ТӨГСГӨЛ


Хэлсэн үгнээс минь хээр талын эрх чөлөө үнэртэхгүй бол,
Хэрээс тэмдэгт өрнийн сэдэл шүлгэнд минь хийсч байвал,
Гэнэн ламсын дотогшоогоо нуусан сүүдэр харцанд минь шингэвэл,
Гэсгээлт энэ нийгмийн араншинд алхаа минь нэгдвэл,
Сүм, дуганы алтандсан ганжирт итгэл минь тогтвол,
Сүрэг ятуу тарлан цасны хормойд тонголзохыг харж саатахаа боливол,
Оготор даашинзтай охид зун цагийн цэцэг, шинэ дууны аялгуунаас яруу бус санагдвал,
Оорцог толгод, аглаг замуудын тухай сэрхүй минь сарнивал,
Хамгийн дотно андынхаа нуусан үгсийг намрын мод шиг үүрч чадахгүй бол,
Хайрын шүлгэндээ омогших идэр залуусын инээдийг зүрхэндээ хальтируулбал,
Хагацлын тухай яриаг таатайгаар сонсон суухыг илүүд үздэг болж эхэлбэл,
Хар, хорын салхи хажуугаас өндөлзөн босдогийг дандаа санан алдаагаа мартвал,
Эрх тушаалтны сүрд тугдайн бөхөлзөхийг тэвчиж чаддаг болж дасвал,
Ээжийнхээ ярьсан үлгэрийн төгсгөл бүхнийг адилхан гэж эндүүрч төөрвөл БИ
Төгсөнө.
Миний төгсгөл сүүдрээс минь ч ойр байдгийг анзаарч чадахаа боливол,
Миний итгэл хүний нөмөрт оршин байгаад найдаж эхэлбэл БИ
Төгсөнө.
Гүйгүүл морь шиг нулимс цээжинд минь амтагдахаа боливол,
Гүйцэд ургаж чадалгүй цавчуулсан хилэнт мөчирний амьсгалыг сонсож чадахгүй бол,
Галд шатаж буй усны мөрөөдлийг, усанд живж буй галны тэмүүллийг мэдэрч чадахгүй болвол,
Ганцаардлын суу билэг, үгүйсгэлийн үнэнд эргэлзэж эхэлбэл БИ
Төгсөнө.
Миний төгсгөл судсанд гүйх цуснаас илүүтэйгээр тархинд нэвчсэн байдгийг ойлгож чадахгүй болвол,
Миний үхэл төгсгөл биш эхлэл гэдэгт итгэж амьдрахаа больж толгой гудайн сурвал БИ
Төгсөнө.
Энэ бүхнээс ангидаар төгсгөлийн тухай бодох чөлөө ч надад алга
Энэ бүхнээс өөрөөр төгсгөлийн тухай төсөөлөх төсөөлөл ч надад алга.

2011.07.28.


Яруу найрагч Ц.БУЯНЗАЯА
“Гүн санааны дүрс” /2012/ ном.
57-р тал

...Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс байдаг


Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий
Сахил хүртсэн юм шиг энэ шувууны
Салхиных шиг амьдралд гэгээн төрх бий
Дугуйнд дайруулан газарт ирэх
Дуугүйхэн үхлийг нь гайхахаас илүү
Бишрэх, хайрлахын сэтгэл төрөх нь бий
Би шувууны цогцосноос сэжиглэхийг үзсэнгүй
Шувуу шиг амьдрах хүмүүний нүд тунгалаг байдаг
Сумны шарх мэт үгийн шарх цээжинд нь онги байдаг
Сумны шархыг хүсэх нь тэдэнд эр зориг биш байдаг
Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс байдаг
Тийм хүмүүсийн үхэл нь нууцлаг, амтлаг байдаг
Тэнгэрийн оронд мордох шиг энгүүн болоод далд баяртай байдаг
Доромж бус, гашуудалтай бус, харамсалтай бус байдаг
Дэргэдэх нь хийгээд тэрслэгчид нь биширч үдэх нь байдаг
Шувуу хийгээд хүмүүний явдал онд ондоо боловч
Чухам үзэл сэтгэл нь өөр өөр хэдий ч
Нэгэн мөрийг үзэхийн цагт ижил санагддаг
Нүгэлт газраас одох нь нэг л янз байдаг

