ТЭР ХӨВГҮҮДИЙГ ХОРИН ХОЁРТОЙД НЬ БУУДАН АЛЛАА...



Тэр хүүг
    хорин хоёртойд нь буудан аллаа!
Тэнгэр харж байв,
            яаж үхсэнийг нь!...
Элгээрээ газар харуулдаж унаад
Эцсийн удаа хайртай бүсгүйгээ тэврэх адил
Дэлхийн бөмбөрцгийг тэвэрч,
Дээрээс нь дараад үхчихлээ...
Хорин хоёр нас...
Хүүхэд хэвээрээ!
Хүүхэн хүнд уруул ч
Хүргэж амжаагүй ээ!
Хонгор шаргал үс нь
            салхинд хийснэ.
Хорвоо дээр энэ хүү дахиад төрөхгүй ээ!
Хойч үе нь хэн байсныг ч мэдэхгүй!...
Моцартыг алчихсан ч юм уу, яаж мэдэх вэ?
Мөн алагдсан бүхэнд л
            аль нэгэн Бетховен, Пушкин
                        яваа шүү дээ
Хорин хоёртой хүү гэрлэж амжаагүй
Хорвоо дээр төрүүлэх ёстой үр нь
            цуг буудуулжээ!
Бүрэлдэж бий болохоос нь өмнө, хүнийг
Бүрэлгэж орхидог ямар аймшигтай эрин бэ!
Тэр хүү
    гарцаагүй гэрлэх байсан,
            хүү, охин хоёр төрүүлэх байсан!
Тэдний нь бас
    хамт алчихаж шүү!
Тэр хүүхдүүд нь бас хэчнээн аг гуч төрүүлэх билээ?
Тэнгэр минь,
нэг хүнийг бус,
хэдэн арван хүнийг алж шүү!
Үр удам нь өсөж үржээд,
үр удмаа үлдээх ёстой.
Үеийн үед тэр хүүгийн удам угсаа үргэлжилж
Бүх л тосгон,
бүх л хот,
бүх л хүн төрөлхтнийг ч
Бүрдүүлж чадах байсан!
Цаг хугацааны бүх л мөнхийн урсгалд
Цагаан будаа шиг үржих тэрбум тэрбум хүнийг
Хорин хоёртой нэг л хүүг буудахдаа цуг
Хороож орхидог байна шүү. Тэнгэр минь!
Биедээ тэр хүү,
сая сая хүнийг тээж явсан юм.
Билэг суу,
сайн сайхан нь тэрүүнтэй цуг устгагджээ.
Нэг хүнийг алсан буун дуу
Нэлэнхүй орон зай,
цаг хугацааны уудамд үргэлжилж,
Орчлонд ирэх ёстой,
ирээгүй,
Огт ирэхгүй болсон
Үл үзэгдэх хүмүүсийг
Үеийн үед буудаж байна.
Тэр хүүг
дайсан бууджээ!
Тэнд нэгэн хүнээр
ирээдүйн бүхэл бүтэн
хүн төрөлхтөнд цэг тавьжээ!
Эхлэлийг нь бууджээ!...
                Үргэлжлэл үгүй,
Эцэс...
Цэг...
    цэг...
        цэг...
Ирэх ёстой
        сая сая хүн алга!...


1987 он



 


Яруу найрагч О.Дашбалбар
“ГЭРЭЛТ ХАЙР” яруу найргийн ном
105-р тал

5 Сэтгэгдэл:

Ganbagana Ganbold said...

Аяа, хорин хоёр нас минь. Эхлэлийг нь бууджээ, үргэлжлэл үгүй

Ganbagana Ganbold said...
This comment has been removed by the author.
Ganbagana Ganbold said...

Энэ цөвүүн цагт 22туудыг битгий хэл 12туудыг буудахдаа нэг их зовохгүй болсон юм шиг санагддаг шүү

Ganbagana Ganbold said...

Энэ цөвүүн цагт 22туудыг битгий хэл 12туудыг буудахдаа нэг их зовохгүй болсон юм шиг санагддаг шүү

Я.Баяраа said...

odoo ch adilha. Magadgui bu aimshigtai...

Ter uyed sum hregtei bsan bol unuudur ulsguj, hagsaaj alj bna.


Ene usur yalaltiin bayar bish hun turulhtun uurtuu yalagdasanaa medsen udur yum shuu dee.

Post a Comment