Морио үүрсэх чимээнээр, зүүднээс сэрсэн юмсан.




ЦӨХРӨЛ

Морио өчигдөр барьж, сайн сойсон юмсан.
Морио үүрсэх чимээнээр, зүүднээс сэрсэн юмсан.
Мориныхоо эрчээр давхиж, хөтөл давсан юмсан.
Морин төвөргөөний чимээнээр нар гарсан юмсан.

Морины шандасыг сунгаж, мянганы газрыг тууллаа.
Мордсон газрын наран, түмний газар хэлбийжээ.
Мориныхоо амыг амыг татахад, хар хөлс цуварна.
Морины хар хөлс шөнийн жаварт дардайна. 

Морио өчигдөр барьж, би л ганцаараа сойжээ. 
Морио үүрсэх чимээнээр, би л ганцаараа сэржээ.
Мориныхоо эрчээр давхиж, би л хөтөл давжээ.
Морин төвөргөөний чимээнээр, чиний нар гарсангүй ээ. 

1960



Яруу найрагч М.ЦЭДЭНДОРЖ
"Бурхан буудайн хөх салхи"
шүлгийн түүвэр
48 дугаар талд буй

Стивен ЖЕРАРД-д зориулав



* * *
Хорьдугаар зууны хийрхэлүүдээс минь
Хөлбөмбөг л надад үлдэж
Хорьж болдоггүй хорин наснаас минь
Тэр л надад үлдэж

Хуурай тэнцээнээс багаа аварсан 
Будант арлын тамирчин
Хувцасаа тайлаад гүйсэн
Алтан агшин үлдэж

Өрнө зүгийн хүчирхэг соёлын давалгааг 
Өр зүрхэнд хөтлөн оруулж ирээд
Зүлгэн дээгүүр биш зүрхэн дээгүүр өнхрөх бөмбөгөө 
Зүүн жигүүрээс цөм цохисон 
Домогт ахлагчийн дүр үлдэж

Элэгдсэн хуучин өмсгөл дээрх нэртэйгээ хамт
Элэгдэж хуучраагүй англи залуугийн төрх
Эндэж алдсан залуу насны минь
Эрх чөлөөний билэгдэл болон үлджээ. 


2012.06.03
Улаанбаатар


...Үхэх минь хүртэл туршилт.




Туулсан амьдрал 
Туршилтууд... 
Туулайн баас, бас тамхи...
Тун ч гэнэн явж дээ хөөрхий
Үнсэж үзэх, үерхэх...
Тэгэх, тэгээд тэврүүлэх 
Гомдож үзэх, гомдоож үзэх
Хайрлах, хэн нэгнийг зовоох
Хохирох, Хорон санаанд хүчиндүүлэх 
Бүтэлгүйтэх, бүтэлгүй дурлалын өмнө 
биеэ үнэлэх...
Үнэрлэх, үртэй болох
Үүрэг хүлээх,и алдаа гаргах 
Үй олон туршилтуудаа
задлан шинжлээд амьдрал бол 
Туршлага гэсэн дүгнэлтэд хүрэв.
Үй олон, үй олон туршилтууд
Үхэх минь хүртэл туршилт.


















"Өдрийн сонин"-ы сэтгүүлч
Г.Лхагвадорж

АМИРЫГ ХАЛАХ


     

Сэтгэл түдээд байсгэмэгц сочин адгах бөлгөө.
      Голын харанхуй эрэг... хүний зүс... уйтуу ай... цувих нулимс... инээлцэх... ангижран одох... дуулах... хурьцах... үхэх мэт болох... хорлохыг хүсэх... атаа цуглах бүхэн бүрнээ нэгдээд... агшнаа сарнижээ.
    Ёсломогц эс болсон үйл, болсон үйл, хүндэтгэвэл зохих бүхнийг үл ялгаад нүүр мэндүүрнэм. Би, тэнгэрт мэхийв үү, яав!! Түүний асуулгад үл өчнө... Сэтгэл бахав.
      Юун хэмээхүл бие маань үл ялгагч, илт танигчийн алинийг ч эс эзэмшивэй. Эзэмшсэн ахул тархи магу, үл төөрөлдөх хатууч сэтгэл бөхжөөд гаслангуйн үр хашгиран түгэх амой. Үүнээс завсарлаж амжвай.
      Нүдээ нээх... шувуу унах... Уянгоо хөөрхөн үглэх... аав унтах... шүлэг.., хатсан агчны навч урагдсан даавуу мэт.., гөлөг хөл долоох.., чи уйлах.., шороо.., зүрх.., зөөврийн тэрэг Улиасны хэвээс тоосрох.., сэтгэл төрөх.., алга одох.., гамших.., их цадах.., Байсгэмэгц сочин адганам.
    Бусдыг үл оршоох хариг бодол төрөөд энэ хөрзгөр дэлхийд ганцаар үлдээсэй гэнэм. Үргэлжид зохиолч мэтээр зовохуйн үйлд зүрхшин дөтлөөд сайтар эчиж үл барамуй.
      Сэмээр ойртвоос цаггүйн хүйд атгагдмуй. Амирыг, гарсанг халах цаг тэнд амой. Сэмээр хөл зөөсөөр зохиолч заяанд хугас хүрэлцэхүй хүс хүс инээлцэж турь биеийг минь их мэдэгчид хөлслөн тохуурхав, шоодов.
      Өвс ганханам. Аливыг үл бодомуй. Хүмүүс хөлхнөм. Тэд сайн амир тул нэгэн зөргийг ихэд хүсэн бие дураар алмайтан сажилмуй. Үхэр лүгээ адилшаам.
Ухаан баймуй, гарсангүй.., уул өөд цох өгсөх... ус цалгиан сарны араас Тан улсын өвгөн хятад унах... Ли Бай... хөлс хусах... санаа төрөх... хүнд цохио... үүрэн одох... үнсэхэд бүсгүй налах... Байсгэмэгц сочин адганам.
   Одоо л уулаа бодож эхлэвэй. Тэрбээр юуны тул зүү ч шигэх завсаргүй үргэлж нягт дүнсийнэм. Учрыг эрэн цөхөн үзгээ авмуй. Мөнөөхөн уулын хярхаггүй, харанхуйтах гүн рүү би зүгшив.  Үүргэвчээ засав. Үл амирсана...
      ХанХөхий... ангижран одох... алга одох... үүрэн одох үзвээс илтэд батдамой...

