс илүүтэй бодит амьдралд тэмүүлж
Олж авсан бүхэн минь хоосон зугаа төдий
Бороо шиг шуугиантай насанд учрал бүхэн эмзэг ч
Орогнох бяцхан хэвтэр минь уужим амьсгалахад хангалттай.

2010.02.18



БАТСУУРИЙН БАЯСГАЛАН

***
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа.

2008.06.25



ЖАРГАЛСАЙХАНЫ ОРГИЛ

ЗУН

Энэ их улирсан бороо зогсож,
нар үүлсийн сиймхийгээр гийнэ гэдэгт итгэхгүй нь!
Энгэрт минь нэвчсэн
хүйтэн хэрнээ усархаг дуслуудыг ээ...
Итгэл болоод ирээдүйг минь урсгачихаад,
өнгөрснийг л үлдээчихсэн
Ийм хөндүүр хоногуудыг би тэгээд
“зун” гэж нэрлэх үү?

2009.1.4 нд УБ хот




ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР

БОРООНЫ ДАРАА

Б.Мөнхзолд

Борооны дараа солонго татсан
Худлаа бодол минь л татсан
Болжмор тагтан дээр минь жиргэж
Шинэхэн бодолд минь аялгуу нэмэхдээ
Даашинзныхаа хормойгоор салхи
Эрхлүүлэн ирж явааг чинь хэлсэн
Нар оройжин аальгүйтэж, аальгүйтэж жаргахдаа
Сарыг үлдээсэн. Сарны савлуур дээр
Суугаад үнсэлцэхийг минь болжмор л харсан
Борооны дараа бодол минь татсан
Худлаа, солонго л татсан




НЯМХҮҮГИЙН НАРАНГЭРЭЛ

***
Гадаа бороо орж байна
Чамайг санахаар миний доторх
Сонин сонин амьдрал
Гадаа бас тохиож байна.
Чиний инээмсэглэл миний нүдийг аргаддаг шиг
Тэр тэнгэрийн дуслууд урсаад
Газраас хараат болж байна.
Сулхан дуугаар мөрөөдлөө хэлээд
Сураггүй алсад зүсрээд ирж байна.
Чанадаас чинь наашлах дуу
Тасарсаар миний зүрхэнд
Хүрдэг шиг
Даруухан цогисоор
Бороо орж байна.




МЯГМАРСҮРЭНГИЙН ХАНГАЛ

***
Хэрэв уйлж чадахгүй бол...
Тэнгэр ширтэж удаан сууна
Тэгээд үүл болно.
Бороо болно.
Надад итгэдэг харцыг дахин гуниглуулбал...
Мартагдана, харин
Мартагдашгүй шүлэг бичиж чадах билүү...
Үхэх, Яг яруу найраг шиг
Надад цагаанаар төсөөлөгддөг
Гэрэлтээд л...
Гэхдээ сүүмгэр цагаан
Хөвөөд л...
Хөвөөд л
...
Ийм мэдрэмж төрүүлэх сонсголонт аязыг эрсээр ээ.
Одоо уйлмаар санагдвал л...
Хуруугаараа агаарт хөгжимдөхийг хичээнэ.




ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА

***
Хатсан цэцгэнд
Бороон дусал
Түйтгэр болно
Хагссан зүрхийг
Хайр мөн
Тэгж ононо.

Цацарч хагарсан
Цэцгийн дэлбээ
Цаснаас олон
Цасанд тодрох
Мөрийг нь дагавал
Гуниг л олно.

2008 он Улаанбаатар




"ХӨХ МЭДРЭХҮЙ"
шүлгийн цоморлигоос...

Гурван үг, нэгэн шүлэг...


Монголын яруу найрагт бүсгүй хүнийг Явуухулан дээрээс нь, Нямсүрэн доороос нь дуулсан. Энэ бол билгийн нүд...
Д.Батбаяр /Төрийн шагналт зохиолч/




Залуу насыг залуу хүн л үрэн таран хийдэг. Үүнээс илүү харуусал гуниг үгүй...

Дерик Роүз /Чикаго Буллс/


.
...Гумберт, Бахман гээд В.Набоковын баатрууд сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэх тавилантай. Харин минийх шууд л үхлийг сонгодог. Гэвч үхэж чаддаггүй...

