АХАН ДҮҮСИЙН ДУУ



Сайхан хүмүүн

Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үс чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
 Ванчинбалын Гүлранс


Намарт уйтгарлав

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн.
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгайрхуйяа миний санах үе.


Хос уянга

Ургамал үүл үл өтлөх бөгөөтөл 
Цасны учир толгой цаймуй
Урсгал усан зовлон үгүй атал
Салхины шалтгаанаа царай атирмуй.
Ванчинбалын Гүнначүг



Намарт гунив

Намрын өвс цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.
Ванчинбалын Сүнвэйданзан


Дорно салхин хийстүгэй

Өглөөн жихүүн ханцуйнд нэвтэрвэй,
Өрөөний хоовонд гараа хөлчөөмүй.
Үүрэглэн унтсанаар зажны үс садарвай,
Өөрөө босож толийн хайрцгийг хаамуй.

Охид оо, охид, өндөр үүдийг түргэн хаа,
Өргөн замыг алгуур дэлгэ.
Үзэсгэлэн хөнгөн эрвээхэй хэний тул ийнхүү хэрээсгийг тойрмуй,
Өргүү балмад зөгий юуны учир бас цонхыг дэлдмүй.

Өнгөрөх дорно салхи өөрийн дураар хийстүгэй,
Өнгөрөх дорно салхи өөрийн дураар хийстүгэй.



Чиглэрсэн сэтгэл

Эгшиг аялгууг мэдэх нөхөр үед юутай чухаг
Элэгсэг халуун чигч сэтгэлийг хэн олж мэдмүй?
Эртний байдлыг дуурайхын учир эгэл ардад элэглэгдмуй,
Энгийн занг жигшиснээр олон хүмүүнээ зэвүүрхэгдмүй.
Эх эцэст нэгэн адилаар үл халагчдыг эрвээс
Эсрэх хөхөрсөн уулнаас өөр нөхөр үгүй.
Үүнээс хойш санаа шуудаж бийр зуруулаа хэмхчээд
Өвчүү доторх шүлэг уянгыг сүүдрийн зүг хийсгэсүгэй.
Ванчинбалын Инжинаш

БҮЖЭЭГИЙН ДАВТАЛТУУД...




* * *
Жижигхэн саарал хотод 
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш
Өсгийд минь гишгэгдсэн 
Намрын энэ навч
Гуниггүй, инээмсэглэн нойрсож буйд итгэнэм
Хуучин гудамжны танил байшингууд
Худалдааны жижигхэн асар
Тамхи зардаг эмэгтэйн дулаахан гар
Танил залуугийн бүдэгхэн гуниг
Автобусны арын суудал дээр би
Бурханы хүүхдүүдийг ажнам
Ave Maria чихэнд минь үлгэр шивнэнэ...
Жижигхэн саарал хотод 
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш

2011.11.11



* * *
Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би 
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа
Тэсээд л байгаа, тэр инээмсэглэлийг чинь төсөөлөн бодоод
Тэнгэрийг алгандаа багтаадаг хэвээрээ байгаа
Амьдрах хүсэл төрөхгүй, хов хоосны туйлтай нэгддэг
Амьдрах шунал өдөөх-аялгуут хорыг залгилсаар л байгаа
Урьдын юм бүхэн л хэвээрээ байгаа, урах дуртай
Урагдах дуртай, уйтгарлах дуртай ч хэвээрээ байгаа
Өд сөдөнд минь наалдсан өчигдрийг сэгсэрч унагаалгүй
Өөрийнхөөрөө шаналж, гунихдаа ч дурласаар л байгаа
Чиний хайрладаг эгшиглэнт бүрэнхийг энгэртээ хадгалсаар байгаа
Чиний минь зурж өгсөн далавчтай нүд л харин...

2012.07.24



* * *
Тэр зам дээр сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Тэндээс гунигт жигүүртэн далавчаа зүсэн нисдэгсэн
Тэнгэр л өдийг эсгэж, газарт унагаж зүрхэлдэгсэн
Тэсэлгүй харанхуй хүртэл нүдээ тас аньдагсан...
Урт цувтай бүрх малгайтай, үнэнээ нуучихсан хүмүүс мэт
Учиргүй адилхан сүүдэртэй саглагар моддоос сүрхийн нисэх
Жигүүртэн бүрийн хоолой нарны хүмүүст дуугаа дуулдагсан
Жир бусын өнөөх улиас л сарны гэрлийг хүлээн суудагсан
Түүний цээжин дээр хэн нэгэн ганцаардал гэдэг үгийг
Гаргацгүй сийлж өгөөд хаа нэг тийшээ одсон гэдгийг
Тэр модны хуучин сорви үзгэнд минь шивнэчихээд
Тэгээд хаврыг хашгиран сэрээдэг байсан
Сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Сүүлчийн гунигт жигүүртэн л далавчаа зүсэн нисдэгсэн

2012.09.12





Яруу найрагч Э.Бүжинлхамын 
"Намрыг мартагсад" шүлгийн ном.
37, 79, 98 дугаар талд буй.

...Буй бүхний эхлэл мэт чимээгүй ирсэн.



Цасанд хучигдсан эл хуль цэцэрлэгт
Цагаас урьтан хаврыг бид авчирлаа.
Цайлган инээмсэглэлийг чинь би олзолж
Цаг хугацааны дэлгэцэнд буулгаж үлдээлээ.
Чиний үнсэлт хавар мэт мансуурам.
Чиний ааль хавар мэт уяхан.
Бидэн хоёрын зам дээр ийм л нарлаг өдөр
Буй бүхний эхлэл мэт чимээгүй ирсэн.
Хайр, энхрийлэл, амраглалыг чи надад бэлэглэж
Хариуд нь тийм гэрэлт өдрүүдийг хүссэнээрээ ав даа.

2003.2.8