... “Мөнгөн үе”-хний ар шилэн дээр “гараа зангидаас”-тай л байгаа.


      Начингийнхаа хоёр сар гаруйн өмнө  хэвлэлд өгсөн ярилцлагыг өнөөдөр цахим ертөнцөөс олж уншаад хэдэнтээ түсхийн инээд алдсаны эцэст блогтоо оруулъя гэж шийдлээ.
          Яахав залуу байна, зоригтой байна, зориг нь мохох байтугай улам ирлэгдэж байна. Энэ бол нандин чанар гэж би санадаг юм. Энэ нандин чанараа хөөрөгдөж шатаагаад дуусгачихалгүй ган хат тэгширсэн гаргацтай сайхан номууд төрүүлэх болтугай гэж хүснэм.
          Эх орноо тойрон аялаж яваа дүү минь эрхбиш  олз омог дүүрэн ирнэ биз ээ. Тэр үед амьдралын шинэ шинэ эхлэлүүдийн тухай ам нээх цаг нь ирсэн байнам. 





С.Начин:  
Өнөө үеийн утга зохиолоо бичиж туурвиж, өнгө оруулан зүлгүүрдэж явна


Орчин үеийн уран зохиолын нэгээхэн хэсэг, шинэ өнгө төрх болж байгаа олон залуус бий. Бусдаасаа өвөрмөц атлаа туйлын уран яруу бичдэг “Нэн шинэ” урсгалыг төлөвшүүлэх гэж яваа “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн “Хайрын цагаан уул” наадмын 
тэргүүн байрын шагналт С. Начинтай  ярилцлаа.

-Танай үеийнхэн өөрсдийгөө  “Нэн шинэ үе” -ийн найрагчид гэж  зарлан гарч ирсэн.  Өөрийн тань бодлоор  “шинэ үе” -ийн яруу найраг гэж юуг хэлээд байна вэ?
-Монголын уран зохиолд маш олон сайн зохиолч байсан. Тэдгээр хүний араас гарч ирж байгаа шинэ үеийн яруу найрагчид маань хуучин жимийг өөрсдийн үзэл санаан дээр тулгуурлаж илүү бодит яруу найргаар хулдах гэж яваа хүмүүс. Бид орчин үеийн амьдралыг өөрсдийн өвөрмөц арга барилаар бүтээл туурвилдаа тусгаж байгааг л “Нэн шинэ үе” -ийнхэн гэж хэлээд байна гэж болно. Энэ шинэ гэгдэж байгаа уран бүтээлчдээс “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”, “Алиус” зэрэг бүлгэмийн залуусын бүтээлд дуртай. Тэд  гарцаагүй өнөө үеийн утга зохиолыг бичиж туурвиж, өнгө оруулан зүлгүүрдэж яваа юм.

-Анх хэзээнээс шүлэг зохиол оролдох болов?
-Есдүгээр ангид байхад манай ангид дайны сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж би түрүүлсэн юм. Тэр цаг үеэс л шүлэг зохиол оролдох болсон. 

-Манайхан үе үеийн найрагчдаа алтан үе,  мөнгөн үе гэж хуваадаг. Таны  хувьд  аль үеийнхний зохиолыг шимтэн уншдаг вэ?
-Цаг хугацаа улиран одож, байгаль дэлхийн юмс өөрийн гэсэн агуулгаа эвдэж хувьсдаг нь хорвоогийн мөн чанар. Гэхдээ би хүмүүсийн яриад байдаг алтан, мөнгөн гэсэн Монголын утга зохиолын нэршлийг  ойлгодоггүй юм. Тэр үед амьдарч байсан зохиолчид нь өөрсдөө алтан юм уу мөнгөн үү бүү мэд. Зохиол нь  ямар ч байсан, байгаа учраас энэ нэршил надад огт таалагддаггүй. Би өөрийнхөөрөө л утга зохиолыг ойлгодог.

-Өөрийнхөө тэрхүү ойлголтоос бидэнтэй хуваалцвал ? 
-Уран зохиолыг зөн совингийн, уламжлалын, мэдрэмжийн, оюун санааны гэсэн дөрвөн бүлэгт хуваахыг хүсдэг. Үе үеийн уран бүтээлч өөрийн өөрийнхөөрөө бүтээл туурвилаа бичсэн байдаг. Жишээлбэл О.Дашбалбар, М. Цэдэндорж, Н. Нямдорж нар бол оюун санааны яруу найргийн төлөөлөгч, Б. Явуухулан, М. Ширчинсүрэн, Д. Нацагдорж нар бол уламжлалт яруу найргийн  яах аргагүй  гол төлөөлөгч. Л. Өлзийтөгс, Б. Галсансүх, А. Эрдэнэ-Очир, М. Уянсүх нар бол агуу мэдрэмжийн найрагчид. Энэ мэтээр өөрийн бодол өөртөө зөв гээд суудаг хүн дээ.

