БҮЖЭЭГИЙН ДАВТАЛТУУД...




* * *
Жижигхэн саарал хотод 
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш
Өсгийд минь гишгэгдсэн 
Намрын энэ навч
Гуниггүй, инээмсэглэн нойрсож буйд итгэнэм
Хуучин гудамжны танил байшингууд
Худалдааны жижигхэн асар
Тамхи зардаг эмэгтэйн дулаахан гар
Танил залуугийн бүдэгхэн гуниг
Автобусны арын суудал дээр би
Бурханы хүүхдүүдийг ажнам
Ave Maria чихэнд минь үлгэр шивнэнэ...
Жижигхэн саарал хотод 
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш

2011.11.11



* * *
Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би 
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа
Тэсээд л байгаа, тэр инээмсэглэлийг чинь төсөөлөн бодоод
Тэнгэрийг алгандаа багтаадаг хэвээрээ байгаа
Амьдрах хүсэл төрөхгүй, хов хоосны туйлтай нэгддэг
Амьдрах шунал өдөөх-аялгуут хорыг залгилсаар л байгаа
Урьдын юм бүхэн л хэвээрээ байгаа, урах дуртай
Урагдах дуртай, уйтгарлах дуртай ч хэвээрээ байгаа
Өд сөдөнд минь наалдсан өчигдрийг сэгсэрч унагаалгүй
Өөрийнхөөрөө шаналж, гунихдаа ч дурласаар л байгаа
Чиний хайрладаг эгшиглэнт бүрэнхийг энгэртээ хадгалсаар байгаа
Чиний минь зурж өгсөн далавчтай нүд л харин...

2012.07.24



* * *
Тэр зам дээр сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Тэндээс гунигт жигүүртэн далавчаа зүсэн нисдэгсэн
Тэнгэр л өдийг эсгэж, газарт унагаж зүрхэлдэгсэн
Тэсэлгүй харанхуй хүртэл нүдээ тас аньдагсан...
Урт цувтай бүрх малгайтай, үнэнээ нуучихсан хүмүүс мэт
Учиргүй адилхан сүүдэртэй саглагар моддоос сүрхийн нисэх
Жигүүртэн бүрийн хоолой нарны хүмүүст дуугаа дуулдагсан
Жир бусын өнөөх улиас л сарны гэрлийг хүлээн суудагсан
Түүний цээжин дээр хэн нэгэн ганцаардал гэдэг үгийг
Гаргацгүй сийлж өгөөд хаа нэг тийшээ одсон гэдгийг
Тэр модны хуучин сорви үзгэнд минь шивнэчихээд
Тэгээд хаврыг хашгиран сэрээдэг байсан
Сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Сүүлчийн гунигт жигүүртэн л далавчаа зүсэн нисдэгсэн

2012.09.12





Яруу найрагч Э.Бүжинлхамын 
"Намрыг мартагсад" шүлгийн ном.
37, 79, 98 дугаар талд буй.

1 Сэтгэгдэл:

С.Начин said...

Яруу найрагч Э.Бүжинлхамд


Хагацлын модноо биднийг элэглэн суух
Сүрэг хэрээдийн нүд нь харагдахгүй гүн шөнөөр
Хайрын тангарагтай он цагийг сөрөх
Сэвхэт үдэштэй гэгээн сарны толбыг ширтэж
Жаргал ч юмуу, гуниг ч юмуу нэгэн зүйлийг дотроо тээж алхахад
Гүн зовнингуй сэтгэлээ чагнаархаж
Жаварт улаасан хацрандаа даарч эмзэглэхээ хэлээгүй
Гэгээн сэтгэлтэй илч дулаан анд минь
Тойрон эргэлдэх цаг мөчийг хүлээзнэнгүй чагнаж
Эргэж хувьсахын түмэн заагт нугачаанд
Энэлж бичиглэх шүлэг бүрийг минь сонсох
Түгдчих зүрхний хэмнэл анагаасан харцанд минь
Он оноор солигдох дөрвөн ертөнцөд нууцын хариуг олохоор
Огтоос гуниггүй нэгэн зүйлд сэтгэлээ бүрэн өмчилсөн
Цоожит авдарны нүх сүвийг тааруулах шиг
Цохилох зүрх минь юуны тулд амьд лугшнам бэ?
Учир юун гэвээс
Ялгагдах зүйлгүй өдөр хоногуудыг
Яаж гэтэлхээ бид мэдэх шиг
Утга зохиолын амьд халуун даргилсан цайнд туссан сарны гэрлийг
Тоонот тусгал нарны гэрлээр хэмжээлж амьдархад
Тэнгэр өмөлзлөө үзгэнд минь шингээж
Тэнгис эргээ дотогш хумьж
Тэндээс ирсэн авиа үгсийн цуглуулга
Анир үл эвдэх ганцаардлын минь агуйд хийсэх өд сөдийг
Аравнайлж нэг бус салхилхад
Анд нөхдийн журам ёсоор тэврэлдээд
Ахиад нэг л шүлэг гэж нэхэх эрх нэгэн бүжин минь
Дэгдэж хүрэх газраас чинь чонын улиан бүү тасраг
Дэлхий ч шархаа нууж бүү адгаг

Post a Comment