ЭЭДРЭЭНИЙ ЭЦЭСТ


           Энэ их ороолцолдоон ээдрээний эцэст ертөнц нэг зөв шугаманд орох юм шиг ямар гэнэнээр бодож яваа вэ? Гэтэл нас нэмэгдэх тусам улам улмаар “ээдэрдэг” гэдгийг одоо л ойлгож эхлээд байна. Тийм л ээдрээтэй өдөр хоногуудын дунд би гар утасныхаа жагсаалтаас “БИЛГЭЭ БАГШ” гэдэг нэр, дугаарыг устгалаа. Одоо түүнтэй утсаар холбогдож, амар мэндийн асуудаг, хааяахан ном соёлын газруудад тааралддаг учрал тохиолдлууд дууслаа. Өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүйн гунигаас илүү өнөөдөр би нисэн одсон хүмүүсийн нэрийг утасны дугаартай нь арилгавч өөр өдөр намайг нисэн одоход үлдэгсэд миний нэр, дугаарыг арилгах болно гэсэн сонин бодол толгойд эргэлдэнэ. 
Өмнө нь ийм нэг зохиол, эсвэл бодол эргэцүүлэл хаа нэгтээ уншиж байсан санагдахад л хамгийн түрүүнд Жагдалын Лхагва гэдэг нэр харван орж ирэх нь гайхмаар. Түүнээс өөр хэн ийм хачин мэдрэмжийг олж, тээж, төрүүлэх билээ гэж бат итгэлтэйгээр бодоход Монголын уран зохиолын орон зай улам бүр хоосроод, түүнийг дүүргэх чадалтан улам бүр хоргодсоор байгаа мэт санагдана. Чухамдаа ЖАГДАЛЫН ЛХАГВА гэдэг энэ дуу шиг, эсвэл шүлэг шиг нэр намайг тэр хүнтэй анх үг солилцуулсан билээ. Учир нь их л холоос харж явсан хүн маань ойртон ирж “Чи Жагдалын Лхагвааг их уншсан юм,аа” хэмээн шууд асууж билээ. Надад “тийм, ээ” гэхээс өөр үг олдоогүй юмсан. Удалгүй жаахан сэхээ авч “та яаж мэдээв” гэхэд минь их л нухацтайгаар “чиний үгүүллэгүүд төстэй юм” гэж билээ. Тэр үед энэ” төстэй” гэдэг үг надад “адилхан” гэж огт сонсогдоогүй юм. Харин ч “түүний үгүүллэгүүд шиг гайхамшигтай юм” мэтээр сонсогдсон санагдана. Баярлаж хөөрсөн сэтгэл минь багтаж ядахдаа “таны “Арван хөрөг”” шиг ном бичих юмсан” хэмээн зүрхлэн асуусан билээ. Харин энэ удаад тэр юу ч дуугаралгүй урд явсан хоёр хүнтэй зэрэгцээд элдвийг ярьсаар цааш одов. Гэвч надаас түүний үлдээсэн “баяр хөөр” салахгүй байлаа. 


