Шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын арван зургаан “гарцаагүй”

П.Батхуягт зориулмуу

Энэ эссэг би өөртөө зориулж бичсэн юм. Яагаад өөрөө өөртөө зориулж бичиж болохгүй гэж. Харин ч одоогийн хүүхдүүдийн хэлдэгээр хачин “чка” санагдсан билээ. Үнэхээр шинэ үе, шинэ зуунд монгол уран зохиолын хүүрнэлийн төрөлд доорх нэрсийг эс бичвээс би л хувьдаа хожмын түүхэнд гомдоод гомдоод баршгүй. Хүүрнэл зохиол мэдээж хүнд. Хэн хөнгөн гэж санана түүнд зам лав үгүй юм билээ. 



1. Дашдоржийн Нацагдорж 

“Харанхуй хад”-ыг даанч цааш нь хэн ч үргэлжлүүлэлгүй олон оныг үдсэн юм. Харин “”Шувуун  саарал”, “Ламбагуайн нулимс”-ыг олон хүн ондоо  байдлаар үргэлжлүүлсэн билээ. Оросын уран зохиолын түүхэнд бичснээр “Гилбэрийн хатан”-г Достоевский, “Дубровский”-г Толстой үргэлжлүүлэн төгөлдөржүүлсэн гэдэг шиг. Хэрэв тийм боломж байсан бол “Харанхуй хад” шиг зөн сэрэхүй, билигдэл, сэтгэл зүйн чиглэлийн зохиол манай уран зохиолд их эрт хүчтэй хөгжих байсан гэж санагддаг. Даанч Лэгцэгдорж мэтийн хүн-сүүдрүүд Нацагдоржийн өмнө төдийгүй манай уран зохиолын өмнө байсан “сайн сайхан ирээдүйг” үгүй хийсэн билээ. 
Хэдийгээр яруу найрагчийн хувьд илүү алдартай энэ зохиолчийн дуусгаж амжаагүй “Сувдан хэлхээ” туужийг, “Харанхуй хад” үгүүллэгийг шинэ үеийн хүүрнэл зохиолын эхэнд эс дурьдваас нүгэл болно. Нэгэнтээ бид “Харанхуй хад” зохиолыг тухайн цаг үеийнхээ байдлыг далд хэлбэрээр харуулсан зохиол буюу зохиолч өөрийн амьдралын төгсгөлийг зөгнөн бичсэн хэмээн үзснийг минь  цөөнгүй судаачид хүлээн зөвшөөрсөн тал бий. Хэдий 31 -хэн насалсан ч Дашдоржийн Нацагдорж хэмээх авъяас уран зохиолын нилээд хэдэн төрөлд нэрээ үлдээсэн нь шинэ үеийн Монгол хэлт уран зохиолын түүхэн дэх бас нэг “содон үзэгдэл” юм,аа


2. Цэндийн Дамдинсүрэн 

Хэрэв энэ зохиолч Монголын эртний сонгодог бичгийн уран зохиол судлалд олон он цагийг заралгүй зөвхөн зохиолоо бичээд суусан бол “Хоёр цагаан юм”,”Чемодонтай юм”,”Чөтгөр”, “Хачин хурим” зэргийн үгүүллэгүүд түүний уран бүтээлд магадгүй хоёрдугаар зэрэглэлийн зохиолд тооцогдох байсан гэж санагддаг юм. Яахав дээ? 
“Гологдсон хүүхэн”,”Бух гомбо” энэ тэр гээд цөөнгүй зохиолууд бичсэн ч “Рамаяна монголд дэлгэрсэн нь”,” Монголын уран зохиолын дээжис 100 билиг оршвой”,”Гэсэрийн туужийн түүхэн үндэс” зэрэг харьцуулсан уран зохиол судлалын томоохон бүтээлүүддээ тэр хуучны хэллэгээр “ухамсарт амьдралынхаа” дэндүү олон жилүүдийг зарцуулсан гэдэг. Гэхдээ л дээр дурьдсан хэдэн үгүүллэггүйгээр шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын эхэн үеийн түүхийг бичих ямар ч боломжгүй. Авсан шагнал гавъяа нь эзэндээ зохисон цорын ганцхан жишээ энэ зохиолч уламжлалыг баримтлагч, мөн уламжлалыг угтаа шинэчлэгч байсан юм. Энэ өгүүлбэрийг сонсоод та гайхаж эргэлзэх нь гарцаагүй. Ийм юм хэзээ байсан юм гэж бодох биз. Үнэндээ Явуухулан гуайн “гэрэлтээд л байсан юм даа” гэдэг шиг би таньд ийм үзэгдэл уран зохиолд байдаг л юм даа хэмээн хариулахыг хүснэм. 


