Төр шашин хоёр бол алганы ар өвөр гэсэн үг.

Баатад овогт Гончигийн Ням-Очир.
Орчин цагийн Монголын оюуны ертөнцөд өөрийн тод мөртэй энэ эрхэмтэй Монголын Төвд судлалын өнөө хийгээд ирээдүй, Монголын Бурханы шашны өчигдөр хийгээд өнөөдрийн тухай ярилцлаа.





ТӨВД СУДЛАЛ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ



-Бидний ярилцлага Монголын Төвд судлал болон Буддизмын өв соёлын талаар байх юм. Тиймээс, яагаад Төвд судлалыг сонгож, эрдэм шинжилгээний ажилтан болсон талаар тань эхлээд ярилцъя?
-Гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн л дөө. Би эмээ дээрээ өссөн хүүхэд. Эмээ маань Булган аймгийн Сайхан сумын харьяат, бурханы шашинд чин сүсэглэдэг, ялангуяа VIII Богдод сүсэгтэй хүн байсан. Өвөө аав маань халхын алдарт Лувсанжамба, Намхай аваргын гал голомтыг сахисан ганц хүү нь байсан болохоор VIII Богдоос даншигт түрүүлсэн аваргад өгсөн авдарнаас эхлээд үе уламжлан ирсэн нандин шүтээнүүд байсан. Тэр бүхний дэргэд өссөн болохоор өөрийн эрхгүй дур сонирхолтой болсон. Уг нь би математикч болно гэж боддог хүүхэд байлаа.
Эмээ минь “Нас нөгчвөл диваажинд төрнө” гэж ярьдаг хүн байсан. Тэгээд эмээгээ насан зүг болсон хойно нь үнэхээр тийм орон байдаг юм уу, тэр орондоо саадалгүй хүрсэн болов уу гэж эргэцүүлэх болсон. Аравдугаар ангиа төгсөөд нэг жил сул байх үедээ Л.Хүрэлбаатар багшдаа очиж судлаач болох зорилгоо хэлж шавь ороод, таалал болтол нь арван найман жил үндсэндээ номын мөр хөөлөө.
-Энэ хугацаандаа дан Төвд судлалаар дагнаж ажиллав уу?
-Энэ хугацаанд Гандантэгчилэн хийдэд орчуулагч, телевизийн редактор гээд өөр ажил төрөл эрхэлж байсан ч багштайгаа үргэлж холбоотой байж судалгааны ажилд өөрийгөө бэлтгэж байсан л даа. Ингээд Төв номын санд хэдэн жил ажилласныхаа дараагаар Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Төвд судлалын тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар ирсэн. Хүрээлэнд ажилласнаас хойших гурван жилийн хугацаанд “Диваажингийн орны тухай зохиолууд” сэдвээр докторын ажил бичсэн. Ажлаа бичээд хамгаалахыг өмнөхөн 2010 онд Огторгуйн цагаан гарьд Л.Хүрэлбаатар багш маань тэнгэрт хальж, удирдагчгүй ажлаа хойш нь тавиад Төвдийн судлал дээрээ төвлөрөн сууж эхлээд байна.
-Төвд судлалын тасгийнхаа ойрын үед хийж бүтээж буй зүйлээс манай уншигчидтай хуваацвал...?
-Ер нь Монголын төвд судлал гэдэг маань төвд хэлээр бичсэн буддын шашны сонгодог хөлгөн судруудыг орчуулан судлаж буй явдалыг ерөнхийд нь хэлж байгаа юм. Дэлхийд ч төвд судлал гэдгийг ингэж ойлгодог. Ганжуур, Данжуураас эхлээд бурхны шашны чиглэлээр бүтээгдсэн судар ном, өв соёлоороо Монгол улс маань дэлхийд тэргүүнд хэлцэгддэг. Чухам энэ уран зохиол, түүх, гүн ухаан, дэг жаяг тэргүүтнийг өгүүлсэн төвд судар, түүний монгол орчуулга, судлалаар дэлхийд тэргүүлж буй байр сууриа хүлээн зөвшөөрүүлэх нь бидний судлаачдын гол зорилго болж байна.
Манай салбарын явуулдаг үндсэн судалгаа гэвэл Монгол, Төвдийн утга соёлын хэлхээ холбооны асуудал байна. Тасаг маань дөрвөн эрдэм шинжилгээний ажилтантай.