1990.04



Цаг ирж нөхцөл бүрдвээс
Шавь Одгэрэл баруун зуугийн хамба болно
Цаг ирж нөхцөл бүрдвээс
Шамбалын орноо сууж шүлэг бичхээр би явна

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУ ХООЛОЙ

/эсээ/
Виктор Хара одоо ч Чиличүүдийн хайртай дуучин хэвээрээ гэнэлээ. Тэгэхээр одоо ч ардын баатар хэвээрээ гэсэн үг. Дээхэн үед түүнийг эрх чөлөөний дуу хоолой гэж өргөмжилдөг байв. Виктор Харатай үзэл санаа, үйл хэрэг нэгэнтэйгээ илэрхийлж сургуулийн ханын сонин дээр шүлэг бичиж явсан минь саяхан санагдана. Тэр үед эх орончид эсвэл хөдөлмөрийн хүмүүсийг л бишрэн шүтдэг байжээ. Зөвлөлтийн онгоц зохион бүтээгч Яковлев, Сталинтай уулзаад Кремлийн шатаар уруудаж явахад түүнийг Ленины одонгоор шагнах тухай зарлигийг радиогоор уншиж байлаа гэхээр хичнээн сайхан санагддаг байв. Гэтэл одоо хэнийг өргөмжилдөг вэ? Гэр бүлийн талаар ямар ч тогтвор сууршилгүй Холливудийн хэдэн жүжигчид ганц нэг кинонд тоглосноос өөр юу бүтээсэн гэх вэ? Үгүй бол бузар аргаар хөрөнгөжсөн саятангууд тэдний эрх танхи эхнэр хүүхдийн тухай л уншиж, үлгэрлэн дуурайж байна. Үнэнч шударга ажил хөдөлмөрөөрөө нэр цуут гарсан хүмүүсийг хэн ч дурсахаа больжээ. Харамсмаар юм даа? Эрх чөлөөний дуу хоолой бологчид нь хүртэл “нохой шарваач, ноён урваач”. Хоёр өрөө байр амлахад л “эрх чөлөөний дуу хоолой” тас үсэрнэ.
Телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт “Түвдэнгийн Бор гэж хэн бэ?” гэсэн асуултанд нэг залуу “хурдан морь” гэж хариулах хүртлээ эх орончдоо мартаж байна. Баргын Дамдинсүрэн ванг танихгүй ирээдүйн хүмүүс Бавуугийн Лхагвасүрэнг ”Монголын нууц товчоо”-г зохиосон гэж хэлэх энүүхэнд. Энэ эмзэглэл биш гэж үү? Магадгүй монголын нэгэн саятанг хэдэн эхнэр сольсоныг хуруу даран тоолж чадах атлаа Шарав, Билигжаргал, Нацагдорж, Соронзонболдын нэрийг сонсоогүй байна. Магадгүй нэгэн зүс сайтай хүүхний амраг хайрын түүхийг бараг цээжилсэн атлаа Д. Норов, П. Баярсайхан, Ч. Галсан, Д.Намсрай нарын нэг ч зохиолыг уншаагүй л байна. Энэ эмгэнэл биш гэж үү? Баян-Өлгийд алим тарьсан хасаг өвгөний тухай биш банк дампуурч хэрэг тарьсан эрчүүдийн тухай л ярилцана. Энэ уруудах хийгээд буруудах замын эхэн биш гэж үү?
Хэн нэр алдарыг нэгэн насны үйл хэргээ болгоно. Тэр хуурамч баг зүүж, инээсэн хүний дүртэй ч араа шүдээ хавирч шазуур зууж амьдарна. Ийм амьдрал юун сайхан байдаг юм, бүү мэд.
