ТЭР ӨГЧ ИРСЭЭН


Баянсан андын ном-санг үзнэм. Онцлох мөрүүдийг тэмдэглээд байя гэвэл дороо өчнөөн мөр хурах янзтай болж эхнээсээ бүтэлгүйтэв. Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч орж болно гэж Со дүү маань бичсэн байдаг бол, миний бие өмнөтгөл үгсээ хаанаас нь яажшүү бичихээ эс мэдэн суунам. Хамаа намаагүй магтаж гарах нь хуурамч архиар дайлах мэт хортой байдаг гэж байгаа, уран бүтээлчид.
“Зүс бүгэг андууд”-ын Баянсан:
    “Зүүдээ мөргөн бүдэрч
    Зүрхээрээ газар гишгэнэм”
гэж 1990 онд л бичиж, өнгө төрхөө нэлээн олчихсон явжээ. Уран зохиолын шинэчлэлийн ууган түүдгүүдийн нэг болох найзын маань нэрийг найман настай балчраас наян настай өтгөс хүртэл андахгүй гэвэл худал болох биз.
Алдартай яруу найрагч гэх ойлголт нь ихээхэн дотоод зөрчилтэй юм. Муугүй боловсрол хүмүүжилтэй, өөрөө шүлэг зохиол оролддог голдуу хүмүүс яруу найргийг сонирхдог гэдэг нь миний үг бус, бодот байдал. Тийм болохоор яруу найрагч сайн байх тусмаа олны танил бус болдог л гэнэ лээ.
Ховдын цэцэрлэгт ургадаг байсан залуу энд явна. Тэр сарны аяганаас шүлэг амсахад, сархад хүртсэн мэт одод санжганана. Эгшиглэнт үгээр харааж болдоггүйг мэдэрсэн түүний
    Усны шувууд шүргэлцэх  ирж буцахын зөн нь
    Уулын эсгэгч оргил дахь найрсаг бус салхины чимээ мөн.

Цонхоор алсыг ширтэх бүсгүй Цогбадрахын шүлэг мэт сайхныг харна. Бүсгүйтэй уулзах бүрдээ танихгүй хүн шиг байхыг хүснэ.
Түүний цээж урсана. Тэр-шүлгийн хүрхрээ, булаг, нуур хүний намтар, орчлонгийн намтар. Хөмхий зууж амьдарна, өмхий санаагүй амьдарна.
Яруу найргийн баатар, яруу найраг өөрөө ч бүтээлээр сэтгэгдсэн, шүлэгчийн оюуны ертөнц нь байдаг. Найргийн баатар зовлон шаналлыг тээж явах нь олонтаа.
    Утгын болрыг уснаас ялгах
    Уянсүх Баянсан нэртэй галуу явлаа…

Яруу найргийн нэг чанар нь давтагдахгүй, хосгүй байх ёстой. Хөдөлмөрийн гол шинж тэмдгийн нэг нь давтагдалт юм. Хөдөлмөр бол хүнд. Тэгвэл уран бүтээлчийн хөдөлмөр бүр ч хүнд. Өөрийн гэсэн хэлээ бүтээнэ. Түүгээрээ бичнэ. Т.Баянсангийн хэл их хурц.
    Тэр хутганы ир нь сар
    Тэр хутганы иш нь би
гэх буюу:
    Хүнээсээ эрхэм хүүр байх юм гэх жишээтэй.
Өөрийн гэсэн дүрслэл зүйрлэлийн аргатай байх хэрэгтэй болдог.
    Зэрвэс зурвас үдшийн байдал
    Зэгсний дотроос
    Зэрлэг хүн дуулах адил аа
гэх тод дүрслэлийг үзэгтүн. “Гоморхол гилтгэнэхийг шүүдэр хэмээн эндүүрэв”, “Сонсох гэж налахад чинь хэлээгүй сорви болсон үг” гээд л…
Өөрийн найргийн ухааныг бүтээх хэрэгтэй. Зарим хүн яруу найраг бол гүн ухаан мөн гэдэг. Тийм л юм бол яруу найраг яаж давтагдашгүй байх билээ, Яруу найргийн хэрэг ч гэж юу байх билээ. Гүн ухаанлиг байх ёстой гэвээс онох мэт.
Нууранд унасан олон нүд уйлж байгаа учир нуур тогтохыг хэлжээ. Энд Т.Баянсангийн найргийн ертөнцийн өөрийн ухаан, сэтгэлгээ, учирзүй байгаа юм. Гүн ухааны ойлголтыг шүлэглэн тайлбарлах явдал түүнд үгүй.
Гижигдүүлсэн мэт инээд уйлнам гэсэн байдаг. Хальт харахад утгагүй мэт Гэтэл инээх уйлах хоёр нь адид үрчийлт, адил хөг авиа, адил амьсгалыг үүсгэнэ. Нулимс аль алинд нь гарна, сайн муу зүйлд аль аль нь өдөөгдөнө. Ийм л байдаг шүү дээ.
    Өөрийгөө би хайрлаж чадаагүй тийм хайраар чамайг би хайрласан
    Өөрийгөө чи хайрлаж чадаагүй тийм хайраар чамайг би хайрласан...
гэхэд ганцхан үсгийн зөрүү байна. Ганцхан үсгийн зөрүү гэж үү?
    Өвчтэй андыгаа эргэх шиг номын дэлгүүрт орном
    Өөрөөсөө тасдаж өгөх шиг номоо орхиод гарнам
    Ном минь, нотлох боломжгүй үнэн минь
    Ноорхой болтлоо ашиглагдах уурхай юмсан даа.