Миний хувьд хамгийн сүүлд Өндөр гэгээний урд дүр “Жонон Дарнатын Намтар” гэж номон дээр ажилласнаа саяхан хэвлэлд шилжүүлээд байна. Энэ номын уламжлалт орчуулгыг багш маань өгч, орчин цагийн хэлнээ буулгахыг захисан юм л даа. Ер нь энэ “Жонон Дарнатын Намтар” юугаараа их ач холбогдолтой юм гэвэл, “Өмнөх дүрийнх нь талаар уншсанаар Өндөр гэгээнийг ойлгоно, Өндөр гэгээнээ ойлгосноор 8 богдыг ойлгоно, 8 богдоо ойлгосноор өнөөдрийн IX Богдыг ойлгоно” гэсэн үг. Хэдийгээр 400 гаран жилийн өмнөх төвдийн шашны зүтгэлтний намтар боловч өнөөдрийн шашин хэрхэн оршин тогтнож, төлөвших ёстой юм бэ? гэдэг талаар дууриал болохуйц асар их түүхэн баримт, мэдээлэл агуулсан ном. Тэр үед Монголын Гүш хаан дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцон Төвдөд цэрэг оруулж, наян жил төрийг нь барьсан байдаг. Олон жил төв азийн геополитик, нэн ялангуяа төвдийн асуудал манай улсын анхаарлын төвд байсан. Тийм ч учраас яагаад Монголын цэрэг Төвдөд орох болсон юм, яагаад Жонон Дарнатын хувилгаан монголд ирж Майдар хутагт хэмээгдэн олон жилээр сууж, энд жанч халсан юм гээд асуултуудад хариулт өгөх хэрэгтэй болно. Гүш хаан Жонон Дарнатыг шүтдэг байсан болохоор монгол нутагт залж авчирсныхаа дараагаар Төвд рүү цөмөрсөн байдаг. Жонон Дарнат мэдээж дайн хийж, цус урсгахын эсрэг, сахил санваар сахисан тойн хүн. Тэрбээр ар монгол, өвөр монгол гээд манай орны газар бүхэнд залагдан очиж, амьдралынхаа сүүлийн хорь гаран жилийг манай шашин соёлын хөгжилд зориулсан хувилгаан хүн. Тийм учраас Огторгуйн цагаан гарьд багш маань “Энэ хүний намтарыг зайлшгүй монгол хэлээрээ гарга, энэ ном хэвлэгдсэнээр дундад зууны монголын түүх бичлэг тавин жилээр урагшилна” гэж хэлж үлдээсэн юм. Дон Конер гэдэг америк хүн ивээн тэтгэж байгаа уг ном маань цагаан сараас өмнө хэвлэгдэнэ.
Өөр нэг гол ажил гэвэл, өнгөрсөн оны турш би Богд хааны ордон музейд шинжээч хийлээ. Энэ хугацаанд зуун жилийн ойтой холбоотой долоон үзэсгэлэн дэглэсэн. Үндсэндээ 2011 онд VIII Богд, түүний ордон музейд байгаа үнэт өвүүдийн хэдий, хаана бүтээгдсэн, хэрхэн хаана байсан, ур хийцийн онцлогийг тодорхойлох зэрэг ажлуудад анхаарлаа хандуулсан байна.
-Дэлхийн бусад орнуудад танайхтай адил үйл ажиллагаа явуулдаг төвүүд мэдээж бий байх..?
-Төвд судлал төвүүд барууны томоохон их сургуулиудад бий. Оксфорд, Кембриж, Иель, Сантабарбарагийн Их сургууль, Индианагийн Их сургууль гээд томоохон сургуулиудыг түшиглэсэн байгууллагууд байна.
Тэдгээр төвүүд англи хэл дээрх Tөвд судлалын зүйлсийг голчлон үздэг. Гэвчиг манай монгол хэлээр бичигдсэн Төвдийн судалгаа, Л.Хүрэлбаатар багшийн маань “Огторгуйн цагаан гарьд I, II”, “Судар шаштирын билэг” мэтийн гүн гүнзгий, утга ухааныг нь тайлбарласан номууд одоо болтол гараагүй байгаа. Англи хэл дээр зөвхөн сурвалжийг орчуулах, тайлбарлах шатанд л явж байгаа юм. Гэтэл монголчууд тэдгээр сурвалжуудыг монгол хэлээрээ орчуулаад үзчихсэн, өөрсдийн соёл болгочихсон байгаа шүү дээ. Жишээлхэд, Мялын буман дуулал ч юм уу Саран хөхөөний намтар зэргийг монгол утга соёлоос салгахын аргагүй болчихсон. Иймээс бидэнд илүү дөхөм байгаа юм.
-Таны ажлын нэгэн томоохон хэсэг нь Богд хааны ордон музей дээр төвлөрч байгаа талаар түрүүнд ярьсан. Нэгэнт ажиллаж байгаагийн хувьд музейн тухай зайлшгүй ярих хэрэгтэй юм байна?
