“ОНГОМОЛ” шүлгийн “СОНГОМОЛ” ном

Наяад он. Эрдэнэтийн нэгэн аж ахуйн манаачийн шовгор. Галсансүх гэгч дэрчгэр хүүг өмнөө суулгаад ганц шүлгийг өдөрт тавин янзаар бичүүлэн, яруу найргийн шавь сургалтыг үнэ төлбөргүй явуулж асан, яруу найрагч. Энэ хүн ертөнцөд зөвхөн шүлэг бичих гэж ирсэн юм шиг шүлэг бичиж амьдарсан хүн.
“Хэрхэн амьдрав?” гэж асуусан бол хэрхэн хариулах байсныг нь төсөөлж байна:
“Хамаг амьдралаа яруу найрагт зориуллаа
Халирах харамсах нь үгүй ээ!” гэж зориуд буриад аялгаар хайнга ихэмсэг гэгч нь хэлэх байсан биз.
“...Үүрд үхэх нь биш
Үүрд бас амьдрах нь биш
Ял хатуу хуулийг
Яагаад ч зөрчих аргагүй
Чи дахин үхэх ч үгүй
Би дахин төрөх ч үгүй
Чин үнэнийг хэлэхэд
Чинийхээ хойноос мөрөөдөн
Мөнхийн шөнийн гүн рүү
Мөлхөх цаг ойртсон байна”
Яруу сайхан найруулсан энгийн дэлгэрэнгүй өгүүлбэрийг зориудаар хэлбэрдэн мөрлөж шүлэг болгодог, эсвэл орчуулгын тольноос бүх үгийн нэгдүгээр утгыг нь түүгээд тавьчихсан юм шиг хэт энгийн үгсийн чуулбар...
…Мөнгөн цагаан гэрийнхээ
Мөөгөн хүрээ шиг зайнд
Цэцэн цэлмэг ухаанаар
Цэвэр тунгалаг сэтгэлээр
Дундгүй дүүрэн
Дутмаггүй хангалуун...
эсвэл
Одоо би Нямдорж
Оройхон
Чиний нулимс
Хойтон өдийд яс
Хорин жилийн дараа цэцэг

Далаад он. “Хүн чулуу” хэмээх номын дардас барьсан нэгэн идэр эр зохиолчдын эвлэлийн хаалгаар шуртхийн оров. Цаг үе бүхэнд л байдаг ад үзэгдэгсдийн данснаа энэ эрийн нэр хэдийнээ бичигджээ. Бор амьдралын хэрээсийг хар дарсаар тас татаж, төмөр нүүрээ үзүүлсэн хамт олонч хүмүүсийн хотод түмпэн савны хэрүүлээс сэтгэлээ салган бараг л даяанчийн мөрд орсон бие хүн..,
...Ус бороотой зун
Уйтан,
тахир энэ гудмуудын шавар шавхай
Удаахан байхаас ч
Уйтгартай!...
Тогтоол нь,
тойром болон тогтсон
Тойрохын ч аргагүй их усан дундуураа
Хөдөөлсөн бах шиг үсрэлдэн байсан
Хөгтэй,
хөөрхийлөлтэй тэр байдал...
/Орхигдсон байшин/

Нямбуугийн Нямдорж бол шинэ бичиг буюу крилл үсгийн яруу найрагч. Түүний өмнөх үеийнхэн худам монгол бичиг, крилл үсгийн дүрмийн хооронд тэлэгдэж, авиазүй, хэм хэмнэл нь жигдрээгүй хоёрдмол шүлэгтэй. Харин Нямдоржийн шүлэгт крилл цагаан толгойн гучин таван үсэг хэлэхүйн утгаа бүрэн олсон байдаг.
Уужимдаа болж
тал талимаарна
Уйтгартайхан ч юм шиг
цэв цэлийнэ
Буудсан хонгио шиг
хов хоосон
Буурлын тал
чив чимээгүй