Үнэн бол яруу найргийн бас нэг гол шинж байнам. Үнэн гэдэг хязгааргүй.тэр чинээгээр нь, хязгааргүйгээр үнэнийг хэлэх нь Баянсангийн үнэний экстрэмизм юм.
Тэвэрч уулзаад ёворч андлах үнэнийг тэр бичиж явна. Буруугаа зөвийн гадна өмөөрч явна. “Цагаан сар” шүлэг нь толбогүй цагаан үнэн байна.
Жигүүр хугархай нисэх жинхэнэ хүчийг харуулна. Очоогүй газрынх нь нулимс хацрыг нь эсгэнэ. Цавчуулах гэж урганам, Цагаахан хүзүү сунгаж урганам.
Хүн төрөлхтөн нь үндсэндээ үхэгсдээс бүтдэг хорвоогийн үнэн аймшигтай. “Диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч үхэхийг хүсдэггүй. Шинэ-д зам гаргаж өгөхийн тулд үхэл Хуучин-ыг цэвэрлэж устгадаг. Таныг цэвэрлэх болно, аймшигтай боловч үнэн” гэж Стив Жобс хэлжээ. Ямар ч үнэнүүдийг айлгүй хэлдэг нь Баянсан.
Ертөнцийн гүн рүү унаж өөрийгөө зовоолгүй
    Юу ч ойлгохгүй сайхан суумаар байна
    Хамгийн тэнэгүүдийг нэг газар цуглуулж,
    Хачин дотно нөхөрлөмөөр байна
гэж тэр үнэнийг үгүүлж, үхлээр гэртээ  хүргүүлэх нь ч бий. Амьдрал тэр чигээрээ байгаа-маш үнэнлиг шүлгүүдийг бичдэг ч -энэ нь натуралист сийрүүлэгч гэсэн үг биш юм.
    Цантай моддын гишүү
        намайг зорин нугарсаар…
    Цасны бүлээн амьсгаа нар луу гэгээ шидсээр…

