Гурван шүлэг, нэгэн үг...

Уильям Батлер Иэйтс

ХӨХ ТЭНГЭРИЙГ ХӨЛД ЧИНЬ ДЭВСМҮҮ

Тэртээх оддыг хатгаж шагласан
Алтан мөнгөн саа ороож хээлсэн,
Тийм цэгээхэн, бас бүдэгхэн туяарч
Өдөр шөнө шиг хос өнгө хувилсан
Гайхамшигт торгыг хөлд чинь дэвсмүү. 
Даанч надад мөрөөдлөөс өөр
Даавуу даалимбын өөдөс ч алга
Зөөлөн зөөлөн гишгээрэй хөлийн чинь доор
Зөгнөл мөрөөдөл минь тунарч байна шүү.

1899,   1906           
[Г.Аюурзанын орчуулга]



Борис Пастернак

ӨВЛИЙН ШӨНӨ

Шинэ цас газар дэлхийг хучлаа,
Хаяа хярхаггүй хучлаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Зуны шумуул сүрэглэн хуйлраад
Дөл зүглэн нисэлдэх мэт,
Зуун түмэн будраа хийсэлдэж
Цонхны хүрээнд буулаа.

Ширхэг ширхгээрээ цас шуурч
Шилэн дээр угалз мэтгэлээ.

Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Гэрэлтэж гийсэн адарт
Сүүдрүүд тусч сүлжилдэх нь,
Тэврэлцэж атгалцсан гарууд
Үүрдийн заяагаа холбох мэт. 

Хос хөнгөн шаахай
Шалнаа түсхийн унав.
Тос мэлтрэх лаан нулимс
Даашинзны чинь хормойд дусав. 

Шивтнэх цасны хаяа хярхаггүй
Цал бууралд бүгд төөрлөө.

Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Саваагүй дөлийг дальдраасхийгээд
Хүслийн салхи сэвэлзэхүйеэ.
Сахиусан тэнгэрийнх шиг хос далавч
Хаа нэгтээгээс дэрвэсхийлээ. 

Шинэхэн цасанд хавирган сар
Үйрэх мэт цацарч буулаа.

Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

1946
[Г.Аюурзанын орчуулга]





Алфред Шнитке "Их хийлнээ зориулсан тэргүүн сонат"

МАЭСТРО

2
Маэстро Шнитке
Ёслолын хар хувцас
Эрвээхэй зангиа зүүсэн Пьетро Арженто
Найрал хөгжмийн өмнө намбатайхан зогсож байхад
Зүүд зэрэглээ мэт туранхай эр
Уртын урт хар ороолтоор
Урт нарийн хүзүүгээ ороож
Өөрийгөө дүүжлэх мэт зогсоно.
Сэтгэл хөрөөдөх мэт
Хяхтнасан дуу тасалдан тасалдан
Хүний амь тавихын өмнөх аялгуу мэт санагдана.
Ийм орон зай цаг хугацаа байсныг
Энэ л аялгуунаас сонсоод
Хүмүүст би жигтэйхэн гомдлоо. 
Маэстро Шнитке

[Яруу найрагч О.Содномпил
"Өөр шүлгүүд" /2004/ ном
69-70-р тал]



Орхан Памук
"...Чиглэлийн таксиг Долмабахче ордны хажуугаар явж байхад Галип: "Ертөнц өөрчлөгдсөнийг олж харахын тулд, чи өөрөө өөр хүн болсноо ойлгоход л хангалттай юм байна" гэж бодлоо. Чиглэлийн таксины цонхоор харагдаж байгаа Стамбул нууцыг нь тун сая ойлгосон шал өөр хот болсон байна, үүнээс хойш тэр нууцын тухай бичих болно."

["Хар судар" роман УБ., 2011 
342 дүгээр тал
Ц.Гомбосүрэнгийн орчуулга]


2 Сэтгэгдэл:

Bexenzvrxt said...

Ертөнц өөрчлөгдсөнийг олж харахын тулд, чи өөрөө өөр хүн болсноо ойлгоход л хангалттай гэж бодууштай үг байна

Tegshzaya said...

Өвөл зөгнөл мөрөөдөл мэт ирээд цээжинд лаа асаах шиг гэрэлтүүлж, тийм гэрэл гэгээг тэгтлээ удаан нууж явсанд нь хэнд ч юм гомдол төртлөө тийм их талархсан тэр өвлөөс хойш ертөнц танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн нууцад ганц л тайлал бий-ЧИ.

Post a Comment