ГАЗАР...


Эрин галав түмэнтээ юүлхэд энхжин үлдсэн нь энэ газар шороо.
Эрт мянган хангирсан одход эрхлүүлэн жаргаасан нь энэ газар шороо.
Зуун жил зугатах мэт зулран одоход бидэнд үлдсэн нь энэ газар шороо.
Зураг төөргийн нэгэн амсхийлтэнд зулайг минь илбэх нь энэ л газар шороо.

Газар шороогоо хайрлахтун!

Хайр тань харь элэгтэнтэнд хал болон очиг!
Халуун цус нэгтэнд ээл болон хүрэг!



video
"Газар бол улсын үндэс"
Хүннү улсын их хаан
МОДУН ШАНЬЮ



video
"Алд бие мину амасу хэмээвээс
Аху төр минь алдруузай..."

Их Монгол улсын их хаан
ЧИНГИС



video
"Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг!"
Зүүнгар улсын их хаан
ГАЛДАН БОШИГТ



video
"Газраа арилжсан нь газар дор орж, газраа хамгаалсан нь цэцэг болж ургана".
Яруу найрагч
О.Дашбалбар



video
"Газар бол тэнгэр юм. Газар үгүй бол тэнгэр ч үгүй"
Яруу найрагч
Ц.Чимэддорж



video
"Та зүрхэнд мөнх
Харцанд мөнх

Зүүдэнд ч мөнх..."

Яруу найрагч

Л.Өлзийтөгс



video
"Цусаар татсан хилийг цусаар хамгаалахгүй бол нулимасны гашуун хаана?"
Ш.Я.БАЯР

Айна аа!


Айна аа, нар минь
Амир хийд живэгч тормон минь
Удаж суугаад бороог хүслээ, би
Уйтгарт дэвтэхлээр чамайг дуудам аа

Айна аа, асагч минь
Амир хийд нисэх дүгэр нүд минь
Шаналж удаад сэрүүг хүслээ би
Санаагаа царцахуйд чамайг дуудам аа

Айна аа, нүгэл минь-
хараал идмэр минь
Алсаа цаг дор... сэм суугаад
Чинийхээ бөхөхийг үзлээ би
Анхил талд шувуу шиг
Аг чиг... нөмгөн,
гүн зогсохыг ажлаа

Айна аа, дуудам аа
Амтлах гэвч, тамхины минь
Асаагуур-чамгүй бол дэмий дээ
Алга одсон чиний лээ араас
Айна аа, үхэтлээ

Айна аа...аа...аа, нар минь
Уйтгарт дэвтэхээр чамайг дуудам аа

1992
















Яруу найрагч Г.Бадамсамбуу
"Гүн үзэхүй" /2000/ ном
15-р тал

Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал...

Новшнуудын дээр цахиур хагалах гэсээр байтал
Миний толгойн дээр цайр тогтлоо
Чөлөөтэй дуугарах нь битгий хэл
Чангахан амьсгалж болохгүй
Чөдөртэй морь шиг явсаар залхлаа
Үеийн залуус минь дарга болох
Үерт автаад урслаа
Үнэнч нөхөд минь
Үмх хоолоо бодоод дуугаа хураалаа
Улаангомын гудамж гэрэлтэй ч
Уушиг нь дотор минь утаанаас өөр зүйл алга
Үнэний харшилтай хүмүүсийн дунд
Үнэн гэдэг овогтой явах хэцүү юм
Хуурай баасан гарагийн хуулиа
Хотын дарга зөрчиж дарс залгиллаа
Энгийн ард цагаар баярлаж
Эрхэм түшээд нар сарыг сольж цэнгэлдлээ
Мөнгөтэй хүн мөнхрөхөөс бусдыг хийж
Түшмэлийн үүдэнд
Ардын амьдрал дуусаж байна
Хулгайн модны ардаас
Хуйлаастай зөвшөөрлийн бичиг нисэж ирдэг болоод удлаа
Байгаль орчны байцаагч нь
Хоер давхар байшин бариад Амьдарлаа
Жийпийг цагдаа зогсоохоо байснаас хойш
Жил хэдэн ч удаа солигдов
Төв талбайд
Цэдэнбал “хөл дээрээн” босож
Цэцэн ухаан тэнд булшлагдав
Намыг дагавал нарны гэрэл гэдгийг
Нарны доорх хүмүүст тунхаглав
Залуу хүн үг хэлэх байтугай
Завьжнаасаа шүлс дусаахыг хориглов
Төрийн алба
Төгрөгний уурхай болов.