Жараад он. Москва орчим. Модот их ой. Ойн чөлөөгөөр орос тосгон харагдана. Предолькино тосгоны дэргэдүүр хэлхэлдэн алхалагч хоёр залууг Нямдорж, Явуухулан хэмээнэ. Буриад, Сартуул гаралтай энэ хоёр хүү халх аман аялгуу монголын утга зохиолын хэл болон төлөвшсөн тэр төвөргөөнт цаг үеийн гол төлөөлөгчид юм.
Аавыгаа чихрээр ч хамаагүй худалдах
Алаг үртэй билээ.
Хүрээд ирлээ! Аав минь гэж
Хүний хүн харчихаад
Хүлээж суугаа гэхээс
Хүүгээ би санаж байна

Аавыгаа, хаанаа ч хамаагүй санадаг
Алаг үртэй билээ.
Аав минь хүрээд ирлээ гэж
Адилхан хүн харчихаад
Андуурч байгаа гэхээс
Алаг үрээ би санаж байна
Яаж амьдрах хүн бэ чи? гэж Явуухулан тэгэхэд найзаасаа асуусан бол
“Хамаг амьдралаа яруу найрагт зориулаад
Халихын цагт харамсах нь үгүй ээ” гэж омог бардам бас ялимгүй буриад аялгаар хамгийн гол нь чин сэтгэлээсээ хариулах байсан даа.

Уран бүтээл нь даажинт цагийн эргүүлгэнд мартагдахуйн тоосонд дарагдан, хүндлэн хайрладаг уншигчдынхаа багашаархан хүрээнд л үлдээд байсан 60-аад оны Монгол шүлгийн уянгын их дууч, 70-аад оны Монгол найргийн эрх чөлөөний дууч, 80-аад оны Монгол найргийн эх орны дууч, 90-ээд оны Монгол найргийн эрхэм хайрт багш, ах нь болсон их хүмүүн ард түмнийхээ оюуны ертөнцөд ахин мэндэллээ.


Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж агсаны сонгомол шүлгийн түүврийн нээлт 2 дугаар сарын 15-нд "Интерном" номын их дэлгүүрт болсон юм. Яруу найрагчийн шавь Их Засаг Их сургуулийн захирал Н.Ням-Осор номыг ивээн тэтгэж, яруу найрагч Б.Галсансүх шүлгийн сонголтыг нь хийж, хянан тохиолдуулсан бөгөөд Н.Нямдоржийн анд найз, хамтран зүтгэгч Ло.Нямаа зөвлөхөөр ажиллажээ.
Найрагчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн "Үүлэн бор", "Онон хатан ижий", "Хөвч", "Хүн чулуу", "Дэлүүн болдог", "Онон" зэрэг номуудаас нь сонгосон 200 гаруй шүлэг уг номонд багтжээ.

Анд нөхөд нь...

Номын нээлтэд найрагчийн гэргий Дуламханд болон манай үе үеийн яруу найрагчдын төлөөлөл хүрэлцэн ирж, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Долгорын Нямаа, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Дулмаа, МЗЭ-ийн дарга Х.Чилаажав, яруу найрагч Ломбын Нямаа, Тойсомын Галсан, Л.Мягмарсүрэн, Б.Одгэрэл нарын хүндэт зочид дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Их найрагчийн гэргийтэй хамт

Их найрагчийн гэргий Д.Дуламханд "Шавь нар нь ийнхүү номыг нь ивээн тэтгэн гаргаж байгаад миний бие болон энд ирсэн долоон хүүхэд нь маш их баяртай байна. Номын баяр өмнө нь үзэж явсангүй. Өнөөдөр л ийм сайхан зүйл болдгийг мэдлээ. Олон найз нөхөдтэй, шавь нар нь энд ирсэн нь ханийн маань уран бүтээл, зан чанар ямар байсныг харуулж байгаа хэрэг" хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа.
Номын баярын үеэр уг номыг бүтээгчидийн сэтгэгдэлийг сонсож, зарим асуултанд хариулт авсан юм