Эргээд л эрх чөлөөний дуу хоолой Пабло Неруда одоо ч Чилийн ард түмний хайртай яруу найрагч хэвээрээ. Тэгэхээр эрх чөлөөний гэрэлт бамбар хэвээрээ гэсэн үг. 1973 онд хунтийн дэглэм тогтож, Пиночетийн эсрэг тулалдсан ерөнхийлөгч Сальвадор Альендегийн “калашников” бариад зогсож буй сүүлчийн зургийг одоо ч би санадаг юм. Гэтэл хунтийн дэглэмийг ч тэр, хунт нуурыг ч тэр ялгахгүй хүмүүс ардчилал эрх чөлөө ямар үнэтэйг ч мэдэхгүй, алдахад харамсах сэтгэл алга болж буйд айнам.
Жил бүрийн 5-р сарын 9-нд би ажлаа тасалдаг. Орос сувгуудаар эх орны дайны тухай кино үзэхгүй бол амьдралаас минь ямар нэгэн амт алдагдах юм шиг санадаг хэвээрээ. Тэр өдөр ямархан их баяр хөөртэй байдгийг минь хэн ч анзаардаггүй. Ялалт. Гүжирмэг Орос цэргийн хал үзсэн царайг хараад эрх чөлөө ямар үнэтэйг мэдэрдэг. Сайхан шүү? Явган цэргийн сургуулийн сонсогчид дундаа нэг винтовтой тулалдаанд орж байсан 1941 оныг бодохоор сэтгэл эмтэрдэг ч 1945 оны тэр өдрийг бодохоор зүрх хөөрдөг. Улаанбаатарт Жуков гэдэг автбусны буудал байдгийг мэдэхээс ХХ зууны гайхамшигт цэргийн жанжин байсныг мэддэггүй үеийнхээ харчуултай юу ч ярих билээ дээ? Эр зориг гэдгийг гар зангидаад хашгичиж дайрахаар төсөөлдөг мунхагууд олон болох тусам сэтгэл зүрхэндээ эрх чөлөөний дуу хоолойг үгүйлсээр.
Уур омог нь багтаж ядсан хүмүүс эрх чөлөөг зөвхөн хүчээр олдог гэж санах. Тэмцэл гэхээр зөвхөн зэвсэгт бослогоор л төсөөлөх болсонд хэн буруутайг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Кубын Че Гаварр, Фидель Кастро хоёр шиг эх орончид одоо бидний дунд байгаад эргэлзэж байна. Латин Америкт хувьсгалын үр цацах гэсэн хуучнаар Зөвлөлтийн бодлого хэдий биелээгүй ч тэр л үеийн үзэл суртлаас болоод зарим нэг Чили, Куба хүмүүсийг бид сайн таньдаг болсон юм. Тэднийг ард түмнийхээ “Эрх чөлөөний дуу хоолой” байсан гэж итгэдэг хэвээрээ. Яагаад М.Ганди эсэргүүцлийн тийм арга замыг сонгосныг Англичүүд их хожуу ойлгосон шиг яагаад хэн нэгэн хүн заавал эрх чөлөөний дуу хоолой болох ёстойг би сайн ойлгодоггүй байлаа. Харин одоо бол огт өөр бодолтой болжээ. Ямар ч цагт ард түмэнд үнэнийг хэлж сануулах “шударга үнэний дуу хоолой” үгүйлэгддэг ажээ. Улс үндэстэн тийм эрхээ ёстой нөгөө л “шалгарсан манлай” хүүдээ олгодог гэнэм. Нэг бодлын асар их аз завшаан, цог хийморь мөн.
