“Маэстро Караважжио”-д


Хүн хийгээд бурхны хүч хүршгүй ертөнцөд
Хүрч ирснээ мэдэрсэн хүний сэтгэлд туссан
Сүүлчийн гэрэл гэгээг биеэсээ ангижруулж
Сүйрэн мөхөж буй хүний дуу хоолой...
Бачит тэргүүнийг нь тасдах цуст илднээ бичээстэй
“Бардам занг доромжлол дийлнэ” хэмээх үгсийн
Баригдах утганаа хоригдсон оюун санаа нь
Байхгүй ертөнцийг хойчсын сэтгэлд шигтгэсэн
Баатар эрийн дуу хоолой...

Харанхуй зуунуудын бүрэнхий бүгтнээн дундаас
Хараал шиг тод сонсогдох хашгирааны эзэн
Мөчөө тасдуулагсдын гаслант нулимсаар дүүргэсэн
Мөргөлийн цомоог би гартаа чанга атгаад,
Сүсэг хийгээд үнэний сүр жавхлан үгүй болж
Сүрт хээнцэрлэлдээ дарагдсан ертөнцийн чичиргээнд
Хараагдсан эрсийн илгээсэн түмэн хундага
Харшилдан дуугарахыг сонсож зогсном.

Чин үнэний дуу хоолой Давидын ятганы чавхдас шиг тасарч
Чивэл нүглийн үнс чандруу Помпейн сүүлчийн шөнө шиг нөмөрсөн
Гэсгээлт энэ цаг үеийнхээ ирмэг дээрээс ширтэхэд,
Гэм нүглийн золиос болсон хүний оюун санаанд
Гэрэл болон хүрэх хүний хувь тавилан
Гэсгээл солиоролын аль нь ч биш
Гэрчлэлийн гэрчлэл, эхний хийгээд эцсийн
Уг шалтгаанд дөтөлсөн уг шалтгаан гэдэг нь
Улам бүр тодорном.

2012.02.08
Улаанбаатар

6 Сэтгэгдэл:

Я.Баяраа said...

Зурган дээр нь зөөлөн дараарай!

Б.Батзаяа said...

Энэ л зурагаар гэмээ хүлээн, өөртөө эрх чөлөө олж авсан ч...
Түүнийг гэсгээгчид нь шашны эрх мэдэлтнүүд биш байсан мэт...

Мөнх хас Н.Бэгтэр said...

Ìýäýðñýí áàéíà ìèíèé õºãøèí.

Я.Баяраа said...

МЭДРЭМЖ ҮРГЭЛЖ ЖАРГАЛ АВЧИРДАГГҮЙ

С.Начин said...

Жаргал ч бас зовлон байдаггүй

Я.Баяраа said...

yun surhii gegeereev chi.

Post a Comment