3.Чадраабалын Лодойдамба 

Асуудал байна, аа. “Алтайд” роман уу, тууж уу?  Бөөн маргаан. Тийм хачин гажиг уран зохиол судлал хөгжиж байсны томоохон баримт. Нэг их төрөл зүйлийн судалгаа хийх гээд байсан юм уу, хаашаа юм гэж бодохоор. Гэтэл олон мянган хүүхэд энэ зохиолыг уншаад геологич болохоор шийдэж байсан гэдэг. Тэдний нэг нь 10 дээр миний бичих Дармаа Батбаяр багш. За, энэ ч яахав. Гол нь энэ зохиол “Тунгалаг тамир” роман, “Хугараагүй ноён нуруу” тууж, “Солонго”,” Чулуун”,” Дусал нулимс юу гэж хэлсэн бол” үгүүллэгүүдийн “зам”-ыг засаж өгсөн юм. 
Хэдийгээр “Манай сургуулийнхан”, “Мялзангийн цагаан өвгөн,” “Малгайтай чоно” зэрэг  одоо уншихад тиймхэн зохиолууд бичихэд тэр цаг үеийн үзэл суртал нөлөөлсөн нь гарцаагүй ч том хүүрнэл зохиолч байсан юм. Яруу найраг, шүлэг дуулал гэлгүй шууд үргэлжилсэн үг бичиж эхэлсэн миний мэдэхийн цор ганцхан зохиолч. “Дусал нулимс юу гэж хэлсэн бол” хэмээх хожим кино болсон энэ үгүүллэг хүний хувь заяаны сүлжилдээн, өнгө зүс хөөгөөд хүн чанарыг харахгүй байгаа хүмүүсийн тухай өгүүлсэн бол “Солонго” үгүүллэгийг унших тоолонд л сайн сайхан, сайн сайхнаас урган гарахын мөн чанарыг нээх шиг болдог юм. Дэндүү хэтрүүлэл биш, ээ. 
Харин “Дөлгөөн Дон” ба “Тунгалаг Тамир”, “Хүний хувь заяа” ба “Хугараагүй ноён нуруу” гэж судлаачдын үздэг ортой гэдэгт толгой дохимоор санагдчихлаа. Ямар ч байсан, хэнээс ч суралцсан, хуулсан алин ч бай, дээрх хоёр зохиол монгол хэлт уран зохиолын “давгүй” туурвил гэдгийг хэлэх юун. 


4. Донровын Намдаг

“Нэг амьтны хоёр үхэл” бол нууцлаг зохиол, орос нохой саасагнан гүйж, монгол нохой балбуулан үхэх тухай. Зохиолч магадгүй монгол хүний үнэ цэнийн тухай өгүүлсэн бололтой. Театрын ажилчдын нийтийн хашаанд гэр барих газаргүй хогийн овооны дэргэд нэг юм гэрийн буурийн чинээ газар олдож байна. Эргэцүүлээд бодоорой. Зохиолч өөрийнхөө амьдралыг хэлээд байгаа юм шиг. Уран зохиолын хашаанд бүгд өөрийн гэрийг засжээ. Орон шоронд олон жил хилсээр хашигдсан Намдаг гуайд тийм л мухар газар оногджээ. Хувь тавилангийнхаа тухай ч бичсэн юм шиг. 
Монголчууд бидний хэлдгээр “оройхон гараад ширүүхэн дайрсан” түүх зөвхөн энэ зохиолчийнх. Жүжгүүдээрээ илүү их алдаршсан ч “Хөгшин чоно ульсан нь” тууж, “Цаг төрийн үймээн” роман, “Нэг амьтны хоёр үхэл” үгүүллэг бол  амьдрал, түүх, уламжлалаа мэддэг хүний л бичих зохиолууд. “Үрэгдсэнийг хүлээгч “гэж нэг өрөвдмөөр өвгөний тухай үгүүллэг түүнд бас бий. Үнэндээ бидний амьдрал тэр чигтээ хүлээлт юм. Нэг л өдөр ирэх аз жаргалыг хүлээнэ. Гэхдээ ирэхээсээ ирэхгүй байх нь их дээ? Тэр аз жаргал гээч нь. 
Нүүр дүүрэн үрчлээстэй Намдаг гуайн зургийг хараад би хүүрнэл зохиолч хөгшрөхөөрөө ийм төрхтэй болдог юм байна гэж багадаа бодож байж билээ. 


