ТАНГАРАГ



Умрын хүйтэн салхиар уушиг тэнүүн амьсгалж
Ухаант дорнын бүсгүйгээр өрх юүгээн татуулж
Амар цагт билгүүн билгээ алдаагүй
Арсан тэмцэхийн цагт алтан биеэ хайрлаагүй

Тэнгэр ивээлт Тэмүүжиний цэрэг билээ
Тэрсүү хүчит Галдангийн цэрэг билээ
Хатан зоригт Дамдинсүрэнгийн цэрэг билээ
Хатуу журамт монгол цэрэг билээ

Нийт олныхоо төлөө бол нэг ч амиа хайрлахгүй
Нитгэл халуун цусныхаа сүүлчийн дуслыг хайрлахгүй
Өнгө мөнгөний нүдээр өнгөлзөх бүхний хөлийг
Өв их орныхоо өндөр босгоор гишгүүлэхгүй

Зүсийг минь үзье гэвэл
Сүн далайн ёроолд бий
Ясыг минь үзье гэвэл
Сүмбэр уулын оргилд бий

Мохож ялагдахыг минь Монгол минь бүү үзэг
Монголоо алдахыг минь ирээдүй минь бүү үзэг
Чиглэсэн андгайгаа умартаж чивэл нүгэлд автваас
Чиний миний гэлтгүй халуун амиа тасдая

Эвлэсэн хэргээ умартаж
Эрийн тангаргаас няцваас
Эргэж нартын дор
Сүүдрээ бүү хөдөлгөе!



0 Сэтгэгдэл:

Post a Comment