ЕРТӨНЦ АВГАЙН ЖАМ



ЕРТӨНЦ АВГАЙН ЖАМ


Ертөнц авгай чамдаа
Ерийн наадам наадсу.
Солио зант чамд минь
Сонин юм үгүй шив.
Нэрэлхдэг чамдаа
Нэгэн цол өргөе...

Ахсыг нэрэлхүүлсэн
Алиа зант ертөнц
Багачуудыг бачимдуулсан 
Балай зант ертөнц.

Үзсээр байтал үгүй болох
Үнэхээр худалч ертөнц
Санасаар байтал үгүй болох
Самуун мунхаг ертөнц.

Унтаж гээд барагдахгүй
Ухаангүй нойрмог ертөнц
Алж идэж гээд энэрэхгүй
Адаг мангас ертөнц. 

Эртнээс нааш ханилавч
Элэг буруут ертөнц
Цөхрөлтгүй шамдуулах
Чөтгөр хөлт ертөнц.

Гэмээ нуугаад нэрэлхэх
Гэдсэндээ бадганат ертөнц
Ертөнц авгай чамдаа
Ерийн зугаа барису. 

Аяа, хөөрхий минь ээ. 
Өгснийхөө сүүлээр заавал авдаг
Өртөг талгүй ертөнц
Өндрийн эцэст магад нураах 
Өнчрүүлэгч зант ертөнц

Амрагласны эцэст дайсан болох
Албин хэнээт ертөнц
Ханилсны эцэст хагацал ирэх 
Хар хортой ертөнц. 

Барайж торойж үзэгдэвч
Батгүй урвагч ертөнц
Зүйл бүрээр хувирах
Зүүднээс цаашгүй ертөнц

Ертөнц авгай, чи минь
Нээрэн сайхан гэж санана уу.
Согтуу би чинь чөлөөндөө
Сонин домог барьсуу. 
[Говийн тэмээ мэт сэвс цацсан бүлэг]

Томоотой явж болохгүй
Тохиролцоогүй ертөнц
Олигтой явж болохгүй
Омогтоо түлэгдсэн ертөнц.

Хуурч цуцахгүй баширтай
Хуял хартай ертөнц
Үнэний нь хэлбэл гонсойх
Эм зантай ертөнц

Архи тамхинд таалалтай
Ажиггүй хөлчүү ертөнц
Алин зоргоор надтай
Байн байн орооцолдоно вэ. 

Авгай минь, одоо бөөлөхөө зогс,
Салахын тамхиа барья. 

Муудахдаа салъя гэж санавч
Санаандаа баахан татгалзана
Татгалзахгүйсэн бол би
Өдий болтол юундаа ханилах вэ.
Татгалзавч чинийхээ
Албин зангаас хаширч байна.
Эсвэл чи минь
Албин зангаа хурдан боль.
Үгүй бол би чиний
Хөвгүүн байхаа больё.
Намайг хэн мэдээд
Чамд хятад боол болгосон юм бэ. 
Би өөрийнхөө зөөлөнд л 
Чамд дарлуулж явсан биз. 

Бодон бодон байтал
Харин уур минь хүрнэм.
Ганц биедээ уурлавч
Хэнийг ч хохироож чадсангүй. 
[Бага сага урвасан бүлэг]

Шүлэглэн шүлэглэн хэлээд гайхуулах
Шүдгүй ганган хүүхэн шиг ертөнц
Туршин туршин бусдын гэмийг отогч
Туйлбаргүй атаа жөтөөч ертөнц. 

Өөрөөс ондоо сайн юмгүй
Өл овоо шиг тунирхдаг ертөнц
Өөрийн сайн юмыг ч баллах
Үзэл балай сохор ертөнц

Бодисадад учрахдаа зусардаад
Босго алхмагц муулагч ертөнц
Хүн үгүйд ... албаар гозойлгоод
Хүний чимээнээр сандрагч ертөнц.

Ийм ч хүн гэж юу байх вэ.
Хэрэв байвал тэр хүн ичиг ичиг.
Харин багачууд хүүхэд юу бол.
Хөгшид бид тун ч гэмгүй 
[Санаа урвахдаа биеэ зайлж бухсан бүлэг]

Алж алж, махыг нь борцлоод
Амьтан хөөрхий гэдэг хуврага шуу ертөнц.
Хүний юмыг аргаар авч авч
Хүсэл олзонд дургүй шуу ертөнц.

Өмхий тамхийг татаж татаж
Мөргөх эргэхдээ түрийлдэг ертөнц
Багшийн зарлигаас давж давж
Амрагийнхаа үгэнд ордог ертөнц. 

Наашаа гэхээр цаашаа зугтдаг
Нарийндаа баахан хулмастай ертөнц
Тангараг доройн бузрыг түгээж
Таньсангүй суух шиг тэмбүүтэй ертөнц. 