-Бид 1911 онд тусгаар тогтнолоо зарласан явдлаар л Богдын ордон музейг төсөөлдөг нь буруу юм. Үнэндээ бол шашны бүрхэвчин дор нуусан төрийн тусгаар тогтнолын ой санамжийг хадгалсан ордон юм шүү дээ. Үүнийг юугаар батлах вэ? гэвэл, энэ ордонд ганцхан Богд хаантай холбоотой зүйлс байгаа юм биш, тэр цагийн нийслэл хүрээнд шар бүсийн ордыг тойрон байсан 30 аймгийн бүх нандин шүтээнүүд, өндөр гэгээний хийцийн хорин нэгэн дарь эх, Эрдэнэзуу хийдийн хамаг нарийн нандин шүтээнүүдийг энд цуглуулж ирсэн байдаг. 1925 онд VIII Богдыг жанч халсны дараа музей болгосон. Өөрөөр хэлбэл Монголын анхны музей. 1937 оны хэлмэгдүүлэлт болоход нэгэнт музей болоод тогтчихсон байсан. Тэр үеийн төрийн удирдлагууд бурхны шашныхаа нарийн нандин зүйлсийг улаан цайм талан устгаж ахуй цагт манай нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, Хөдөөгийн Пэрлээ, Лог.Дэндэв нарын тэргүүлэгч сэхээтнүүд маш их анхаарал тавьж, асар их өвийг авч үлдэж чадсан. Хожим Богдын музейгээс Дүрслэх урлагийн музей, Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей гэсэн гурван музей салбарлаж тусдаа гарсан. Тэгээд үлдсэн зүйл нь ийм баялаг өв байна гэхээр анхаарч судлах их ажлыг үүсгэхгүй байхын аргагүй юм л даа.
Ер нь бидний судлаачдын нэг айхтар том алдаа байгаа юм. Музейн ажилтан зөвхөн музейнхээ сан хөмрөгийг мэдээд номын сан, архиваа мэддэггүй, архивт ажилладаг хүн номын сан, музейдээ юу байгааг мэддэггүй. Тиймээс түүхийн судалгааг бодит зүйлс дээр хийгээд түүнийгээ архивийн баримт, сурвалжын мэдээгээр баталгаажуулаад, нэгэн цогц үр дүнд хүрэх нь л миний зорилго болж байна. Манай түүхийн судалгаа, заах аргазүй ч энэ тал руугаа явах ёстой юм. Жишээ нь Германд “Пергамоны музей” гэж эртний Ром, Вавилан, Ассирын дурсгалуудыг хадгалсан их том музей бий. Европын бүх улсын дунд сургуулийн хүүхдүүд ирдэг. Тэд тэнд эртний Грек, Ромын түүхийн хичээлээ үздэг юм байна лээ. Үүнтэй адилхан бид ч монголын түүхийн хичээлд Богд хааны ордон музейгээ ашиглаж болох шүү дээ.
-Музейн үнэт ховор үзмэрүүдийн тухай мэдээ сүүлийн үед чих дэлсэх боллоо л доо. Ялангуяа “Буддагийн шүд” монголд байна гэсэн асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Ер нь энэ Буддагийн бие махбодтой холбоотой эд өлгийн зүйлс дэлхийд хэр их байдаг юм, хэрхэн ойлгож хүлээж авдаг юм бол?
-Дондогдулам хатны хувцас, Богдийн нандин дурсгалууд гэх мэтээр сэдэвчлэн, хэд хэдэн үзэсгэлэн дэглэж гаргаснаар хосгүй үнэт олон үзмэрүүдийг олон нийт шинээр мэдэж авсан л даа.
Бурхан багшийн шүдний тухайд авч ярьвал, ер нь дэлхий дээр бурхан багшийн шүд хэмээх зүйл зургаа долоон газар бий гэдэг. Шри Ланкт, Энэтхэгт, Сингапурт, Тайванд, Бээжингийн Бадачо цэцэрлэгт байдаг. Японд ч бас бий гэх яриа байдаг ч үгүй болов уу. Ингээд зургаадахь нь баталгаатай манай Монгол Улсад байгаа юм. Ойр дөт гээд хөрш БНХАУ дээр жишээлж ярья л даа. Бурхан багшийн ариун нандин шарил Хятадад л гэхэд гурав бий. Хятад орныг бурхны шашны хоёр дахь өлгий нутаг гэж үздэг. Төвдөд шашин дэлгэрхээс урьд Энэтхэг оронд бурханы шашин доройтож Хятадтай сайтар холбоолсны хүчээр их өвийг авч үлдсэн байдаг. Жишээлхэд, 2010 онд Наньжин хотын нэг бурхны сүмийн дороос бурхан багшийн гавлын ясыг гаргаж ирсэн. Ашока хааны хадгалж байсан энэ гавлыг манай эриний 73 онд Хятадад авчраад уг сүмийн дор нуусан байсан. Сүүлийн үед Хятадад “Будда релик археологи” буюу дундад улсад буй Бурхан багшийн нандин шүтээнийг судлах салбар шинжлэх ухаан буй болсон байна л даа. Энэ судлаачид хийдийн дор ямар нэгэн байгууламж байгааг илрүүлээд, түүхэн он дараалалын бичгийг нь уншаад үзтэл бурхан багшийн нандин шарилыг хадгалж байгаа гэсэн бичиг гарч ирсэн байдаг. Тэгээд бичгийнхээ дагуу малталт хийтэл яг тэр нь бодитоор байсан. Үүнийг Хятадын засгийн газар ихэд нууцалж байгаа. Аялал жуулчлал, сүсэг бишрэлийн томоохон төв болгох зорилготойгоор алтан суварга, алтан сүм барьж байгаа нь ирэх жилээс дэлхийд албан ёсоор зарлаж, нээлтийг нь хийнэ байх.