Увс аймгийн "MBC" телевизийн
хөтлөгч редактор
С.Анхбаяр

Зовлонд сөхрөөгүй, жаргалд ташуураагүй аав минь



Төрийн хошой шагналт, УГЗ, театрын нэрт найруулагч, нэрт зохиолч Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Төрийн хошой шагналт, Монголын төр, нийгэм, урлаг, утга зохиолын салбарт тохиож байгаа энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан их зохиолчийн төрсөн охин Дарьсүрэн гуайг энэ удаагийн дугаартаа урьж түүнтэй ярилцав. Түүний 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүнд зориулсан үзэсгэлэн энэ сарын 15-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна уран бүтээлийн цэнгүүн нь болох юм байна.

-Намдаг гуайн зохиол бүтээлийг хаанаас л бол хаанаас олоод уншчих боломжтой. Харин ямар зан ааштай, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг хүн байсан юм бол?
-Тиймээ миний аавын зохиол бүтээлийг мэдэхгүй хүн гэж байхгүй. 1911 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Нялх балчир насандаа Өвөрхангай Тарагт суманд ирж өссөн юм билээ. Тийм болохоор өөрийгөө Өвөрхангайн хүн гэдэг. Мэдээ орох цагаас аав минь бичгийн машинаар их юм бичдэг. Хөдөлмөрч хүн байж дээ. Германд 14 настай сургуульд явсан. Герман хүмүүжилтэй. Нягт, нямба, цэвэрч. Үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь ч их өвөрмөц. Уурлаж загнахыг нь ердөө үзээгүй. Бас зааварчилж тулган шаарддаггүй. Эмэгтэй хүн цэвэрч, нямба байж үр хүүхдэдээ үлгэр дуурайл болох ёстой гэдэг.


