НАМАР

video


Ягаан харыг тунаруулсаар
Янагийн дуу сэм аялсаар
Явсан шигээ хүрээд ирлээ
Ялдам үнэр даяар түгнэ

Үсний хаг үймрэн хийсэхэд
Зүсний сайхан үүднээс буцна
Хэрээ гуаглах гудамны зайцад
Хэсүүлч хөвүүн дуу аялна

Цэвэр алтаар шаглаж оёсон
Цэцэн мэргэний нөмрөгөө тайлаад
Үүл, нарны нэгэн чөлөөг
Үйлийн эрхээр зорин ниснэ.

2012.06.17
Улаанбаатар

ЗАЛБИРАЛ

Төрсөн нутаг минь миний

Төөрөг тавиланг залж

Өрсөн ирэх зовлонг

Өнөд төөрүүлж хайрла!

 

Төрсөн нутаг минь таны

Төөрөг тавиланг залж

Өрсөн ирэх зовлонг

Өрсөн дарах хүч хайрла!


УЛИРАЛ БА ХҮМҮҮН




Тэнгэрийн рашаан гэлтэй бороон дуслууд ертөнцийн хирийг арилган оджээ
Тэргүүлшгүйн чинадаас ариусган ариусгасаар саруул оюуны лянхуаг дэлгэрүүлжээ
Нүцгэн бүсгүйн галбир шиг бөмбөрцөгийн налууг даган урсчээ, ариухан усан
Нүглийн  цөөрмийн  бөглөөсийг мулталж газрын гүн рүү усыг нь шавхжээ
Арилсан орчлонгийн өнгөнд болор жүнз үл ялгарах өглөөний тунгалаг мандлаа
Амирласан бурхадын үүсгэмэл цэцэрлэгээс нойрссон болжмор сэрэн  дуугарах сонсогдлоо
Намрын жимс шиг амтлаг анхилуун үнэр цэнхэр агаарт ууслаа
Нарны бурхан Осэржамаагийн тарни номын чанарын огторгуйд дуурслаа
Алтлаг чимээ, бүдэгхэн туяа  сүүмэлзэн тасарч судрын хуудас нууцыг хадгалжээ
Асарлаг орчлонгийн өнгөний зохицолд дээврийн цаана орших ногоон толгод мансуурчээ
Баясгалан цэнгэлийн орноо төгс амгалан нэгнийг шүтэн  гоо бүсгүй алдарчээ
Бахдам яруу, магтан бишрүүлэгч ертөнцийн явдал улирчээ
Сайн учрал цог жавхланг хайрлагч номын барилдлага улам, улмаар арвидлаа
Сансрын  үзэгдэл эцэс үгүй  зовлонгийн мөрөөс ангижруулагчийг тэр оллоо
Үзсэн  бүхэн янагшин дурлах ариун үзэсгэлэнг олсон хувь төгс охин чи ирлээ
Үнэн сайхан тунамал эрдэнэ мэт сэтгэлийг судлахаар алсын уулс руу би явлаа







 
Яруу найрагч Т.Содномнамжил багш О.Дашбалбарын хамт