КОЛЬСКИЙН ХАГАС АРАЛ ДЭЭР


Ц.Төртайван бээр
Яруу найрагч Д.Нямсүрэн, Т.Содномнамжил
нарын хамт

* * *



КОЛЬСКИЙН ХАГАС АРАЛ ДЭЭР

Намс намс намирах хөх усан хэвнэг дор
Зогсоол орчмын үдэш цэнхэр дэнлүү шиг найгана
Дэлхийн хормойг сэвэлзүүлсэн намрын далай шуугиад
Дээд эргийн Мурманск болор шигтгээ шиг гялалзана.

Туйлын чанад-бүлээн энэ хязгаараас алх хадуураа гялалзуулан хөдөлж
Атлант болоод дөлгөөн далайн усыг хэжлэн алс хөвдөг
"Михайл Кутузов"-ын залуухан ахмад гарыг минь чанга атгаж
Монгол хүн Кольскийн хагас арал дээр ирсэнд өгүүлшгүй баярлана.

Уснаас дөнгөж шүүсэн алганын нойтон хайрс шиг
Умард газрын сэжүүрт сэрүүний амьсгал эрт орсон хэдүй ч
Яг л манай намуухан наймдугаар сарыг зүрхнээ үнэртүүлж
Намираа бороо шаагина, дал мөр зөөлөн алгадна.


1982




Ц.Төртайван
"ШҮҮРС" /2009/ ном
130-р тал.

Бигнүүхэн, бачуухан энэ амьдралд...


* * *
Бие биеэ гомдоож, битүүхэн атаархалд автдаг
Бигнүүхэн, бачуухан энэ амьдралд би хайртай.
Сүүлчийн зоос, сэтгэлийн гэгээгээ нөхөртөө өгөх гэж
Сүйд болж явдаг энэ л амьдралд хайртай.

Хорсох гуних тусам хорвоо ойртож амт нь мэдрэгддэг.
Хоргодох дурлах тусам хорвоо алсалж хайран санагддаг.
Хүсэл хяслын аль нэг нь алга болчихвол
Араг яс нь хайлах шиг нурж л унана даа, хөөрхий...

1993





Яруу найрагч Ц.Төртайван
“ШҮҮРС” /2009/ ном
114-р талд буй...

САЛХИ ИСГЭРЭХ НАМРЫН ҮДЭШ

Өдөр богино, нүд ирмэхийн зуур өнгөрнө

Өнө эртний юмс шарласан навч шиг сэрчигнэнэ

Өөртөө хүйтэн, өрөөлд хэнэггүй явсандаа зовох адил

Өргөн хорвоогоос дөлсхийж гуниглангуй бодол төрнө.


Бүсгүй түүний минь санчиг жихүүн салхинд сэрвэлзэж

Бүүр түүр амьсгаа нь жаврын үзүүрээс үнэртэнэ

Нүдээ аньж, алдаж эндсэнээ эргэцүүлэх агшинд

Нүгэл дүүрэн хорвоод чи зурвас гэрэл шиг гялсхийнэ.


Өөдрөг бодол, сайн сайхны сүүлчийн зул

Өргөн хорвоод шингэсэн нарны бүдэг цагаан гэгээ

Хэрсүүхэн бодол, зэлгээхэн сэтгэл

Хэн хэн маань анир чимээгүй...


Цувны хормой л чимээтэй дэрвэж

Цуцсан шувуудын жигүүр исгэрнэ.


1987



Яруу найрагч Ц.Төртайван

“ШҮҮРС” /2009/ ном

64-р талд буй...

ҮҮРИЙН АНИРГҮЙД


Царцанги, саарал үүрээр гэнэтхэн сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ.

Шаналал, эмзэглэл минь
Чухам хэдийд одсоныг мэдэхгүй
Цайр нь муудсан толь шиг надаас илүү гэгээтэй
Цас гялбахад л санав шүү.
Урьд шөнө энд гишгээд
Тэр салхивчаар гарчээ гэлтэй
Хоёр жижиг бойтогны мөр
Хөнжил дээр үлдсэн нь
Зүрхэнд тавьсан оёдол
Хөндүүрлэх мэт үрчийжээ!
Эгэл жирийнийг эл долд бодож
Инээдтэйг гунигтай, гунигтайг инээдтэйд санаж
Эрхэмсэг цээжиндээ хоёр гараа зөрүүлсэн
Ихэмсэг, хүйтэн амьтан болчихоогүй байгаа даа, би чинь!

Царцанги, саарал үүрээр гэнэт сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ.

1993






Яруу найрагч Ц.ТӨРТАЙВАН
“ШҮҮРС” /2009/ ном
96-р талд буй.

Гуниг гаслант оюун санааны оргил цэгт...




Эмгэнэн гашуудах, баясан инээхийн хооронд
Эцсийн эцэст ялгаа огт үгүй
Гуниг гаслант оюун санааны оргил цэгт
Гутрал цөхрөл мөн чанараа алдана вий

Биеийн зовлон мэт сэтгэлийн тамаас тэгэхээр
Бидний хэн нь ч ангижирч чадахгүй вий
Сэтгэлийн зовлон биеэс хагацахын цагт л
Сэлүүн аниргүй бүхнийг угтана вий

[Тэр орныг нээж олсон нэгнийгээ
Тэг дөрвөлжин авсан хийгээд
Тэнгэрээс үүрд нууж
Тэгээд гансран шаналцгаана]

Харах нүдэнд торохгүй болсон хүмүүсийн
Халуун илчээр үүрд дутна гэхээс
Эмтрэн шаналах эрэмдэг сэтгэлийг
Эмгэнэн гашуудахуй л аварч үлдэнэ вий.