Адаг сүүлд нь эзнээ үгүйлсэн их улилт, эвгүйцэм сонсддог...

Банжиг дахь блогийн минь байнгын уншигч Ганбаатар гэдэг ах Хонгор нутагт амьдардаг юм. Богино хэлбэрийн өгүүллэгийг сонирхон бичиж, өнгөрсөн хавар номоо ч гаргаж амжсан хүн. Сар гаруйн өмнө блогтоо тавьсан нэгэн шүлгэнд маань хариу болгож Ганбаа ах энэ шүлгийг бичжээ. Нилээд алкохольны шүлгэнд маань өгсөн ахуйлаг хариулт гэх үү дээ...


* * *
Миний судсаар
Арван хувь ардын цэвэр цус
Таван хувийн тайжийн цагаан цус
Тавин хувийн социалист солиоролын улаан шүлс
Үлдсэнд нь харин өнөөдрийн нийгэмд өмхийрсөн бор ус урсаж байгаа

Миний амнаас
Мэргэн цэлмэг ардын заасан аман мэнд аяар зөөлөн урсан гараад
Мэдээж дараа нь ахуй орчны аар саархан яриа сонсдоод
Араас нь тэгсгээд "алттай нутгийг минь, хүний хүн..." гэх араа шүдний хавираа хяхтнаад
Адаг сүүлд нь эзнээ үгүйлсэн их улилт, эвгүйцэм сонсддог

Уул харах нүд үгүй
Уушиг даах шүд нь үгүй
Усан нүдэт
Цусан зүрхт

Сэтгэл алдарна... аа

Б.Б-д

Орж байгаа борооноос хүртэл
Норж байгаа үс нь үнэртсэн
Элбэг дээлтэй тэр охин
Ээжийн минь багын зурагтай
адилхан санагдсан

Нэхэн санаж нэмж мөрөөдөхнээ
Өнө эртний дуртгалууд
өчигдөр тохиосон үйл явдал шиг
Өчигдөр тохиосон үйл явдалууд
өнө эртний дуртгал ч юм шиг ээ...







"Үзэсгэлэнт байдал, яруу бодолтой
Үлэмжийн гэрэл гэгээ минь чамдаа..."

Одоо бүхнээс зоригтой, бүхнээс бардам амьдрах болно.

Хувь тавилангаа хүндлээгүйн гэсгээл ирж
Хуучнаараа ертөнц эхлэж, бидний санаснаар төгсөнө.
Чиний сэтгэл минийх шиг хоосон болохыг
Чи удахгүй ойлгоод над шиг амьдрах болно.
Цувтай хүмүүс шиг намар нэг нэгээрээ
Яруу найрагчдийн шүлгийн дэвтэрт нулимсаа сэгсэрч
Гансарсан навчисыг гудамжаар дүүрэн нисгээд
Эндээс буцахдаа бас л ганцаардсанаасаа болоод
Эргэж ирэхгүй гэж амласаар байх болно.
Хорин настай залуу хос өөрсдийнхөө сүүдэрт
Хорин настай бидний мөрөөдөл шиг хууртсаар
Хөх тогоруу шиг өдрүүдэд жиндэн суух болно.
Орхиод явахад минь нулимс унагаагүй чи
Одоо бүхнээс зоригтой, бүхнээс бардам амьдрах болно.
Зөөврийн тэргэнд суугаад эргэж буугаагүй намайг
Зөвтгөж чадсан чамд тийм чадал байгаа.
Хувь тавилангаасаа татгалзаж зүрхэлсэн бидэнд
Хуурамч зүйл байгаагүй, үнэнийг хэзээ ч олж үзээгүй.
Чиний сэтгэл минийх шиг хоосон болох цагт
Хуучнаараа ертөнц эхлэж, бидний санаснаар үргэлжилнэ.

Г.Оргилболд

ТҮҮХИЙГ АСРАГЧ ӨНДӨР ОГТОРГУЙ


Энэ бол санаандгүй юм уу, чамирхан гоё үгийг чухалчлан нэрлэсэн хэрэг бус гэдгийг юуны өмнө уншигч танд хэлэх нь зүйтэй. Учир жанцанг нь намайг ярихаас өмнө та дараах хоёр өгүүлбэрээс хичээнгүйлэн уншина уу.


