Эс тэгвээс чи нисчих гээд байгаа юм шиг...



БАЯРТАЙ ГЭСЭН ҮГНИЙ АРД


Баяртай гэсэн үгний ард чиний захиан дээр
Нэрээ бичив, гарын үсгээ татав
Эс тэгвээс чи нисчих гээд байгаа юм шиг
Эс тэгвээс чамайг үргээчих гээд байгаа юм шиг
Захианаас чинь, хүйтэн сэтгэлээс чинь
Зүрхнийхээ нууцыг гаргаад хаячих юм шиг
Гарын үсгээ татав. 

Шүлгийнхээ ард, хайртай гэдэг үгийн ард
Нэрээ бичив, гарын үсгээ татав
Эс тэгвээс чамайг мартчих гээд байгаа юм шиг
Эс тэгвээс чамд мартагдчих гээд байгаа юм шиг
Хайрын шүлэг минь дахин төрөхгүй юм шиг
Хайртай чамайгаа дахин харахгүй юм шиг
Миний залуу нас алга болчих юм шиг
Чиний залуу нас алга болчих юм шиг
Гарын үсгээ татав.  






Яруу найрагч Д.ГАНЧИМЭГ
"Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж" /2011/ ном
13 дугаар талд буй. 

...Энд шүлэг зохиож, мод тариад ч нэмэргүй...




ГУНИГТАЙ ШҮЛЭГ

Бороон дунд бүжиглэх хүслээ хэлэхэд чинь
Гадаа намар цаг, жихүүн бороо хоёр чамайг хүлээсэн
Бодолгүйгээр дотуур хувцас, торгон цамцаа өмсөж
Юу ч хэлэлгүйгээр гэрээс гарахад чинь би юу ч бодож амжаагүй
Дэрсэн малгайтын адал явдал мэт
Хөөр төрүүлэм, хором мөч минь
Дэргэд минь чамайг байсныг ч мартаад
Өөр зүгт алгуурхан харсан шүү
Цэлгэр танхимийн голд шүлсээ залгин ганцаар зогсох шиг
Цээж минь нэг л хөндий болсныг гэнэт мэдрэх хүртэл
Хүйтэн дусал дунд бүжиглэхэд хөгжим яаж эгшиглэдэгийг
Хөл алдам, сөхөрч унам хоосон цээжнээсээ сонсох шиг
"Намайг авахаар намар ирлээ..." гэх дуун мэт
Надаас үлдэх юм бүхнийг тавиланд нь тэр даатгажээ
Эргэж харах, эгцэлж ширтэх харц бүхнийг минь эрхшээж
Энд шүлэг зохиож, мод тариад ч нэмэргүй гэж эмгэнэн хэллээ

2011




Яруу найрагч Төмөрбаатарын ЕСӨН-ЭРДЭНЭ
"ШИНЭ ҮНЭР" ном
60 дугаар талд буй

...Хорвоо дээр бид зовох гэж ирдэг юм...



Дэлхийн минь амьдрал зовлонгийн түүх юм
Дээшээ харвал тэнгэр минь хол цэлийнэ.
Дээлтэй хүний үр газрын дээр бөртийнө. 
Дэлхий дээр бид зовох гэж ирдэг юм. 

Нажидаа эдэлж дуусаад буцаад явдаг юм. 
Наран хорвоогийн найранд эргүүлээд илгээдэг юм. 
Нанчид хүртэж, наалинхайд дурлавч ханахгүй
Намрын намарт уйтгар гунигт автдаг юм.

Хорвоо дээр бид зовох гэж ирдэг юм
Хонгор минь эхлээд хайрлана, дараа нь үзэн ядна. 
Эхлээд бал шиг амттай амьдрал, эцэстээ цөс шиг гашуун
Эхнэртээ чи өнөөдөр бурхан, маргааш чөтгөр болно...

Орчлон дээр бид буцах гэж ирдэг юм
Орь нас, хайр хүсэл, үнэн худлыг танин мэдээд
Биет бүхэн мөхөж утга учраа алдахад
"Би" үгүй гэдгээ ойлгоод буцах гэж ирдэг юм.

Ертөнцийн амьдрал гунигийн түүх юм
Ерөөл бус, хараал ихийг сонсдог юм.
Тэргүүнээ гудайлган ододын өмнө мэхийн ёслоё
Тэвэрт багтамгүй улиасны сүүдэрт амран хэвтэе!