Цонхны дэргэд юм хараад зогсож байхдаа “миний хүү цонх цэвэрхэн байвал, ухаан цэлмэнэ, ухаан цэлмэг байвал аав нь зохиолоо бичнэ. Зохиолоо бичээд мөнгө авна. Мөнгөөрөө хүүхдүүддээ идэх юм авна. Хүүхдүүд цай, хоол сайн идвэл ухаан сэргэг болно. Ухаан сэргэг хүүхэд сайн ном сурна” гэдэгсэн.
-Аавыгаа шоронд байхад нь ээжтэйгээ хамт эргэх гээд Батцагааны шоронгийн үүдээр бүртэлзэж явсан тухайгаа ярихад тань сэтгэл эмзэглэж байж билээ. Та чинь айлын ууган охин гэл үү?
-Аав минь амьдралдаа зовж ч үзсэн, жаргаж ч үзсэн хүн. Зовлонд сөхрөөгүй, жаргалд ташуураагүй ээдрээт амьдралыг туулахдаа уран бүтээлээр жигүүрлэж явсан хүн. Ямар сайндаа “Засаг төр намайг шоронд хийснээр, Цаг төрийн үймээн төрсөн юм” гэж ёжтой инээдэгсэн. Би чинь ээжийнхээ 16 настайд төрсөн. Аав хоёр удаа баригдсан. 1932 онд баригдахдаа их зохиолч Нацагдорж эд нартай хамт хэдэн сар суугаад гарсан байдаг юм билээ. 1941 онд аавыг минь Германы тагнуул гэж цоллоод 7 жил хорьсон. Аав минь хэзээ ч хэрэг хүлээгээгүй гэдэг. Аавыгаа баригдаад явахад би 5 настай хоцорсон. Тэр цагаас хойш аавынхаа зовлонг хамт амсаж хуваалцаж өссөн. Миний ээжийг Гажидмаа гэдэг. Нэлээн сайн орос хэлтэй, багаасаа Оросд сургуульд сурч байсан. Тухайн үедээ зэгсэн боловсролтой, биеэр бага ч сайхан бүсгүй гэгддэг байсан гэдэг. Ээж маань аавыг баригдахад “Үнэн” сонинд Ринчен, Дамдинсүрэн, Даржаа гуайтай хамт ажиллаж байсан юм билээ. Дайны үед амьдрал хэцүү. Талх, хоол хүнс талоноор өгдөг. Харин ч “Үнэн” сонины ажилчид тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан учраас ээжийнхээ буянд дайны хүнд жилүүдэд гайгүй хоолтой, аавдаа хэрэгтэй юм бүрийг нь эргэлтээр зөөгөөд өгдөг байж дээ. Ер нь айлын хамгийн том нь болоод тэр үү, ээжийгээ дагаад 5, 6 жил шоронд хоол зөөсөн. Манайх Сэлбийн гүүрний баруун талд байдаг. Батцагааны шоронд аавыгаа эргэх гээд очиход өглөө эрт 4, 5 цагт очино. Тэгэхгүй бол тэр өдрийн эргэлтийн тоо нь гүйцчихвэл оруулахгүй. Ээж бид хоёр тал шуудай хүнстэй очдог. Шалгалтынх нь хүмүүс шуудайтай хүнсийг бүгдийг нь асгадаг. Тэгээд л талх, хонины сүүл, мах, шоколадыг бүгдийг нь зүсээд хольчихдог. Жаахан хүүхдийн сэтгэл их эмзэг байдаг юм билээ. Аавыг минь дагуулаад урд талд нь нэг буутай, ард талд нь бас нэг буутай харгалзагч дагуулаад гараад ирэхэд нь үнэхээр сэтгэл эмзэглэж, муухай санагддаг. Би ёстой том болж байгаад та нараас аавыг минь ингэж байсны хариуг авна даа гэж боддог байж билээ. Аавдаа хоёр долоо хоногт нэг удаа эргэлт өгдөг. Эгч нь ээж, ааваасаа гурвуулаа. Миний дараа Төгөлдөр гэж дүү минь цөмийн физикийн мэргэжилтэй. Манай гэрийн нэлээд толгойтой нь байлаа. Физик техникийн хүрээлэнд ажиллаж байлаа. Өөд болсон доо. Тэрний дараах дүү Гэрлээ гэж, цахилгааны инженер. Би ганцаараа эцгийнхээ нэрээр овоглож чадаагүй. Хаа хамаагүй хүний нэрээр овоглож 1 дүгээр арван жилд сургуульд орж байлаа. Яг миний сургуульд орох үед эсэргүүний хүүхэд энэ тэр гээд зовлонтой байсан. Гэхдээ нэг их айхтар зовж, хэлмэгдсэн гэх юм байхгүй дээ.
-Намдаг гуайг манай анхны Германд сурч байсан оюутны нэг гэдэг байхаа?

-Сая аавд минь зориулсан үзэсгэлэн Театрын музейд нээлээ.1926 онд хэсэг нөхдийн хамт Германд суралцаж байх үеийн сэтгэгдлийг нь ном болгон хэвлүүлснийг нь тавьсан байна лээ. Тэмдэглэлдээ “Очсон даруйдаа Берлиний захад нэгэн ой модтой сайхан газар хэдэн сар болов. Ингэхэд юу юуны урьд бидний өмсөх зүүхийг германаар шинэчиллээ. Гэтэл би Германаар биш Монголоор амьдрахыг хүсэх тул дан цамц, мөрөвчтэй өмдтэй хөл нүцгэн ой дундуур харайлгахыг эрхэмлэдэг байв” гэсэн нь хүний газар очсон жаал хүү эх нутгаа хэрхэн үгүйлэн санагалзаж байсны тод илрэл юм.