5. Сэнгийн Эрдэнэ 

Нэг тийм тохироон дунд С.Эрдэнэ уянга-сэтгэл зүйн үгүүллэгүүдээ биччихсэн юм. Нэг талаар атаархмаар явдал. Хувьсгалын тохироо бүрдэх гэдэг шиг. Нэг талаас хүмүүс гэж бөөн уянга, бөөн амар тайван амьдралыг бүтээн цогцлоогчид, харин нөгөө талаас улс төрийн зөөлрөл, үндэсний оюун санааны сэргэлт. 
1960-аад он. Социалист нийгмийн хэсэгхэн  зуурын гялбаа. Дараа нь хүйтэн дайны хүйтэн он жилүүд. Энэ завсар манай уран зохиол огцом сэргэсэн нь ямар нэг талаар С.Эрдэнэтэй холбоотой. Түүний “Өвгөн шувуу”, “Диваажинд хүрэх оньс” хоёр бол жинхэнэ уянга-сэтгэл зүй нь шилдэг гэж тооцогдоно. “Хулан бид хоёр”, “Малын хөлийн тоос”,“ Хүн хэрэлдэхэд мод уйлна”, ”Өвгөцүүл”, “Хайрын нарсан төгөл”  зэрэг үгүүллэгүүдийг уншихгүй бол амьдралын олон сайхан зүйлүүдийг мэдэлгүй өнгөрчих юм шиг надад бодогддог юм. 
“Амьдралын тойрог”, Занабазар” гээд роман уг нь бичсэн л дээ? Гэхдээ “Сэрүүн дуганы мөхөл”, “Анчны гэргий” туужуудаар түүний хүүрнэл зохиолын томоохон хэлбэрийн өнгө төрхийг тодорхойлж болно. Амьдралд хат суусан өвгөцүүлийн дүр, хоорондоо ялимгүй төстэй бүсгүйчүүдийн дүрүүдээр зохиолч нэг хэвшмэл, баригдмал болчихсон хүүрнэл зохиолд дүрийн шинэчлэл хийж чадсан юм. Түүний дараагаар мэдээж 100, 200 нь “С.Эрдэнэ” баахан тийм үгүүллэг бичсэнийг монголын уран зохиолын түүх гэрчилнэ, ээ 


6.Дэмбээгийн Мягмар 

Тууж хүртэл уянгалсан 1960-1970 онд  манай уран зохиолын нэг тодорхой үзэгдэл бол Сэлэнгэ аймгийн харъяат зохиолч Д.Мягмар юм. Яагаад чухам аймаг нутгийн онцлоод байна вэ? гэвэл түүний туужууд их гол мөрний ай саваар амьдран суугаа монголчуудын аж амьдралыг л дүрсэлсэн байдаг. Гэхдээ дэндүү уянгалагаар. 
“Тээрэмчин”, “Тээрэмчний охин”, “Газар бид хоёр”,” Үер”.” Цомирлогоо нээгээгүй цэцэг” таван туужийг уншихад хэдий хангалттай ч цаана нь “Гоо үзэсгэлэн”,” Сүүний хулгай” гэсэн хэдэн үгүүллэг бий. Дээхэн үед шинэ хүн, шинэ дүр, шинэ эрмэлзлийг бүтээсэн гэж түүний туужуудыг үнэлсэн судалгааг уншиж байлаа. Магадгүй тэр үед тийм байсан байж болох юм. Харин одоо хүнээс хүнлэг чанарын олж харах гэж түүний зохиолуудыг  уншаарай гэж зөвлөх байна. 