Бээжингийн Бадачу цэцэрлэгийн Лингуан гэж сүм бий. Энэ сүмд бурхан багшийн шүд байдаг. Энэ эртний Хятадын торгоны нийслэл Си-Ань хотын нэг сүмд бурхан багшийн дунд хурууны яс байдаг. Ингээд өмнөх хөршөөр л жишээлхэд 3 нандин дурсгал байна. Ер нь энэ дурсгалууд Бурханы шашин соёлтой ард түмнүүдийн хувьд том бахархал байдаг.
-Энэ шүд яагаад Монголд ирэх болсон юм, ер нь бурхан багшийн энэ “Эрдэнийн шарилууд”-ын түүхэн гарвалыг та судлаж үзэв үү?
-Бурхан багш нас сүүдэр 80-тайдаа мөнх бусыг үзүүлсэн. Ертөнцийг мөнх бусыг шавь нартаа илт үзүүлэхийн тулд жанч халсан гэж үздэг. Бурхан багшийг нирваан болсны дараа “Хайлсан” байдаг. Хайлна гэдэг маань шатааж чандарлахын нэр л дээ. Ер нь эртний дорно дахины хүн хайлах, чандарлах уламжлал бий. Энэ ёсоор авч үзвэл хүнээс гурван зүйл үлддэг. Нэгт, тунарав гэж нэрлэдэг ясны үнс, хоёрт, ясны хэсгүүд буюу дунд чөмөгний толгой, гавлын ясны хэсэг гэх мэт цул яснуудын хэм, гуравт, эрдэнийн үрэл хэмээх тунгалаг эд үлддэг.
Бурхан багшийг таалал болсны дараар гурван сарын турш хайлаад “Гаслангаас нөгчсөн хаан” хэмээ алдартай Ашок хаан 8000 мянган суварганд оршоож, асар том буяны ажил хийсэн байдаг. Энэ суваргууд олон зуун жил оршсоор л байсан. Гэтэл Энэтхэгт Хинди, Лалын шашнууд хүчтэй дэлгэрч, бурханы шашны дэлгэрэл төгсгөл болохын цагт өнөөх “Эрдэнийн шарилууд”-ыг Хятад, Төвдийн хоорондох торгон замаар зөөсөн юм. Нэлээдгүй хэсэг нь одоогийн Пакистан, Афганистан, Балбын нутагт үлдсэн байдаг. Гэхдээ тэр газрууд Бурханы шашингүй учраас хэрхэн хаана оршин буйг нь хэлэхийн аргагүй юм. Гагцхүү бурхан багшийн шарил мөн гэж итгэн биширч байсан хүмүүс нь үр удамдаа дамжуулсаар 2500 жил хадгалаад ирсэн байна.
Хайлсаны дараа үлддэг гурван зүйлээс Пилдэн буюу арвидагч үрэл хэмээх зүйл одоо ч монголд хүмүүсийн гар дээр байдаг. Гэхдээ тэр гурван зүйлээс “Радна шариран” буюу “Эрдэнийн шарил” хэмээх галд шатаагүй, биет хэлбэрээрээ үлдсэн зүйл дөрөв байх ёстой гэж үздэг. Бурхан багш 2 метр 10 гаруй сантиметр өндөртэй биерхүү хүн байсан гэдэг. Хүн бурхан болсоны дараа шүтээн маягаар эд эрхтнийг авч үлддэг уламжлал бас бий. Энэ учраар дөрвөн соёог нь авч үлдсэн тухай домог ч бас бий.
Хятадууд болохоор Бээжинд байгаа Бурханы шүдийг бүх хятадын найман их шүтээний нэгэнд оруулж үздэг. Хятадад бол маш алдартай. Лингуан сүм сардаа хоёрхон удаа онгойхдоо асар их мөргөл, тахил хийдэг газар болсон.
-Манайд байгаа Бурхан багшийн шүд яагаад өдий хүртэл анхаарал татаагүй хэрэг вэ? Эсвэл анхаарлын төвд аваачсан шалтгаан байна уу?
-Өнгөрсөн оны долоон сарын эхээр манай монголд Соросын сангаас нэг хурал зохион байгуулсан юм. “Пост Коммунист улсуудын шашин шүтлэгийн байдал” сэдвээр манай шашин шүтлэгийн амьдралыг задалж ярьсан хурал болсон л доо. Энэ хурал дээр Америкаас Ажа ренбүүчи ирж оролцсон. Би энэ шүдний судалгааг яаж хийвэл дээр талаар их удаан бодсон л доо. Гэтэл энэ хурлын үеэр сайхан завшаан тохиосон юм.