Дотор дотроо мэрэлцэж мэрэлцэж
Уулзахдаа амраа айлтгалцдаг ертөнц.
Битүү битүүдээ түлхэлцэж түлхэлцэж
Учраад мэгдэрдэг ах дүү шуу ертөнц.

Ертөнц авгай минь, хожим
Маньдаа битгий ирээрэй.
Хөөвч болохгүй шургалах
Золбин нохой шиг ертөнц.

Чамдаа цай тахил өргөсөөр байж
Турж үхэхээн шахав, би чинь
Болохгүй маньд дуртай бол
Босоод явбал намайг битгий нэхээрэй. 
[Санаа шийдээд уйтгарчилж гонсойсон бүлэг]

Ертөнц авгай гэвч
Би чинь өөрөө юм санжээ. 
Сүүдрээсээ дутаасан хүн шиг
Хаа зулбавч дагана. 
Дагуулахаа байя гэвэл
Хэрэгсэхээ байвал болов биз ээ. 

Заавал хэрэгсээд байдаг
Заяагүй шалиг ертөнц
[Ертөнц авгайгаас дутаая гэвч
Аяа олохгүй гөлмөлзсөн бүлэг]

Нэг хүн байтугай
Бүгдээрээ үхдэг ертөнц.
Үхсэнээ мэдэхгүй
Амьдын авъяаст ертөнц.

Зововч аврал эрэхгүй
Дүлий тэнэг ертөнц.
Жаргавч сууж чадахгүй
Ааш муут ертөнц. 

Хүндлэвч хардагч ертөнц
Өршөөвч элэг буруут ертөнц
Магтавч нэрэлхдэг ертөнц
Махравч барагдахгүй ертөнц. 

Ертөнц авгай минь 
Нэлээд хэдийнээс биш үү. 
Одоо хүртэл оворжихгүй
Залуу сээтэн ертөнц. 

Би чинь чамтай ханилсаар явж
Ахин дахин дэлбэ өшиглүүлэв.
Эдүгээ лам ядамын ачаар 
Бяцхан шиг залуу зант хөгшин чамтайгаа 
Наадам болгож бага сага алиалсугай. 
[Өөрийн сэтгэл лүгээ шатар тавьсан бүлэг]

Бурхан бүгд дээш татавч
Болдоггүй ертөнц
Бух толгойт эрлэг зүхэвч
Хаширдаггүй ертөнц

Буянт мөрийн эрдэмтэйг мэдэвч
Дурладаггүй ертөнц. 
Буруу үзлийн шуламтай
Аяндаа ханилдаг ертөнц. 

Цаашаа бай гэвч болохгүй
Зүтгэлдэг ертөнц
Чи минь гэж тэтгэвэл
Эрэмшдэг ертөнц
[Ертөнц авгайдаа баахан алиалсан бүлэг]

Сэтгэлийн чанар хоосон
Хоосон гэгч ертөнц
Ертөнц ч хоосон
Лам Махагал минь...
Буруу элэгт Чогдогийг
Гишгэн гишгэн мөргөлмүү.
Энд надтай учирсан амьтан бүгд
Янагуухъ үзэгдлийн тороос тонилмаань
Утгыг онох болтугай.
[Хөлчүү үес]

Номчирхогч бус болой
Нойрмог согтуу байгаад
Нохой, хав, мий ирэхэд
Норсон элс шиг жигдлүүлэв, би. 

Харанхуй саруул хоёрын ялгаа
Харанхуй шөнө мэдэгдэх боловч
Хаашаа харавч авралын орон
Хавчиг толгойт тангадын орон. 

Элдэв зүйлээр тэтгэвч
Элэг буруут ертөнц
Энэ наснаас сэргийлмээни
Эвтэй тонилох болтугай. 

Амраг сэтгэлийн туйлд 
Ачит багшийгаа санавч
Аргагүй энэ ертөнцөд
Адаг болсондоо гомдном.

Ажаа минь, хөөрхий минь
Аяа энэ сэтгэлийн
Амгалан хоосон ялгалгүйг
Авралт багш минь болгоо. 

Аалз шиг шүлсээ гоожуулж, 
Ат буур шиг өвдөглөж, 
Аашгүй дигваранз шиг гилбэлмээни
Аюулаас аврагч болтугай. 
[Ажаа юугаан дурдсан ариун сэтгэлийн бүлэг]




Говийн догшин ноён хутагт, яруу найрагч Дулдуйтын Равжаагийн эл дуулалыг
гүүш П.Бадралын эмхэтгэн тохинуулж, НЕПКО хэвлэлийн газар барлан буулгасан
“Үлэмжийн чанар” нэрт, их найрагчийн бүтээлийн цоморлигоос цахимчилвай. 


0 Сэтгэгдэл:

Post a Comment