Олон ах нарын ерөөлтэй

...Угсаа язгуурын зуун зууны түүх , соёл бүтээл туурвилыг залуу халуун насандаа ийнхүү цөхрөлтгүй сурвалжлан судалж, гүн утга, түмэн учрыг нээн дүгнэж, эрдмийн шастирт баринтаглан багтааж байгаа номын их буянт хүү чамдаа Увс нутгийн чинь зон түмэн үеийн үед баярлаж бахархаж байх эрхээ ийнхүү баттай олж авлаа...
Нутгийнхан тэнгэр, мэргэ¬дийнхээ мэлмийд ямагт мэхийн сүслэж, аав ээж, амраг хань, түмэн шавь буман ардынхаа асрал энэрлийг өглөө бүхэн тогтоож яваарай. Чамайг үргэлж үнэлэн хүндлэгч нөхөд чинь гээд ахлах захлах 10 хүн гарын үсгээ зурсан энэ утга учир уяа зангилаа бүрдсэн үгийг 2005.05.23-ны өдөр эрдэмт олон багш түүхчид цугларсан цайллага дээр уншиж Надмидын Сүхбаатарт гардуулжээ. Энэхүү дурсгалт үг мэндчилгээ гардан авсан Н.Сүхбаатар гэгч маань хэн бэ гэж асуух хүн мэдээж гарна.
Эдүгээ Монгол Улсын Боловсролын их сургуулийн түүхийн тэнхмийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор Сорон овогт Надмидын Сүхбаатар Увс аймгийн Сагил суманд төрж өссөн. Нутгийнхны хэлдэгээр улаан дөрвөд. Дөрвөд гэдэг үг сонсохоороо онгод нь бяцхан огшиж хөөрцөглөдөг ”муу” зантай. Баяд ээжтэй, халх эхнэртэй, 3 хүүхэдтэй. Нутаг амьтай гэж жигтэйхэн. Ярихийм байхгүй. Ийм л нэг залуу эрдэмтэн.


Ойрадын түүхийн онгодтой

На.Сүхбаатар (Увсчууд На гэж эцгийнх нь нэрийг хураангуйлаад дуудна. На иржээ, На ярилаа гэвэл Сүхбаатар доктор гэж бараг бүгд ойлгоно). На-гийн эрдмийн цол авсан гол бүтээл нь “Монголын түүхийн Тод бичгийн сурвалжууд” болой. На маань энэ сэдвээр эрдэмтэн болсноор сэтгэл ханаж, санаа амарч, гар оюун чухал сул байлгахыг чухалчилсангүй. Ойрадын түүхийг бүхий л талаар судлах нэгэн насны эрдмийн их аянд дөрөө чангалан мордсон эрдэмтэн гэвэл онох буйзаа.
Эрдэм судлалын болоод олон зуун шавь нараа эх түүхэндээ хүндэтгэлтэй мэдлэгтэй ханддаг судалдаг, сурвалжилдаг болгохын төлөө бие оюунаа чилэхийг огоорон хичээхийн хамтад ойрадын түүхэнд холбогдох эрт эдүгээгийн түүхчдийн бүтээл туурвилыг нэгэн багц цуврал болгон эрэмбэлэн гаргахын төлөө цуцалтгүй чармайж байгааг нь онцлон хэлэх ёстой.
Орос Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Б.Я.Владимирцовын нэгэнтээ ярьж зорьж байсан Ойрадын номын санг бий болгох гэсэн (библиотека Ойратская) эрдмийн гэрэлт үйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө нэн чармайсаар Түүх соёл хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв-ийг 2006 онд үүсгэн байгуулж, энэ төвийнхөө зорилго үйл ажиллагааны хүрээнд энэ завсар 20 шахам боть номыг хэвлүүлж түмэнд түгээгээд байна. Тэрээр энэ мэт сурвалж судлалын цуврал бүтээлээрээ 2003 онд ШУА-ийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн билээ.


Ганц хуваарьт тасархай түрүүлж байлаа.

Хэрхэн түүхч болсон тухайд На.Сүхбаатар хэний ч өмнө нүүр бардам хэлэх үгтэй хүн юм.
-Би өөрийгөө захиалгаар бэлтгэгдсэн түүхч гэж бодож хичээж, бас урамшиж явдаг хүн дээ. 10-р ангийн сурагч байхдаа Тод үсгийн ном судар уншчихдаг, бас аав, ээж маань гайгүй лам болно, болгоно гэж ярилцдаг ч байлаа. Тэгтэл нутгийн сэхээтнүүд намайг дэмжиж сурагч байхад минь ойрад судлалын их хуралд төлөөлөгчөөр илгээсэн юм шүү. Ингээд л би түүхч болох замд эргэлт буцалтгүй орсон хүн. Тэр жил МУИС-ийн түүхийн ангид цорын ганц хуваарь ирснийг би 20 гаруй хүүхэдтэй өрсөлдөн онооны хол давуугаар авч байлаа.
-Таныг жинхэнэ түүхч болоход дэмжсэн томоохон түүхчид гэвэл?
-Би тийм том түүхч гэж өөрийгөө дөвийлгөмөөргүй байна л даа. Намайг өдий зэрэгт хүрэхэд эрдмийн болоод сэтгэлийн их буянаа хайрласан түүхчид эрдэмтэд бол түүхч Д.Гонгорын хүү Г.Дашням, доктор З.Лонжид, академич агсан Ч.Далай нарыгаа юуны өмнө нэрлэе. Ч.Далай гуай залуу гэж гололгүй Ойрадын түүх номоо уншуулсан. Миний санаа бодлыг сонсож байсан нь томоохон урам зориг хайрласан хэрэг байлаа. Ер нь энэ мэтчилэн олон хүнийг нэрлэж болно хэмээв.
Хүний унаган ухаан хийгээд ёс жудгийн нэгэн тод нотолгоо бол ач буянаа хүртээж тус дэмээ хайрласан хүмүүсээ ямагт дээдлэн хүндэлж дурсаж дуудаж явдаг чанар болой. На. Сүхбаатар бол өөрийг нь дэмжсэн хамжсан, тус дэмээ өгсөн нэг хүнийг ч орхилгүй хүндэлж урьж уулзаж, угтаж үдэж байдаг хүн юм.


