Цалгисан зүүдний ертөнцөөс хэн намайг дуудав аа?



Цалгисан зүүдний ертөнцөөс хэн намайг дуудав аа?
Цас! Чимээгүй хаялах сэвсгэр, сэрүүн...
Үлэмжийн аниргүйд будрах цасны энэ л гялбаа
Үргэлжийн сэрүүн зөнг минь тэмтчин, зүүдийг минь яг оножээ
Гялбасан энэ цагаан дунд
Гараа сунгавал ямар ч сүүдэр алга
Шивнэлдэн ирмэлдэх одод алс тэнгэрээсээ газардаад
Шидтэй гэмээр гэрэлтэхэд нь уруул, нүд минь ч бүдгэрнэ
Аниргүйд будрах түмэн оддын гэрэл дунд зогсоход
Амьдрал болоод зүүдний ялгаа яг энд л сарнина
Нам гүмд сэвсгэр, сэрүүн, цагаан уруулнууд
Надад юу гэж шивнэсэн гээч?

2009.09.21


Яруу найрагч Ц.Дэлгэрмаа

ЗҮҮД


Ц-д

Сартай саруул шөнө гэрийнхээ үүдэнд суугаад
савтай нэрмэл шимэх шиг аз жаргал үгүй
Ододтой ярилцаж, оньсого таалцаж дуу аялаад
орондоо орж, амьдрах итгэлээр дүүрэн өглөөг угтдаг
Өнгөрч одсон цаг хугацаа, өдөр хоногууд минь
өөрийнхөө дүрийг ч танихгүй болтлоо өөрчлөгдсөн...
Цурхиран уйлсан хүүхэд нас минь, анхны хайр минь
цутгах бороотой хамт газарт шингэн арилжээ...
Арилжээ, зэрэглээ мэт хуурмаг хоосон дурсамжууд
зэрэгцэн суугаад зохиосон мэт бидний хувь тавилан
Огтлолцох ёстой тэр л газартаа цэх зогссон хэвээр
одоо болтол нэгнээ олоогүй хэрнээ чанх ширтэлцсэн янзаараа
Цаг хугацаа гэвч энд зогсоогүй, бидний цаана
цай ачсан жингийн цуваа зам даган явсаар
Элс гишиглэн ирсэн мөрийг чинь салхи баллаагүй
Эзгүйрсэн суурин чамайг үгүйлэн дуудах шиг
Эсвэл охин чинь ээжийгээ хайн гүйх шиг
Дэрсний толгойг зөөлөн илбэсээр өнгөрөх
дэрний минь нулимс хатаагүй энэ л мөчид
жаазтай зураг шиг өмнөөс минь чи ширтсээр л
жаргах зулын бадамласан гол адил саран
жаргахаа мартан биднийг гэрэлтүүлсээр үлдэхэд
амьсгалгүй хоосон дүрийг чинь би өнө мөнхөд ширтсээр
амьдралын бүдэг зам дээр орь ганцаараа зогсоно.
2010.11.13


Яруу найрагч
О.Элбэгтөгс

Өнгөрсөн шөнө юу зүүдлэв?



Өнгөрсөн шөнө юу зүүдлэв?
Өвдөлт, зовиур, хурьцал...
Бишээ, би огт өөр юм зүүдлэсэн.
Харамсалтай нь даан ч санахгүй нь
Хана хэрэм шиг харанхуй хаачихаад байна.
Зүрхийг минь бүлээн усаар угаасан мэт
Сэтгэлийг цагаан даавуугаар арччихсан шиг
Нэг л хөнгөн, нэр шигээ өндөрт оршин байна.
Магадгүй зүүдэнд минь мянган гарт бурхан ирээд
Халуурч зовсон биеийн хамаг хөлсийг арчив уу?
Хатаж омголтсон уруулын минь завсар
Хар чийг дусаав уу, яав?
Гэгээн бодол тээсээр...
Гэрэл татуулан инээмсэглэн сэрэх минь
Нар хүчээр манддаг хотод ирсэнээс хойш
Надад хэд тохиосон билээ..?
Өнгөрсөн шөнө би юу зүүдлэв?

2012.04.19 
Улаанбаатар



Яруу найрагч 
Жаргалсайханы ОРГИЛ

...ЯВНА



“Зүс бүгэг андууд”-д
Од харвах мэт навчисын шуурганд
Осгож цангаж ойлгож ухаарч явна
Одод түгэх мэт олны дунд
Огт өөр од явнам.

Үзгэн хошуу мэт турьхан хөлөөр
Үхлийг хайчлан чиг шулуун явна
Үүд тогших мэт горь итгэлээр
Үсээ хийсгэн алхаж явнам.

Цонх цантах мэт нойтон нүдээр
Цог хийморио цацрааж явна
Цэцэг дэлгэрэх мэт ялгуун бодлыг
Цээжин аглагтаа тээж явнам.

Зүүд биелэх мэт зөн сэрлээр
Зүг чигийг хураан дагуулж
Зүүд биелэхийн зөн сэрлээр
Зүрх сэтгэлээ хөглөж явна.