М.Уянсүх /Яруу найрагч/



.
Нэмээд нэгэн шүлэг:


Гүнзгий санаа алдмаар
Сар шиг бүсгүй чи минь юм
Гүнд нь цангинасан дууны
Эгшиг нь миний сэтгэл юм...

Б.Явуухулан /Яруу найрагч/

“ЧОНОН СҮЛД”-ийг эхний бөгөөд эцсийн удаа уншаад...


Манан будан гэдэг мундаг зузаан романыг дөрөвдүгээр ангидаа уншсанаас хойш анх удаа ийм зовуурь залхаантайгаар ном уншиж үзлээ. Хятадын зохиолч Зян Рун хэмээх эрхэмийн 2003 оны өвөл бичсэн баримтат уран сайхны “Чонон сүлд” роман. Миний мэддэг бичиг үсэгтэй болгон шахуу энэ зохиолыг магтаж тагшаад, хэрийн юманд цочирхоо байсан дөжирсөн толгой Тагтаа минь хүртэл магтаалын үг унагасан тул тун ч хорхой шуналтайгаар орсоныг хэлэх үү. За ер нь хөдөөний борог амьдралын зах зухаас нь амсаж өссөн мань мэтийнх нь хувьд энэ номон дахь мэдээлэлүүд цочир содон зүйл биш байсан бөгөөд, эр эм нь ялгагдахгүй эрлийз соёлтой болсон картын барааны хүүхдүүдэд бол харь гаригийн соёлыг тайлбарласантай агаар нэгэн санагдах нь аргагүй л дээ.

Орчуулгын хэл найруулгын хувьд өөлж гоочлох зүйл үгүй байсан ч роман бүхэлдээ сул тунгаар найруулсан нойрны эмийг санагдуулсан нь цаад зохиолчийнх нь бичлэгийн онцлог л юм байлгүй. Бас нэгэн ойлгомжгүй зүйл байсан нь уг номын бүлгүүдийг тодотгосон ишлэл дээр Хүннүгийн өмнө нэр дурдагдаад байсан Цуань Рунчууд гэж хэний тухай яриад байна вэ?

Гучдугаар бүлгээс хойш роман тун сонирхолтой болж ирсэн. Энэ нь магадгүй өнөөгийн монголын тухай баримтат кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэлийг надад үлдээснээс тэр байх л даа. Урианхай гуайн нэг эсээнд “Цаг удах тусам хүний чанар муудаж, чанараа дагаад яс нь хэврэгшсэн тухай” санаа байдаг юм. Чухамдаа бидний муудсан чанар, хэврэг ясан дээр тогтож буй энэ нийгэмд өгөх үр нөлөөгөөрөө энэ ном гарцаагүй чухалчилан яригдах эрхтэй болж байна. Гэхдээ “Чонон сүлд”-ийг магтаж тагшихын тулд эхлээд их зохиолч Донровын Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” хэмээх нэр мандсан шоорт новелийг сайтар эргэцүүлэн бодоод, агуу Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдрүүд”-ийг санан дурсах хэрэгтэй юм. Гонкурын шагналт зохиолч Хомерикийн “Монгол чоно” гэдэг романыг франц нөхөртэй нэгэн монгол бүсгүй орчуулж хэвлүүлсэн нь номын дэлгүүрүүдэд мэр сэр харагдсаар удахгүй далд агуулахад нь шилжих болсоныг ч анхаарч үзэх нь зүйтэй юм.

Өөрийнх нь улигласнаар бол Зян Рун, Ар монголд ирэхдээ ганц Аким гуайтай уулзсан бөгөөд, түүний “Тэнгэрийн нохой” номыг нанхиад хэлнээ буулгахаар тохиролцсон ажээ. Бидний соёл зөвхөн дээл малгайтан төдийгүй өнгөт нүдтэний дотор ч судлагдаж, сонирхогдож, тэр чинээгээрээ тэс өөр өнцгөөс харж, эгдүүцэн зэвүүцэм, ээнэгшин уншим дүгнэлт хийж буй нь сайшаалтай хэрэг юм. Хамгийн гунигтай нь тэдгээр дүгнэлтүүд ганц л санаанд зангилагдах юм. Тэр нь “Мөхөж буй нүүдлийн соёл иргэншил”. Эрнан Кортес мэтийн алуурчид өмнөд америкийн гайхалтай соёл иргэншлийг бүрэлгэн сүйтгэсний дараа хүн судлаачид тэр зүгт хүүр тоноочин мэт цувж эхэлсэн шиг, тэдний хэлдгээр “Мөхөж буй...” бидний соёл иргэншил тунчиг сонирхолтой судалбарлагдахуун болжээ.