Өндөр огторгуй хэмээсэн учир

Торгууд, хошууд, дөрвөд, хотгойд
Тойрч цөөрч ирсэн овог, омгийн огторгуйд мөргөе
Тойв юүдэн малгайгаа дэвсэн дээдэлж
Тортог буртаггүй сэтгэл-огторгуйд нь мөргөе
Тодорсон бүдгэрсэн эвдрэл, эвлэрлийг нь өршөөж
Тосон айсуй мэргэд гийх огторгуйд нь мөргөе
Тоонотой гэр, тулгатай галаараа андгайлж
Торгон жолоог нь дэлхийн өмнө өргөж цоллоё
Энэ бол доктор На. Сүхбаатарт зориулсан нэгэн найрагчийн Дөрвөн Ойрадын Өндөр огторгуй шүлгийнх нь 8 мөр үг. Энэ шүлгээ гардаж авсных нь дараагаас энэ эрдэмтнийг анд нөхөд нь үе үе “Өндөр огторгуй” хэмээн сүжрүүлэн дууддаг болсон гэх. Түүнийг таньдаг мэддэг, бүтээл зүтгэлийг нь үнэлдэг хүндэлдэг бүхэн ийнхүү сэтгэлийн үгээ илэрхийлж яваа хэрэг буйзаа.
На. Сүхбаатар бол Халимаг, Тува зэрэг улсын төлөөлөгчдийг оролцуулан Баруун монголын шашин соёлын их хурал зохион байгуулж, төр нийгмийн зүтгэлтэн Ө.Бадрах, Түмэндэлгэржав нарт зориулан эрдэм шинжилгээний хурлыг төрөлх нутагт нь зохион байгуулж, намтар зохиолыг нь хэвлүүлж, түүхийн хялбаршуулсан ном товхимол бичиж жирийн уншигчдад түгээж, төрж өссөн Сагил сумынхаа тухай “Саран тамгатай Сагил”, мөн “Миний хайртай Улаангом” ном хамтран эмхэтгэн гаргаж, нутгийнхаа уул усны тахилгын утга учрыг уудлан сурвалжилж, овоо бумбыг нь сэргээн босгоход санаачилга гаргаж, өсвөр залуу үеийнхэнд лекц уншиж дотоод гадаадад болсон эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөнд илтгэл судалгаагаа танилцуулж үнэхээр эрдэмт хүний ёсоор буянт сайхан сэтгэлээр монгол түүхээ, Ойрад түүхээ судлан асарч дээдлэн үнэлж, зон олныхоо сэтгэлийн огторгуйг нь саруул тунгалаг болгохын төлөө нэгэн биед ахадсан гэхээр санаачилга зүтгэл гаргаж байгаад нь бахархаж “Түүхийг асрагч өндөр огторгуй” хэмээн энэхэн бичлэгээ нэрлэсэн болой.

Б.Норов

Энэ бүхний төгсгөлд яадаг гээч?


Хорвоод би талархаж мэддэггүй

Энэ амьдралын юунд баясах ёстойгоо ч ойлгодоггүй

Хоног өдрүүд надад

Угаагаад хатаасан ч хуучнаараа, хуниас бүхэндээ уйтгар нуусан

Урагдах дөхсөн ч тэссээр буй хуучин даавууд шиг л санагддаг


Өдөр хоногуудад яахин талархах, нарыг хараад хэрхэн инээмсэглэх

Өндөр дээр гараад хашгирхад минь үргэсэн шувуудыг юу гэж тайтгаруулах

Тэмүүлэх, тэмүүлэл тэмүүллийн угт

Тэнэсэн сум шиг нэгэн итгэл зүрх хаваад газардахыг мэдрэх

Энэ бүхний төгсгөлд яадаг гээч?

Хиргүй ариухан төрөхөд минь бараан бүхнээ нялзааж

Хивнэг сүүдэр надад урлаж нөмөргөсөн тэр гарыг

Үзэгддэгддэггүй тэр гарыг зүгээр л

Үнсмээр санагддаг...