Яруу найрагч О.ДАШБАЛБАР
"Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд" ном.
35-36 дугаар тал.

Ж.ОСОРЖИН ахынхаа гэгээн дурсгалд




Анхны цастай хамт
Амьдралаас та явчихлаа
Агаар мандалаас ангижирч буй
Сүнсний дууг сонсмуу

Зовлонд ханасан ертөнцийн 
Зовхин дээр зогсоод
Зоргоор эрийн дууг
Таньтай хоршин дуулмуу

Цахилан цахилсаар анхны бороо
Цайдмыг цэцэглүүлж, цамц норгож ирнэ
Цагаа түлхсээр би урьдынхаараа
Цайлган үгийг тань мартаж амьдарна

Амьдрал гэдэг мартаж чадсан
Аньсгаа ширгэтэл уйлж чадсан
Аргадан бас дуулж чадсан
Аугаа ялагчийн ялагдал билээ. 


2012.10.12
Баатар хот.

НӨХӨДДӨӨ БИЧСЭН ЗАХИДАЛ



Эрхэм анд Цэцэгмаагийн ЭНХБОЛД өмнийн их говьд ажиллаж амьдарч буй билээ. Их утга зохиол хэмээх  мөрний урсгалд хайрдан зогссон том хөлөг онгоцгүй ч гэлээ, сал, завь юуханыг аялуулан ядаж яваа нэгэн үеийнхэндээ хандаж тэрбээр захидал бичжээ. 



Баруун гар талаас яруу найрагч Э.Энхболд (W), С.Начин,  Ц.Энхболд (B) нар 



* * *

Сайн байцгаана уу? Эрхэм дотнын анд нөхөд минь. Та бүгдийн үзэг ухаан хоёрын ундарга арвин биз дээ. Би сайн. Баруун гар минь үзэг барихаас баахан халширдаг болсон. Бөх болдог хүн гэж ноцолдож байгаад зүүн гараа гэмтээсэн. Гараа гэмтээснээс хойш гар гэгч ямар үнэ цэнэтэй эрхтэн болохыг бага ч болов ухаарч байна. Хэрэв хоёуланг нь гэмтээсэн бол тэлээг минь хэн тайлж, товчийг минь хэн мулталж, эрхтэнг минь хэн гаргаж, илүүдэл шингэнээ гадагшлуулахад минь хэн туслах байсныг бүү мэд. Тийм хүн олдох ч үгүй биз.

Өргөн уудам өмнийн их говьд үгүйлэн санаж байгаа зүйл гэвэл та нөхөдийн олон өнгийн харц олон өнгийн үг нэл авир араншин... Хааяахан халамцуухан дүр төрхийг чинь төсөөлөн суухдаа тэд минь халбага фивоны ард хачин их асч байгаа даа. Хамт жаахан суухсан гэж харамсангуй бодох юм. Зайлуул миний муу сайн андууд эрүүлдээ ч согтуу явдаг эвлэрэхээс ч өөр аргагүй хачин хувь тавилантай улс даа.

Бүргэд газраас хөөрөх мэт
Бугуйл гараас алдуурах мэт
Эрэмгий догшин андууд минь
Эд эсээ шатаж дуустал энэ цаг үеийн тэргүүн шүлэгчид бид гэж цээжээ дэлдэж өөрсдөөс нь өндөр амьтад энэ орчлонд үгүй мэт омогшиж онгирч явна уу?

