"СЭТГЭГДЭЛ"-ҮҮД

Сэтгэгдэл гээчийг хорих болсноос их л сонин сэтгэгдэл төрөв. Бодох нь ээ, би ер нь тун идэвхтэй "Сэтгэгдэлч" бололтой. Энэ тэнд шүлэглэж, шүлэнгэтэж, хэрэлдэж, уралдаж өчнөөн л коммент үлдээж. Өнөөдөр тэднээсээ зарим нэгийг нь энд тавья гэж санасан юм. Аан бас би "Нүүр ном"-нд бичсэн юмаа ч бас сэтгэгдэл гэж санадаг юм. Хүмүүн миний сэтгэл ихээр дэнсэлсэн үед ийм хэдэн мөрүүдийг нэгэн амьсгаагаар бичих нь тоймгүй олон билээ. 



* * *
Булан бүхэнд нь үхэл отож буй энэ их хотод
Бурхан шиг авирлах нь үнэндээ
Булшинд хийгээд далдхан булчихсан шуумал хэлд орж
Бусдын тухай зовнил нэвчсэн үгс урсгах шиг
Ад мөрийн санагдах авч
"ЭНД" би цэцэг зуусан охидыг ширтэхгүй
Цэвэр тунгалаг дарс аягалах мухлагуудыг сандаачихгүй
Утаа бүгшсэн хороолын сүүдэр татсан гудамнуудаас
Улс амьтан шоргоолж шиг цувахыг шохоорхон ажихгүйгээр
Нэг хором амьдарч чадахгүй
"ЭНД" гэдэг нь бидний амьдарч буй
Эмтэрч дуусавч эргэн төрөх цаг хугацаа
Эцэс төгсгөлгүй үйлийн үрийн орооцолдоонд
Эрээгээ алдсан орон зай билээ.
/Хаврын өдөр, Буковскийг уншаад эрээчсэн ину/



* * *
Хар хэрээний далиар
Хайрын шүлэг бичнэм
Хайчин амтай цаг хугацааг
Хамхиулж байгаад бичнэм
Их талын дундах ганц уул
Ирэх цагтаа ганднам
Идэрийн цогоор цалгисан мөрөн
Итгэлийн өндрөөс асгаран буунам
Хэм хэмнэлээс сэтгэлээ салгаад
Хэнхдэгээ ярахад хавар болном...
/Тэр нэгэн өдөр Тэгшээгийн бичсэнийг уншаад бичсэн нь/



* * *

Харчийж үлдсэн
Өнжмөл навчнаас
Хавар намрыг зэрэг
Харлаа
Урт удаан өвлийг бодохоос
Ухааны мухарт жавар хургасан
Хорин дөрвөн насны минь намраас
Хоргодож үлдсэн энэхэн навч
Борог саарал манан хөшилдсөн
Бороот хоосон өдрүүдийг сануулж,
Аяа, бас амилж сэрэхгүй
Адал тэнэмэл амьдралыг сануулж
Атган дотор минь ширчигнэн бутарлаа
Гишгэсэн мөрөө эргэж харалгүй
Эсгэн хуруугаа сорж зогсоо
Тэрсүүд тэр улаахан хөвүүнээс
Тэнэмэл, ханамал тэр хөвүүнээс
Зандчиж юу асуултай билээ
Залуу нас минь
Залуу нас минь...
Задгай далайн дээрээс бударсан
Задгай цагаан цасан минь...
/Ажлын дэргэдэх модноос амь тавьсан хэрнээ зүүгдэн үлдсэн навчисыг хараад бичсэн ану/

0 Сэтгэгдэл:

Post a Comment