7. Пэрэнлэйн Лувсанцэрэн 

“Усны эргүүлэг буюу Борзооны явдал” хэмээх адал явдлын гэмээр хүүхдийн тууж надад ер таалагддаггүй юм. Тэр үеийн Ш.Гаадамба гуайн “Багын явдал”, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Д.Гармаагийн “Гавъяат үйлсийн мөрөөдөл”, арай өмнө бичигдсэн Ч.Чимэдийн “Магаллен хаагуур гарсан бэ? зэрэг хэдэн туужаас онцгойроод байх  бүтээл биш. 
Харин “Ус шиг цэнхэр”,”Нурамтын өвөрт”,” Зүрх мартдаггүй”, “ Цагаан малгайт”,” Нар шингээгүй”,” Хар шил” зэрэг хэдэн үгүүллэг аргагүй л Лувсанцэрэн ямар хэмжээний зохиолч болохыг харуулна. “Хөдөөгийн дуун “ тууж ч гэсэндээ нэг уншихад  сайхан бүтээл. 
Гэнэтийн ослоор цэл залуухнаараа үрэгдсэн түүний “Хаврын шувууд” түүвэр Монголын уран зохиолын уншихаас өөр аргагүй номнуудын дээгүүр бичигдэнэ дээ?



8. Сормуунширийн Дашдооров

Хөдөөх гүдэс байдал, хээ шаагүй эгэл Мангар Дамдины дүр надад нэгэн танилыг минь эрхгүй санагдуулдаг юм. Ер нь  “Говийн өндөр” романы  олон дүр бидний дунд байгаа, зарим нь бидний сайн танилууд юм шиг санагддаг байлаа. Хүүхэд насандаа энэ зохиолчийг бараг л уншаад дуусчихсан юм. 
Яруу найрагчийн хувьд надад төдий л гайхалтай биш санагддаг. Харин “Айлын хүүхэн Алигармаа”,” Улаан гэрийн Юндэн” ,”Өндөр ээж” зэргийн туужууд “Галуун цуваа”, “Бууж мордох хорвоо” зэргийн үгүүллэгүүдээс монгол хүүрнэл зохиолын өөр өнгө аясыг анзаарч болно. 
Говийн хүмүүсийн тухай бичдэг онцлогтой гэж уран зохиолын түүхэнд тэмдэглэгдсэн энэ зохиолч өөрөө үнэхээр говийн хүн байсан тухай хэд хэдэн дурсамжийг уншиж байлаа. “Дэлгэрхангай уулан дээрээс, дэлхийн бүх юм харагдана” гэж уншчихаад хүүхэд байхдаа тэр өндөр уулыг харах юмсан гэж бодож байсансан.  “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн сэтгэл, цагаан өнгө хоёр С.Дашдооровын уран бүтээлд салшгүй холбоотой билээ.  
                                        

9. Жагдалын Лхагва

“Ахыг дагасан хүн” номыг уншаад энэ зохиолчийг гонсгордуухан хааж байсан юм. Дараахан нь  “Атга чулуу”,”Алаг чулуу” хэмээх “бяцхан” үгүүллэгүүдийн ном түүнийг хаах бус байнга нээж, байнга сэрж, сэргэж байх “шинэ допинг” минь болсон юм. Олон зохиолч түүний замаар замнасан ч түүн шиг “ихийг багаар зодож” бичиж “бараагүй” гэхэд хилсдэхгүй биз,ээ.
Амьдад нь ганц хоёрхон удаа уулзаж, ярилцаж үзсэнээс цааш хэтрээгүй ч ёстой түүний нэгэн үгүүлэгийн дүр шиг “10 б –ийн мангар” явахдаа л Жагдалын Лхагвааг уншихгүйгээр  уран зохиолд “шинэ юм” хийж чадахгүй юм байна гэж мэдсэн минь миний сайных бус энэ зохиолчийн гайхамшигтай чанар гэж одоо сүслэн боддог билээ. 