Яруу найрагч Ломбын Нямаа:
Дуламханд минь энд ирсэнд тун их баярлаж байна. Үгийн урлагт амьдралаа зориулсан энэ найрагчийг хүний дайтай амьдруулсных нь төлөө үзэг нэгт анд нөхөд бид нь түүнд сэтгэлийн өртэй юм.
Энэ ном Н.Нямдоржийг уншигчдад улам илүү таниулж, ойртуулах бүтээл болсон. Цаашдаа Н.Нямдорж судлалыг Монголын утга зохиолын салбарт хөгжүүлэх хэрэгтэй юм. Ингэх нь зөв гэдгийг ч цаг үе шаардаж байна. Мөн энэхүү "Сонгомол шүлгүүд" ном яруу найрагч болоод хүнийх нь хувьд Н.Нямдоржийг үнэн болоод цогцоор таниулах бүтээл гэж үзэж болно. Цаашид бид Н.Нямдоржийн талаар судалгаа шинжилгээний бүтээлүүдийг ботилж гаргах бодолтой байна.

"Их засаг" их сургуулийн ректор Н.Ням-Осор:
-Н.Нямдорж багшийнхаа шүлгийн түүврийг хэвлүүлсэндээ сэтгэл өег байна. Энэ хүн үнэхээр сайхан шүлгүүдтэй, сонгодог гэж үнэлэхүйц уран бүтээлтэй хүн байлаа. Би энэ хүнтэй нэгэн цагт багш шавийн барилдлагатай явсан. Үүгээрээ ч бахархдаг. Дунд сургуульд заалгаж байсан утга зохиолын боловсрол маань одоо эргээд санахад Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуулийн школ байсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
Би Улаанбаатарын яруу найргийн ертөнцөд, ер нь энэ соёлт нийгэмд Н.Нямдоржийн шавь гэгдэн орж ирж байлаа. Өнөөдөр ч гэсэн энэ хүний шавь нарын тоонд зүй ёсоор багтдагтаа баярлаж явдаг. Миний оюун сэтгэлд багшийн маань яруу найраг онцгой нөлөө үзүүлсэн.


Б.Галсансүх: Энэ номыг залуу үеийнхэнд зориулж гаргасан юм
-Энэ сайхан номын баяр дээр таны багштайгаа анх учирч байсан түүхийг сонсох хэрэгтэй байх?
-Дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа багшдаа шавь болон очиж байлаа. Ломбын Нямаа багш маань, "Одоо чамд миний заах юм дундарлаа. Чи Д.Пүрэвдорж, Нямбуугийн Нямдорж хоёрын аль нэгэнд нь шавь ор" гэж хэлсэн юм. Ингээд би тавдугаар анги төгсдөг жилээ зуны амралтаар Ло.Нямаа багшийнхаа захиаг өвөртлөн Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос Эрдэнэт рүү Н.Нямдорж багшаа зорьж очсон юм.
-Та багшдаа зориулж цөөнгүй шүлэг бичсэн. Утга зохиолын хүрээнийхэн ч таныг энэ их хүнтэй ойр дотно явсныг мэддэг. Багшийнхаа тухай дурсамжаас хуваалцаач?
-Багш минь бор дарсанд их гэхгүй ч дуртай байсан. Заримдаа хэтрүүлэхэд нь багшийгаа гэрт нь үүрч дүүрээд хүргэдэг байлаа. Би чинь бүр дунд сургуульд байхдаа шавь орж, оюутан болоод гэрт нь амьдарч байлаа шүү дээ. Өнөөдөр энэ номын баяр дээр ч тэр хүн дэргэд минь байгаа юм шиг сайхан байна.
-Та энэ номын редактораар ажилсан байна. Ерөнхийдөө сор болсон шүлгүүд нь эмхтгэлд багтсан гэж ойлгож болох уу?
-Сонгомол өөрөөр хэлбэл заавал хүн унших ёстой шүлгүүдийг нь оруулсан. Бас нэг барьсан бодол гэвэл багш маань бусад яруу найрагчийг бодвол шинэ залуу үеийнхэнд бараг нээгдээгүй байгаа. Одоо Д.Нацагдорж, Р.Чойном, М.Цэдэндорж, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн гээд ихэнх яруу найрагч залуу үед хангалттай нээгдсэн, залуу үе ч хангалттай нээсэн. Аль 1990-ээд оны эхээр л багшийн минь сүүлийн ном нь гарч байсан. Залуу үе маань Н.Нямдоржийг өөртөө нээгээсэй гэж хүсэж байна. Тийм ч учраас залуу үед, шинэ үед зориулж энэ номыг гаргасан гэдгээ ахин дахин давтаж хэлмээр байна.