Аав Германд Эд барааны техникумд сурч байсан боловч хоёр сарын дараа дуудагдаж ирсэн байдаг. Удсан ч үгүй 1929 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг. 1931 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн хуучин нэрээ халж Улсын төв театр болж шинээр нээгдэхэд аав “Үнэн” жүжгийн боолын дүр бүтээсэн нь театрын анхны дүр гэсэн. Дараа нь театрын найруулагч болж С.Буяннэмэхийн “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” жүжгийг найруулсан байдаг.
-Аав тань хэдэн онд цагаатгагдсан байдаг юм бэ? Ер нь театрын урлагийн ирээдүйн талаар юу гэж ярьдаг хүн байсан юм бол?
-1958 онд хилс хэрэгт гүтгэж хорьж цагдаж байсныг нь цагаатгасан. Аав минь дэлхийн дэвжээг мөрөөдөж байсан. Германд очих гээд байсан нь дэлхийн театрын урлагийн хөгжлийн бодитоор нь харахыг хүссэн хэрэг. Тэрбээр үзэл суртлаас ангид жинхэнэ урлагийг чин сэтгэлээсээ хүсч байсан. “Хонгор зул” хошин урлагийн хамтлаг хүртэл байгуулж явсан юм билээ. “Монголын театрын түвшинд зохиол, найруулга талаасаа дэлхийд ойртсон гагцхүү үзэл сурталжсан агуулга бүхний саад болж байна” гэдэг. С.Эрдэнийн “Шивнэлгүй ярих цаг боллоо” гэсэн өгүүллэгийг улаан цоохор болтол нь зурчихсан баяр баясгалантайгаар үзүүлж байсан. Тэрбээр ардчиллыг мөрөөдөж байсан. Үнэндээ 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг 1970-аад оны дунд үед “Эрдэмтний яриа” жүжгээрээ үзүүлсэн байдаг.
-Эсэргүүний хүүхэд энэ тэр гээд нэлээд хэлмэгдэж байсан уу, Тэр үед чинь эхнэр, хүүхэд, ах, дүү нь бүгд л хэлмэгдэж. Эцэг, эхээрээ овоглож чадахгүй хэмжээнд хүрдэг байсан шүү дээ?
-Гэхдээ бид нэг их айхтар хэлмэгдсэн гэхгүй ээ.. Миний сэтгэлд хамгийн их дурсамжтай үлдсэн мөч бол. Жилд нэг удаа аавтайгаа уулздаг. Ээжийг уулзуулахгүй, зөвхөн хүүхдүүдийг нь уулзуулдаг. Бид гурвыг уулзуулах гэж зөвшөөрөл авахаар Засгийн газрын ордон руу явдаг. Хуучин Улсын багшийн дээд сургуульд байрлаж байсан. Нэг их том өргөн шаттай, баганатай цэлгэр том байшинд орно. Нэг хүн гарч ирээд бид хэдийг аваад, ээжийг үүдэнд үлдээдэг. Бодвол энэ 3 хүүхдийг уулзуулах гэж байгаа юм гэж харуулж л зөвшөөрөл авдаг байсан юм болов уу даа. Биднээс элдэв юм асууж байгаагүй юмдаг. Тэгээд л зөвшөөрлийн бичгээ бариад Батцагааны хорих ангид ирдэг байлаа. Уулзалтын өрөө гэж нэг банзаар хийсэн лангуу шиг. Модон сараалжтай. Хүн уулзаад яриад суугаад байх боломжгүй. Хамгийн гол нь аавтайгаа уулзахын нэг баяр, өврөөрөө дүүрэн чихэр, боов чихчихсэн. Аавдаа өгөх гэж байгаа нь тэр. Тэрийгээ өгөх гэж бөөн баяр. Биднийг хүн өргөж өгөөд сараалжны хажуугаар нэг хацраа хагас дутуу үнсүүлсэн болдог. Хамгийн бага дүү нэг ой нэлээн гарсан байсан. Аавд өгөх гэж байсан шоколадаа хажуу талаас мэрчихсэн очсон гэнэ л дээ. Хэдий завандаа, хаанаа ч мэрчихсэн юм бэ бүү мэд. Аав хожим нь сонинд өгсөн ярилцлагадаа миний сэтгэлд хамгийн зовж, эмзэглэж үлдсэн үе бол миний охины мэрчихсэн шүдний ор гарсан шоколадыг идэхэд маш хэцүү байж билээ гэж ярьсан байдаг юм. Ээж минь шоронд олон жил хоол зөөсөн дөө. Шоронд бөөсний хижиг өвчин гараад сүйрч байсан үед миний аав өвдөөгүй. Энэ бол миний хань ижлийн сэтгэлийн эргэлт байсан юм шүү гэсэн байдаг. Ээж минь 6 жил шоронд хоол зөөчихөөд яг аавыг гарах жил нь өөр хүнтэй гэрлэчихсэн. Тэгээд л бид гурав ээжийгээ дагасан. Аав минь шоронгоос гарсан амьтан чинь орон гэргүй, ажил байхгүй болохоор үр хүүхдээ өөр дээрээ авах ямар ч боломжгүй. Аав минь анхны төрийн шагнал авсан мөнгөөрөө орон гэртэй, оочих аягатай болсон доо. Сайн ханьтай ч учирсан. Хүүхэд өргөж авсан. Тэгж л хоёр дахь амьдралаа эхэлсэн дээ.
-Аавынхаа зохиол бүтээлийг уншдаг байв уу, Ямар бүтээл нь таны сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг вэ?
-Сурагч байхаасаа эхлээд л аавынхаа зохиол бүтээлийг уншдаг байлаа. Миний сэтгэлд хамгийн их хоногшиж үлдсэн бүтээл нь “Хөгшин чонны улилт” байдаг юм. Бас “Тогос хээр” гэж шүлэг бий. Одоо уран бүтээлийн цэнгүүний үеэр нэг хүүгээр уншуулахаар бэлдэж байгаа. “Цаг төрийн үймээн” роман гайхамшигтай. Жүжгүүдээс нь “Ээдрээ”, “Оролмаа” жүжиг, дууриас “Шарай голын гурван хаан” их таалагддаг. “Хөгшин чонны улилт”- зохиолыг нь Герман, Хятадад орчуулж хэвлүүлэхээр зөвшөөрөл авсан. Удахгүй хэвлэгдэх байхаа. “Сүрэг чоно”, “Харуул занги”, “Нүгэл буян” гээд дэлгэцийн сайхан бүтээлүүд нь ч их таалагддаг.


