...Би говьд намрын тэнгэр дор төрсөн юм.




* * *
Би говьд намар оройн тэнгэр дор төрсөн.
Бидний үеийнхэн ажин түжин, амгалан цайлганы үр сад юм
Царцаан дуу царгисан хээр тал,
Цагаан чулуутай толгодын өмнө би дандаа өршөөл эрдэг.
Ангасан газар дэндүү харам борооны дусал бүр нь
Цангасан амьтны нүдэнд гялалзах шаналал бүхэн нь
Цагаан цагаан дэрс, атга ногоон таана нь
Цаг бүр, агшин бүрд л биед минь нэвчээд байдаг юм.
Хуурай боргио цөмлөсөн тэмээний мөр
Хугар туссан тойром, хайрга дайрган дээгүүр нь
Гүйж явахдаа, аав ээж тэнгэрт одож
Хүний нутагт би он удаан суух юм гэж мэдээгүй.
Өдөр шөнийн урсгал, цаг төрийн хувьсал
Өнөөдөр юу тоогдож, юу хуучирсны гайхшрал дунд
Ердөө ялихгүй мэт, гэвч нэг жин гурил авах, байрны хөлсөнд хэдийг төлөх
Яриа ч бас яах аргагүй чухалд тоологдон цаг үрэхийн дунд,
Эхнэртэй шөргөөлцөх... орцонд дүүрсэн нохой... хотын даргын захирамж
Элдэв даатгал, цагдаа, хадам гэхийн завсарт
Эр хүн миний дотор үргэлж
Эх нутаг минь санагдаж чинэрсээр явдаг юм.
Ийм л явна... Гэхдээ уучлах юм бас байж мэднэ.
Элдэв шүү дээ, амьдрал... муу сайн нь тэнцүү.
Энэ муу сайныг тэнцүүлж, бодол ухааныг тогтоож
Өдий зэрэгтэй яваагийн шувуу нуруу нь өнөөх л шимшрэл!
Үүнийг хэн мэдэх, хэн мэдэхгүй нь надад гол бус,
Өрөөлөөс би асуудаггүй.
Гагцхүү над шиг, амттай мөртлөө гашуун эгшиглэнд нэвчсэн хүн
Газар дээр ховор гэж бодох тусмаа жаргалтай, бас гунигтай байдаг.

...Ингэний нүдэнд нулимс гялалзах нь
Үдшийн цаг юм... ижийн дуу сонсогдоно.
"Ингээ хорио миний хүү!"
Ингэж би гучин жилийн тэртээ очно.
Ингэж нэг түм удаа гүйжээ.
Ингээ хорихгүй бол ижийгээ харахаа больчихно.
Ингэж бумын аравны нэг удаа яаж ийгээд
Эхнэрийн гараас мултарч зэлэн дээрээ иржээ...
Од хэлхсэн мэт тэр нулимсыг
Одоо ч би гайхан харсаар байдаг юм.
Их ч үгүй, бага ч үгүй түм од хацрыг нь дагаж урссан
Эх тэмээний амьсгаа сэвэлзсээр байдаг юм.

...Бид ер дотроо уйлдаг эсэхээ мэддэг бил үү?
Би говьд намрын тэнгэр дор төрсөн юм.

1994



Яруу найрагч Ц.ТӨРТАЙВАН
"ШҮҮРС" ном.
136-137 дугаар тал.



2 Сэтгэгдэл:

Navi said...

Монгол нутаг, хөдөөгийн үзэсгэлэн энгийн амьдрал дахь дахин давтагдашгүй тэрхэн торгон мөчүүд л явж явж давтагдашгүй мөртүүд болж үлдэх юм. Харьд ирсэн цагаас эхлээд бодоход нутгаа санасан үеүүдээс бусад үед мөртүүд аман дотор орж ирсэн нь ховорхон юм даа.

Я.Баяраа said...

Unen gedeg ni unen bolhoor unen biz ee.

Post a Comment