ЕРТӨНЦ АВГАЙН ЖАМ



ЕРТӨНЦ АВГАЙН ЖАМ


Ертөнц авгай чамдаа
Ерийн наадам наадсу.
Солио зант чамд минь
Сонин юм үгүй шив.
Нэрэлхдэг чамдаа
Нэгэн цол өргөе...

Ахсыг нэрэлхүүлсэн
Алиа зант ертөнц
Багачуудыг бачимдуулсан 
Балай зант ертөнц.

Үзсээр байтал үгүй болох
Үнэхээр худалч ертөнц
Санасаар байтал үгүй болох
Самуун мунхаг ертөнц.

Унтаж гээд барагдахгүй
Ухаангүй нойрмог ертөнц
Алж идэж гээд энэрэхгүй
Адаг мангас ертөнц. 

Эртнээс нааш ханилавч
Элэг буруут ертөнц
Цөхрөлтгүй шамдуулах
Чөтгөр хөлт ертөнц.

Гэмээ нуугаад нэрэлхэх
Гэдсэндээ бадганат ертөнц
Ертөнц авгай чамдаа
Ерийн зугаа барису. 

Аяа, хөөрхий минь ээ. 
Өгснийхөө сүүлээр заавал авдаг
Өртөг талгүй ертөнц
Өндрийн эцэст магад нураах 
Өнчрүүлэгч зант ертөнц

Амрагласны эцэст дайсан болох
Албин хэнээт ертөнц
Ханилсны эцэст хагацал ирэх 
Хар хортой ертөнц. 

Барайж торойж үзэгдэвч
Батгүй урвагч ертөнц
Зүйл бүрээр хувирах
Зүүднээс цаашгүй ертөнц

Ертөнц авгай, чи минь
Нээрэн сайхан гэж санана уу.
Согтуу би чинь чөлөөндөө
Сонин домог барьсуу. 
[Говийн тэмээ мэт сэвс цацсан бүлэг]

"УНАЛТ..."


Шоронгийн хувцас хэдэрч тоглосон ч чамд минь зохино
Шорвог үгэнд сэтгэл үхсэн ч, зүрх чинь цохилно
Шоолж тэнсэх харцанд гоо үзэсгэлэн ээдэрч
Шороо мэт гомдлоор цээж дүүрэхэд
Шивнэж хэлсэн үгсийн чандруу
Шил мэт дотроос хатгана
Зөөлөн нь хатуугаа элээх орчлон ч
Зөөллөж чи эс барна
Зөрөн одсон зөрөг замууд
Зөн совин мэт тэртээд алсарна
Аяа, тэр алсын алс,
Алс орноос.., анин шаналах...,
Аягандаа уурших.., нулимс үнэртэнэ...
...Нулимсны халуунд сэтгэл норж
Нуран унахдаа ч.., дуун үгүй.