10. Дармаа Батбаяр 

Дундговийн Дэлгэрхангай сумаас С.Буян-нэмэх, С.Дашдооров хоёрын дараагаар төрсөн томоохон хүүрнэл зохиолч. Нэг хонхроос гурван “гайгүй” зохиолч төрөхийг бодоход тэр газар оронд ямар нэгэн увдис чанар оршиж байна гэж боддог юм. Хүүрнэл зохиолын хувьд ч жүжгийн зохиолын тухайд ч дэндүү жигд. Учир нь тэр уран зохиолд жинхэнэ хариуцлагатай ханддаг манай цөөхөн зохиолчийн нэг учраас.
Анхлан харахад хөндий гөжүүн хүний төрхтэй ч дотор нь ухаалаг, элгэмсэг, хүнлэг чанарууд нь цэлэлзэж байдаг энэ зохиолчоос дэндүү их зүйл ухаарч ойлгосон  учраас магтаад байгаа юм биш. Олон удаа түүний уран зохиолын боловсролыг биширч, байнга шинэчлэгдэн боловсорч байдаг чанарыг нь үлгэр болгохыг хичээдэг юм. Хадаг барьж энэ тэр болоогүй ч үнэндээ энэ зохиолчийн дэргэд байж байнга суралцаж, тэр хэмжээгээрээ өөрийнхөө өсөж, чангарч байгаагаа мэдрэх надад сайхан байдаг юм.
Богино үгүүллэгүүдийнх нь цаана яруу найрагчийн дүр, тууж, романуудынх цаана олон жил бясалгасан гүн ухаантны төрх нуугдаж байдаг юм. “Цахилж яваа гөрөөс” тууж алдартай ч  “Мементог бүтээхүй” бол оюун санааны гүнзгийрэл байсан юм. “Мөнхөөр савласан мөнх бус” содон сонин ч “ Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц” бол ололт болсон юм. Бүтээлээс бүтээлдээ улам чангарч байдаг нь “Гашууны хэдэн тагтаа”,” Дэлгэрийн чавганц”, “Алтан хараацай”-гаас илүү үгүүллэг бичиж магадгүй гэж бодоход хүргэж, заримдаа бяцханаар атаархан “айх” бөлгөө. 


11. Далхаагийн Норов

Энэ зохиолчийн туужууд ганцхан асуулт биднээс нэхдэг гэж санадаг. Тэр асуулт нь ердөө “ ийм цагт та яах вэ?”. Хүн бүхнийг ийм эргэцүүлэлтэнд  автуулах нь зохиолчийн хамгийн өвөрмөц чадвар билээ.  Би зориуд хэдэн туужийг санал болгож байна. ”Мөнхийн дуудлага”, “Жаргалын булаг”,” Сэрэвгэр хадны зэрэглээ”” бас “Эр хүн” гэдэг үгүүллэг надад их зөөлөн уянгалаг, их ухаалаг бичсэн зохиол санагдаж байна.
Дээрээс нь нэмээд “Тэжээвэр”, “Орлогч”,”Хүйтэн цуст”. Мөн “Уулын хөх сүүдэр” гэдэг роман нь саяхан кино болсон. Дээхэн үед уншиж байсан. “Тэжээвэр”-ээс лав сайн зохиол санагдаагүй. “Алтан богдын шил” роман бичсэн гэж  товч намтарт нь байна лээ. Үнэндээ би уншаагүй.
Бүгдийг бус сорыг нь унших хэрэгтэй гэдгийг би сайн ойлгосон учраас энэ зохиолчийн дээрх хэдэн туужийг, тэр тусмаа “ Жаргалын булаг”, “Тэжээвэр” хоёрыг уншсан байхад нэг зүйлийг анзаарах болно. Тэр нь хоёр өөр бичлэг, хоёр өөр асуулт, хоёр өөр орчин. Мэдээж хоёр өөр хариулт нэхэх болно. Энэ л Д.Норов хэмээх зохиолчийн  онцлог, ололт, олсон “зам” нь юм, аа 