Харин тэр хүн тийм ч олон хүнд “баяр хөөр” үлдээдэг нэгэн биш гэдгийг өмнө нь би мэддэг байв. Номын их багш минь нэг удаа” одоо та нар дотроос ясны сайн шүүмжлэгч нар төрөх ёстой. Бидний үед энэ Билигсайхан үнэхээр толгой хяргадаг байсан юм. Түүнийг тэрхэн үедээ “муу Билигсайхан” гэдэг байсан ч одоо санахад биднийг ямар ихээр хурцлаж байж вэ? гэж боддог юм” гэсэнсэн. Энэ л хэдэн үгүүлбэр магадгүй бусдын амнаас түүний тухай сонссон анхны үг байх. Хурцалдаг Билигсайхан, зариманд нь “баяр хөөр” үлдээдэг Билигсайхан. Хоёр өөр хүн ч юм шиг санагддаг байв. Хоёр өөр хүн мэт байсан ч байх. Тэгээд ч сайн дурын урлан оролдогч биш мэргэжлийн шүүмжлэгч хүний зам мөр үүнээс өөр ямар ч байх билээ.
           Шулуухан болоод хатуухан хэлэх нь эр зоригтны шинж гэлтэй. Магадгүй “ Ц.Доржготов, Д.Энхболд, До. Цэнджав, Г.Аюурзана, Д.Урианхай, Б.Золбаяр нарын мэргэжсэн зохиолчдоо хэн нэгэн Шүүдэрцэцэг, Ц.Мухар, Хон Хэрээд Энхбат нартай нэг зиндаанд ижилсүүлээд нэрлээд байх таарахгүй байх, аа. Энэ хооронд л өнөөгийн Монголын элит хүүрнэл зохиол, хээнцэр уран зохиол хоёрын том ялгаа оршиж байгаа юм. Аль аль нь байгаа, цаашид ч орших нь тодорхой авч алдарт “Нууц товчоон” –д хэлснээр “ Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд” байх хувь тавилантай. гэснийг нь уншаад түүний хэзээ ч гуйвч дайвж байгаагүй утга зохиолын байр суурийг ойлгож болно. Даанч бөгс нь цээжинд, хөл нь толгой дээрээ гарсан Монголын оюун санааны амьдралын эмгэнэл түүнийг хэрхэн ихээр зовоосоныг хэн хүнгүй мэдэх билээ. Тэгээд ч Монголын утга зохиолд байх ёстойчуул нь л байх газраа эзэлж байхыг тэр бусдаас арай л илүү хүсдэг байсан санагдана. Тэр л хүсэл бодлууд нь С.Эрдэний уран бүтээлийн тухай өгүүллүүд, онолын номныхоо хэсгээс алдсан “шог” шахуу явдлынхаа тухай бичсэн шүүмжүүдээс нь бүр чиг тодорхой харагдаж байдаг юм. 
           Шинээр болоод өөрөөр харах чадал хүн бүхэнд заяах нь үгүй. Тэр Монголын утга зохиолын түүхийг огт өөрөөр цоо шинээр хардаг байв. Бичиг буюу бяциг, “Бичиг”-“Бяциг” аас “Эрхи товчис” хүртэл, “Товчоолох нь арга” мөн үү, Шүтэх нууцлах заншил, “Эрхи товчис” роман хоёр” зэргээр Монгол утга зохиолын уг гарал, төрөл зүйл, бүтээх аргыг оношлон тодорхойлсон нь аргагүй л шинэ, өөр өнцөгөөс харсан байсныг хэлэх юун. Магадгүй “Алтан товчоон” гэдэг нэр алтан урагтай шууд холбоотой. “Алтан дэвтэрт” удмын судрыг нь бичиглэж эхэлснээр “алтан ураг” гэдэг нэр гарсан байж мэднэ. “Хөх дэвтэр”, “Хөх судар” гэх нэрнүүд ч учиртай бөгөөд Тэмүжин нь Төмөрчин гэсэн үгний хувилал гэж үзэх санал нэлээн үндэстэй мэт санагддаг. Тэгвэл “Хөх” гэсэн өнгө заасан үг төмөртэй холбоотой болж таарна.” гэсэн зүрх зоригтой таамаглалууд нь түүний зан байдлыг илэрхийлээд байх шиг санагддаг байлаа. Аливаад гүн мэргэшсэн хүн аливааг ямар өргөнөөр хардаг болохын жишээг олон бүтээлээс нь харж болно. Ганц нэгхэн уулзалтын үеэр түүний ярьсаныг эрхгүй эргэн саналаа. “Латин Америкийн зохиолчдыг нилээд тогтож уншлаа. Миний хүүрнэл зохиолыг харах өнцөг өөрчлөгдөв. Г.Аюурзаны “Цасны роман” тэр их цас, тэр чинь өнгөрсөн нийгмийн үзэл суртлын дарамт биш үү? /хожим энэ санааг өгүүлэлдээ оруулсан байв/ Одоо та нарын цаг ирсэн. Монгол яруу найраг их өөр болж байна. Дагвын Жаргалсайханы шинэ номыг харав уу? Миний шавь байгаа юм. Баримтат зохиол, нийтлэлийн зохиолууд, хэлний асуудал. Бидний араншин, халтар урлаг... энэ мэтээр цааш хөврүүлж болох ч тэр л хүний бодож эргэцүүлж, зовж шаналж, баярлаж хөөрч явсан “бөмбөрцгийн” ердөө өчүүхний өчүүхэн хэсэг гэж санахаар бие биенээ бүрэн танилгүй явсаар нэг л мэдэхэд нэр дугаарыг нь гунигтайгаар устгах болсон амьдрал цаг үеийн минь “эмгэнэл” юм даа? 