Батсуурийн Баясгалан

Шидэт ертөнц


Намрын дунд сарын энэ өдрийн цэлэмгэр тэнгэрт өдрийн саран
Намайг ажин дув дуугүйхэн, цагаан үүлстэй сэм сэмхэн зөрнө
Сайн ажвал цахлай хэлбэртэй саран завь хөлөглөсөн намрын эзэн
Саруул тэнгэрийн гүнд дураар сэлгүүцэн хэн нэгийг хайж яваа мэт ээ!

Хөх огторгуйн гүнд нүд алдран түүнээс цаашхыг шохоорхон хэвтэхэд
Хөөрхий хүмүүн гэгч энэ тэнгэрийн доор юутай жижиг хэрнээ агуу юм бэ?
Үүл нүүсэн орчлонгийн өвсөн дунд хэвтэж, ялаа шумуул үргээн
Үнэт бодол нь асар тэнгэрийн гүнд одоод, биеийг нь түүнтэй чацуулахыг хичээнэ.

Хажууд бас уулын горхи харгиа хөгжим үүсгэж
Харахад зөөлөн, буурал цагаан уулыг би тасалваас нэгэн амь тасрах шиг...
Харуусахад энэ орчлон бүхэлдээ санаа алдах шиг...
Хан ертөнцийн нэгэн цогцос хийгээд бүх л биетийн холбоог гайхнам.

Тэгээд би горхины дэргэд хүрч, ус руу унасан хөгшин улиасыг харваас
Тэнгэр минь, энэ модны амийг цагаан уул цэцэг шиг хэн таслав аа?
Үл үзэгдэх гараар байгаль зохист өөрчлөлтийг яаран хийхдээ
Үнэндээ биднээр дамжуулан ямар нэгэн юмыг сэм амжуулах мэт ээ!

Намрын эзэн бяцхан шар навчин завь хөлөглөн
Налгар өдөр галын мандалаар ертөнцийг эрэн явах шиг ээ.
Би ингэж бодсоныг хэн мэднэ, бичил завь гол уруудан хөвнө.
Бишгүй л удаан харж зогсоход, навчин шар завинд амин сүнс байх шиг!
Тэртээгээс сарны дүр голын мандалд буусан нь намрын шар навч буюу...
Тийн ижилсэх хийгээд, дүрс хувирахын ёсонд үлэмж шидэт ертөнц
Тэнэмэл хөвгүүн надаас өөрийгөө нуун гэвч, тэрээр миний дотор оршин намайг өдөөх ажаамуу




О.Дашбалбар
Шидэт ертөнц /2003/
286-р тал

...Хаа нэгтээ дурласан хүүхэн хүлээх шиг...


...Хаа нэгтээ дурласан хүүхэн хүлээх шиг
Хачин битүүлэг, өчүүхэн баяр ч үгүй
Найз нөхөд, үл таних хумүүс сүүдэр мэт
Нимгэн үүлс, жихүүн үдэш хүйтэн дарс мэт
Догдлон түгших нь хүнтэй учрахыг мэдрэх шиг, хүнээс хагацахыг бас мэдрэх шиг
Догдлон түгших нь бүхнийг орхихын харамсал шиг
Үл ойлгогдох, алсын, хэрэггүй баярыг хүлээх шиг
Од мэт чулууд хөлийн дор бүдэг бадаг
Чулуу мэт оддын зүг одоход ойрхон.
Намайг ер ямар нэгэн орчлон хүлээх шиг
Намайг дурлалт хүүхнээс илүү цаг хугацаа татна.



Тодорхой шүлэгч Б.Одгэрэл
(Өдөр бүрийн шүлгүүдээс)

“Хорин нэгэн хөрөг”




Их түүхийн тэгш ой огтлолцсон энэ өдрүүдэд блогтоо нэгэн шинэ булан нээхээр шийдлээ.
“ХҮН хаана буй
Тэнд ТҮҮХ буй...”
хэмээх эл буландаа монголын түүхийн талаарх шинэ сэргэг бичвэр, үзэл таамналын ойлборуудыг нийтлэх юм.
Тэргүүнд, хар багаасаа уншиж ирсэн ширээний номоо цувралаар нийтлэх болно. 1990 онд зохиолч Тангадын МАНДИР “Хорин нэгэн хөрөг” хэмээх эсээний цоморлиг хэвлүүлсэнийг эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба хянан тохиолдуулжээ.
Эл номд “Монголын нууц товчоон” лүгээ холбогдох 21 түүхэн хүний тухай эсээг “...Хөх судар зэрэг түүхэн зохиолын уран сайхны дүр болон эртний хятад, араб персийн эл үед холбогдох зургийн дурсгалууд, орчин үеийн зарим зураачдын бүтээлийг харшуулан үзэж, ургуулан сэтгэсний дүнд хөрөг зургуудыг нь бүтээсэн...” эш хөргүүдээр чимэглэж хэвлүүлсэн байна.