Асуулт 1: Арслан шиг архирах дуу чинь хаана хүрээ вэ андууд минь. Хаана ч хүрээгүй, хаана явсан ч залуу яруу найрагчдыг хэн ч танихгүй, мэдэхгүй тэдний ном зохиол үзэгдэж, харагдаагүй. Энэ хэрээр ард түмэн улиг домог болтол уншигддаг ганц нэг шүлгээр л яруу найрагийг төсөөлөн бодож түүнээс цааш ойлгож сэтгэж мэдрэхээ байсан. Үүний тод илрэлийг хуруу даран тоолсон ч болно. Болор цомоос хүмүүс залхаж, Утгын чимгээс уйддаг болсон нь түүнтэй холбоотой. Жилдээ ганц болдог наадмууд нь эзнээ олохгүй болохоор уйдаж залхахаас ч яах билээ. Сэтгэл дундуур зүйлдээ хүн итгэл үнэмшлээ өгч түүнээс гоо сайхны таашаал хүртэж чадахгүй нь лавтай. Ийм байдлыг бид зүгээр л хараад суугаад байх уу? Өөрсдийнхөө өчүүхэн ч хөндийрч үл чадах энэ ариухан зүйлээ бусадтай нийлээд муулах уу. Хэлгүй юм шиг хэдий болтол тэвчих вэ? Бидний дуу хаана ч хүрээгүй. Нийслэл хотод хамгийн ойрхон Төв аймгийн номын санчаас хэн нэгнийх нь нэрийг дурьдаад асуугаад үзээрэй. Тийм яруу найрагч битгий хэл тийм хүн байдаг юм уу гэж өөдөөс чинь асууна. Гэтэл 21 аймгийн цаана нь хэдэн сум байгаа билээ бүх номын санч нэгийг нь мэдэхгүй Тэгэхээр бид хийсэн бүтээснээ хэнд ч хүргэж чадаагүй байна гэсэн үг. Өнгөрсөн он жилүүдийг бид юуны төлөө юуг хийж бүтээх гэж үзэг цаас хэрэлдүүлсэн юм бэ? Жаахан ч гэсэн ахиц дэвшил гарсан баймаар юм. Гэтэл тэр хэнд ч хүрээгүй нь дэндүү харамсалтай. Бид нэгнийхээ дунд амьдраад л нэгнийхээ дунд орчлонг орхих нь. Юу ч хийж чадахгүй байгаа юм бол бүгд үзгээ тавиад, Монголын утга зохиолд залгамж халаа үе байхгүй гэж зарлах уу? Эсвэл бид хийж бүтээж чадаж байна гэдгээ нэгэндээ бус нийтэд хүргэх үү?

Нэг суманд номын сангаар эргэлдэж шинэ соргог ном зохиол унших юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн багаар бодоход зуу буй. Нэг аймагт зохиолын амт шимтээр ангаж цангаж эрж хайж явдаг хүмүүс 200-300 бий. Нийт хэдэн аймаг хэдэн сум байгаа билээ бодоод үз. Тэдний оюуны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байж хүмүүсийн утга зохиолд хандах хандлагыг утга зохиолын үнэлэмжийг сайжруулна өөрчлөнө гэдэг үлгэр. Энэ эрэлт хэрэгцээг дээд зэргээр хангаж чадаж байж л уран зохиолын үнэ цэнэ мөн чанарыг өндөрт өргөж чадна. Хангаж чадаагүй цагт эцэс төгсгөлгүй шоу үргэлжилж, эцэс төгсгөлгүй уран зохиолоос хүмүүс хөндийрсөөр л байх болно. Үнэхээр урлагийн бүтээл бүтээж чадаж л байгаа бол тэд ойлгоно мэдрэнэ хүндэтгэнэ бишрэнэ. Сонгодог урлагийг хэн ч ойлгохгүй сэтгэлгээний гайхамшигийг хэн ч тайлан таашаахгүй гэх өрөвдөлтэй үгээр өөрийгөө халхалах хүн байхгүй гэж найдъя. Харин ч ойлгохгүй байх тусам нь ойртуулж дөхүүлж өгөх хэрэгтэй “БИД МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭХ ЁСТОЙ”. Хэрэв бид зөв замаар явж байгаадаа итгэлтэй байгаа бол өмнө нь дэлгээд үзвэл унших л болно мэдрэх л болно.