гэж үнэнийг бичнэ. Үнэнийг экстрэмист адилаар тууштай бичдэг болохоор бүтээлд нь үймээн самуун, үл дагалт, террорист акци, партизаны дайны шинж үзэгдэнэ, Харин буулт, зөвшилцөл, гэрээ үгүй.
Энэ нь эргээд зохиогчийг тусгаарлагдмал байдалд оруулна. Тусгаар байх нь уран бүтээлд муу бус юм. Л.Толстой элэнц маань: “Хүн хувь заяатай учирдаггүй, түүнийг бүтээдэг” гэжээ.
    Миний үгээс дандаа зөрдөг
    Миний эх орон даанч дотнохон
зэрэг эсэргүү, буруу номын (ерээс) мөрүүд түүнд бий.
    Харанхуйг идэгч нарны
    Хагас нь сүүдрийг бүтээж буй
гэхчилэн үгсээ тэр “гүнзгий амьсгалж би мянган жил дуугүй болсон” гэдэг. Амьсгал нь ересь ч юм шиг. Хэн бүхэн ерөөл урсгадаг зүйл дээр шүлэгч маань ерээс урсгаж чаддаг. Элдэв дээдийг уншиж явсан хэрийн хүн цочирдом “ересь” ч номд нь тохиолдоно. Ж.Барамсай “Ээжээсээ бусдыг би шүүмжлэнэ” гэсэн байдаг. Шүүмжиллээ гэх нь хаашаа юм, гэхдээ бусдаас өөрөөр мань эр бичсэн л байдаг.
Яруу найргийн мөн чанар бол ересь, шашны догматыг илэрхийлэх нь хэзээ ч яруу найрагч болж чадахгүй гэсэн санааг нэрт бүтээлч, судлаачид илэрхийлдэг. Дундад зуунд бол инквизицид орохоор л юмыг манай хүн цөөнгүй бичиж, өөртэйгээ зодолдож, бүр ядартлаа үзэлцэж байдаг бөлгөө.
Харгис хэрцгий гэмээр ч мөрүүд байгаа. Хэрцгий гэж ер нь юу вэ? Амьд оршихуунд тухайн соёлд зөвшөөрөгддөггүй аргаар зовлон тарчланг санаатайгаар учруулж таашаал авах байдлаар илрэх нийгэм-сэтгэлзүйн үзэгдэл гэдэг. Энэ номын зохиогч маань тэгж таашаал авдаг уу? Мэдээж үгүй ээ.
Ёс суртахуунгүй гэмээр мөрүүд буй. Ёс суртахуун гэж юу вэ? Шашнаас урлагийг хассаныг ёс суртахуун гэнэ гэх үг байдаг. Шашнаас ёс суртахууныг хасвал урлаг болох уу? Тэгэхлээр урлаг уран сайхны хувьд ёс суртахуун харьцангуй ойлголт байх юм. Гэхдээ бас шашны бүрэлдэхүүн хэсэг мэт.
Харанхуй шөнөөс тань хавчис гэсэндээ зовох шиг болдог гэж Т.Баянсан эх орныхоо тухай бичсэн нь мөн чанар нь юм. Хал нь гаднаа, хайр нь дотроо байж, хамаг бүхний тухай бичдэг нь түүнийг еретик харагдуулдаг гол хүчин зүйл.
     Энэ бол хүний л амьдрал
    Эцэстээ бүгд үнэгүй хямдрал
гэж тэр бичжээ. Жаргал цэнгэл, зовлон зүдгүүр бүхнийг туулсан, бас бичсэн. Бичсээр ирсэн, амьдарсаар ирсэн. Бяцарсан хундагыг зүйж эвлүүлэх шиг бичсээр ирсээн. Хүн муулснаа ч шүлэглэж:
    Муудалцаагүй байж муулсан би
    Мунхаг зандаа хайртай би
    Муушиг тоглоод юу ч хожоогүй би
    Муу хүн шиг харагдаад юу ч алдаагүй би
гэжээ.
Амьдрал гэдэг амтат бурам, алаг цэцэг бус юм, “аашинд минь гагцхүү зовлон хайртай” л гэмээр байдаг. Ямар сайндаа Достоевский: “Яадаг ч байсан амьдарна гэж үздэгээрээ хүн-адгийн шаар. Адгийн шаар гэдгийг нь хэлж байгаа хүн ч адгийн шаар” гэж байхав дээ.
Тэгвэл Моэм: “Өөртөө хамгийн таарах байдлаар амьдрахаас илүү сайн зүйл гэж юу байх вэ” гэсэн бол Ницшэ: “Амьдралыг үзэн яддаггүй бол би хайрлахгүй байсан” гэсэн байдаг.
Хайр. Хайр бол Т.Баянсангийн амьдралыг үзэх үзэл юм шүү дээ.
    Утсан дээр үүр засах шувуу мэт сэтгэлийн хөл минь
    Улаарсан тэнгэрийн хаяанд нойрсох гүн бодлогошролын мөчир юм

гэсэнд дээшээ доошоо чигтэй бичсэн угсраа мэх харагдаад байна аа даа. Тийм ээ.
    Бодъё гэмээр энэ хувь заяагаа
    Бохирын цаас шиг ороож бариад
    Хэн хэний бөгсийг арчсаар
    Хэзээ яаж дуусах вэ гэснийг нь харахад