Ажа Ренбүүчигийн “Цагийн билэгдэгч наран чөлөө” хэмээх дурдатгалын номон дээр нь бий л дээ. 1993 онд Бирмд нийгмийн тогтворгүй байдал бий болох үед БНХАУ-ын бурханы шашны нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан Ажа гэгээн Бадачу цэцэрлэгийн Лингуан сүмээс бурхан багшийн шүдийг аваачиж мөргөл тавиулсан байдаг. Манай сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагт амьдарч байгаа хоёр сая долоон зуун мянган монгол хүний дотор Бурхан багшийн шүдийг Ажа Ренбүүчи шиг сайн мэдэх, ойр байсан хүн байгаагүй учраас би гэгээнтэнд айлтгасан. Гэгээнтэн хурлаасаа шууд гарч ирж хараад, шууд л мөргөсөн. “За, энэ бол Бурхан багшийн ариун шарил мөн байна аа, би эрдэнийн шарилд гурав дахь удаагаа мөргөлөө” гэж айлдсан. Энэ үйл явдлыг Богдын нандин өвийн үзэсгэлэнг сурвалжлахаар ирээд байсан хэвлэл, мэдээлэлийнхэн олон нийтэд дэлгэрэнгүй хүргэсэн.
Ажа ренбүүчий “Агуу их гүрэн тогтсон газар ийм ариун нандин шүтээн байх нь ойлгомжтой. Үүнийгээ сайтар хадгалаарай. Ганцхан ар монгол төдийгүй дэлхийн бүх монголчуудын нандин шүтээн нь байх ёстой юм шүү” гэж захисан. Гэгээнтэн цааш нь Далай багшид айлтгасан бололтой юм билээ. Далай багш 11 сард ирэхдээ энэ “Эрдэнийн шарил”-д мөргөсөн. Зөвхөн дээрх гэгээнтнүүдээр зогсохгүй Япон, Энэтхэг, Америкийн бурханы шашинтнууд зорин ирж өв тэгш хүндэтгэл үзүүлсэн.
-Олзуурхан баярлахгүй байхын аргагүй чөлөө учрал тохиожээ. Одоо энэ үнэт өвийг хэрхэн олсон тухай ярьвал сонирхолтой байх?
-Энэ зөвхөн дангаараа хадгалагдаж буйгаа зүйл биш л дээ. Бас нэг дагавар бичиг байгаа юм. Энэ бол 1935 оны 8 дугаар сарын 2-нд тэр үеийн Сайд Нарын Зөвлөлийн дарга байсан Өлзий-Очир гэдэг хүний хийсэн бичиг байна л даа. “Ерөнхий сайд П.Гэндэнгийн зааварласнаар эл бурхан багшийн шүдийг шинжлэх ухааны хүрээлэн судал, хадгал” гэсэн утгатай” Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал Дэндэвт хаягласан албан бичиг юм. Бид эл бичгээс эхлэн судлахад, 1935 онд Ерөнхий сайд П.Гэндэн Орос улсаас баримтат киноны баг авчираад, тэр жилээ Эрдэнэзууд хоёр удаа цам гарсан байдаг. Эхлээд зуны сүүл сард гардаг ёсоороо гарсан. Дараа нь баримтат кинонд зориулж нэг гарсаныг нь Оросын кино зураглаачид бүрэн бичиж авсан. П.Гэндэн сайд их хэлмэгдүүлэлт болж, сүм хийдийг нураана гэдгийг мэдсэн учраас Ерөнхий сайд хүний хувиар зарим үйл ажиллагааг явуулсан бололтой байдаг. Өөрөө ч бас тэр нутгийн хүн. Ерөөс Эрдэнэзуугийн түүхийг өгүүлсэн номонд гардгаар Автай сан хан, III Далай лам Содномжамцтай уулзаж монголд бурханы шашин дэлгэрүүлэх тухай айлтгахад, эрхийн хурууны чинээ эндүү үгүй Бурхны шарилыг өгсөн байдаг. Энэ шарилыг санскритаар “Ратна Шариран” буюу монголоор “Эрдэнийн шарил” гэдэг юм. Энэ “Ратна” нь “Эрдэнэ” болоод Эрдэнэзуу нэрээр байгуулагдаж л дээ. Өөрөөр хэлбэл эрдэнэ агуулсан номын орон гэсэн үг болж байна. Тэрхүү эрдэнэ нь юу вэ гэвэл энэ “Эрдэнийн шарил” юм аа гэсэн тайлал гарч ирж байна.
Ийнхүү шүтээн болгож үе улируулан хадгалсан гэдгийг нь түүхч А.Очир гуай батлаж ярихдаа, “Хөдөөгийн Пэрлээ гуай, Б.Ширэндэв гуай нар Богдын музейд Бурхан багшийн шүд байдаг юм. Түүнийг хэнд ч гаргаж үзүүлж болохгүй. Тэгвэл Оросууд аваад явчихна” гэцгээдэг байсныг нь хэлдэг юм.
Иймээс энэ шүдний талаар судалгааг урагшлуулан хийж байна л даа. Судалгааны явцад Монгол Улсын нутагт дэвсгэр дээр байгаа Эрдэнэзуу, Автай сан хан, Өндөр гэгээний түүхтэй холбоотой, Монголын бурхны шашинтай холбоотой ихэнх гар бичмэлүүүдийг үзээд сурвалжийнх нь хэмжээнд тогтоочихсон. Дээрээс нь бид саяхан БСШУ-ны сайдын удирдамжаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Бээжинд хадгалагдаж буй эртний монгол гар бичмэл, судруудад энэ “Эрдэнийн шарил”-ын тухай түүх бичигдэж үлдсэн эсэхийг судлаад ирсэн. Мөн Петрбургийн Дорно дахин судлалын хүрээлэнд судалгаа хийсэн. Монгол ном судар халдгалагдаж байгаа гурван гол газар бол дээрх юм шүү дээ. Энэ бүхний үр дүнг нэгтгэсэн тусгай ном гарна.