12. Долгорын Цэнджав 

Юуг нь нуух вэ? Саяхнаас л энэ зохиолчийг би өөрөөр харах болсон юм. Үнэндээ “Чонын алтан шагай” роман надад өчүүхэн ч таалагдаагүй юм. Хэд эргүүлээд л хойш тавьсан юмдаг. “Алтан жүн жор” зүгээр л сайхан үгүүллэг санагдсан.
Гэтэл хүүрнэл зохиолын түүвэр нь “Хөх жавар “ нэртэй хэвлэгдэн гарав. Тэнд “Хөх жавар”, “Цахарын хар шуурга” тууж, “ Хоёрын даваа”, “ Найрын дарга”, “ Дээдэс өршөө” гэсэн хэдэн үгүүллэг бий. Монгол уламжлалт ахуй амьдралыг сайн мэддэг, тэр мэддэг зүйлээ сайн бичдэг зохиолч.
Эссэг сэтгүүл зүйн ухаан сүүлийн үед хэт “өмчлөх” болсноос биш уран сайхны хэдэн сайхан эссэ бас түүний хүүрнэл зохиолуудын өнгө аясыг илтгэнэ.  “Буурал ээжийнхээ хөлийг хучиж чадлуу”, “Тэнгэрт суудалтай, газарт онготой Их Газрын чулуу минь” зэргийг нэрлээд бусдыг нь цаг хугацаанд үлдээлээ.


13.  Пүрэвжавын Баярсайхан 

“Сармагчин бол сармагчин”-г бичсэн 1988 он Октябрийн баяр тэмдэглэдэг байсан цаг. Тэр баярын үеэр зарласан гар зургийн уралдаанд би хөрөнгөтөн этгээдүүдийг сармагчин болгож зураад шагнал авч байхдаа эргэн тойронд минь тэд нараас дутахгүй “сармагчин”-гууд байдгийг мэдээгүй байж билээ. Хожим зохиолчийн энэ үгүүллэгийг уншаад өөрийгөө ч бас “сармагчин” мэт болсноо мэдэрсэн юмдаг.
Зохиолчийн “Тавиул”, “ Хоёр зуун дөчин хоёр” “Зуун жил”,”Хөх туурийн тал” үгүүллэгүүд ”Нохойн хэвтэр” туужийг уншаагүй бол 1980-аад оны хүүрнэл зохиолыг бараг мэддэггүй л гэсэн үг дээ?
Нэгэн өгүүлэлдээ би түүний уран бүтээлийг С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Д.Батбаяр нараас цааш нэг алхам хийсэн гэж тодорхойлсон юм. Тэр алхам нь уянга сэтгэл зүй дээр нэмэх нь “зөн билиг” гэж. Үнэхээр П.Баярсайханы хүүрнэл зохиолууд “зөн билиг” илүү шаардана.  


14. Доржзодовын Энхболд 

Тэр Америкт “Казиног номхтгохоосоо”  өмнө Монголд “Буйлс дахин цэцэглэнэ” нэртэй хүүрнэл зохиолын түүврээ хэвлүүлсэн юм. Одоо олдоход нилээд бэрхтэй номнуудын нэг болсон байналээ.
“Соёо” нэртэй тууж нь “Гунигт явдал”-ыг зарим талаар санагдуулдаг ч гарцаагүй сайн бичигдсэн зохиол.  “Паанан” бас л уянгалаг сайхан тууж. Би нэг л удаа уншсан сүүлд эргээд нэг харсан чинь “биш “ байналээ.
Энэ зохиолчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн “Казиног номхтгосон нь” романыг нуулгүй хэлэхэд би одоо ч уншаагүй байна. Тийм болохоор ийм тийм гэж хэлэх үг алга. Интернетэд байснаас нь хэсэгчилэн уншсан юм. “Соёо”, “Паанан” хоёроос шал “өөр“ юм уу даа? хэмээн санагдсан.
Д.Намсрай гуайн “Гандирсын хотын Хандармаа”,” Дүүриймаа” зэрэг хэдэн туужаас илүү л юм хийнэ гэж итгэдэг учраас Д.Энхболдыг би  энд оруулсан юм.  Яагаад гэвэл ерөнхий бичлэгийн тавилт нь надад илүү гүнзгий, илүү хүүрнэллэг санагддаг юм. Ийм хачин үг хэрэглэсэнд уучлаарай. Өөр оносон үг олъё гэвч санаанд “хүүрнэллэг” гэдгээс өөр үг орж ирсэнгүй.                                      