           Одоогийн бэрх цагт номыг унших нь үгүй. Уншивч ухаарах нь үгүй. Хөнгөн хээнцэрийг шүтэж, үнэнээс хүндээс зайлсхийх болсон нь юутай харамсалтай. Энэ л асуултанд тэр олон хувилбараар хариулт хайсан юм. “...уран зохиолыг оюуны хэрэглээний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болгон хувиргаж байна. ... олон нийтийн маягийн уран зохиолыг хэзээ, хаана, хэнд, юу хэрэгтэй байгааг хараад тэр дор нь үйлдвэрлэж эхэлдэг байна. ... “Бурхан байсан, одоо алга болсон” гэсэн маягийн аймшигт үзэл, далд түгшүүр хүн төрөлхтөнийг өөрөөр амьдрахыг цөхрөлтгүй “ятгах” болсноос ийм үед төрсөн уран бүтээлчид үүсээд байгаа бодит нөхцөл байдлаа “илэрхийлэгчид” болцгоосон нь ч тэдний буруу биш.” зэргээр ухвар шалтгааныг нь “ухаж” гаргахыг эрмэлзэж байсан юм. Тэр л залуу хүн мэт шинэчлэгч, эрмэлзэгч чанар нь “Ухаарахуй” хэмээх шинэ сэтгэлгээний номыг бүтээх “өдөөгч” үүсвэр чанар байсан биз, ээ. Бусдыг ч тэр чамгүй “өдөгч” байлаа. “Чингис хаан 13-р зууны үеийн яруу найрагч” /Билигт найрагч Тэмүжин Чингис хаан/ гэсэн өгүүлэл нь 1990-ээд оны эхэн үед зарим хүний уурыг барж байсан юм. Эдүгээ ч ялгаагүй нэгэн номлогч “Чингис хаан 1443 мэргэжилтэй байсан” гэж айлданалээ. Бодвол боловсролгүй мань мэтийгээ “өдөх” гэсэн арга байлгүй. Ер нь ухаатнууд өдөөгч байх нь олонтоо ажиглагдана, энэ амьдралд. Үнэндээ өнгөрсөнөө ухаж төнхөж өнөөдрийн “хоол” хийхийг боддоггүй, үргэлж урагшаа тэмүүлж, ирээдүйг харахыг хүсэх сэтгэл нь намайг тэр хүний талаар халуунаар санах сэтгэлийг цогцолоосон билээ. Зарим шиг тэр “алдар” санаж, нэгэнт өнгөрсөн түүх, хүмүүний хэрэг явдлыг “илчилж” эр зориг гаргахыг огтхон ч хүсдэггүй байсансан. Энэ цагт юу үнэ хүндтэй вэ? Ямар ч цагт өөрийнхөөрөө байх л үнэ хүндтэй билээ. 
           Магадгүй “ хүний мэдээгүй, анзаараагүй гоо сайхныг нээж өгдөг нь судлаачийн үнэ цэнэ юм. Мэдлэгтэй байхаас гадна мэдрэмжтэй байх нь тун чухал мэт.” гэсэн шавийнх нь үг түүний “голыг” олоод хэлсэн санагдана. Шүүмж бол өчүүхэн минийхээр ердөө л “нээхүй” мэт. Хэний ч анзаараагүй гоо сайхныг нээх хамгаас хэцүү, авьяас шаардана. Гэтэл тийм бодолгүй хүмүүс байдгийг тэр мэддэг байсан юм. Чухамхүү үйл хэрэг, үзэл зарчимтай “зөрчилдөх” бүхнээс айж ухарч яваагүй билээ. 
           Нэгэн удаа тэр молхи толхи монгол намайг “адармаатай хүн” гэж тодорхойлсон шиг нь энэ цаг ээдрээтэй, ээдрээний эцэст улам ээдрэх тул нэгэнт одсон түүний хойноос бичсэнээ ”ЭЭДРЭЭНИЙ ЭЦЭСТ” хэмээн энгийнээр нэрийдлээ. Ээдрээний эцэст ээдрэх хорвоо юм. 

ГЭВЧ БАЯР ГУНИГААС Ч АЛСАД ОДСОН ХҮМҮҮНИЙ ТУХАЙ БИД ЮУ МЭДНЭ.













Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг 
2012-11-15

2 Сэтгэгдэл:

Ц.Д said...

Bagshtai yariltsaj hevluulsen neg temdeglel mini bdg yumsan. teriigee neg gargaj taviy daa

Я.Баяраа said...

tegeerei.

Post a Comment