Ж.ОСОРЖИН ахынхаа гэгээн дурсгалд




Анхны цастай хамт
Амьдралаас та явчихлаа
Агаар мандалаас ангижирч буй
Сүнсний дууг сонсмуу

Зовлонд ханасан ертөнцийн 
Зовхин дээр зогсоод
Зоргоор эрийн дууг
Таньтай хоршин дуулмуу

Цахилан цахилсаар анхны бороо
Цайдмыг цэцэглүүлж, цамц норгож ирнэ
Цагаа түлхсээр би урьдынхаараа
Цайлган үгийг тань мартаж амьдарна

Амьдрал гэдэг мартаж чадсан
Аньсгаа ширгэтэл уйлж чадсан
Аргадан бас дуулж чадсан
Аугаа ялагчийн ялагдал билээ. 


2012.10.12
Баатар хот.

11 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Эвий, өөд болчихоо юу... Ум Ма Ни Бад Мэ Хум...

Я.Баяраа said...

Ï.Áàòõóÿã:

Баяртай...
Миний л мэдэхийн хөдөөх байдалтай, хөвөнтэй дээлтэй, эвгүй зузаан нүдний шил зүүүсэн эр хар хүн энд тэндхийн яруу найргийн наадам дээр явж байх. Түүнийг Ж.Осоржин ах гэж их багагүй хүндлэх билээ. Залуу халуун цагтаа Германд боловсрол эзэмшиж явсан гэх бөгөөд зарим хүн өвчний улмаас сургуулиа төгсөж чадаагүй ирсэн гэх боловч нутгийхан нь "Наад Осоржин чинь Германд багштайгаа ам зөрөөд өөдөөс нь "хайль Хитлер" гэж хашгираад хөөгдөөд ирсэн" гэхийг би хэд хэдэн удаа чих тавин сонсож байлаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Д. Цэнджав, Г.Бадам нарын яруу найргийн" тэнгэртэй" хүмүүс төрж тэдний тоосонд өнөөх хөдөөх эр, яруу найргийн ном сугавчлаад алхаж явдаг байлаа. Түүний хувьд яруу найраг байнга дагуулж явдаг байсан төрсөн охиноос нь ч эрхэм зүйл байсан санагддаг юм. Нэгэн шавийг минь Увст нутагтаа байхад бүтэн зунжин утасдаж байж саяхан шинэхэн гаргасан номын гардаж аваад хүүхэд шиг баярлан одсон гэх. Монгол хэлт яруу найргийн хамгийн үнэнч сүүлчийн Фанатын амьдралд яруу найргаас илүү үнэ цэнэтэй зүйл байгаагүй бололтой.
Ингээд л бидний яруу найрагт, бидэнд хамгаас хайртай Осоржин гэдэг хүн орон зайгаа онгойлгоод л орчлонгоос оджээ.
Лав өдийд ЯРУУ НАЙРГИЙН ДИВААЖИНД ИХ ГАЗРЫН ЧУЛУУНЫХАА ЭЛГЭН ХАД ШИГ ЦАРАЙГАА ГАРГААД ИНЭЭМСЭГЛЭЖ ЗОГСОО.

- said...

Оддын дор нүдээ анина босхуй
Орьхомж нь үүл мэтэд хийснэм зэ

Я.Баяраа said...
This comment has been removed by the author.
Я.Баяраа said...

Д.Ганчимэг:

Дотно сайхан нөхөд нэг нэгээр буцсаар. Хамгийн сүүлд уулзахдаа орин эхнэр хоёртойгоо ажил дээр ирээд буцсан билээ.Ахиж уулзаж ч магад, үгүй ч магад гэсэн сэн. Ингэний хоормог зөөж хавангаа буулга гэх халуун дотно сэтгэлээр хандах сэтгэлийн нөхөр минь нэгээр дутав.Бурханы оронд төрөөрэй

Я.Баяраа said...