Дор, өрнө дахинд Суботай хэмээн алдаршсан Их Монгол улсын суут жанжин Сүбээдэйн тухай хэсгийг нийтэлж байна.
Омог суут дээдсийнхээ заншлаар, ёроолгүй зовлонгийн үр оройгүй цэнгэлийг тэвчиж сайхан наадаарай!



СҮБЭЭДЭЙ БААТАР

Энэ аяллаа нам жимхэн, цуу дуулиангүй болгох гэж Сүбээдэй үнэн голоосоо хүсэж байлаа. Цэрэг цөөтэйдээ ч тэгсэнгүй, заавал баруун далайд хүрч үзсүгэй гэсэн зорилго нь замд гарснаас хойш нэг л үтэл хөнгөн зан мэт санагдаад ирсний дээр эзэн Бат хан нь даруй эргэж ирээрэй хэмээн шавдан хүссэн учир үл ялих зүйлд цаг үрэхээс болгоомжилжээ.
Гацаа тосгодыг тойрон их замаас дайжиж явах тул шан харамжид гар таталгүй газарчныг хангалттай элсүүлэв. Дөрөв таван тэргэнд уугуул нутгийнхан суугаад урт шилбэтэй эцэнхий морьдоо тас ороолгон давхилдана. Архи дарсыг тэдэнд зоргоор нь олгосон болохоор газарчид улаан зээрд болчхоод хааяа огцом аялгуутай дууг хоолой мэдэн бархирахад нь Сүбээдэй сахал дороо инээмсэглэн чагнаж явлаа. Тэдний дарвиж хөхисөн даруулгагүй зугаа монгол цэргүүдийн хөх инээдийг хүргэхээс цаашгүй. Тэгж явтал газарчдын нэг тэрэг замын хажуу руу хөмрөөд хараал ерөөл тавин босгосноос хойш тэд арай томоотой боллоо.
-Эрхэм ноёд бүү унтууцаарай. Эд чинь биднээс үхтлээ айсан хүмүүс шүү дээ. Сэтгэл нь тавираад л ингэж байгаа биз гэж Сүбээдэй баатар бараа болж яваа ихсийг тайвшруулаад, энэ байдлыг нэг өөрчлөхгүйг хүсэж байгаагаа илтгэжээ...

Түүхийн товчоо:
Намтар түүхийг нь сөхөн ярих байтугай нэрийг нь цухас дурдмагц өрнө, дорнын олон орныг дайрч өнгөрсөн монгол цэргийн довтолгооныг санагдуулах тийм нэгэн түүхт хүний тухай бичиж эхлэхдээ миний бие “Өнгөрснийг дурсаж шархыг бүү сэдрээ! Гэвч дурсахгүй бол чамайг бас хүн гэхэд хэцүү” гэсэн эртний арабын цэцэн үгийг эрхгүй шивнэн сууна.
Нэрд гарсан нэгэн романд түүнийг “Өрөөсөн нүдтэй, үнэг шиг зальтай, чоно шиг хэрцгий өвгөн” гэж дүрсэлсэн. Гар доорх бичиг номоосоо Сүбээдэй баатрын мэлмий бүрхэг байсныг гэрчлэх баримт өнөө хэр олоогүй ч чухамдаа түүнийг батлах буюу няцаахын аль аль нь гол биш санагдана.
Улс үндэстний хувьд тусгаар байдал, энх амгаланг хангах баталгаа бол өрсөлдөгч дайсангүй байх явдал мөн гэж үзэж байсан түүхийн цаг үе бий. Үүний төлөө олон сая хүний цус урссан. Харамсалтай нь аливаа энх амгаланг хэрхэн тогтоох вэ гэдгийг хүн төрөлхтөн одоо хэр шийдвэрлэж чадаагүй л байна.
Шинэ тутам төвхнөсөн Монгол улсад ч энэ асуудал хөрш орнуудаас шалтгаалж байсан нь зүйн хэрэг. Дотоодын дажнаас хальж гарсан татар, мэргид, найманы салан тусгаарлагчдыг хөрш улсууд дэмжин өөгшүүлж байсан нь манай улсад байнгын түгшүүрийг авчирч байсан юм. Үүний дээр язгуур аймгуудаа нэгтгэсэн нармай Монгол гүрэнд амиа аргацаасан овгийн байгууллын аж ахуй аргагүй жижигдэж, өргөн зах зээл шаардагджээ. Улс төр, эдийн засгийн энэ бүх бодот асуудлыг Хөх төрийн шинэ эзэд дипломат замаар шийдвэрлэх гэж зорьж байсныг батлах баримт цөөнгүй үлджээ. Харин тухайн санаачилгыг хөрш улсууд хүлээж авсангүй, зарим үед бүр хэрцгий аргаар (тухайлбал Алтан улс 1212 онд, Сартуул улс 1218 онд монголын элч, худалдаачдыг алсан) хориг саад тавьж байжээ. Орчин үеийн хэллэгээр бол “Эдийн засгийн бүслэлт” гэж болохоор байдалд монгол улс оров.
Ийм үед зах зээдийг эзэмших эцсийн арга нь хайр найргүй дайн байлаа. Тэр дайныг хэр амжилттай явуулахаас Монгол улсын хувь заяа хамаарах болов. Мухулай, Боорчи, Жорчидай, Зэв нарын шилдэг жанжид бүхэл бүтэн армийг сургуулилан, хээр талд дайчилгааны уухай дуурслаа.
Сүн улстай харилцах монголын худалдааны замыг даран боомтуудаа хаасан Зөрчидийн Алтан улсын эсрэг анхны аян дайнаас гучин зургаан настай залуу хошууч Сүбээдэй шалгаран тодорчээ.



