АХАН ДҮҮСИЙН ДУУ



Сайхан хүмүүн

Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үс чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
 Ванчинбалын Гүлранс


Намарт уйтгарлав

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн.
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгайрхуйяа миний санах үе.


Хос уянга

Ургамал үүл үл өтлөх бөгөөтөл 
Цасны учир толгой цаймуй
Урсгал усан зовлон үгүй атал
Салхины шалтгаанаа царай атирмуй.
Ванчинбалын Гүнначүг



Намарт гунив

Намрын өвс цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.
Ванчинбалын Сүнвэйданзан


Дорно салхин хийстүгэй

Өглөөн жихүүн ханцуйнд нэвтэрвэй,
Өрөөний хоовонд гараа хөлчөөмүй.
Үүрэглэн унтсанаар зажны үс садарвай,
Өөрөө босож толийн хайрцгийг хаамуй.

Охид оо, охид, өндөр үүдийг түргэн хаа,
Өргөн замыг алгуур дэлгэ.
Үзэсгэлэн хөнгөн эрвээхэй хэний тул ийнхүү хэрээсгийг тойрмуй,
Өргүү балмад зөгий юуны учир бас цонхыг дэлдмүй.

Өнгөрөх дорно салхи өөрийн дураар хийстүгэй,
Өнгөрөх дорно салхи өөрийн дураар хийстүгэй.



Чиглэрсэн сэтгэл

Эгшиг аялгууг мэдэх нөхөр үед юутай чухаг
Элэгсэг халуун чигч сэтгэлийг хэн олж мэдмүй?
Эртний байдлыг дуурайхын учир эгэл ардад элэглэгдмуй,
Энгийн занг жигшиснээр олон хүмүүнээ зэвүүрхэгдмүй.
Эх эцэст нэгэн адилаар үл халагчдыг эрвээс
Эсрэх хөхөрсөн уулнаас өөр нөхөр үгүй.
Үүнээс хойш санаа шуудаж бийр зуруулаа хэмхчээд
Өвчүү доторх шүлэг уянгыг сүүдрийн зүг хийсгэсүгэй.
Ванчинбалын Инжинаш

1 Сэтгэгдэл:

Bentel Bi said...

Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгайрхуйяа миний санах үе. мөрүүд таалагдлаа

Post a Comment