АМИРЫГ ХАЛАХ


     

Сэтгэл түдээд байсгэмэгц сочин адгах бөлгөө.
      Голын харанхуй эрэг... хүний зүс... уйтуу ай... цувих нулимс... инээлцэх... ангижран одох... дуулах... хурьцах... үхэх мэт болох... хорлохыг хүсэх... атаа цуглах бүхэн бүрнээ нэгдээд... агшнаа сарнижээ.
    Ёсломогц эс болсон үйл, болсон үйл, хүндэтгэвэл зохих бүхнийг үл ялгаад нүүр мэндүүрнэм. Би, тэнгэрт мэхийв үү, яав!! Түүний асуулгад үл өчнө... Сэтгэл бахав.
      Юун хэмээхүл бие маань үл ялгагч, илт танигчийн алинийг ч эс эзэмшивэй. Эзэмшсэн ахул тархи магу, үл төөрөлдөх хатууч сэтгэл бөхжөөд гаслангуйн үр хашгиран түгэх амой. Үүнээс завсарлаж амжвай.
      Нүдээ нээх... шувуу унах... Уянгоо хөөрхөн үглэх... аав унтах... шүлэг.., хатсан агчны навч урагдсан даавуу мэт.., гөлөг хөл долоох.., чи уйлах.., шороо.., зүрх.., зөөврийн тэрэг Улиасны хэвээс тоосрох.., сэтгэл төрөх.., алга одох.., гамших.., их цадах.., Байсгэмэгц сочин адганам.
    Бусдыг үл оршоох хариг бодол төрөөд энэ хөрзгөр дэлхийд ганцаар үлдээсэй гэнэм. Үргэлжид зохиолч мэтээр зовохуйн үйлд зүрхшин дөтлөөд сайтар эчиж үл барамуй.
      Сэмээр ойртвоос цаггүйн хүйд атгагдмуй. Амирыг, гарсанг халах цаг тэнд амой. Сэмээр хөл зөөсөөр зохиолч заяанд хугас хүрэлцэхүй хүс хүс инээлцэж турь биеийг минь их мэдэгчид хөлслөн тохуурхав, шоодов.
      Өвс ганханам. Аливыг үл бодомуй. Хүмүүс хөлхнөм. Тэд сайн амир тул нэгэн зөргийг ихэд хүсэн бие дураар алмайтан сажилмуй. Үхэр лүгээ адилшаам.
Ухаан баймуй, гарсангүй.., уул өөд цох өгсөх... ус цалгиан сарны араас Тан улсын өвгөн хятад унах... Ли Бай... хөлс хусах... санаа төрөх... хүнд цохио... үүрэн одох... үнсэхэд бүсгүй налах... Байсгэмэгц сочин адганам.
   Одоо л уулаа бодож эхлэвэй. Тэрбээр юуны тул зүү ч шигэх завсаргүй үргэлж нягт дүнсийнэм. Учрыг эрэн цөхөн үзгээ авмуй. Мөнөөхөн уулын хярхаггүй, харанхуйтах гүн рүү би зүгшив.  Үүргэвчээ засав. Үл амирсана...
      ХанХөхий... ангижран одох... алга одох... үүрэн одох үзвээс илтэд батдамой...

Г.Бадамсамбуу



“ЗҮС БҮГЭГ АНДУУД” /1991/ номын
14 дүгээр талд буй.




0 Сэтгэгдэл:

Post a Comment