...Хөнгөн аяны бас нэгэн өдөр шувтарч амьсгал давчидмаар битүү ногоон шугуйд хүрээ буудлаа зассаны дараа:
-Тэнгист хүрэхэд одоо хагас өдөржийн газар үлдлээ гэж нутгийнхан Сүбээдэйд мэдэгдэв. Сайхан мэдээ дуулгасанд нь талархаж газарчдадаа дахин том торх дарс шагнаад Сүбээдэй цэргээ эргэхээр гарлаа.
-Морьдын туурай сунаад явхад хэцүү боллоо гэж нэгэн хижээл аравтан гомдол барив.
-Халамцуу эрс эгдүүтэй юм. Тэднийг дуулалдахаар зүрх огшино гэж барласын Гачир баатар хэлэв. Сүбээдэй тэр гал дээр саатахыг мэдээд ойр орчмынхон нь цугларан тойрч суулаа. Дундад өргөргийн бөгчим шөнө эхэлж одод түгжээ. Өвгөн жанжных нь царайд ер бусын баярлаж ханасан байдал тодрохыг цэргүүд ажиж байв.
-Маргааш жин үдэд баруун далайн захад хүрнэ гэж Сүбээдэй хэлээд тэднийг тойруулан харснаа:
-Та нарын олонх тэнгис далайн шорвог усанд ханатал шүршүүлсэн ч тэр уудам далайг үзэхдээ сэтгэл чинь бас л өөр болох вий. Дэлхий дайд хичнээн уужим, эс үзсэн газар бас хэдүй байгааг хэн мэднэ гэвэл мөнөөх аравтан гашуунаар мөшилзөж:
-Мөнх тэнгэрийн хүчин дур миний бие бас цөөнгүй газар усыг үзэв. Гэвч төрөлх хөх бууцанд минь хүрэх нутгийг эс оллоо гэжээ. Гал тойрон суусан цэргүүдийн сэтгэлийг энэ үг эрхгүй хөндлөө.
Сүбээдэй шөнө дүл болтол тэнд суужээ. Яриа хөөрөө тэгсхийгээд татарч, нэгтээгээс цээлхэн хоолойтой хүн дуу эхлэхэд алаг цоогхон түрсээр төдөлгүй ягаахан өнгөт шил талаа дурсан санагалзсан уртын дууны аялгуу нил цэцэг анхилсан дулаан орны гүн хөх тэнгэрийн доогуур удтал хангинан дуурсчээ...


Түүхийн товчоо:
Сүбээдэй буюу заримын хэлж дадсанаар Сүвээдэй баатар 1176 онд төв монголын уулархаг нутагт, Жарчуудай урианханы язгууртан Хабалын дэд хүү болон мэндэлжээ. Арван дөрвөн наснаас хааны санг хамгаалах хошууч-хайгуулчийн алба хашиж, 1206 онд мянганы ноён болов. Мэргидийн үлдэгдлийг хэрлэн голын хөвөөнөөс Чүй мөрөн хүртэл нэхэж бут цохисноос хойш “Төмөр тэрэгт Сүбээдэй” хэмээн алдаршив. 1219 онд Сартуулыг довтолход Сүбээдэй Зүчи ханы дэргэд явж, Самаркандын байлдааны дараа тусгай зарлигаар Зэв жанжины хамт Мухамед шахыг нэхэмжлэн Европ, Азийн газарзүйн хилийг давсан. 1225 онд Хашин орныг зорьсон Чингис хааны сүүлчийн аяллыг элээн Яргай хотноо хар тугаа мандуулаад нөгчсөн эзний шарилыг хамгаалан эх нутагтаа эгэв.
Өгөөдэй хаан ширээнд суусны дараагаар гүнжээ Сүбээдэйд буулган өгч, төрд байгуулсан түүний гавьяаг гэрэлтүүлэв. Тэр үеэс Сүбээдэй монгол цэргийн ерөнхий захирагчийн тушаалд дэвшиж Алтан улсыг дайлах ажлыг толгойлов. Алтаны өмнөд нийслэл Бян жяныг эзлэн, Зөрчидийн хаан ширээг холбируулаад 1235 оноос Бат ханыг дагалдан өрнө зүг хоёр дахь аяллаа хийхдээ Дорнод Европыг туулижээ.
Сүбээдэй баатрын оролцсон хийгээд удирдсан энэ бүх аялал дээр өгүүлсэн монгол гүрний эдийн засгийн бэрхшээлийг арилгаж улс төрийн нөлөөг өргөжүүлэхэд зохих хувь нэмрээ өгсөн бөгөөд төрийн их сайдын хувьд үүнийг өөрөө сайн мэдэж байсан биз ээ.
Сүбээдэй Алтан ордны улс байгуулхад идэвхтэй оролцож байгаад Гүюг хааныг өргөмжлөх улсын их хуралдайд уригдан1246 онд Туул гол дахь суугал нутагтаа буцаж иржээ. Тэр ёслолоос хойш Сүбээдэй эх орноосоо гаралгүй аж төрсөөр 1248 онд далан гурван насандаа таалал төгссөн билээ.