Яруу найрагч Б.Галсансүх, Б.Одгэрэл нар

Баатарын Галсансүх найрагч нэгэнтээ:
"Багш минь намайг олсон
Багшаа би олсон" гэж тун энгийнээр биесээ тодорхойлсон нь бий. Ерээд оны Монголын яруу найрагт сэтгэлгээ хийгээд илэрхийлэлийн хувьд "Салхи оруулсан" Б.Одгэрэл, Б.Галсансүх нар бол яах аргагүй Нямдорж агсаны гарын бас гэрийн шавь нар билээ. Эрс шинэ шүлэгтэй эдгээр залуусыг оюун ертөнцөд дуудан авчирсаных нь төлөө уран зохиолын нэн шинэ үе ч түүний өмнө өртэй билээ.
Их зохиолч Сэнгийн Эрдэнэ нэгэнтээ:
"Нямдорж бол өөртөө арчаагүй хүн. Тэр зөвхөн найраг л бодно. Яруу найргаар орчлонг харна. Өөртөө болон гэр ахуйдаа анхаарал тавьдаггүй тийм л хүн. Тэр бол Явуухулангаас хойш амьд байгаа монголын хамгийн том найрагч. Явуу ч амьд сэрүүн явахдаа үүнийг хүлээн зөвшөөрдөг байж билээ" гэсэн бий. Үнэхээр ч ХХ зууны сүүлийн хагасын монголын үгийн урлагт тодорхойлогч байр суурийг эзэлж байсан энэ эрхэмийн шүлгүүд хар цагаан атаа, магтан мартуулах нэгэн үеийнхнийх нь үйл байдал хийгээд харанхуй сурталын харгайгаар хээр талд мартагдсан чулуу мэт онгож байсан цөвүүн цаг ард үлдэж, "Хэзээд шинэ, хэзээд залуу, хэзээд үнэн, хэзээд яруу" яруу найрагтай нь нэн шинэ үе танилцаж эхэллээ. Түүний шүлэг ирээдүй үеийг өвөө мэт сургаж, аав мэт түшиж, анд мэт тайвшруулнам билээ.


Хан хэнтийн яруу найргийн сургуулийнхан


Я.БАЯРАА

“МОНЦАМЭ МЭДЭЭ” сонин
2012.02.17 Баасан N34(2396)


Гэрэл зургуудыг
Б.Цэрэнжамц
Т.Есөн-Эрдэнэ

5 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Энэ нийтлэлд нэр нь дурдагдсан бүх хүнийг гүнээ хүндэтгэе!

Эрхэм сайхан хүний эрхэм сайхан оршихуй...

Bexenzvrxt said...

Сайхан эхлэсэн боловч өрнөл хэсэгт нь надаас гуссан хэдэн параграп яваад байгаа болохоор алчихлаа л даа тийм үү хө
хэхэ

Я.Баяраа said...

Tagtaa...
Bid ih aztai humuus ee.

Yusuu...
Chi baigaa bolhor bi huchtei baidag.

Мөнх хас Н.Бэгтэр said...

Ìèíèé ÷îíî øèã íàéç ×îíî øèã ë þì áè÷äýã íîõîé ø¿¿ õý õý...

Я.Баяраа said...

Nohoi ni nohoin yavdalaar
Chono ni choniin yavdalaar
Hun ni hunii yavdalaar
Bui za.

Post a Comment