Асуулт 2: Бид өөрсдийнхөө төлөө юу хийсэн бэ? Манай үеийнхнийг утгын их мөрөн рүү усанд хошуурсан мал шиг орж ирэхэд өмнө нь явсан дөрвөн нүдтэй хоточ банхар бол П. Батхуяг. Нүднийхээ шилээ долоовор хуруугаар өөд нь түлхэж, хэнийг нь ч юм шүлгээ уншихад өөд нь түлхсэн шилээ албаар уруу нь дарж, их элсэн дундаас эрдэнэ хайж буй аятай нүдээ сүүмэлзүүлэн өлөлзөж суухдаа, хэн бүхнийг зүрх сэтгэлээсээ сонсож, Монголын утга зохиолд гялтаах мөр хэн нь унших болдоо гэж битүүхэн хүлээж суусан. Гялтаалгахын төлөө тэр өөрийн чадах хэмжээнд санаачилсан сэдсэн. Нэг үгээр бол тэр хийдгээ хийсэн. Одоо хэн нь юу хийж хэрхэн хаашаа зүглэж буйг нь хараад л чимээгүйхэн сууж байхад л хангалттай. Буцаад тэднийхээ дунд хэт их хутгалдаж нялцганаж болохгүй. Банхар банхараараа үлдэх зам тэр. Бид нэг үеэ бодоход буйр сууж булчин чангарсан. Хэвлэл мэдээллийн салбарт ихэнх нь ажиллаж байна. Юм хийе гэвэл бидэнд бүхий л боломж бололцоо нь байгаа. Бид бүхнээс илүү хүмүүст хүргэх гэснээ хүргэж чадна. Боловсролын буруу тогтолцоо, бохир нийгэм, бодит байдлыг өөрчилөхөд бид хувь нэмрээ хангалттай оруулж чадна. Эс тэгвээс нэгнийхээ дунд л амьдарч өөрсдийгөө тунхагласан өрөвдөлтэй чигээрээ л дуусна.

Ийм л байх ёстой юм байлгүй гэж эвлэрлэгүй тугаа өргөөд мордоцгоо. Андууд аа!!!
Хүн төрлөхтний хосгүй гайхамшиг нь оюун ухаан гэдэгт хүн бүр санал нийлдэг. Тэгсэн атлаа оюун ухаанаараа бүтээсэн үгийн урлаг манайд ямар ч үнэ цэнэгүй, бусад нь үнэлэгдэх ёстой үнэлэмжээрээ үнэлэгддэг гэж хэлж болно. Мужаан хүн нэг ор хийгээд хэдээр зардаг билээ. Нэг үгүүллэг бичээд сонинд хэдээр тавьдаг билээ. Нэг дууны үг бичихэд дуучин нь үгэнд чинь ая хийлгэсэн эсвэл хөгжмийн зохиолч нь үгэнд чинь ая хийсэн надад тэдэн төгрөг өг гэж нэхдэг өрөвдөлтөй нийгэм орчинд бид амьдарч байна. Бид тийм үнэ цэнэгүй зүйлийн төлөө цаг зав оюун бодлоо чилээж суудаг уу гэж бодохоор уур хүрмээр бүр боож үхмээр... Бичснээ бусдад үнэлүүлж чаддаггүй болохоороо л бид хамгийн ядуу буурай нь болж хоцордог. Гэтэл өнөөх дуучин нь нэг хүлээн авалтанд очиж дуулахдаа доод зах нь хэдэн төгрөгөөр дуулдаг билээ. Үгийг нь бичсэн хүнд хувь ноогддог уу? Бид арчаагүй байгаа учраас л ашиглуулж, бид арчаагүй байгаа учраас л арчаагүй амьдарч байгаа юм шиг... Үг байхгүй зохиол байхгүй бол тэд хэн бэ? Хүн болгонд л хангалуун амьдрахыг боддог хийж бүтээснээ үнэлүүлэхийг боддог, хийж бүтээснээрээ бусдаас дор явах учиргүй улс зохиолчид. Бид нэгдэж чадвал дархлаагаа тогтоож чадна. Бид өөрсдийнхөө төлөө юу ч хийж чадаагүй байж болно. Одоо заавал чадах хэрэгтэй. Амттай амин сүнстэй зүйл хийж байгаа бол хүмүүст түүнийгээ амтлуулж амин сүнсийг нь харуулах ёстой. Тэгэж л байж хүмүүс ходоодоо хооллодог шиг тархиа хооллохдоо гар татахаа болино. Тэгэж л байж талхныхаа мөнгөнөөс харамлахгүй ном зохиол худалдаж авч чаддаг болно. Яагаад зохиолчид ядуу буурай байх ёстой гэж. Яагаад хэд ядан жил бичиж туурвиснаа гурван зуухан хувь хэвлүүлж нэгэндээ тараах ёстой гэж. Яагаад зохиолчид ном зохиолоо хэдэн мянгаар хэвлүүлж хүссэн газраа хүргэх гэсэн хүндээ хүргэх бядгүй явах ёстой гэж...