Би л хувьдаа мотоцикл унаад айл хэсэн архидаж яваа үеийнхээ залуугийн нүднээс хар багынх нь гэнэн тунгалаг занг олж хараагүйдээ огт гайхаагүй, харин шинэхэн буулгасан эхнэртэйгээ орой бүр оросын сувгаар гардаг порно үздэгээ яриад, хөдөө нутгийг хөгжиж байгаа тухай сайрхахад дэргэдээс нь бушуухан босож явахаас аргагүй болсон юмдаг.

Өдөр туж хөлөө сэлгэлгүй найрладаг дэнхэр өвгөчүүдийн сууринд аав минь сууж, хаясан хаягдсан тухай ЖА ахын дууг орилолдож орилолдсоор бөөн зодоон цохиондоо тулдаг болсон баяд найраа үзээд аглаг онгон нутагтай минь холбох амин шижим нэгээр тасарсаныг ёгхийтэл мэдэрсэн дээ.

Манай уран зохиолд яагаад нэг иймэрхүү романтай зах зээлээ булаалцалдах ганц ормаан алга байна вэ? Манай зохиолчид яагаад нэг иймэрхүү ормаан ч бичиж чадахгүй байна вэ? Миний хувьд зохиолч сүүлийн үед гарсан романуудаас Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг “Чонон сүлд”-ээс ач холбогдол, хийц, гаргалгаараа хувь илүү гэж хэлж чадна. Саяхны нэг “Утга зохиол урлаг” сонинд докторант Батсуурь гэгчийн хэвлүүлсэн “Бөөгийн домог-Мөхлийн домог” хэмээх тун амбицлаг бичвэрээс өөрөөр манай доовтор ахай эгэй нар “Бөөгийн домог”-ийн талаар ганц үг ган хийсэнгүй нь өнөө л атаа жөтөө, тамын тогооны үлгэртэй нь холбоотой.

Романаас надад хамгийн таалагдсан гаргалгаа нь уртын дууг чонын улиантай холбосон явдал байлаа. Чень Жень гэгч тэр хэнхэг нөхөр Хүннүгийн судар ишлэн байж энэ тухай нотолсон нь надад тун сонирхолтой бас үнэмшилтэй санагдсан. Далайд төөрсөн хоёр итали залуу бие биеээ дуудаж орилсоор байгаад дуурь үүссэн гэдэг биз дээ. Нөгөөтэйгүүр зохиолын хуудас хойшлох тусмаа улам сэвтгэл өвтгөм болж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Хамаг сүүлийн хуудаснаа мэдэрсэн миний сэтгэлийн орь хөндүүрийг хэрэв хөдөлгөөнд тооцох аваас миний сэтгэл /Инжинаш ахайн хэлснээр/ аль нэг хэсгээрээ хөдөлгөөн хийсэн байнам. Энэ ном миний сэтгэлийг хөдөлгөсөн байнам.

Эцэст нь, би вээр малчин Батын гэрт ирсэн хижээл насны хоёр хятадын хамт “Ээн күүн моонгол күн Эк оорандаан хайртай күнн” хэмээн халамцан дуулж суухдаа цөөн дусал үнэт нулимас унагасан хийгээд, тэдгээр нулимас гуйж олсон номын хуудасыг цоохортуулсан, хонины хашаанд орсон чонын тухай хэсэг дээр нойрондоо дийлдэснээс болж кофегоо татаж асгасан зэрэг уншигчийн зүгээс байж боломгүй бүдүүлэг үйлдэл хэдэнтээ хийснээ хүлээж байна. Басхүү, билэг авьяасын хийгээд гунигт үнэний “Үнэн”-д дийлдэн толгой мэхийж байна.

Чиний гар дээр би...

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

1999 он



Яруу найрагч Л.ӨЛЗИЙТӨГС
“Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр /УБ. 2000/
81-р талд буй.