15. Гун-Аажавын Аюурзана 

Миний бодлоор тэр шинэ цаг үеийн шинэ зохиолч. Үзэл санаа, туурвил зүй, сэтгэлгээ, менежмент гээд бүхий л талаараа тэр. Анхлан яруу найрагч, дараах нь орчуулагч тэгээд нэг их удалгүй” Дурлалгүй ертөнцийн блюз” хүүрнэл зохиолууд, “Хэвтрийн хүн”, “Цасны роман”  зэргээр  Аюурзаны “шинэ”, “өөр” гэсэн тодотголтой зохиолууд. Мухардмал, бодит байдаллаг бус, төсөөлөгдөшгүй ахуй, түүнээс хамааралтай учир битүүлэг юмсын хавчилганд автсан хүмүүс. Дараа нь миний одоо хүртэл уншиж дуусгаагүй “Илбэ зэрэглээ” роман. Олон удаа уншаад дуусгая гэж мэрийсэн ч нэг л болдоггүй юм. Шалтгааныг нь би одоо ч олоогүй. Тэрхэн үед ямар сэтгэгдэл төрж байсныг би мартдаггүй юм. “Илбэ зэрэглээ” уншсанаас уншаагүй нь дээр юм.
Тэгээд удалгүй “Арван зүүдний өр” роман. Аюурзаны тасралтгүй үргэлжлэх тэр хэмнэлд автаж, “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”,” Амь тавьж буй шувууны далавч” гурвыг яаж нэгтгэх гээд ухаан минь хүрээгүй юм. Үнэндээ би тийм нэг яв цав нийлсэн утга санаа нь тохирсон “механик” нийлүүлэлт л хүсээд байсан юм. Гэтэл дээрх метароманууд чинь  сэтгэлгээний зохиолууд шүү дээ? Тэр тусмаа “Амь тавьж буй шувууны далавч”. Зохиол дотроос ямар нэгэн “хөндлөн шугам” хайх, ямар ч хэрэггүй гэдгийг саяхнаас манай уран зохиолын хүрээнийхэн ойлгож байх шиг. Аюурзаны хүүрнэл зохиолууд түүнд хязгааргүй нөлөөлсөн гэдгийг хэлэх нь бараг илүүц билээ. 


16. Санжаасүрэнгийн Анударь 

“4 бол 4” энэ зохиолчийн эхний болоод эцсийн түүвэр. Миний залуу насны зарим өдөр хоногууд түүний үгүүллэгт дурайтал дүрслэгдсэн байдаг учраас би түүнийг унших дуртай. Зохиолчийн хувьд онцгой байсан гэж би хэлэхгүй, харин тэр цаг үед тийм шинээр сэтгэж, тийм шинээр бичиж байснаараа С.Анударь хэнээс ч илүү билээ.
“Ядаж чад”, “Хадлан” ч билүү үгүүллэгүүдийн уншаад ялимгүй амьдралын гутранга үзэлтэй хамт зохиолчийн хувийн тайлагдашгүй чанар  мэдрэгдэх болно. Гэхдээ сүүлийн үед зохиолч Г.Батнасангийн бичээд байгаа үгүүллэгүүд надад 16 дахь нь хэн  бол гэсэн эргэлзээг төрүүлээд байгааг нуух юун

                  
Төгсгөл 

Ийм нэг эссэг би бичиж орхилоо. Монголын шинэ үеийн хүүрнэл зохиол дээрх хэдэн зохиолчийн бүтээл туурвилтай холбоотой. Тус бүрийн онцлогийг ямар нэг хэмжээгээр нээн харуулахыг эрмэлзсэн билээ. Энэ эрмэлзэл минь ямар нэгэн далд санаа бодлого, ухвар зорилго агуулаагүй  гэдэг л гарцаагүй үнэн. Харин хэдэн жилийн дараа энэ сонголт минь хэрхэн өөрчлөгдөхийг би таашгүй. 

2009 он 

Яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуяг

0 Сэтгэгдэл:

Post a Comment