Энэ ажил ийм урагштай, далайцтай болж, олон нийтийн анхаарлыг татахад нөлөөлсөн нэг гол шалтгаан бол гарвал соёлдоо элэгтэй соёлын сайдтай болсон явдал. Ялангуяа энэ асуудлыг манай өмнөх сайдууд төдийлөн сонирхож, ач холбогдол өгдөггүй байсан. Би ер нь Ё.Отгонбаяр сайдыг урьд болоод хожмын салбарын сайдууд дундаас онцгой хүн гэж бодож байгаа. Энэ хүний хандлага, шашин, түүхийн мэдлэг, боловсролтой хүний ноён нуруу нь ингэж хэлэхэд хүргэж буй юм. Урьд нь музейн дарга нар энэ үзмэрийг мэдэж байсан уу гэвэл мэдэж л байсан. Сэтгэл гаргаад судлах, тийм боломжийг нь гаргаж өгөх гэдэг талархууштай хэрэг юм.
-Буддагийн шүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх боломж бий юу?
-Өдийг хүртэл олон нийтэд дэлгээгүй байгаа. Энэ бол дан ганц миний мэтийн судлаачийн хэрэг бус Гандантэгчилэн хийд, Соёлын сайдын шийдэх ёстой асуудал болов уу гэж бодож байна.
“Эрдэнийн шарил” бол нэгдүгээрт монголын бурхан шашинтнуудын өмч, хоёрдугаарт, музей маань өөрөө БСШУЯ-ны харьяа байгууллага.
Энд харин өөрийн зүгээс хэлэх ганц зүйл бол, манай оронд зөвхөн эдийн засгийн үсрэлт биш оюун санааны томоохон дэвшил болж байна гэж үзэж байна. Эдийн засаг маань нэмэгдэхийн хирээр манай нийгмийн гишүүдийн оюуны соёл, өв дурсгал руу анхаарал тавих нь ихсэж буй нь сайшаалтай хэрэг юм.
Туулай жил өнгөрч луу жил гарч байна. Энэ жил Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэж олон арга хэмжээ зохиох нь мэдээж. Яг үнэндээ нийслэл хүрээний түүхийг хүндэтгэж үзье л гэж бодож байгаа юм бол, итгэл бишрэлийн сэтгэлээр хандаж Богдын ногоон ордон, Музей, Хайстын лавиран гэсэн цөөхөн хэдэн барилгаа яаралттай сэргээн засварлах шаардлагатай байна.
Богдын музейг өөд нь татаад, нийслэл хүрээний түүх гэдэг зүйлийг бодитоор нь авч үзэхгүй юм бол энэ хүн чулууны хонхор ямар ч ой санамжгүй хүмүүсийн цуглуулга болж хувирлаа.
Нийслэл хүрээ байхдаа энэ газар ямар байсан юм бэ? Ёстой зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог үнэхээр бурханы орон байсан. Нийслэл хүрээг зорин хаа байсан Өвөрмонголын хошуудаас, Хятадын нутгийн гүнээс, Баруун монголоос, Халимагийн Элстэйгээс хүмүүс зөвхөн гороо хийх зорилгоор тэмцэж, зүтгэж ирдэг байсан оюун санааны төв байлаа шүү дээ.
Гэтэл бид өнөөдөр хүнд хамгийн их хүмүүнлэгийн боловсрол өгдөг Бурханы шашнаа ойшоохгүй байна. Ойн ажлын хүрээнд нийслэл хүрээний ойтой холбоотой элдэв бусын түүхийн хурал, цайллага дайллага хийх юм гэнэ л дээ. Эцсийн эцэст энэ бүхэн төдийлөн ач холбогдолтой зүйл биш шүү дээ. Хэрэв яг одоо л энэ Богдын музейг өөд нь татахгүй юм бол гуравхан баллын газар хөдлөлтөнд л нурахаар хэмжээнд хүрчихээд байна.
Үүнд хэн буруутай вэ? гэвэл өнөөдөр 100 жилийн ой зохион байгуулах гээд байгаа капиталист түрийвчтэй, социалист тархитай хотын захиргааны албатууд шүү дээ. Тиймээс, үнэхээр 100 жилйин ойг сүртэй сайхан тэмдэглэе гэж санаж байвал нийслэлийн иргэн гэж ямар үнэлэмжтэй ямар бахархалтай байх ёстой юм бэ гэдгийг тодорхой болго. Хэрэв тэгэхийг хүсэж байвал, Богдын музейг өөд нь тат. Эргэн тойрных нь тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг цогцоор шийд.
Европын хотуудад ч бас ийм жишиг байдаг. Хот байгуулахдаа сүм хийдээсээ эхэлж “0” цэгээ тоолдог. Эхлээд сүм хийд байгуулагдаад, эргэн тойронд нь хүмүүс суурьшсанаар хот бий болдог. Түүнээс биш хотын захиргааны байшингийн эргэн тойронд байдаггүй юм.