Манай нутаг миний төрж өссөн тосгон нийслэл хотоос 1500 орчим км зайд оршдог. Төрсөн тосгоноос цааш 80км яваад Хятад Монголын хилийн зааг бий. Намайг дөнгөн данган уншиж сурч байхад манай гэрт зохиолчдын зохиол бүтээл их очдог байсан. Тухайн үед хүмүүс номыг маш их уншдаг байсан ч болно. Би зургаа долоо насандаа л Б. Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” шүлгийг уншаад бага насандаа бага насаа төсөөлөн бодож, дараа нь дахин уншихдаа нэг л өвөрмөц хөг аялгууг тэр шүлгэнээс мэдэрч Т.Очирхүүгийн чулууны тухай шүлгүүдийг цээжилж бусдад уншиж урам зориг авч байхдаа л яруу найрагч болох хүсэл тэмүүлэлд автаж Ц. Түмэнбаярын “Өндгөн чулууны домог”-ийг уншаад надад тийм чулуу олдох болов уу хэмээн гэнэхнээр төсөөлөн орлио тэмээтэй хүн ирэхэд жигтээхэн их ажиглан хардаг байсан минь санагдана. Энэ бүгдийг юуны учир тусгав гэдгийг та бүгд бараг гадарлаа биз дээ. Хэрэв тэр алс баруун хязгаарт тэдгээр ном зохиол очоогүй бол бичиг үсэг тайлагдаж яваа би уншиж учрыг нь ухаж ойлгох байсан болов уу Юуг нь ч мэдэхгүй хэрнээ цээжилчихээд бусдад уншиж урам зоригоор хөглөгдөх байсан болов уу. Хэрвээ тэр үеийн номууд алслагдсан баг хүртэл хүрдэггүй байсан бол чадал чансаатай гэгдэх зохиолчид бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөх байсан болов уу. Бидэн шиг уран зохиолынхоо хүрээнд л ярилцаад дуусах байсан болов уу. Дан ганц бид гэж яриад яах вэ. Үнэхээр сор болсон бүтээлийг бүх нийтэд хүргэх хэрэгтэй Сор болсон бүтээлд таний бүтээл багтаж, Монголын үрс түүнийг нь уншиж хэлд орж байвал үнэхээр бахдалтай. Тэд сор бүтээлийг шинэ залуу үеийг олж уншталаа удна. Олж унших насандаа өөр ойлголт, өөр үзэл бодолтой болж бусдад ууссан байна. Хүүхэд ямар зохиол уншиж өссөн нь хэрэв том болоод зохиолч болбол тэрнээсээ давж бичихийг л эрмэлзэнэ. Олон нийтэд ном зохиолоо хүргэхэд галаа асаагаад хаяхна уу, ганц ч гэсэн шүлгийг нь тарни мэт цээжлэхнэ үү, ямар зохиолыг тахин шүтэж байна вэ Ямар зохиолыг үл ойшоож байна вэ гэдгээс бид өөрсдийнхөө уншигчдынхаа цар хүрээг үнэн зөв тодорхойлж чадна. Бид нэгнийгээ муулахгүй бас магтах учиргүй. Ард түмэн бидний шудрага шүүгч байх цаг хугацаа хурдан ирээсэй. Ард түмний дийлэнх нь утга зохиолыг дээдэлдэг боловсронгуй болсон цагт дэлхийн сонгодог зохиолууд Монголоос төрөн гарах нь лавтай...

2012.09.27

/Үргэлжлэл бий /

...Навчис, шилмүүс амьдралыг огоорон хийсэж...



Нартай бороо залуу нас шиг дайраад өнгөрөхөд 
Ундаассан буга шинэхэн солонго залгилна
Хайлуур уран эвэр нь арцалдан
Хөвсгөлийн ой шиг цэнхэрлэн сэрвэлзэнэ. 

Найрал хөгжмийн татах бүрээ шиг
Улаан шаргал буга учирлан урамдана
Навчис, шилмүүс амьдралыг огоорон хийсэж
Угтаа зуу зуун буга салхинд уруудна. 

Эх нутгаасаа алсын алсад жаргаж суухуй 
Хангал буга гэнэтхэн урамдан дуудна
Энэ дуудлаганд хаан Чингис хүртэл захирагдаж
Элчилгүй алсын замаас буцаж ирсэн юм аа. 

1992




Яруу найрагч Гүржавын НЯМДОРЖ
"Хориотой нас" түүвэр. 
37 дугаар талд буй.