Г.Баяр:

хайран сайхан ах минь явчихлаа гэж үү? хөөрхий минь мундаг хүн байсан шүү өнгөрсөн өвлөөс л бие нь муудаж эхэлсэн юм өөр сайн эм баридаг хүн байсан юм мөнгөн цом дээр уулзсан минь хамгийн сүүлийн уулзалт байж дээ Бурхны оронд төрөх болтугай!

Я.Баяраа said...

Б.Хүрэлтогоо:


...Бид хоёр биечлэн уулзаж байсангүй. Нэг өдөр утас дуугарлаа. Авбал: "Дунд говиос ярьж байнаа. Осоржин байна. Улаанбаатар хот орж танай хүргэн яруу найрагч Ц.Цэнд-Аюушийнд хэд хоноод, сая онгоцоор ирээд байж байна. Бадамийн хоёр номыг чамд өгөөрэй гээдГанаа, Цэнд-Аюуш хоёрд орхисон...гэх хэзээний таньдаг юм шиг илэн далангүй яриа дэлгэгдэв... - Одоогоос гурван жилийн өмнө дөө... Би, Монголын Родиогоор орж, яруу найрагч М.Баттөмөртэй ярьж суулаа. Гэтэл родиогийн Х.Болороо:-"Хүүе Хүрлээ ах аа. Дунд говийн Гочоогийн Бадам гэдэг хүн: "Яруу найрагч Банзайн Хүрэлтогоог таних уу? номыг нь олж өгөөч.Дэлгүүрт байхгүй юм. Би нэг хот орохоороо ажил дээр чинь очоод авья" гэлээ... Би "танина". Миний ах гэсэн" гэв. Тэгээд би"Редакторлаагүй шүлэг...", "Үл осолдохын хязгаар луу..." хоёр номоо Болороод өгсөн юм.Гэтэл Бадам найрагч хот орж ирж амжсангүй юу яав, уг номуудыг Болороо хоёр жил хадгалжээ... Тэгээд Радио дээр Осоржинг орж ирхээр нь "Бадам гуайн захисан ном."гээд өгсөн юм байна.Түүнийг авсанаа... Мөн тэр хоёр номыг өөрөө аль дээр "Интер" номоос худалдан авч, яруу найрагч Бадамд өгсөнөө ярив.Энэ бүхэн надад сайхан байлаа...Одоо ингээд бодоход тэр өөрөө яруу найраг байсан шиг... Яруу сайхныг яруу найрагчдад дамжуулж явсан долгион ч юм шиг санагдав. Жинжэнэ яруу найргийн жим ийм санамсаргүй агаад энгийн байдаг юм байна даа... гэх санааг дахиад л надад бататгав. Бид хэнийг! Юуг! хайрлах ёстой юм бэ? найрагчид аа..."Тэнгэрийн элчүүд энгийн байдаг юм аа" гэх барааг нь хараагүй түүний дуу сэтгэлд хаднам... Тэнгэрийн орондоо та, салхи мэт чөлөөтэй, энгүүн, тэнүүн явах болтугай...Таныг хүндэтгэн дурссан Яруу найрагч Банзайн Хүрэлтогоо

Я.Баяраа said...

М.Наранболд:

Талийгаач саяхан "Дүү нартаа намрын айраг уулгах гээд л" гэчихсэн нэлээд олон 5 литрийн усны саванд хийсэн айрагтай ирсэн юм. Тэгээд намайг гэртээ дуудаж очуулаад нэг савтай айраг өгөхдөө "За чи ажлынхандаа аль болох олон хүнд амсуулаарай. Ах нь бие нэг л базаахгүй байна. Уг нь энэ муу зового гайгүй байвал таананы айраг дахиад авчирч өгнө өө. Харин чи шүлэг орчуулаад өгчихөөр Пранц хэлтэй хүн ол. До.Цэнджавтай холбоо барь, Мөн Лхавгасүрэн жанжины тухай номоос 2-ыг олоод өгөөрэй. Манай тэнд надтай ижил хэдэн хүн бий" гэх мэт их олон юм захисан. Тэр ч бүү хэл биеэ сайжирхаар гөрөөнд явна. Гандангийн тэнд ангйин дэлгүүр байдаг гэнэ. Чи ороод сум явуулахыг бодоорой гэж байсан. Тэр үед өөрөө их олон юм хүсч байгаа ч бие нь маш муу харагдсан. Тэгээд би эхнэртэй нь хамт гурвуулаа ХСҮТ-д очиж үзүүлсэн юм. Гэтэл үзсэн эмч нь талийгаачийг гаргаж байгаад бид хоёрт "Одоо бол ямар ч эмчилгээгүй болсон байна. Зөвхөн өвчин намдаах л эм тариа хэрэгтэй" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр "Нөхөн сэргээх эмчилгээ, уураг энэ тэр хийж болохгүй гэж үү" гэж асуутал "Уураг хийх шаардлагагүй. Байх ёстой хэмжээндээ байна" гэсэн юм. Уг нь талийгаач өөрөө л "Нэг л уураг хийлгэчихмээр байна" гээд байсан л даа. Харин тэр уураг гэдэг нь 100 грамм нь 180 мянга гэсэн байх. Одоо бодоход эмч "Үнэтэй тариа учраас бид хийлгэе гэсэн хүн бүрт хийж өгөөд байдаггүй. Харин зарим хүн гаднаас авчирч хийлгэдэг л юм" гээд байсан нь талийгаачид уг нь хийх шаардлагатай л байсан юм биш байгаа даа. Тэр үед нь яаж ийгээд уураг хийлгэчихсэн бол бас яах ч байсан юм билээ. Ингээд бид гурав шал дэмий эмнэлэг орчихоод эргэж ирсэн. Өөрөө ч эмнэлэг тоохгүй байна гэж дотроо их л гомдох шиг харагдсан. Гэхдээ л нүд нь гялалзаад "Анд явна аа" гээд л байсан. Харин Дундговь буцахдаа намайг айрганы савнууд цуглуулаад хүүхдэд өгөөрэй гэж хэлснийг нь би завтай завгүй хоёрын хооронд явсаар биелүүлж чадсангүй. Одоо миний чихнээ "Ах нь чанартай ганц ном бүтээчихээд л дахиж юм бичихгүй. Нэг ном л боомоор байна" гэж хэлсэн нь тодоос тод сонсогдож байна. Ямар хувь тохиолоор бидний хэлдгээр "Дундговийн дуран бүсэлсэн тоодон дээлт" гэх хүнтэй дотноссон юм бол доо. Сүүдэрт мэдээ сонссон цагаас л өнөө хэр бороо, эсвэл цас орох гэж байгаа бүрхэг тэнгэр мэт дотор харанхуйлаад байх юм. Талийгаачийг маргааш нутаглуулах болсон байна. Өнөө өглөө Ванъя. Нэргүй ах явж, би суулгаж өгөөд дөнгөж сая орж ирлээ...

...Ум ма ни бад ми хум. Ер бусын хүн учраас тэнгэрийн оронд залрах нь дамжиггүй шүү дээ андууд минь. Харин нэг номыг нь эмхтгэх тухай л ярилцмаар байна.

Я.Баяраа said...

Б.Болормаа:

Сайхан ах минь бурханы орон төрөөрэй...
Миний гарын алганаас ч том навчис хацар алгадан яг л бороо шиг шаагин унасаар. Урьд нь би навч ийм ширүүн унадгийг мэдээгүй байсан уу, эсвэл өнөөдөр өглөөний жиндүүхэн салхинд тэр навчис бээрсэндээ бөөн бөөнөөрөө унасан уу.
Унаж байгаа навчисын дор уйлаад л, нулимсаа арчаад л алхаад байлаа.
Үнэндээ дан савхин хүрэмтэйдээ салхинд жиндэж даарсангүй. Өглөө босоод зүрх шимшрүүлж, сэтгэл хоосруулсан тэр гунигт зурвасыг хүлээн авсандаа хаммгийн их даарч явлаа.
2009 онд би гуравдугаар курсын оюутан байхдаа “Цог” сэтгүүл дээр дадлага хийлээ. Үнэндээ бол улиралд нэг гардаг сэтгүүлийн дадлага гэж юу байхав, юм шивнэ, эсвэл зума тоглонгоо ах эгч нарын ам чагнана, үе үе архи кофе хоёрт гүйсээр тэндхийн дэлгүүрийн худалдагч бүүр таньдаг болчихсон ямар сайндаа “Хүүхээд чи их уух юм аа тээ“гэж байхав дээ. Цэнд-Аюуш гэж нэг том амьтан адилхан нэг ангийнх байж бас энийг ингэ, тэрийг тэг гэж “даргална”. Цэнд-Аюуш, Л.Хасар ах, Л.Ганзул ах гурав тэр үед “Цог” сэтгүүлд ажилладаг байсан юм.
Нэг өдөр гаднаас үстэй дээлтэй, нэг ташаандаа дурангаа, нөгөө ташаандаа ширэн цүнх үүрсэн хурган малгайтай хүн орж ирлээ. Ах нь Дундговиос ирсэн хөдөөний хүн, мөд буцна гээд цэцэн цэлмэг тод хурц яриагаарай ам ангайтал “булж” байгаад “хүүе тэр ноднингийн “Болор цом”-д шүлэг уншдаг Бандийн Болормаа чинь Увсыынх бил үү, “...Намайг явсны маргааш, намар болчихож гэнэлээ, би зун байж” гээд гүй мөн айхтар мэдрэмжтэй хэлсэн шүү” гэж байна. Би ч яасан тэвчээргүй, тогтворгүй байсан юм.
Тээр тэнд байгаа компьюторынхоо цаанаас өндийж “биш, Баян-Өлгийнх” гэдэг байгаа.
Хасар ах , Зул ах хоёр инээдээ барьж ядан тонгойгоод хөхрөлдөж байна. Ингэж би Осоржин гэдэг тэр эгэл хэрнээ эгэл биш хүнтэй танилцсан юм. Тэгэхэд ах минь “энэ жил хөдөөнөөс Уранцэцэг, Саранчимэг гээд хоёр охин ирнэ, ай даа бас л мэдрэмжтэй шүү, тэр хоёрыг би чамд танилцуулж өгнө, чи л цаад хоёртоо ойрхон байгаарай” гэж захиж билээ.
Урнаа, Сараа хоёр ч оюутан болоод ирсэн, яруу найргийн наадамд шүлэг уншиж байхад нь очиж сонсон наадмын дараа танилцаж билээ.
Үе үе л Урнаагаар миний анхны номыг нэхүүлнэ.
Би гэдэг залхуу завгүй хоёрын дундах амьтан Зохиолчдын хороон дээрээс ганц номоо аваад явуулчихаж чадахгүй байсаар “би өөрөө олоод авчихсан, их үнэтэй хүн шүү та” гэсээр нэг өдөр уулзалдлаа. Урьд өдөр нь Аюуш надад “за чи Осоржин ахад алуулсаан, чамайг ална гэж байналээ, хулхи охиныг олохдоо л олж номыг нь авна гээд сураглаад явж байналээ, гоё хүн шүү тээ” гэж хэсэг “сүрдүүлээд” явсан.
Наашаа явахын өмнө гадаад явах гэж байгаагаа хэлтэл ах минь хүүгээ бас, Уранцэцгийгээ дагуулчихсан нэг буйдхан кафед ирж билээ. “Ах нь залуу байхдаа Германд сурахаар очиж байсан,, Хэй Гитлер гэж л мэндэлнэ шүү” гээд л ярина. Маш хурц гялалзсан нүдтэй хүн сэн.
Тэгээд аян замыг минь ерөөж билэгтэй сайхан үг бичин Гочоогийн Бадам гэдэг яруу найрагчын шижигнэсэн шүлэгтэй хоёр сайхан ном бэлэглэсэн юм.
Тэр хоёр ном л надад эх орон, элгэн нутгаа санахад харийн газар хань болсоор. ..Сайхан хүний өгсөн, сайн ном хүнд ямар их хань болдог юм бэ.
Нэг л өдөр бурхан ингээд, ингээд л буцаагаад авчих байсан юм бол яагаад “ах нь чамайг ирэхэд хэдэн шүлгээ хавтаслаад хүлээж байна” гэж итгэл дүүрэн хэлүүлдэг юм бэ.
Нээрээ л шүлгийн номоо гаргаад хүлээж байх юм шиг би утсаар ярихгүй хичнээн удсан юм бэ. Би өчигдөр яах гэж “зураг болно үлдэнэ би, зураг болно үлдэнэ бид...” гэж ёрын шүлэг бичсэн юм бол.