...би яаж дуу дуулах билээ


Нас барчихсан хайртай хүндээн би яаж дуу дуулах билээ
Нэгэнт одсон уужуу сэтгэлтэй хүндээн дуугаан яаж дуулах билээ.
Дотно хүнийхээ шарил дээр би ямархан анхилуун цэцэг өргөх билээ
Дорноос үлээх, өрнөөс үлээх тэнгисийн салхи
Баруунтайгаас үлээх, зүүнтэйгээс үлээх тэнгисийн салхи
Баян талд уулзах энэ салхи
Энэ миний дууны амьсгал
Энэ цэцгийн тансаг үнэрийг
Эрхэм хүнийхээ шарил дээр би авч очно.





Уолт Уйтмен
"Энэ хавах хашаан дотор гэрийн урдтай монос цэцэглэхийн цагт"

/М.Цэдэндоржийн орчуулга/

ДУРЛАЛ дугаар номер 7


Түүний судсаар
Арван хувийн орос цус
Хорин хувийн хятад цус
Гучин хувийн монгол цус
Дөчин хувийн архи
Холилдон гүйж байгаа

Түүний амнаас
Эхүүн үнэр эхэлж үнэртээд
Эрмэг халуун үгс ялгаран гараад
Улмаар уянгат нялуун өнгө аясад хувирч
Эцэст нь эх адаггүй хөлчүүрэл болон замхардаг

Улаан үст минь
Зузаан уруулт минь
Учир битүүлэг
Далдын харцат минь.

ОН ЦАГ ИЙМ ГУНИГТАЙ

Анд нөхөр А.Эрдэнэ-Очиртоо зориулав


Олны салхинд туугдаж сэтгэл гундуухан явахад
Олмоо чангалж гарман дээр хүлээсэн их анд минь
Омтгойрон гүйж халгин цалгин дэвэрч урсахад
Ойрхон байж холоос хашсан их эрэг минь


Наран доогуур үүлс алгуурхан нүүж байна
Намар болох нь дээ өвсний чийг холдчихож
Намайг чамайг бүүвэйлсэн хонгор салхин сэвэлзээд
Нас нэмж дээ хол ойрыг бодож сууна


Эр цөөхөн андтайгаа дуулалдан ижилдэж өссөн юм
Эрх байлгүй яах вэ дээ сэтгэлийн үзүүр нялхамсуу
Энэ зуурхан орчлонд дураараа шувуу шиг жиргэсэн юм
Эрт байлгүй яах вэ дээ сэвлэг даахь нь үнэрээрээ


Цаг хугацааны салхи бидний дундуур туучиж
Цахилсан мянган зэрэглээ шиг зүүдэн алсад аваачсан байна
Цамцаа дэрвүүлсэн бага нас бодлын гүнд ирж хуучлаад
Цармын алтан бялзуухай зүс хувиргаж одсон байна


Аж төрөхийн цагаан манан хэн хэнийг минь уусгаж
Аанай л бид хүүхэд шиг шуугилгүй удсан байна
Амтат дарс гэнэн бодлууддаа халамцан
Амьдрал мөнх гэж хүүрнэн суулгүй удсан байна


Сүүлчийн автобус хажуугаар чимээтэйхэн өнгөрөхөд
Шүлэг уншиж инээлдэн алхдаг минь холдсон байна
Сөл өвс ганхсан намрын талд дөрөө харшуулж
Шүүдэрт талаас өвгөдийн газарт очилгүй удсан байна


Орой үдэш хонх дуугарч хэн нэг нь халамцуухан ирж
Орон хотын сонин дэлгэн хөдөөгөө санаашрах минь цөөрсөн байна
Орчлон ийм нам гүм байхад хэзээ бид даслаа
Он цаг ийм гунигтай байхыг хэнээс бид уншлаа


{...}

Зовлон дааж гэлдэрэхэд талыг нь үүрч боссон
Зол баярын дуу аялахад талд нь түрж асгаруулсан
Хүний ертөнцөөс буцахын цагт
Хүүгээ захиж үлдээх ганц анд минь ээ


Намрын талд эр суль өвс гандахад сэтгэл сэмэрнэ
Надаас тийм хол сууж хэдэн оныг үдэх вэ
Хаврын талд эрх хонгор зэрэглээ татахад сэтгэл уясна
Хаалга зөөлөн тогшиж хэдийд чи манайд ирэх вэ.


2010-11-23



Х.Сүглэгмаа

«Цаг хугацааны дэргэд» номоос хэсэглэн авав.