...Сүбээдэйн цэрэг тэнгис рүү хошууран орсон тэгш өндөрлөг дээр гарч ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд их усны зүгээс салхилж эхэллээ. Цэргүүд аравт аравтаараа цувж нарийн жимээр хэжин буулаа.
Тэнгисийн хөвөөнд Сүбээдэй түрүүлж хүрэв. Нутгийн ихсээс хоёр нь мориноосоо бууж баатрын хүлгийн зуузайнаас атган тэнгисийн ус руу орлоо. Нар үүлсийн цаагуур нуугдахад тэнгэр, тэнгис хоёрын зах мандал ууссан мэт, давалгааны хяр дээрх цав цагаан хөөс л энэ бүдэг саарал орчныг сүлнэ.
“Төрөлх хөх бууцанд минь хүрэх газар үгүй” гэсэн Бужиг аравтны үгийг Сүбээдэй эргэн дурслаа. Мориных нь хөлийг үл таних далайн ус угаана. Элсэн хаялгаар цэрэг морьд дүүрсэн ч эх захгүй шуугиан болсонгүй, өвгөн байцсыг уйгагүй өдөн оролдох айлгүй долгисын чимээ л нам гүмийг эвдэнэ. Сүбээдэй дуулгаа авлаа. Далайн орог буурал мандал түүнд хаврын хавсарганд нүдүүлсэн нутгийнх нь нүцгэн бор толгодыг санагдуулжээ.
-Атираатай байна гэж Сүбээдэй санаандгүй чанга хэлжээ.
Царайд нь санаашралын сүүдэр буугаад холхийг ширтэн хөшсөн цуут жанжныг нүд салгахгүй харж байсан харийн хоёр хүн тэр үгийг бие биендээ шивнэн лавлав. Сүбээдэй дуулгаа өмсөөд:
-Аяа, Атираат тэнгис гэж давтан өгүүлэхэд цэргүүд ам дамжуулан авч дор бүрнээ цээжлэх адил “Атираат тэнгис, Атираат тэнгис” гэлцжээ.



Т.Мандир
“Хорин нэгэн хөрөг” /1990/ ном
100-105 дахь талд буй.

Батжаргалын Ганбат шиг...

Ц.ГАЛБАДРАХ гуайн блогоос энэ бичлэгийг уншаад өөрийн блогтоо хөтөлж авчирлаа. Дашрамд, өнөөдөр хүчит арслан маань хүний хорвоод ирсэн өдөр юм аа.

Нэгэн шигтгээ. Аваргыг давж начин болсон бөх цөөнгүй. Мөнхүү, аваргыг хаяж заан цолд хүрсэн бөх цөөнгүй. Мөнхүү, аваргыг хазайлгаж арслан цол хүртсэн бөх цөөнгүй. Харин Батжаргалын Ганбат шиг дээрх гурван цолыг авахдаа гурвууланд нь аваргыг өвдөг шороодуулсан бөх ардын хувьсгалын жилүүдийн түүхэн дэх наадмуудад л лав байхгүй.

Тэрбээр 1998 оны наадмаар улсын заан С.Сүхбаатар, улсын арслан М.Мөнгөн, дархан аварга Х.Баянмөнх нарыг гурав, дөрөв, тавын даваанд унагаж начин, 1999 онд улсын начин И.Доржсамбуу /эдүгээгийн гарьд/, улсын заан Ж.Ганболд, улсын аварга О.Балжинням нарыг тав, зургаа, долоогийн даваанд давж заан, 2010 онд улсын заан М.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, даян аварга Г.Өсөхбаяр нарыг долоо, найм, есийн даваанд өвдөглүүлэн түрүүлж арслан болсон бөлгөө.