Хо-Ши-Мин одоо ч Вьетнамын ард түмний сод хүү хэвээрээ. Оросууд Ленинийхээ шарилыг бунханаас гаргал уу? яалаа, сайн санахгүй байна. Харин Вьетнамууд одоо ч Хо-Ши-Мин хүүгийнхээ бунханд очиж мөргөсөн хэвээр байна гэж саяхан Ханой хотоор аялаад ирсэн шавь надад ярьсан юм. Гэтэл Цагаан дээлт Дамдины хүү л лав Алтан-Өдгийд амгалан нойрсож буй. Оронд нь Их хаан эзэн хүн шиг заларсан. Муу нь юу байхав. Гэхдээ л Дамдины Сүхбаатар шиг эх оронч дахиад төрөхгүй ч юм билүү? Тийм эх орончийн тухай Монгол түүхийн алтан шаргал хуудас дахиад хүүрнэхгүй ч байх юм билүү? Хэн мэдлээ. Цаг үе маань мартахгүйг мартаад, мартахыг санаад байгаа мэт хачин бодлыг төрүүлнэ. Тэгээд ч эрх чөлөөний үнэ цэнийг өнөөгийн бид биш харин Манж-Хятадын дарлалд хэдэн үеэрээ зовсон ХХ зууны эхэн үеийн Монгол эрчүүд илүү мэддэг байжээ.
Эргээд л эх орончийн эрэлхэг цогтой эрх чөлөөний дуу хоолой. Одоо л тийм цогтой шударга дуу хоолой сонсохыг энэ цагийн Монголчууд хүсээд байна. “Ард түмнийх нь зовлон жаргал яруу найрагчийн зүрхэн дундуур урсдаг” хэмээн хэн хэллээ дээ? Энэ үгэнд үнэний хувь буйд би итгэдэг. Яруу найргаасаа илүү эх орныхоо төлөө тэмцэн эцэслэсэн олон яруу найрагчдын үнэн түүх байдаг. Харин одоо улс төрийн индэр тавцан дээр энэ цагийн зарим шувуун тархитай эрчүүлтэй зогсохыг хүсээгүй учраас олон яруу найрагчид ил ханхалзах сонирхолгүй байгаа юм. Түүнээс бус эх орончийн гал халуун зүрх цээжинд нь цохилж, элгэн түмнээ гэсэн нэн халуун сэтгэл нь оволзож буй. Нэгэн цагт Б.Ренчин гуайн дуу алдсанаар:
Мундахгүй эрдмийг сурахад нас даанч богино
Мунхагуудын дунд суухад нас даанч урт гээч л болоод эх орончдын дуу хоолой энэ цагт дутагдаад байна. Үнэхээр “мунхагуудын дунд суух нас даанч урт”-ыг мэдэх ухаантай эрчүүдээр аль ч цагт Монгол минь дутаж байсангүй. Одоо ч гэсэн тийм эрчүүд бидний дунд бидэнтэй адил даарч хөрж, халууцаж, халамцаж яваа. Үүнд би огт эргэлздэггүй.
Зарим нь улс төр уран зохиол хоёрыг холбож ойлгохыг хориглох янзтай. Би ч тийм бодолтой нэгэн. Гэвч аливаа бүхэнд хязгаар буй ажээ. Тэр хязгаарт одоо нэгэнт хүрчээ. Нэг үгээр тэвчээрийн хязгаарт тулжээ. Дандаа ийм хүлцэнгүй, даруухан томоотой байж хичнээн тэсэх билээ.
Эргээд л эрх чөлөөний дуу хоолой. Хамгийн гол нь үнэн шударга дуу хоолой. Албан тушаал, алт мөнгөөр худалдаад авчихгүй эрэлхэг дуу хоолой. Төв талбайд жагсаал хийх гэж мөнгө тараадаггүй дуу хоолой.
ХХ зууны сүүлчээр тасарсан эр хонгор дуу хоолой. Эргэн эргэн санах бүрий элэг зүрх энэлэх, эх орончийн дуу хоолой. Эрх чөлөөний дуу хоолой.
Энэ бол Очирбатын Дашбалбарын...

2011-10-18


Зохиолч П.БАТХУЯГ

"Залбирлын эсээс" номоос