2008 он Улаанбаатар


МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН “СҮҮЛЧИЙН МОГИКАН”


(Уран сайхны хөрөг)

“Шар” Мягаагаа би “Сүүлчийн могикан” гэж нэрлэх дуртай. Миний муу Мягаа хүн нь хүнээсээ холдчихсон “Иргэний” гэгдэх энэ нийгэмд ёстой жинхэнэ хүн шиг ХҮН, хүнээсээ илүү ёстой жинхэнэ яруу найрагч шиг хүн билээ л. Яруу найрагч шиг ч биш, жинхэнэ яруу найрагч юм чинь.

Даанч ийм яруу найрагчид манай Монголд цөөрчихжээ. Бичиж чаддаг, бичсэнийхээ хэрээр ууж чаддаг, уухаараа уйлж чаддаг, бас агсарч чаддаг яруу найрагч. Агсарч байгаа юм биш л дээ, “чойжин бууж” чаддаг ийм л яруу найрагчийг би Монголын яруу найргийн “Сүүлчийн могикан” хэмээн бодмоглоод явдаг юм. Энэ харьцуулалтыг минь олон ч хүн дэмждэгийг гадарлана.

...өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсан...




ЭМГЭНЭЛ

Шинэ цагийн монголын утга соёлын ертөнц нэгэн сайхан ах, нэгэн сайхан андаасаа хагацав. Өнгөрсөн зууны далаад оноос Монголын уран зохиолын бүхий л төрөлд авьяас, ухаанаа зориулж ирсэн эрхэм хүмүүн, алс холын Парис хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Зохиолч, сэтгүүлч Загдын Түмэнжаргал бээр 1953 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төржээ. Тэрбээр 1970-аад онд Монголын уран зохиолын ариун хаалгаар орж ирсэн цагаасаа хэвлэн нийтлүүлж, туурвин бүтээсэн бүхэн нь найман настай балчираас, наян настай буурайг хүртэл монгол хэлтний оюуны ертөнцөд нэгэн тод өнгө, дуу хоолой болон гэрэлтсээр, эгшиглэсээр байна.
Тэрбээр, 1977 онд анхны номоо “Бид” нэртэйгээр хэвлүүлснээс хойш “Шинэ танил” /1977/, Үүрийн тэнгэр /1980/, “Арван найман нас минь” /1982/, “Голын жараахай” /1984/, “Нарны хүүхдүүд” /1985/, “Нисдэг алим” /1991/, “Уяхан цэнхэр хавар” /1994/, “Сонирхолтой Математик” /1998/, “Ус мөрөн олончиг...” /1998/, “ЯАГААД- унших бичиг” /2000/, “Цэцэрлэгийн сурах бичиг” /2000/, “Цагаан толгой” /2001/, “Монголын тал нутаг” /2001/, “Зүүдний байшин” /2001/, “Ижийгээ баярлуулж яваарай” /2003/, “Аниргүйн хөгжим” /2007/, “Гэрэл гэгээний хүлэг морин мэт...”, “Ногоолин аялгуу”, “Парисын шүлгүүд”, “Гурвалжин аялгуу буюу хөвгүүнд бичсэн захидал” /2010/, “Шүүдрийн гилбэлгээн” /2010/, “Les rayons de la lune bleu” /2010/ зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн ном, дууны цомгуудаа хэвлүүлж, А.Барто, А.Куприн зэрэг зохиолчдын бүтээлээс орчуулан нийтлүүлж, олон арван толь, сурах бичиг, ном зохиол хянан тохиолдуулсан, араасаа олон шавь, уран бүтээлч, сэтгүүлчдийг хөтлөн дагуулж, тэднийхээ гүнээ хүндэтгэлийг хүлээсэн бичгийн хүн байлаа.
Загдын Түмэнжаргал нь ажил амьдралын гараагаа МУИС-ын Утга зохиолын нэгдэлийн эрхлэгчээс эхэлж, уран зохиолын байгууллага, Шинжлэх ухааны академи, Төвийн сонин хэвлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх, Сорбонын их сургуулийн зочин профессор зэрэг нэр хүндтэй албыг хашиж асан монголын тэргүүлэх сэхээтнүүдийн нэг билээ.
Талийгаачийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэж, 1992 онд “Нисдэг алим” тууж, “Очоод золгоно доо”, “Сургууль минь баяртай” дууны шүлгийг нь үндэслэн МЗЭ-ийн шагналаар, 2001 онд “Монголын тал нутаг” дууны шүлэгт нь оны шилдэг уран бүтээлийн Алтан өд шагнал, 2004 онд “Бага ангийн сурах бичиг”, “Монголын тал нутаг” дууны шүлгийг нь үндэслэн “Нацагдоржийн нэрэмжит шагнал” хүртээж, 2007 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн шагналаар тус тус шагнаж байжээ.
Эрхэм ахын дахин давтагдашгүй уран бүтээл даяарын сэтгэлд мөнхөд оршиж, чигч шударга зан чанар, орон зай тань уран бүтээлч бидэнд үргэлж үгүйлэгдэх болно.
Танийхаа итгэж, хайрлаж, зүтгэж, тэмцэж явсан үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгч, үзэг нэгт ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ



Уран зохиолын ХӨХ МЭДРЭХҮЙ бүлгэм