Бараг л сүүлчийн бадгуудаас... 9



Эрэггүй далайд сэлүүргүй үлдсэн мэт
Эцэсгүй айдаст үргэлжид автуулагч
Энэ гүн ертөнцийн гүнд
Эгнэгт булшлагдах оюун санаа минь.


Бараг л сүүлчийн бадгуудаас... 8


Ганцхан утсан дээр тогтох
Гандсан хүрэмний минь товч шиг
Газар сайгүй дагаж явдаг
Гал нандин дурсамж минь.



Бараг л сүүлчийн бадгуудаас... 7


Найман есийн тааран тэнгэрт нүүх үүл ч үгүй, нисэх шувуу ч үгүй
Найрт үгсийг шамдан хэлэлцэвч найдвар хүслийн ор үгүй
Цагаар тохойлдсон ширээгээ хий хоосонд өргөмжлөн
Цагийн уринг ширтэвч сэтгэлд гал үгүй.

Бараг л сүүлчийн бадгуудаас... 6


Яргуй адил охины төлөө
Яруухан шүлэг тэрлэ гэж
Яг энэ өдөр хавар ирлээ
Яруу найргийн хавар ирлээ.

Бараг л сүүлчийн бадгуудаас... 5


Бузар суутнууд дунд бурхны суудал эзгүй
Буцлах тамын гүнд чөтгөрийн дуу үнэгүй
Сэв сэлтгүй урсах цаг хугацааны өнгөт хальсанд
Сэм хавчуулж амжсан хэсэг дүрс минь үзэгдэхгүй.

Бараг л сүүлчийн бадгуудаас... 4


Саарал ордны ич этгээдэд
Бөхийж ургасан модны сүүдэр
Эрээн чулуун замын дээр
Эгц шулуун туссан байнам.

Бараг л сүүлчийн бадгуудаас... 3


Өлсөх, гуних хоёрын аль нь хүчтэй мэдрэмж вэ?
Өөртөө тэгнэсэн ачааны минь аль нь илүү хүнд вэ?
Өдөр, шөнийн алинд ч сэрүүн тунгалаг сэтгэл минь
Өмөрч урагдсаар дуусахад надад үлдэх нь юу вэ?

Бараг л сүүлчийн бадгуудаас... 2


Ариун дүрийг чинь ахин үзээд
Аянганд цохиулсан мэт болов би
Амраглал янаглалын манан дундаас
Ахин мандах наран мэт...
Аяа, чиний ариун дүр.

Бараг л сүүлчийн бадгуудаас...


Хорвоогийн зовлон хэдий чинээв
Дарсны хэмжээ төдий чинээ
Уйлан гансрагсдын гашуун нилбусанг
Ууж хөлчүүрэх минь төдий чинээ.

Алдагдсан жаргал, эрх чөлөөнөөс үнэтэй амьдрал гэж байдаг.

Урьд шөнө чиний тухай бодлоо
Уйтгартай ертөнц сарны гадрага шиг хүйтэн байсан
Бидний дунд орших тэр нэгэн амьд биет
Бидний хэн хэнтэй яасан адилхан юм бэ
Үл төгсөх сайхан дуу шиг хэрнээ
Үргэлж өөрчлөгдөх хорвоогийн хэмнэл дунд
Алдагдсан жаргал, эрх чөлөөнөөс үнэтэй
Амьдрал гэж байдгийг ухаарлаа
Алдаж асгасан дарс шиг өнгөрсөн цаг хугацааны
Араас харуусаж нулимсаа хичнээн унагавч
Бүтээсэн ертөнц минь бүтэн байгааг хараад
Бүтээх бүхнийг минь ерөөсөн бурханд талархаж залбирнам





Яруу найрагч
Өөлд Ороолонгийн ЭЛБЭГТӨГС