-Гэтэл Богдын музейг тойруулж цэцэрлэг байгуулах газар үлдсэн үү?
-Уйлъя гэвэл сохроосоо, өгье гэвэл ганцаасаа гэж, тэр их төсөв хөрөнгө, боломж байгаа юм бол үүнд л анхаарлаа хандуулах ёстой ш дээ. Өгч болсон газрыг авч бас болно биз дээ.
-Сүм хийдүүд сууринаасаа өөр газаргүй, өргөлөөс өөр хөрөнгөгүй болж буй нь зөвхөн гадаад шалтгаан биш байх. Энэ манай орчин үеийн буддизмын сул доройг харуулж байна гэж бодож байна...?

-Ер манай Төвд судлалын салбар бол ганцхан Төвдийг л судлаад байдаг юм биш. Монгол лам нарын төвд хэлээр бичсэн зохиол, Бурхны шашны гүн рүү нь ордог, Анх Ц.Дамдинсүрэн багш Ю.Цэдэнбал даргын үед байгуулсан тасаг. Ц.Дамдинсүрэн гуайгаас улбаалаад Д.Ёндон, Л.Хүрэлбаатар, Р.Отгонбаатар гээд уламжлал нь тасраагүй явж ирсэн байгууллага л даа. Цэрэг эрийг мянган жил тэжээж нэг өдөр хэрэглэдэг гэдэг шиг төр засаг хүсвэл Бурхны шашны тухай дүгнэлт гаргаж болохоор хэмжээнд судалгаагаа ч хийж, сургалт маань ч Гандантэгчилэн хийдтэй нягт хамтран ажилласны үндсэн дээр тэгж явж ирсэн.
Орчин үеийн үеийн Буддизмын тухай сайн муу сайхан муухай олон л зүйлийг ярьж болох байна л даа. Хамгийн эмзэглэж яваа зүйл гэвэл IX Богдыг хоёронтоо залахад одоо болтол ерөөсөө баталгаажаагүй. Төв азийн бурхны шашинд нэг цонх үүссэн юм л даа. 1925 онд VIII Богд Жавзандамба хутагт, 1933 онд XIII Далай лам жанч халсны дараа ганцхан Бээжинд суугаа Банчин богд үлдсэн. Хамгийн муугаар бодоход IХ Богд, XIV Далай лам нар таалал болвол, үүний дараа энэ цонх үе дээр БНХАУ тоглож, удаах дүрүүдийг нь тодруулвал бид газрын хэвлий дэх баялагаа зөөх бүү хэл, тархин доторх итгэл үнэмшлээ хүртэл Бээжин рүү зөөх аюул тулгарч ирээд байна л даа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал шүү. Тэгэхээр бид нар Бурханы шашныхаа оюун санааны удирдагчийн залгамжлагчийг яаралттай тодруулах хэрэгтэй байгаа юм. Үүн дээр төр ч, лам хуврагууд ч, судлаачид ч ажиллах ёстой.
1999 онд IХ Богдыг ирэхэд бидэнд үндсэндээ бэлтгэл байгаагүй. Гэтэл түүнээс хойш 12 жил өнгөрөөд байна. Эрх биш тусгаар тогтносон улс юм байна. Ахин ийм зүйл тулгарвал бидэнд бэлтгэл байхгүй гэж хэлэх эрх байхгүй.
-Гэхдээ IХ Богдыг шашны тэргүүнээр баталж, Гандантэгчилэн хийд хурлынхаа манлайд дүрийг нь залсан шүү дээ?
-Төр баталгаажуулах ёстой. Албан ёсны баримт бичиг гарч Ерөнхийлөгч, УИХ маань соёрхох ёстой.
-Үндсэн хуулиндаа тийм харилцааг зохицуулаагүй нь асуудал үүсгэж байна л даа?
-Тийм байж болохгүй шүү дээ. Энэ чинь манай үндэсний шашин. Богд хаант Монгол улсын тухай “Боловсрол” сувгаар явсан том хэлэлцүүлгийн үеэр Германы эрдэмтэн Удо Баркман гэж хүн хэлсэн юм. “”Монголчуудад санаа зовох юм байхгүй. Эдийн засаг, улс төрийн хувьд танайх тогвортой боллоо. Одоо оюун санааны тусгаар тогтнол, үндэсний хэв заншилаа хамгаалахад анхаарах хэрэгтэй байна” гэсэн. Энэ тухай би ганц биеэрээ санаашраад яваа юм биш. Олон эрдэмтэд энэ тухай ярьж байгаа.
Үндсэн хууль бол Монгол төрийн засаглалыг дэмжиж, иргэдийн амьдралын үнэ цэнийг хамгаалхын тулд байгаа зүйл. Хубилай хааны хос ёст төрийн уламжлал гэж байгаа. Төр шашин хоёр бол алганы ар өвөр гэсэн үг. Энэ хоёр цул болж байж хүчирхэг төр болдог. Энэ уламжлал, энэ сэтгэлгээ өнөө хүртэл алдраагүй байгаа. Угаасаа монголчууд дараагийн Далай лам, Жавзандамба хутагтыг дундаасаа төрөөсэй гэж ханцуй дотроо залбирч байгаа.