Аваргыг давж аварга болдог гэсэн нэгэн ялгуун үг буй. Аваргыг даваад начин, аваргыг даваад заан, аваргыг даваад арслан болсон, жилдээ ганцхан болдог үндэснийхээ их баяр наадамд ганцаархнаа тахим өгөлгүй босоо үлдэж магнайлсан хүний тухайд нарийн яривал, аль ч спортын төрөлд түрүүлэх л юм бол аварга болдог дэлхий даяхны жишгийг бодолцох юм бол “аварга” л гэсэн үг.

Нэгэн шигтгээ. Манайд, эрэмбэ, чансаагаараа улсын их баяр наадмын дараа ордог, жил бүр болоод бүүр заншчихсан, арван таваас цааш жилийн хур түүхтэй уламжлалт барилдаан цөөнгүй. Ухаан нь, билгийн улирлын хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан “бага наадам”, Бүрэн эрхт бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр, шинэ Үндсэн хуулийг баталсан өдөр, Тамирчдын баярын өдөр, Цэргийн баярын өдөр, Нийслэлийн өдөрт зориулсан... гээд л хөвөрч өгнө.

Эдгээр барилдаанд хамгийн олон түрүүлсэн үнэмлэхүй дээд амжилтын эзэн нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ.

Нэгэн цаг үеийг эзэгнэн төрсөн цуут аварга маань 1965 оноос эхтэй Тамирчдын өдөрт зориулсан барилдаанд долоо, 1963 оноос улбаатай цагаан сарын барилдаанд 13, 1990 оноос хойш тогтмолжсон Улс тунхагласан өдөрт зориулсан барилдаанд зургаа, 1992 оноос хойш тасралтгүй болж буй шинэ Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулсан барилдаанд дөрөв, 1994 оноос эхлэлээ авсан Нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд зургаа, 1977 онд анхных нь болсон Цэргийн баярт зориулсан барилдаанд тав магнайлсан байдаг.

Харин залуу арслан Батжаргалын Ганбат шиг 2002, 2004, 2005, 2007, 2008, 2010 оны Цэргийн баярт зориулсан барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлж Баагий аваргын ноёрхлоо тогтоосон олон дээд амжилтын нэгийг эвдээд байгаа бөх өдгөө түүнээс өөр алга.

Харанхуйн дууч охин


Дэлгэрмаа-д

Сар өдрүүдийн хөх урсгал ухааны гэрэл тасчина
Сайхан эрхэмсэг бүхэн санаанд үгүйл олдоно
Гоо саран мэт харанхуйн дууч охины
Гортиг цайвар царай л санаанаас үл холдоно
Зүүднээс зүүдийг минь хулгайлаад чанагш одох хаврын
Зүүж хэлхсэн өдрүүдийн хамгийн сүүлчийн цэцэг минь
Зөргийн цаад зөрөг дээр даашинзны чинь өнгөтэй манан
Зөндөө олон удаа хөл нүцгэн гүйлээ
Онгод хөлөглөн бүжиглэгч харанхуйн дууч охин минь
Огт гуньдаггүй сэтгэлийн чинь нулимс хаана нуугдана вэ
Галбингаан дуу мэт уянгалаг дэндүү уянгалан хоолой
Ганц удаа чичирэн гунихыг нэг үзэхсэн
Талимаат алаг нүдэнд чинь ус гүйснийг харвал ч
Тавдугаар сарын бороо гучин нэгэндээ зогсохгүй биз
Тэр л цагийн гэгээнд голын хөвөө бараадна
Тэнд л хулгайч хавар зүүдийг минь эргүүлж өгнө
Сар өдрүүдийн хөх гэрэл ухааны урсгал тасчина
Сайхан эрхэмсэг бүхэн үүрд энд оршино
Голын урсгал мэт харанхуйн дууч охины
Гортиг цайвар царай л санаанаас үл холдоно

2010.01.27



Хатанбаатарын ГАНТУЛГА
"Тав дахь улирал" /2010/ ном
92-р тал.

Байгальтай нөхцөх мэт...

Гоо охид голын уснаа угаал үйлдэх нь
Байгальтай нөхцөх мэт болоод
Урлаг ичээнэ.



7.1


Сайн сайхны тухай уулга алдан ярих
Сайхан хүмүүсийн эх оронд нар ургалаа
Сэтгэл хөдөлгөм учирлуудыг зөгнөж
Сэм сэмхэн цонхоор өнгийлөө.

“Өтөл нас” хүүхэд настай минь хөтлөлцөн ирээд
“Өглөө боллоо” гэж чангаар хашгичлаа.
Өрөөндөө хичнээн ганцаар үлдэхийг хичээвч
Өнөр олны урсгал даллан дууднам, намайг.

Сайн сайхны тухай уулга алдан ярилцахаар
Сайхан хүмүүсийн зүг би гарлаа
Үүдний цаана үүрдийн “Залуу нас” үлдээд
Үхлийн тухай солгой хоолойгоор дуулж байлаа.



2009.06.29
УЛААН
баатар