Г.Бадамсамбуу



“ЗҮС БҮГЭГ АНДУУД” /1991/ номын
14 дүгээр талд буй.




Аяа, аяа, аяа цемент хатуу юм



Хүрээ хөвгүүддээ зориулав
 
Уусан дарсны лонх шил эзэнгүй хэвтэх
Улаанбаатарын гудамжинд шөнө болжээ.
Унтраалгүй орхисон замын дэнлүүнд
Бут сөөг гэрэлтэн харагдана.
Амьд хүний үхсэн үнсэлт шиг санагдах
"Ах нар"-ын хүйтэн харцыг мартаагүй
Аврал эрж тэдэн дээр очоогүй, очих ч үгүй
Ар хойгуур нь гүйгээгүй, гүйх ч үгүй
Аяа, аяа, аяа цемент хатуу юм
Аятайхан мэрж байгаад
Араа шүдээ хурцална даа?
Бусдын хэв торго хэнд хэрэгтэй юм бэ?
Бидний л амьдрал, бидний л алдаа
Бидний л цемент
Бие сэтгэлээ худалдаагүй
Аавын хөвгүүд минь
Бут сөөг гэрэлтэн харагдах шөнийн гудамжинд
Бут авах өдөр мөд ирнэ биз ээ.





...............................................................................................................................................................................................
Нацагдоржийн шагнал болон соёлын гавьяат зүтгэлтний тэмдэг хийгээд үнэмлэхгүй
зохиолч яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн
"Шинэ үнэр хийгээд Би" номын 43-р талаас
жаргалтайгаар ишлэв.

ҮЛГЭР



Тарчигхан амь зуулгатны сүүлчийн хоргодох байранд
Тал сэтгэлтэй нэгэн эр нүүн иржээ
Нулимас адил урсагч дусаал дор хувин тосоод
Нургитал ганц сайхан тамхилжээ 

Чийглэг агаарт янжуурын утаа
Чиглэх зүггүй нүүгэлтэхийн завсар 
Өнөө эрийн усгал нүдэнд 
Өнчин дөл сүүмэлзэн тодорчээ

Итгэж найдаж явсан бүхэн нь
Илд мэт хугар тусан унаж
Илд мэт хурц сэтгэлийнхээ
Ирмэгт тэр ийнхүү иржээ.

Унаж буй навчисын хэмнэл гээд
Уйтан шархируу сэтгэлийнхээ зэмээр
Уугиж буй нойтон цучил шиг
Улсхийн гэрэлтэж явснаа мэдээд
Орь зовлонгийн хилийг гэтлэн
Орж иржээ тэр энэ өрөөнд.

Элчилгүй хоосныг нүдний өмнө уригч 
Тортогт цонхны зүг ширтэж
Энэ хийгээд урьдын явдалаа эргэцүүлэхийн завсар
Торох зүйл сэтгэлд нь нэгээхэн ч үлдсэнгүйд
Цочин гэлмэхдээ эргэн харжээ
Цочсон харц нь цогшин гэрэлтжээ..,

Анир үгүй тасалгаанаа алмайран зогсоо
Арч үгүй эрийн сүнс орон зайд шүглэж
Шүүрс алдахын аяар хүлэг хийн 
Шүүдэрт талын дээгүүр бядан суунаглаж
Эртний гунигт үлгэрийг нялхасын зүүдэнд шивнэн,
Эрээчсэн хэдэн мөрт нь хүмүүний сэтгэлд
Өлөн тоос мэт эргэлдэн хийсэж
Өглөөний наранд алтран гэрэлтэх болжээ.



2012.09.03
Улаанбаатар