-Амьдралын эрхээр хоёр тусдаа болсон аав, хүүхдүүд хэр холбоотой байв?
-Би аавтайгаа үргэлж холбоотой байсан. Ардын зураач Чүлтэм, Явуухулангийн нэг өрөөнд аав минь хамт амьдарч байлаа. Аавтайгаа уулзах гэж, бас ааваасаа хэдэн төгрөг горьдож очдогсон. Яваандаа явсаар байгаад амьдралд сайн , муу юм үзээд ирэхээр аавыгаа улам өрөвддөг юм билээ. Би чинь Анагаахын дээд сургууль төгссөн эмч хүн. Сүүлд нь эрдэм шинжилгээний ажил хийсэн дээ. Миний аав хүнээс горьдохооргүй амьдарсан. Тэр их бүтээлийнхээ шагнал урамшлыг байнга хүртдэг. Намайг Анагаахын дээд сургуулийн оюутан болохоор тэгдэг байсан юм болов уу. Цусны даралт нь харвах гэж байгаа хүнд эхлээд ямар эмчилгээ хийх вэ, дараа нь яах вэ гээд л асуудаг. Эгч нь 4 хүүхэдтэй. Миний аав манай Алтайг өргүүлчих гээд нөхрөөс гуйжээ. Бид хоёр анхны хүүгээ яаж өгөх билээ. Аав минь дараагийн хүүхэд хүү төрвөл аваарай гээд амлачихсан. Би ч хоёр дахь хүүхдээ төрүүлээд сар болоогүй байхад аав минь хадаг, сүү барьчихсан. Манай нөхөр Зоригт эр хүн хэлсэн амандаа байдаг юм гээд сүү хадаг тавьчихаад Ананд хүүг минь өвөртлөөд аваад явсан. Миний хүүхдүүд бүгд дээд боловсрол эзэмшээд сайн сайхан амьдарч байна.


