Талласан нутаг хиллэсэн цааз...



ӨВӨРМОНГОЛ

Ургаж жаргах наран дор сүүдрээ хямгадаж хэрсүүжсэн 
Буурины тамгатай нутгийнхаа хаяаг манаж жиндсэн
Буурал түүхээ нөмөрч дээлэн дотроо дулаацсан 
Тасарсан мах үсэрсэн цус Өвөрмонголчууд минь 
Талласан нутаг хиллэсэн цаазын золиос өр зүрхний хөндүүр ээ 

Торгоны хээ нийлэхэд үйл бүтэн болдог
Элбэг дээл шиг нутгийнхаа эмжээр дээр уулзъя
Тогоотой сүү дэврэхэд галын бурхан баярладаг
Элэгдэж балраагүй судрынхаа баринтган дотор уулзъя
Эмтрээгүй итгэл цуураагүй сэтгэл Өвөрмонголчууд минь
Элгэн дотор нуугих амь халуун нулимс аа

Дэлхийд ханаа шийрлэсэн дээдсийн голомт бүлээнээрээ байна
Дэргэдээс төөнөж судас тэлэх монгол цус халуунаараа байна
Дэрний чулуун дээрх нэр нь хүртэл босоо, бичигт түмэн минь
Дэнжийн салхи ч гандааж дийлэхгүйгээ мэдээд хавраа илгээдэг шүү
Дорнын хөлчүү салхинд дээлээ нимгэлээгүй Өвөрмонголчууд минь
Дотоод энгэр шиг монголоо гадуураа бүсэлсэн зоримог оо





Яруу найрагч Б.Занданхүү бээр 
“Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын тайзнаас 
ийн дуудсан нь сэтгэлийг хөдөлгөв.

0 Сэтгэгдэл:

Post a Comment