-Оюун санааны тусгаар тогтнол гэдэг зүйл зөвхөн шашны асуудал биш баймаар...?
-Мэдээж хэрэг. Энэ асуултаараа чи боловсролын асуудал хөндлөө гэж ойлгож байна. Бид боловсролын системээ хяналтаас алдчихаад байна. Үр хүүхдээ гадаадад сургасан, эсвэл хар багаас нь гадаад хэл сургасан хүмүүс эргээд толгойгоо барьж эхэллээ. Үнэндээ манай энэ сонин сэтгүүлүүдийг дунд сургуулиасаа хөдөө сурсан, жинхэнэ монгол хэлээрээ найруулж буй хэдхэн хүн л авч явж байгаа биз дээ. Тэр гадаад хэлтэн, гадаадад элэгтэй болсон хүмүүс энэ нийгэм, монгол төрөө цааш нь авч явж чадахгүй. Дээр нь нэмээд өөрийн нэг хөдөлбөргүй байр сууриа илэрхийлэхэд бидний бүтээх гэж байгаа Монгол улс бол арав, хорь, гучин жилийн өмнөх Монгол улс биш, 700 жилийн өмнө Хубилай хааны байгуулсантай адилхан Монгол үндэстний олон шашинт хүчирхэг итгэл үнэмшил бүхий улс. Энэ зорилгодоо хүрхийн тулд монгол хүнийг монголоор хүмүүжүүлэх, хүмүүнлэгийн боловсрол олгох тал дээр олсон хөрөнгөө зарцуулах хэрэгтэй байна. Ингэхгүй бол ядуу байхдаа мөнгө л боддог байсан монгол нүүрсээ зараад баяжихаараа хамгийн аймшигтай үр дүнд хүрнэ. Мөнгөтэй тэнэг гэдэг бол жинхэнэ аюул. Нэг бол индианчуудын замаар орно, эсхүл дотоодын иргэний дайнд автана. Оюун санааны хямрал гэдэг ямар ч эдийн засгийн боломжоор эдгээж илааршуулдаг зүйл биш.
-Бид хоёр олон асуудлаар нэлээдгүй удаан ярилцлаа. Уншигчдаа чилээлгүй яриагаа зангидъя гэж бодож байна. Таньд миний асуултын гадна үлдсэн үг байвал хэлнэ үү?
-Ирэх 2013 оны 7 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд манай оронд “Олон улсын Төвд судлалын хурал” зохион байгуулагдана. Төр засаг ч бай, хувь хүн ч бай, монголын Төвд судлалыг дэмжих оролцоо маш их хэрэгтэй байна. Энэ бол бидний цөөн судлаачдын хийчихдэг ажил биш юм л даа. Энэ хуралд л гэхэд 100 орны 400 гаруй эрдэмтэд ирж илтгэл тавьна. Дээрээс нь Төвд судлал сонирхдог 3000 гаруй хүн ирнэ. Тэгэхээр бидэнд сурталчилгаанаас эхлээд, орчуулагч, ном гарын авлагаа хэвлэх асар их ажил ундрах болж байгаа юм л даа. Тиймээс манай Төвд судлалын тасагт туслах хэнбугайг ч бидэнд хандахыг хүсэж байгаа юм.
Энэ хурлыг манайд зохиож байгаа нь Монголын соёлыг хүндэтгэж буй хэрэг юм л даа. Тиймээс энэ хуралд оролцож Монголын бурхны шашин соёлын тухай илтгэл тавих сонирхолтой хүмүүс ч бидэнтэй холбогдож болно. Төвд судлал бол нэн ялангуяа манай монголын хувьд стратегийн ач холбогдолтой судалгааны салбар гэдэг нь миний ярианаас ойлгомжтой болсон байх гэж найдаж байна.
Бид эх орондоо олон лам хуврагуудын дунд суудаг болохоор сайн анзаардаггүй байх л даа. Хэрэвзээ өрнөдөд чамайг монгол хүн гэж сонсвол буддист л гэж хүлээж авна. Хэрэв эндээс өөрийгөө хамгаалж гарч чадвал хаана ч өөрийгөө монгол гэж цээжээ дэлдэж болно.



Хөөрөлдсөн
Я.Баяраа

"МОНЦАМЭ МЭДЭЭ" СОНИН

3 Сэтгэгдэл:

ulamaa said...

sawka ah ta 2 saiahn yariltsjeee

Я.Баяраа said...

Zarim medeeleliig tsegtselj zadlan angilah ni ene terguunii asuudal bolood bna

Anonymous said...

Богдын музейг өөд нь татаад, нийслэл хүрээний түүх гэдэг зүйлийг бодитоор нь авч үзэхгүй юм бол энэ хүн чулууны хонхор ямар ч ой санамжгүй хүмүүсийн цуглуулга болж хувирлаа. - gej zuv bas 'goyo' heljee...

Post a Comment