Ийнхүү их зохиолч Намдаг гуайн охинтой ярилцаж суутал түүний аминчилсан ярианы тэмдэглэлийг олж үзэх завшаан тохиов. Тэрбээр их зохиолч Нацагдоржийн тухай харамсан бичсэн нь байв. Өнөөгийн манай найрагчдын гэргий нар нөхрийнхөө араас хөөцөлдөж, додомдож байсны дүнд нөхөр нь нэртэй, айл нь айл шиг байна. Пагмадулам Нацагдоржийг додомдсон бол Нацаг минь амьд байж мэдэх юм. Пагмадуламыг гоё гээд байгаа хүмүүс Нацагдоржийн нүдээр Пагмадуламыг харсан юм уу даа. Германд хамт суралцсан бид Пагмадуламыг гоё хүүхэн гэж хэн ч бичээгүй. Бид бичвэл “Буянтай, ухаантай аав ээжийн эрдэм сургасан гавьяаг хадны ангалд шидсэн, адгийн зантай аашны тулам л гэх байх даа. Пагмадулам бол хүрээ охин. Аав, ээж нь гадаад хэлний мэдлэг сайн олгосон. Гэвч аав, ээжийн хүслийн эсрэг ажилласан араншингүй хүүхэн гэж би хэлнэ. Нацагдорж хүний зөнгөөр. Багадаа өнчирсөн эхийн хайр үзээгүй учир эмэгтэй хүний уян занд маш амархан хөтлөгдөх хүн. Архи Нацагдоржийг дийлчихсэн үед зөөлөн эмэгтэй хүн аврах байлаа” хэмээн бичсэн бол Драмын театрынхаа тухай мөн л сэтгэл оюунаа чилээж байсан баримт байлаа.

“Сайн жүжиг байхад сайн жүжигчин хэрэгтэй. Жүжигчний үе залгамж сайн байна. Ахмад үеийнхний шил залгаж Лхамхүү, Мэндбаяр гээд залуус гарч, тайз эзэлж эхэлсэн. Хоёр Цэгмидийг арай ч гүйцэхгүй Гомбосүрэн гарсан. Гомбосүрэнгийн сүр бараанд залуус нь дарагдаад байна. Одоо Гантөмөр гарч ирлээ. Ганц бус хэдэн Гантөмөр төрөх ёстой. Тэгж байж л урлаг урагшилна. Бүр шинэ үе дотор Сувд байна. Сувдад бас хослон тоглох Сувдаас ялимгүй өндөр залуу хэрэгтэй. Гэтэл манай залуусын нуруу намдаад байх юм. Сувдаас өндөр залуусынх нь авьяас мэдэгдэхгүй байна. Ингэхлээр урлаг гэдэг ёс ёмбыг нь тааруулахад зовлонтой зүйл. Сувдтай хослуулж Гомбосүрэнг тоглуулж болохгүй. Тэгэхээр Сувдын эл байдалд нь тохирох дүртэй жүжиг бичих ёстой. Олон дүрд тоглож байж Сувд маань задарч Ичинхорлоо шиг тайзны хатан болох шүү дээ. Жүжигчид бол жүжгийн дүрээр өөрийн авьяасыг хөгжүүлэх төдийгүй үзэгч, зохиолч хоёрыг уулзуулж, жүжгийг амьдруулагч юм. Зохиолч, жүжигчин, үзэгч гурвыг хамгийн нандин ажлыг хийдэг найруулагчийг манайхан огт ойлгодоггүй. Найруулагч жүжгийг ойлгож найруулбал жүжигчнээ зөв сургуулилна. Дүрээ эзний ёсоор эзэмшсэн жүжигчин үзэгчдийн мэдрэхүйг сэргээнэ. Жүжиг гэдэг ийм л олон талтай. Бирваагийн хүү Мөнхдорж сайн найруулагч болно. Бирваа нарийн мэдрэмжтэй хүн. Мөнхдорж одоо залуу байна. Цаашид хичээнгүй байдлаа орхихгүй бол драмын маш өндөрт гарах хүү байгаа юм. Түүнд сайн жүжиг, авьяаслаг жүжигчин хоёр хэрэгтэй. Энэ хоёр бүрдвэл Мөнхдорж мөн олон жүжгийг мөнхжүүлнэ дээ хэмээжээ.