бол халз дайралт санаанд орж байна. Шүлэг бичихдээ тэр юунаас ч халгаж бэргэдэггүй, шууд дайрч орж, давж дэвдэг гэмээр. Ийм юмыг яаж эвтэй биччихье дээ, тойрчихъё доо гэсэн бодол түүнд төрдөггүй, шууд л ухасхийнэ. “Дээд тэнгэр намайг уулын дэргэд бүтээжээ” гээд л аваад хаяна шүү дээ.
Тэрбээр зоригтой, хурц дайчин бөх болохоос, уяа бөх биш ээ. Би “Сар гуаглах зүсэм үдэш” түүврийг нь уншаад, “За, чиний ном тун дажгүй санагдлаа” гээд тэр шүлэг, тэр мөр нь тийм мэх, тийм барилдааныг санагдуулав гэж зүйрлэн ярьж байсан билээ. “Яруу найргийг бөхийн талаас судлах нь” хэмээх эрдмийн сэдэв тархинд орж ирлээ гэж хошигноод ч авсан. Ачих, бусгах, гуд татах, гуядах, давхар хамар, дугтрах, дунгуйлдах, дүүгүүрдэх, дэгээдэх, мордох, мушгих, орох, өмсөх, салтаадах, суйлах, тавхайдах, тонгорох, хавирах, хавсрах, хайчлах, хөмрөх, хутгах, этэх гээд л  хазахаас бусдыг хийсэн бололтой үзэгдсэн. Дан, давхар, угсраагаар хийнэ. Монгол бөхийн 666 мэх байдаг гэдэг. Бүгдийг нь хийчихсэн ч юм бил үү.
Анд маань намайг тэр яриа маягаараа өмнөтгөл бичнэ гэж санасан ч байж болох юм. Би ч тэгдэг юм билүү хэмээн бодсоноо нэгдүгээрт, алиа хошин маягтай болчих гээд, хоёрдугаарт барилдааныг нь судлуулчих гээд, гуравдугаарт тэрбээр ерөөсөө тийм ийм мэх хийнэ, хэрэглэнэ гэж явдаггүй, байгаагаараа л байдаг нэгэн тул больсон билээ.
    Ягаарсан тэнгэр газар уснаа сөгдөж, бүл дэрсний сүүдрийг үнсэх цаг
    Ялагч нуурын мандал хөмсөг зангидан эргээ ширтэх гунилтай
    Явдал холын хүн ч тэр дунд завилан нэвтэрвээс
    Яруу нэгэн шүлэгс болж хожмын лаатай уншигдах магад

гэсэн уужим хэмнэл энэ номны нэртэй шүлэгт буй. Өвсөнд шургасан гал шиг уул асааж амьдардаг, миний гунихаар эх орон инээ гэж хүсдэг, гүний усыг миний тэнгэр гэдэг, дээрэмчин хүртэл уйлдгийн төлөө гүн тайтгарлыг олдог, ардын дуу минь эрүүл үлдэх юм чинь аягалаад бай над хар усаан гэж лүндэн буулгадаг, ингэж бүх тамыг дуусгаад инээж суух хүн бол би юм гэж хэлдэг, он жилүүдийн уртад суниах мэт хүрч, олон хаврын нэгэнд нь мөнх насыг олох-уужим сэтгэл онцгой. Амьдралыг сайн сайхан болгохыг хүсвэл түүнийг өгөхөд бэлэн бай гэх Толстойн үг санаанд орно. Тэр амьдралаа өгч ирсээн. Гёте амьдралд итгэ, номноос илүү сургана гэсэн нь бодогдоно. Тэр итгэж ирсээн.
    Уншигдан гэрэлтэх шүлэг сондрынхоо
нас хэврэггүйг хүсэх нь
    Усны шувуудын өд сөдөөр арчуулсан
сэтгэл болох
ыг үзсээр ирсээн.
 
МЗЭ-ийн шагналт зохиолч, Боржигон овогт Ч.Мөнхбаяр
ММХI.XI.VIII

Яруу найрагч Т.Баянсангийн
“Хожмын лаатай уншигдах ном”-ын өмнөтгөл.

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

Энэ бол хүний амьдрал
Эцэстээ бүгд үнэгүй хямдрал

гоё райм юм биш үү

Я.Баяраа said...

goyo l doo.

Post a Comment