Үг хоолой дээр тээглээд үзэг сөхрөн уналаа.
Сайхан ах минь бурханы оронд төрөх болтугай. Ум ма ни бад ми хум
2012-10-12

Anonymous said...

Хаана ч явна хайрлахгүй байхын аргагүй хүмүүс байдаг аа…
утга зохиолын хүрээнд нутаг нутагын олон сайхан залуучууд , ах, эгч нартай танилцаж зарымыг дотроо хүндэлдэгч ахаа гэсээ илүү андаа гэх нь дотно санагдаад байдаг хэдэн сайхан залуус бий…. мөн үе тэнгийнхэн ч бий.. үүний дундаас дундговь аймгийн говь 8 тал шигээ уужуу тайван ухаан бодолтой аливаа юманд хүлээцтэй ханддаг цөөн нөхөдийн нэг сумъяабазар, Уранцэцэг гээд хэд хэдэн нөхөд маань нутгийнхаа номч хүмүүнийг магтан ярьж бас бус мэдлэгтэйг нь гайхан шагшиж хайрлан хүндэтгэх бөгөөд гэрт нь оронгуут л дүүрэн ном байдаг гээд л бахархан ярьдагсан … өвөөтэй минь адил хүн байна даа гэж бодол төрнө… бага байхад өвөөгийн гэрт дүүрэн ном хоёр төмрөн ор л байсан санагдадгиймаа … сумъаг дагаад говийг нэг үзнэдээ гэж энэ зунжингаал нэг ярда эмнэлэг энэ тэр эргүүлээд л амжсангүй ээ… харин Сумъа, Осоржин ах манай үеийнхэнийг бүгдийг нь таньдаг номонд хайртай 2 лаа нэг очноо гэж билээ… Хаана ч явахад хайрлахгүй байхын аргагүй өвөө шиг минь сайхан хүмүүс … Амгалан болох болтугай …
2012..10.16. Б.Жамбалдорж

Я.Баяраа said...

Ulziijargal Urantsetseg:

Таныхаа чин үнэн үгээр үүрд дутаж амьдарна...

Ж.Осоржин гэгээн дурсгалд зориулав.
........
Үүрд таныхаа шүлэг болном
Үүрдийн чин үнэн болном
Үр ач хүү охин болном
Үүрч давах хатан зориг болном хувь тавьлан болном
Уйлмаар гунигтай хар аадар үүл болном
Үүрээр шивэрсэн ариун бороо болном
Уул тал говь ус мөрөн болном
Уйт дурсамжаа мартан инээмсэглэл болном
Учирч ирсэн ерөөл бүхэн уучлал болном
Тэнгэр болном газар болном
Тэвчээр хайр болном
Тэртээх алсад үүлс шүлгийн мөр болон тэнгэрээр нэг хөвнөм
Үүрд явнам, үүрд амьдарнам, үүрд хагацнам
Үнсэхдээ шивнэсэн адислал болном
Зүүн уулын цас болном
Зүрхэнд барлагдсан номын хуудаснаа цаг хугацаа болоод цааш одном.Үүрд одном.
2012.10.12

Post a Comment