-Их зохиолч Нацагдоржтой “Би биш” жүжгийг хамтарч бичсэн гэдэг?
-Аав минь их зохиолч Д.Нацагдоржтой хамт “Би биш” жүжгээ бичиж уран бүтээлийн замаа эхэлснээс хойш “Алим”, “Гомпилын бага хүү”, “Эрхэм зураг”, “Тогос хээр”, “Цаг төрийн үймээн”, “Шарай голын гурван хаан” зэрэг роман, тууж, өгүүллэгийн номоо хэвлүүлсэн байдаг. “Шинэ зам”, “Хярааны хонхорт”, “Шинэ байшинд”, “Оролмаа”, “Ээдрээ”, “Эрдэмтний яриа”, “Нүгэл буян” зэрэг түүх хувьсгалын болон орчин үеийн сэдэвт 50 орчим жүжиг, дуурийн цомнол, кино зохиол туурвиж Драмын урлагийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулжээ.


Д.Догсмаа
"Монцамэ мэдээ" сонин
2011.12.12 Даваа

N240 (2350)

Өчигдөр, өнөөдөр, маргааш...

1. ХатанБүүвэйБаатар минь өчигдөр төрсөн юм. Түүн шиг ойлгомжгүй нөхөртэй дотно сайхан нөхөрлөл үүсгэсэн минь Мэнь Хуй Рань хийгээд Ли Бо, мэдээж Артур, Поль хоёрыг хааяа надад санагдуулдаг билээ. Навчисын дуучийг надтай учруулсан намрын тэр исгэлэн өдрүүдэд талархнам...

* * *
Миний шатааж амжаагүй
Навчсыг норгож
Сая яг тэнд аадар буусан
Тэгээд л...
Мөрөөдөл үүл мөргөж
Шувууд цэцэгсийг гээсэн байж
Захаа босгоод
Энэ замаар явахад
Сарыг олж л таараа
Яг л өшөө авагч шиг очно доо
Миний навчыг шатаалгаагүйн чинь төлөө.
2006.3.10



2. Өчигдөр Тогосоогийн төрсөн өдөр байлаа. Нулимастай нүднийхээ гүнээс хуурай нулимас унаган байж уулзаюу гэж санасан ч зарим өдөр зарим үйл явдалд багаддаг тэр л янзаар өрнөөд өнгөрлөө.

* * *
Гарах гарцгүй дөрвөн хананы дунд
Гаслал зовлонгоор дүүрэн нүднийх нь өмнө
Гэгээн хүслээс минь оргон одсон өнчин ганц нулимсаа
Газар унагах эрхгүйдээ цурхиран уйлнам би
Бүдүүлэгийн дунд түүн шиг аашлаж
Бүрэнхийн дунд сохор юм шиг тэмтчиж
Нарны гэрэлд нар юм шиг цэлмэсэндээ
Надад өөрөөс минь илүү гэм нүгэлтэн гэж алга
Өршөө, цурхиран урагдах минь
Өрөвдмөөр өчүүхнийгээ хорсон шаралхах минь
Бурхан гэж итгэл төрүүлэх минь
Би өөрийгөө доромжлон басамжлах минь
Дууслаа, ингээд энэ жүжиг нурлаа
Дураараа дарлагдмал нэгэн дүрээ голлоо
Цэв цэлийсэн, хатуу хязгааргүй огторгуй минь
Чиний дэргэд би нулимсаа нуухыг хүсэхгүй
Дөрвөн хананы дунд, дөрвөлжин оршихуйн гүнд
Сул халуухан урсана, цээжин дотор минь.