2012.11.19
Баатар хот

ЭЭДРЭЭНИЙ ЭЦЭСТ


           Энэ их ороолцолдоон ээдрээний эцэст ертөнц нэг зөв шугаманд орох юм шиг ямар гэнэнээр бодож яваа вэ? Гэтэл нас нэмэгдэх тусам улам улмаар “ээдэрдэг” гэдгийг одоо л ойлгож эхлээд байна. Тийм л ээдрээтэй өдөр хоногуудын дунд би гар утасныхаа жагсаалтаас “БИЛГЭЭ БАГШ” гэдэг нэр, дугаарыг устгалаа. Одоо түүнтэй утсаар холбогдож, амар мэндийн асуудаг, хааяахан ном соёлын газруудад тааралддаг учрал тохиолдлууд дууслаа. Өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүйн гунигаас илүү өнөөдөр би нисэн одсон хүмүүсийн нэрийг утасны дугаартай нь арилгавч өөр өдөр намайг нисэн одоход үлдэгсэд миний нэр, дугаарыг арилгах болно гэсэн сонин бодол толгойд эргэлдэнэ. 
Өмнө нь ийм нэг зохиол, эсвэл бодол эргэцүүлэл хаа нэгтээ уншиж байсан санагдахад л хамгийн түрүүнд Жагдалын Лхагва гэдэг нэр харван орж ирэх нь гайхмаар. Түүнээс өөр хэн ийм хачин мэдрэмжийг олж, тээж, төрүүлэх билээ гэж бат итгэлтэйгээр бодоход Монголын уран зохиолын орон зай улам бүр хоосроод, түүнийг дүүргэх чадалтан улам бүр хоргодсоор байгаа мэт санагдана. Чухамдаа ЖАГДАЛЫН ЛХАГВА гэдэг энэ дуу шиг, эсвэл шүлэг шиг нэр намайг тэр хүнтэй анх үг солилцуулсан билээ. Учир нь их л холоос харж явсан хүн маань ойртон ирж “Чи Жагдалын Лхагвааг их уншсан юм,аа” хэмээн шууд асууж билээ. Надад “тийм, ээ” гэхээс өөр үг олдоогүй юмсан. Удалгүй жаахан сэхээ авч “та яаж мэдээв” гэхэд минь их л нухацтайгаар “чиний үгүүллэгүүд төстэй юм” гэж билээ. Тэр үед энэ” төстэй” гэдэг үг надад “адилхан” гэж огт сонсогдоогүй юм. Харин ч “түүний үгүүллэгүүд шиг гайхамшигтай юм” мэтээр сонсогдсон санагдана. Баярлаж хөөрсөн сэтгэл минь багтаж ядахдаа “таны “Арван хөрөг”” шиг ном бичих юмсан” хэмээн зүрхлэн асуусан билээ. Харин энэ удаад тэр юу ч дуугаралгүй урд явсан хоёр хүнтэй зэрэгцээд элдвийг ярьсаар цааш одов. Гэвч надаас түүний үлдээсэн “баяр хөөр” салахгүй байлаа. 


Харин тэр хүн тийм ч олон хүнд “баяр хөөр” үлдээдэг нэгэн биш гэдгийг өмнө нь би мэддэг байв. Номын их багш минь нэг удаа” одоо та нар дотроос ясны сайн шүүмжлэгч нар төрөх ёстой. Бидний үед энэ Билигсайхан үнэхээр толгой хяргадаг байсан юм. Түүнийг тэрхэн үедээ “муу Билигсайхан” гэдэг байсан ч одоо санахад биднийг ямар ихээр хурцлаж байж вэ? гэж боддог юм” гэсэнсэн. Энэ л хэдэн үгүүлбэр магадгүй бусдын амнаас түүний тухай сонссон анхны үг байх. Хурцалдаг Билигсайхан, зариманд нь “баяр хөөр” үлдээдэг Билигсайхан. Хоёр өөр хүн ч юм шиг санагддаг байв. Хоёр өөр хүн мэт байсан ч байх. Тэгээд ч сайн дурын урлан оролдогч биш мэргэжлийн шүүмжлэгч хүний зам мөр үүнээс өөр ямар ч байх билээ.

...Аяа, тэр догшин цаг хугацаа...



Сайтар чагнаж чадвал
Эл дүлий нам гүмээс ч
Сайн сайхны дуу хоолойг 
Олж сонсож болно
Сайн сайхны түгээмэл чанарыг олоод
Сайтар тордож чадвал үнэ цэнээ олно
Ахуй бие хэмээх зүрх сэтгэлийн эдлэнг 
Адгуусны жим дээр төөрүүлж орхичихоод
Аз жаргалын тухай алмайран мөрөөдөж явсан 
Аяа, тэр догшин цаг хугацааг
Амдаж очоод, амгайвчилж
"Амгалангийн хашаа"-нд хорьж орхиод
Сайтар хичээж чадвал
Эл дүлий орчлонд
Сайн сайхны үр тарих 
Орон зай олдоно.


2012.09.17
Улаанбаатар