-Танай үеийнхний яриад байгаа “ Нэн шинэ үе” -ийн яруу найргийг судлаач, шүүмжлэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүссэн хүсээгүй нэг бүхэл бүтэн “шинэ арми” Монголын утга зохиолд өөрсдийн гэсэн дуу хоолойг тунхаглаад эхэлсэн. Үүнийг уран зохиолын хүрээнээс гадуур байгаа уншигчдын сэтгэхүй хүртэл бэлхнээ харуулж байгаа. Гэвч утга зохиолд шүүмж судлаачид үеийн үед цөөн байсаар ирсэн. Энэ л бидний үеийнхнийг тод томруун гаргаж өгөхөд саад болж байгаа зүйл. Гэвч утга зохиол өмнөх үеэ давж, үгүйсгэж байж гарж ирдгийн адилаар бид тэдэнд зориулсан үгүйсгэлээ хийх гээд бэлдээд бас бичээд л байна. Олимпын аварга болох гэж хичнээн жил зүтгэж байж алдрын тавцан дээр баярын нулимстай зогсдог билээ. Манай үеийнхэн одоохондоо Монголын утга зохиолын тэр нэрлээд байгаа “Мөнгөн үе”-хний ар шилэн дээр “гараа зангидаас”-тай л байгаа. 

-Шинэ үнэр бүлгэмийнхээ талаар жаахан яриач?
-Шинэ-Үнэр гэдэг бүлэг байгуулагдаад гурван жил боллоо. Зургаан залуу хоёр эмэгтэйтэй. Тус тусдаа өөр өөрийн гэсэн уран бүтээлийн анхны номоо гаргасан. Утга зохиол яруу найргийг харах өөрийн өөрийн үндэслэл нь хэдийнэ төлөвшсөн 1990-ээд оны Хүрээ хөвгүүд бүлгэмийн залгамж халаа гэдэг утгаараа уламжлалт аман бичгийн зохиолоос татгалзаж, хотожсон мэдрэмжийн, зөн совингийн, оюун санааны яруу найргийг бүтээхээр хичээж буй залуус. Байгуулагдсан цагаасаа хойш өдгөөг хүртэл Их сургуулийн хэмжээнд зохиогдсон бүхий л наадмын тэргүүн байрыг эзэлсэн байна. Сүүлд “Монголын үндэсний олон нийтийн телевиз” –ээр гарсан “Шинэ цаг” яруу найргийн нэвтрүүлэгт оролцож багаараа түрүүлсэн. Бид ирэх намраас өөрсдийн хамтын бүтээлийг гаргахаар эхээ бэлтгээд хэвлэлтэд өгчихсөн. 

-Танай бүлгэм шүлэг бичээд л яваад байх уу? Өөр ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө бий юу?
- Өөр асар олон зүйл хийх гээд төлөвлөчихсөн. Эхний ээлжинд өгүүллэгийн антологи гаргана гэж бодож байгаа. Монголын утга зохиолд олон шинэ соргог зүйлс бүхнийг хийнээ гээд хэлэх амархан ч хийх хэцүү гэдэг болохоор, одоохондоо хийх зүйлээ дэлгэрэнгүй яриад яахав. 

-Энэ жил “Болор цом” наадамд оролцсон гэж сонссон?
-Энэ  наадамд миний хувьд хоёр жил дараалан шүлгээ өгч байж сая л нэг юм тэнцэж, Архангай аймагт очиж оролцсон. Анх удаа хөдөө орон нутагт тэр тусмаа Арын сайхан хангай нутагт зохиогдсон “Болор цом” -д тэнцсэндээ их бэлгэшээсэн. Архангай миний ээжийн мөн өвөөгийн минь нутаг. Булган уулын өвөрт болсон тэр яруу найргийн наадмаас олон сайхан зүйлсийг мэдэрч өнөө цагийн шилдэг яруу найрагчидтай өрсөлдсөндөө баяртай байгаа.

Д.Лхагваа 


Assa.mn-ээс аванхайлав.

7 Сэтгэгдэл:

shuvuu said...

Энэ дүүтэй чинь саяхан санаандгүй танилцсан шд...

Я.Баяраа said...

murungiin yavdaliig yavuugaas sonssoon

Anonymous said...

Ай хөөрхий дөө, мөн ч гэнэн байна даа

Я.Баяраа said...

Гэнэн гэдэг гэгээрхийн шинж
Гэтэл сэтгэл нүгэлд уяатай.

НҮГЭЛД УЯАТАЙ СЭТГЭЛ НҮХНЭЭС ХАРАНХУЙ.

С.Начин said...

bitgii xuts genen gsn bizdaa mine neree bichijheed xuts za yu

Я.Баяраа said...

Bolij uz Nachaan chi.

Anonymous said...

болиж үз. яруу найргийг битгий гутаа,

Post a Comment