2007 он Улаанбаатар



3. Өнөөдөр харин Нямдоржийн маань гурав дахь номын нээлт. Их сургуулийн II байрны 364 тоотод болох юм. Энэ өрөөнд бид нэгэн үед дугуйлан хэмээлдэн цугларч, галтай үгс биедээ чулуудан, нялхасын өвчнөөр өвчилж явлаа. Голомтондоо эргэн нэг уулзая гэж санамуу. Иртүгэй...

***
Гэгэлзтэл бороо шивэрнэ
Гэрийн бүслүүр чангарсаар
Гэнэт болзоо шиг тасарна

***
Одод живчихжээ
Огторгуйн цээлд
шувууд л сэлнэ.

***
Шинэ ногоон дунд
Хуучин чулуу хэвтэнэ.
Шувуу ирж суув аа.



4. Аа харин маргааш Начин маань “Болор цом”-д мордох өдөр. Шударга шүүвэл миний дүү түрүүлнэ ээ. Гэхдээ хамгийн зөв үнэлгээ ч хамгийн зөв үнэлгээ биш гэдгийг тэр мэдэх буй за.

Цонхон цаана

Гишүү хугачих чимээнээр
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ

Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална

Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр

Цонхон цаана тодроод л арилна ....

11.07.27 Төв аймаг Манзушир хийд

"Цаглашгүй наст"-ын гурван шүлэг

Тэнд л...
Тэр цээжний гүнд л
Тийм омголон агаад эрхэмсэг нь саяхансан...



* * *
Цэнд-Аюуш андын "Манан дундуур..."-аас хэдэн шүлэг дуудсугай. Энэ өдөр тэр хорвоод ирсэн бөгөөд, эрхэмлэн хайрлаж явдаг шүлэгчдийн минь тэргүүн эгнээнд тэрээр омог бардам зогсдог билээ.
Миний бодлоор яруу найраг үнэн байхын, бас омог бардам байхын урлаг. Анддаа урлал бүтээл арвин, утга төгөлдөр амьдрал хүсмү!



Шөнө

Дугуй тэнгэр дор гуниг хөглөрч
Дулаан гэр дотор янжуурын утаа үүл мэт үзэгдэнэ
Ганц цагаан лааны нулимс Дашбалбарын боть дээр унаж
Гадаа нэг саарал тагтаа будаа нэхэж зогсоно
Дэрэн дээрх Нямсүрэнгийн номноос
Усанд хөлөө дүрж
Өвсөөр арчин гоо бүсгүй дуулна
Дэргэд минь хэнч байхгүй юм шиг би л ганцаараа сонсож
Дэндүү аз жаргалтай
Дэндүү уй гунигтай
Гадаа өнөө л янзаараа шонгийн хэц улиж хашааны сүүдэр өтгөрөөд
Гацаа минь улам хуучирна



Хаалга бид хоёр

Хавсрага шуургыг л тэсээрэй хаалга минь
Хачин гунигтайгаар дуугарахад чинь би дуртай
Дулаан орноосоо босож хэзээ ч би чамайг түгжихгүй
Дуугарч л байвал болоо
Тос нэхсэн нугас чинь ямархан сайхан дуутайг
Тоостод өөр хэн ч мэдэхгүй
Хожмоо би чам шиг нэг хаалга болоод
Хойрго нэгэн хүүг яруу найрагч болгоноо



Цасан шуургатай шөнө

Цасан шуургатай шөнө дүүгээ хүлээж суухад
Цаг явж өгдөггүй зовлонтой юм
Цасан шуурганд дүү минь даарч яваа гэхээс
Царай минь өвлөөс хүйтэн
Дулаан орон дээр дуг нойр минь намайг хүлээвч
Дур минь гадаа
Хэцээрээ шүгэлдэх шонгийн модны дор
Хэзээ ирэх бол гэж нүцгэн зогсоно

Цасанд дуртай дүү минь хаа яваа бол гэж
Цагаа харвал ганц хормын өмнөх бодол
Царай шиг минь хүйтэн өвлийн шөнийн арван хоёр цаг
Цас сонсогдож байна