УЛИРАЛ БА ХҮМҮҮН




Тэнгэрийн рашаан гэлтэй бороон дуслууд ертөнцийн хирийг арилган оджээ
Тэргүүлшгүйн чинадаас ариусган ариусгасаар саруул оюуны лянхуаг дэлгэрүүлжээ
Нүцгэн бүсгүйн галбир шиг бөмбөрцөгийн налууг даган урсчээ, ариухан усан
Нүглийн  цөөрмийн  бөглөөсийг мулталж газрын гүн рүү усыг нь шавхжээ
Арилсан орчлонгийн өнгөнд болор жүнз үл ялгарах өглөөний тунгалаг мандлаа
Амирласан бурхадын үүсгэмэл цэцэрлэгээс нойрссон болжмор сэрэн  дуугарах сонсогдлоо
Намрын жимс шиг амтлаг анхилуун үнэр цэнхэр агаарт ууслаа
Нарны бурхан Осэржамаагийн тарни номын чанарын огторгуйд дуурслаа
Алтлаг чимээ, бүдэгхэн туяа  сүүмэлзэн тасарч судрын хуудас нууцыг хадгалжээ
Асарлаг орчлонгийн өнгөний зохицолд дээврийн цаана орших ногоон толгод мансуурчээ
Баясгалан цэнгэлийн орноо төгс амгалан нэгнийг шүтэн  гоо бүсгүй алдарчээ
Бахдам яруу, магтан бишрүүлэгч ертөнцийн явдал улирчээ
Сайн учрал цог жавхланг хайрлагч номын барилдлага улам, улмаар арвидлаа
Сансрын  үзэгдэл эцэс үгүй  зовлонгийн мөрөөс ангижруулагчийг тэр оллоо
Үзсэн  бүхэн янагшин дурлах ариун үзэсгэлэнг олсон хувь төгс охин чи ирлээ
Үнэн сайхан тунамал эрдэнэ мэт сэтгэлийг судлахаар алсын уулс руу би явлаа







 
Яруу найрагч Т.Содномнамжил багш О.Дашбалбарын хамт

0 Сэтгэгдэл:

Post a Comment