...өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсан...




ЭМГЭНЭЛ

Шинэ цагийн монголын утга соёлын ертөнц нэгэн сайхан ах, нэгэн сайхан андаасаа хагацав. Өнгөрсөн зууны далаад оноос Монголын уран зохиолын бүхий л төрөлд авьяас, ухаанаа зориулж ирсэн эрхэм хүмүүн, алс холын Парис хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Зохиолч, сэтгүүлч Загдын Түмэнжаргал бээр 1953 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төржээ. Тэрбээр 1970-аад онд Монголын уран зохиолын ариун хаалгаар орж ирсэн цагаасаа хэвлэн нийтлүүлж, туурвин бүтээсэн бүхэн нь найман настай балчираас, наян настай буурайг хүртэл монгол хэлтний оюуны ертөнцөд нэгэн тод өнгө, дуу хоолой болон гэрэлтсээр, эгшиглэсээр байна.
Тэрбээр, 1977 онд анхны номоо “Бид” нэртэйгээр хэвлүүлснээс хойш “Шинэ танил” /1977/, Үүрийн тэнгэр /1980/, “Арван найман нас минь” /1982/, “Голын жараахай” /1984/, “Нарны хүүхдүүд” /1985/, “Нисдэг алим” /1991/, “Уяхан цэнхэр хавар” /1994/, “Сонирхолтой Математик” /1998/, “Ус мөрөн олончиг...” /1998/, “ЯАГААД- унших бичиг” /2000/, “Цэцэрлэгийн сурах бичиг” /2000/, “Цагаан толгой” /2001/, “Монголын тал нутаг” /2001/, “Зүүдний байшин” /2001/, “Ижийгээ баярлуулж яваарай” /2003/, “Аниргүйн хөгжим” /2007/, “Гэрэл гэгээний хүлэг морин мэт...”, “Ногоолин аялгуу”, “Парисын шүлгүүд”, “Гурвалжин аялгуу буюу хөвгүүнд бичсэн захидал” /2010/, “Шүүдрийн гилбэлгээн” /2010/, “Les rayons de la lune bleu” /2010/ зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн ном, дууны цомгуудаа хэвлүүлж, А.Барто, А.Куприн зэрэг зохиолчдын бүтээлээс орчуулан нийтлүүлж, олон арван толь, сурах бичиг, ном зохиол хянан тохиолдуулсан, араасаа олон шавь, уран бүтээлч, сэтгүүлчдийг хөтлөн дагуулж, тэднийхээ гүнээ хүндэтгэлийг хүлээсэн бичгийн хүн байлаа.
Загдын Түмэнжаргал нь ажил амьдралын гараагаа МУИС-ын Утга зохиолын нэгдэлийн эрхлэгчээс эхэлж, уран зохиолын байгууллага, Шинжлэх ухааны академи, Төвийн сонин хэвлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх, Сорбонын их сургуулийн зочин профессор зэрэг нэр хүндтэй албыг хашиж асан монголын тэргүүлэх сэхээтнүүдийн нэг билээ.
Талийгаачийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэж, 1992 онд “Нисдэг алим” тууж, “Очоод золгоно доо”, “Сургууль минь баяртай” дууны шүлгийг нь үндэслэн МЗЭ-ийн шагналаар, 2001 онд “Монголын тал нутаг” дууны шүлэгт нь оны шилдэг уран бүтээлийн Алтан өд шагнал, 2004 онд “Бага ангийн сурах бичиг”, “Монголын тал нутаг” дууны шүлгийг нь үндэслэн “Нацагдоржийн нэрэмжит шагнал” хүртээж, 2007 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн шагналаар тус тус шагнаж байжээ.
Эрхэм ахын дахин давтагдашгүй уран бүтээл даяарын сэтгэлд мөнхөд оршиж, чигч шударга зан чанар, орон зай тань уран бүтээлч бидэнд үргэлж үгүйлэгдэх болно.
Танийхаа итгэж, хайрлаж, зүтгэж, тэмцэж явсан үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгч, үзэг нэгт ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ



Уран зохиолын ХӨХ МЭДРЭХҮЙ бүлгэм

7 Сэтгэгдэл:

Я.Баяраа said...

Мессенжерээсээ хаягийг нь, утаснаасаа дугаарыг нь арилгав.


Ай даа.
Ус мөрөн олончиг...
Улс гүрэн олончиг...
Ухаант мэргэд нь олончиг...

Жаргалсайханы ОРГИЛ said...

Ай даа.
Ус мөрөн олончиг...
Улс гүрэн олончиг...
Ухаант мэргэд нь олончиг...

Ц.Д said...

Харамсалтай... чиний статусаар дамжиж шүлгүүдийг нь дахин уншиж суухдаа ийм явдал болсон чинээ санасангүй л суулаа өчигдөр.

Ум сайн амгалан болтугай!

Я.Баяраа said...

Óì ñàéí àìãàëàí áîëòóãàé.

Х.Чойдогжамц said...

"Зүүдний байшин" шүлгий нь багадаа арааны шүлсээ асгаруулан амтархан уншдагсан...ХАЙРАН гэхээс өөр үг олдохгүй нь ээ! Ум сайн амгалан болтугай!

Я.Баяраа said...

Харахад л арааны шүлс асгармаар
Хачин гоё байшинг би зүүдэллээ
Хамаг тавилгыг нь чихэр боовоор хийсэн
Хазчихмаар, идчихмээр байшин шүү...

Я.Баяраа said...

Түмээ ахын чандарыг хүү нь нөгөөдөр авчирна гэнэ. Эмгэнэлээ энд эвхье дээ.

Post a Comment